| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2020/04259/и |
| Дугаар | 101/ШШ202004133 |
| Огноо | 2020-12-18 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 101/ШШ202004133
| 2020 12 18 | 101/ШШ2020/04133 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Т.О/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А.Х /-т холбогдох
15 407 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.О , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Р.Энхзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
“Миний бие 2019 оны 08 сарын 27-ны өдөр А овогтой Х тай зээлийн гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлэн 9,366,000 төгрөгийг Хаан банкны 5114174462 тоот Х ын дансанд шилжүүлсэн. Мөн 2019 оны 10 сарын 15-ны өдөр А.Х тай дахин зээлийн гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлэн 5,352,000 төгрөгийг зээлдүүлсэн. 5,352,000 төгрөгийн зээлийн гэрээний төлбөрийг 2020 оны 08 сарын 15-ны өдөр, 9,366,000 төгрөгийн зээлийн гэрээний төлбөрийг 2020 оны 08 сарын 27-ны өдөр тус тус төлж барагдуулах ёстой байсан боловч өнөөдрийн байдлаар төлбөр барагдуулаагүй байна. 2 зээлийн гэрээний гол нөхцөлд хугацаа хэтрүүлсэн тал хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө гэж заасан. Шүүхэд нэхэмжлэл гаргах өдрөөр тооцож 2019 оны 08 сарын 15-ны өдрийн зээлийн гэрээний алданги 455,000 төгрөг, 2019 оны 08 сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний алданги 234,000 төгрөгийн алданги, үндсэн зээлийн төлбөр 14,718,000 төгрөг, нийт 15,407,000 төгрөгийг хариуцагч А.Х аас гаргуулж өгнө үү.
Хариуцагч мөнгө зээлсэн учир нь сургалтаар гадагшаа хүүхдүүд зуучилдаг. Манай хүүг зуучилж өгнө гээд надаас мөнгө зээлсэн. Манай хүү Хятад улс руу явсан боловч сургалтын төлбөр нь төлөгдөөгүй байсан тул Монголдоо буцаж ирсэн. Энэ хүн ажлаа компанийн нэр дээр биш хувиараа хийдэг учраас зээлийн гэрээ хийж мөнгийг бүгдийг нь бэлнээр авсан. 2019 оны 08 сарын 27-ны өдөр 3000 ам.долларыг монгол төгрөгөөр тооцон 9 366 000 төгрөг, 2019 оны 10 сарын 15-гы өдөр 2500 ам.долларыг мөонгол төгрөгөөр тооцон 5 352 000 төгрөг өгсөн. Эхний авсан 3000 ам.долларыг хэлний бэлтгэлд суулгана гэж авсан. Дараагийн мөнгийг дараа жил нь бакалаврт суулгана гэж авсан. Манай хүү 2019 оны 10 сарын сүүлээр Хятад улс руу яваад 11 сард буцаж ирсэн. Сургалтын төлбөр нь ирээгүй гээд удаан хугацааны турш амьдрах виз нь гараагүй. Сургалтын төлбөрийг А.Х хийгээгүй учраас виз нь гараагүй. Хүүхэд маань сургууль ч байхгүй, мөнгө ч байхгүй болсон. Хүүхдэд маань зөндөө зардал гарсан боловч нэхэмжлээгүй. Өгсөн мөнгөө буцааж авах хүсэлтэй байна” гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан болон хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.О нь хариуцагч А.Х т холбогдуулан 2019 оны 08 сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөр 9 366 000 төгрөг, алданги 234 000 төгрөг, 2019 оны 10 сарын 15-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 5 352 000 төгрөг, алданги 455 000 төгрөг, нийт 15 407 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч А.Х нь 2020 оны 10 сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан, зохигчийн эдлэх эрх, үүргийг хариуцагчид танилцуулсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Т.О , хариуцагч А.Х нар нь 2019 оны 08 сарын 27-ны өдөр 9 366 000 төгрөгийг сарын 0,5 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай, хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцох нөхцөлтэй зээлийн гэрээ, 2019 оны 10 сарын 15-ны өдөр 5 352 000 төгрөгийг хүүгүй, зээлийг 2020 оны 08 сарын 15-ны өдөр төлөх нөхцөлтэй, хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцох нөхцөлтэй зээлийн гэрээг тус тус байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулан, нотариатаар гэрчлүүлсэн байна. /хх- 4, 6/
Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Т.О нь хариуцагч А.Х ын Хаан банкан дахь 5114174462 дугаартай данс руу 2019 оны 08 сарын 27-ны өдөр 9 366 000 төгрөг, 2019 оны 10 сарын 15-ны өдөр 5 352 000 төгрөгийг шилжүүлсэн болох нь тогтоогдож байна. /хх-7, 8/
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгч нь хариуцагч А.Х т өөрийн хүү Э.Мягмарсүрэнг Хятад улс руу хэлний бэлтгэл болон бакалаврын сургалтанд явуулах зорилгоор 2019 оны 08 сарын 27-ны өдөр 3000 ам.доллар, 2019 оны 10 сарын 15-ны өдөр 2500 ам.долларыг монгол төгрөгийн ханшаар тооцон шилжүүлж, хариуцагчийн хэлсний дагуу зээлийн гэрээ байгуулсан гэх тайлбарыг гаргасан.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан.
Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээнүүд нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан, тэдний хооронд гэрээг бичгээр хийгдсэн гэж үзэх боловч нэхэмжлэгчийн тайлбараар нэхэмжлэгч Т.О , хариуцагч А.Х нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй болох нь тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчид шилжүүлсэн 14 718 000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаарджээ.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс буцаан шаардах эрхтэй тул нэхэмжлэгч Т.О нь хариуцагч А.Х аас шилжүүлсэн мөнгийг буцаан гаргуулахаар шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч Т.О нь өөрийн данснаас хариуцагч А.Х ын данс руу 2019 оны 08 сарын 27-ны өдөр 9 366 000 төгрөг, 2019 оны 10 сарын 15-ны өдөр 5 352 000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байх тул хариуцагчаас 14 718 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Хэргийн үйл баримтаар зохигчдын хооронд зээлийн гэрээг бичгээр байгуулсан боловч зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч нь зээлийн гэрээнүүдийн үүргийг хариуцагчаас шаардах эрхгүй, эдгээр гэрээний дагуу алданги гаргуулах үндэслэлгүй байна.
Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн хариуцагч А.Х аас 14 718 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.О т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 689 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хариуцагч А.Х нь товлогдсон шүүх хуралдаанд Covid 19 коронавирусын халдвартай холбогдуулан эмнэлэгт ажиллаж байсан хүний хавьтал гэсэн шалтгаанаар гэрийн хорионд байгаа учраас оролцох боломжгүй болсон, хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дүгээр зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч А.Х аас 14 718 000 /арван дөрвөн сая долоон зуун арван найман мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.О т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 689 000 /зургаан зуун наян есөн мянган/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234 985 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Х аас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 231 540 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.О т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР