| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2020/05083/И |
| Дугаар | 101/ШШ2021/00185 |
| Огноо | 2021-01-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 101/ШШ2021/00185
| 2021 01 18 | 101/ШШ2021/00185 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А.Б-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: О.Б-д холбогдох
1,030,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Б, хариуцагч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны 07 дугаар сарын 23-нд иргэн О.Б-ээс iphone X маркийн гар утас 1,030,000 төгрөгөөр худалдаж авсан. Худалдаж авсан утас маань гэмтэлтэй байсан тул утсыг нь буцаан өгч төлбөрөө буцаан авах хүсэлтэй байгаа тул энэ асуудлыг шийдвэрлэж өгнө үү. Миний бие нь 2020 оны 07 дугаар сарын 23-нд фэйсбүүкийн зараар iphone X маркийн гар утас зарах зарын дагуу иргэн О.Б-тэй чатаар холбогдож ямар нэгэн эвдрэл гэмтлийн талаар асуухад ямар ч гэмтэлгүй гэж хариулсан. Ингээд утсаар холбогдож уулзах газраа товлоод 23 цагт Баянзүрх дүүргийн Жуковын орчимд утсыг 1,030,000 төгрөгөөр худалдаж авсан. Утсыг авахдаа хэрэв ямар нэгэн эвдрэл гэмтэлтэй бол маргааш холбогдоно шүү гэж хэлээд иргэний үнэмлэхийг нь утсан дээр дарж авсан. Тэгээд 24-ний өглөө утсан дээрээ хэрэглээний программ татах гэсэн чинь утасны дэлгэцийн мэдрэгч нь автоматаар ажиллаад байсан. Тухайн өдрийнхөө 10 цагийн орчим хүнтэй утсаар ярих гэсэн чинь цаад хүний дуу нь сонсогдохгүй байсан. Утас зарсан О.Б-тэй холбогдож дээрх гэмтлүүдийг хэлсэн. Одоо би хөдөө явж байна 07 дугаар сарын 25-ны орой хот ороод наймаагаа буцаана гэдгээ би хэлсэн. Тэгэхэд О.Б за гээд утсаа тасалсан. Хотод ирээд орой гэрээр дайрч утасны хайрцгийг нь аваад очлоо гэж хэлэхэд би мөнгийг чинь үрчихсэн. Одоо мөнгө байхгүй утас зүгээр л байсан гэж хэлсэн. Би хэзээ мөнгөтэй олох юм бэ тэр үед нь буцаая гэсэн. О.Б сая төгрөг бага мөнгө биш би яаж олох юм. Би сая төгрөгөөр гэмтэлтэй утас явна гэж юу байх вэ гэж хэлсэн. Хэрвээ мөнгө буцааж өгөхгүй бол хуулийн байгууллагад хандаж шийдүүлье гэж хэлсэн. О.Б хамаагүй өгдөг газраа өгөхгүй юу гэж хариулсан. Би 07 дугаар сарын 27-нд Баянзүрх дүүргийн цагдаагийн газар хандсан. Энэ асуудлыг шүүхийн байгууллагаар шийдүүлдэг гэж хэлсэн. Тэгээд О.Бтэй холбогдоод мөнгөө хэзээ буцааж өгөх хугацаа заах юм уу. Хэрэв үгүй гэвэл би шүүхэд хандъя гэхэд уулзъя гэж хэлсэн. Уулзаад яригч нь гэмтэлтэй байсан нь үнэн дэлгэц нь зүгээр байсан гэж хэлсэн. Би хариуд нь гэмтэлтэй гэдгээ мэдэж байж зарсан байна. Тэгээд ч утасны хайрцаг нь өөрийнх нь биш өөр утасны хайрцаг байна гэдгийг хэлсэн. Тэгээд мөнгөө буцааж өгөх юм уу гэж асуухад тэр дуугараагүй. Хэрэв өгөхөөр бол чатаар хариу хэлээрэй гээд хугацаа өгөөд явсан. Одоо болтол хариу хэлэхгүй байгаа учир энэ асуудлыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.
Худалдах худалдан авах гэрээнээс татгалзаад төлсөн төлбөр болох 1 030 000 төгрөгийг гаргуулна. 2020.7.23-нд хариуцагчтай чатаар холбогдоод утас авахаар болсон. Улмаар орой нь уулзаж худалдаж авсан. Тухайн үед ямар нэг асуудалгүй утас уу гэж асуусан. Намайг гэрийн гадаа хүн хүлээж байсан тул шалгах боломжгүй, яарч байна гэж би хэлсэн. Маргааш нь босоод асаахад асуудалтай байсан ба хүнтэй ярихад яриа нь сул сонсогдож байсан. Хөдөө явах байсан тул замд явж байгаад үзэхэд дэлгэц нь өөрөө аяндаа ажиллаад байсан. Энэ талаар хариуцагчид гэмтлийг хэлээд утсыг буцаах талаар хэлсэн. Ингэхэд хариуцагч нь за гээд утсаа тасалсан. Маргааш нь залгахад утас зүгээр байсан шалгаад авахгүй яасан юм бэ, би мөнгөгүй байна гэсэн. Би утсыг авахгүй гээд хэлэхэд өгдөг газраа өг гэж хэлсэн. Нэг дэх өдөр нь цагдаа дээр очиход шүүх дээр оч гэсэн. Энэ талаар хариуцагчид дахин хэлэхэд хүрээд ир уулзъя гэсэн. Ингээд очиж уулзахад утас зүгээр байсан гэж хэлсэн. Би энэ талаар хэлэхэд спикер эвдрэлтэй байсныг хэлээд дэлгэц зүгээр байсан гэж хэлсэн. Мөн хайрцаг нь энэ утасных биш байна гэхэд мэдэхгүй гэсэн. Энэ утсыг энэ хүн өөрөө барьж байсан гэж зөрүүтэй зүйл ярьсан. Би мөнгөө өгөх юм уу гэхэд дуугараагүй тул шүүхэд өгсөн гэв.
Хариуцагч О.Б нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Отгонбаяр овогтой Билгүүн миний бие 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр А.Б-д iphone X маркийн гар утас 1,030,000 төгрөгөөр худалдсан. Тухайн үед би А.Б-д Та утсаа шалгаж үзээд аваад яв. Хэн хэндээ амар гэж хэлтэл А.Б нь Гэрийн гадаа хүн хүлээж байгаа. Ах нь шалгаж үзэхгүй аваад явъя гэж хэлсэн. Тэгээд 2-3 хоногийн дараа залган Утас чинь эвдэрхий байна. Наймаагаа буцаая гэж хэлсэн. Тэгээд уулзаад ярилцахад Дэлгэц нь эвдэрхий, чанга яригч нь бас эвдэрхий байна гэж хэлсэн. Би чанга яригчийг нь сул дуугарч байгааг мэдэж байсан ч дэлгэц нь хэвийн асуудалгүй ажилладаг утас зарсан. А.Б миний утсыг авч яваад эвдэлсэн байхаас гарцаагүй. Наймааны дараа А.Б надтай уулзаж Утсаа буцаахгүй бол ах нь чамайг шүүхэд өгнө эсвэл ах нь чамайг дарамталж чадна гэж сүрдүүлсэн. Миний бие зах зээлийн үнээр асуудалгүй утас зарсан тул нэхэмжилсэн мөнгөн дүнг өгч чадахгүй болно.
Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Тухайн үед зүгээр утас зарсан. Чанга яригч нь сул сонсогддог байсан. Дэлгэц зүгээр байсан. Тухайн үед шалгахгүй юм уу гэхэд шалгаагүй явсан. 2-3 хоногийн дараа уулзсан. Шүүхэд өгнө гээд байсан болохоор айгаад уулзсан. Тэгэхэд дарамтлаад авч чадна гэхээр нь явдаг журмаар нь явна гэсэн. Би өгдөг газар нь өг утас зүгээр байсан гэж хэлсэн. Дэлгэц нь зүгээр байсан утас зарчхаад буцаагаад авах хохиролтой байна. Болсон үйл явдлын талаар маргахгүй гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Б нь худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, төлсөн төлбөр гэх 1,030,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч О.Б нь гэмтэлгүй утас зарсан бөгөөд тухайн үед шалгаж авах талаар хэлэхэд шалгаагүй гэж маргаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр интернэтээр тохиролцсоны дагуу хариуцагчтай уулзаж, Ай фойн Х /iPhoneX/ маркийн гар утсыг 1,030,000 төгрөгөөр худалдаж авсан гэж тайлбарласан. Хариуцагч нь энэхүү үйл баримтын талаар маргаагүй. Иймд зохигчийн хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь тохиролцсон үнийг төлж, эд хөрөнгийг хүлээн авах үүрэг хүлээнэ.
Улмаар нэхэмжлэгч нь тухайн өдөр хариуцагчид 1,030,000 төгрөг төлсөн болох нь түүний Хаан банк дахь дансны хуулгаар тогтоогдсон бөгөөд хариуцагч үүнийг үгүйсгээгүй, зөвшөөрсөн. /хэргийн 12 дугаар тал/
Нэхэмжлэгч нь дээрх гар утасны сонсох төхөөрөмж сул сонсогддог, дэлгэц нь гэмтэлтэй гэж тайлбарласан бол хариуцагч нь сонсох төхөөрөмж сул сонсогдож байсныг зөвшөөрсөн боловч дэлгэц хэвийн ажиллагаатай байсан гэж маргасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч өөрийн тайлбарыг өөрөө нотлох, холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэг хүлээж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог.
Нэхэмжлэгч нь дэлгэц гэмтэлтэй байсан гэх тайлбараа хуулийн дээрх заалтад заасан үүргийн дагуу нотлоогүй. Харин сонсох төхөөрөмжийн хувьд сул сонсогдож байсан гэж зохигч хэн аль нь тайлбарлаж байх тул ашиглах боломжгүй буюу чанарын доголдолтой гэж шууд үзэхгүй юм.
Үүнээс гадна хариуцагч нь гар утсыг хүлээлгэн өгөх үед шалгаж авах талаар санал гаргасан гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч нь үүнийг үгүйсгээгүй, хувийн шалтгааны улмаас бусад этгээд хүлээж байгаа гэх үндэслэлээр шалгахгүйгээр хүлээн авсан гэж тайлбарласан. Үүнийг гар утсыг хүлээн авахдаа шалгах боломжтой байсан боловч нэхэмжлэгч нь өөрийн хүсэл зоригийн дагуу шалгахаас татгалзсан гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь тухайн үед маргаж буй гар утсыг байгаа байдлаар нь хүлээн авсан байна.
Иймд Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь эд хөрөнгийн доголдлын талаар шаардлага гаргах эрхээ алджээ.
Түүнчлэн маргаж буй гар утасны сонсох төхөөрөмж нь сул сонсогдож байсан буюу тодорхой хэмжээнд ашиглах боломжтой байх тул энэхүү байдал нь Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.2-т хамаарахгүй гэж үзсэн болно.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч О.Б-д холбогдох 1,030,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч А.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 29,270 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД