Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 101/ШШ2021/00368

 

                        

 

 

 

            

 

 

 2021           01          28                                         101/ШШ2021/00368

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Болормаа даргалж,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, тоот хаягт оршин суух, РД:, П.Б-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг нутаг дэвсгэрт байрлах, РД:, М ХХК-д холбогдох,

Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2020 оны 12-р сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, гэрч З.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Шинэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

   ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Б би М ХХК-ийн ”-д механик инженерээр 2018-11-13-нд томилогдон ажилд орсон. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн сахилгын ноцтой зөрчил гаргаагүй байхад захирлын 2020 оны 9-р сарын 18-ны өдрийн тоот тушаалаар механик инженерийн үүрэгт ажлаас ор үндэслэлгүйгээр халсан. Би эрхэлсэн ажилдаа үнэнч шударга өөрийн бүх нөөц боломжоо ашиглан компаниас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлж ажиллаж ирсэн, 2020 оны 8 сард 0 УНЗ авто машины завсар хийсэн. Тухайн үед авто машины эзэмшигчийн гаргасан гомдол болон бусад надтай холбогдуулан гаргаж байсан гомдолд тухай бүрт учир шалтгааныг тайлбарлаж тайлбарыг өгч байсан, надад арга хэмжээ авч байгаагүй.  Ажил үүргээ гүйцэтгэж байхдаа хөдөлмөрийн хууль тогтоомж зөрчсөн, хариуцлага алдсан ноцтой асуудал гаргаж, ажил тасалж байгаагүй. Ажил олгогчийн, ажилтанг ажлаас халсан тушаалыг хууль бус, үндэслэлгүй гэж үзэж байна. 2020-09-18-ны өдрийн ажлаас халах тушаал гарсаныг 2020-09-28-ны өдөр факсаар ирэхэд нь мэдсэн. Иймд 2020-09-18-ны өдрийн тоот ажлаас чөлөөлсөн тушаал  үндэслэлгүй тул урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн томилж, ажилгүй байсан 2020-09-18-ны өдрөөс өнөөдрийг хүртэлхи хугацааны цалин 4.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. 2020 оны 10-р сарын 15-ны өдөр ээлжийн амралтын мөнгөний хамт нийт 1.500.000 төгрөг өгсөн гэв. 

Хариуцагч М ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар, итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Захирлын 2020-09-18 өдрийн тоот П.Б-ыг ажлаас халсан тушаал нь нотлох баримтанд үндэслэж гарсан. М ХХК нь П.Б-тай Хөдөлмөрийн хуулийн дагуу байгууллагын дотоод журам, ажлын байрны тодорхойлолтыг танилцуулж 2018-11-13, 2019-02-13 өдрүүдэд механик-инженер ажлын байранд хөдөлмөрийн хугацаатай, хугацаагүй гэрээнүүдийг тус тус байгуулсан. П.Б нь тус компанид ажиллах хугацаандаа 2019-10-13-ны өдөр ажлын цагийг үр бүтээлгүй өнгөрөөх, хурдан хийх боломжтой ажлыг 3-4 цаг хийж үйлчлүүлэгч нарыг бухимдуулж гомдол гаргах компанийн цаашдын ажил үйлчилгээнд хохирол учруулж, үйлчлүүлэгч алдахад хүргэсэн, 2019-10-17-ны өдрийн ажил үүргийн гүйцэтгэл хангалтгүй, ажлын тоног төхөөрөмжийн мэдлэг хангалтгүй, албаны тоног төхөөрөмжтэй хайхрамжгүй хандсан, 2019-10-22 өдөр Автосервисын хяналтын камерыг удирдлагын зөвшөөрөлгүй удаа дараа санаатай харах чиглэлийг өөрчилсөн, 2020 оны 7-р сарын 7, 8-ны өдрүүдэд М.Ч-ын ажил үүргийг орлон ажиллахаар зөвшөөрч ажил олгогчтой харилцан тохиролцсон боловч дээрх өдрүүдэд ажилдаа ирээгүй хүлээсэн үүргийн дагуу харилцагч үйлчлүүлэгч нарт засварын үйлчилгээ үзүүлээгүй зөрчил нь Хөдөлмөрийн тухай хуулийн 26.1, хөдөлмөрийн дотоод журмын 3.1.12, 10.1.6-ийн 12-т заасан зөрчлийг гаргасан; 2020 оны 08-р сарын 13,14 өдрүүдэд засварт орсон 0 УНЗ дугаартай авто машинд засвар үйлчилгээ үзүүлэхдээ эд ангиудыг дутуу хийснээс болж тухайн тээврийн хэрэгсэлд холын замд хөдөө хээр дахин эвдрэл гарч дахин засварт оруулж харилцагч байгууллага иргэдийг хохироосон зөрчил гаргасан нь хөдөлмөрийн гэрээний 10.4.7-ийн 28-д заасан ноцтой зөрчил, М ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 10.1.7-ийн 7-д заасан ноцтой зөрчлүүдийг гаргасан. Дээрх зөрчлүүд М ХХК-ийн дотоод журмын 10.1.3 заасны дагуу баримтжуулсан байсан бөгөөд хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журмыг удаа дараа зөрчсөн тул Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 зүйлээр ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэрийг гаргасан. П.Б-ын хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай дээрх тушаалыг гардуулах, танилцуулах зорилгоор түүнийг дуудаж уулзах гэсэн хэдий боловч ажлаас халах тушаал гарсаныг мэдсэн даруй ажлын байраа шууд орхин явж, ажилдаа ирээгүй. М ХХК-иас удаа дараа холбогдож дуудсан боловч ирээгүй. Тэгэхээр нэхэмжлэгч өөрийн хууль ёсны эрх ашиг хөндөгдсөн байна гэдгээ 2020-09-18-ны өдрөөс мэдсэн гэдэг дээр маргаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д зааснаар “ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэснийг зөрчиж шүүхэд нэхэмжлэл гаргасан, хугацааг хэтрүүлсэн хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэдгээ шүүх хуралдаанд нотолж чадахгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2020 оны 10 сарын 15-ны өдөр ээлжийн амралтын мөнгөний хамт 1.500.000 төгрөгийг П.Б-т өгсөн, хэрэгт байгаа баримтаар нотлогдоно гэв.

 

Шүүх зохигчдын шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

    ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.Б нь хариуцагч М ХХК-д холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч хөдөлмөрийн гэрээ болон дотоод журамд заасан зөрчлүүдийг гаргасан учир ажлаас халах шийдвэр үндэслэлтэй гарсан, нэхэмжлэлийг Хөдөлмөрийн хуулийн 129-р зүйлд заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлэн гомдлыг гаргасан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь татгалзаж, зөвшөөрөхгүй гэж маргасан.

М ХХК-ийн захирлын 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 5/35 тоот Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.3, Хөдөлмөрийн гэрээний 2.10, Зөрчлийн хуудсуудыг үндэслэн П.Б-г хүндэтгэн үзэх шалтгаангүй ажлын байраа ажлын цагаар орхин явсан, ажлын технологи, зааварчилгаа болон шаардлагыг биелүүлээгүйгээс үйлчлүүлэгч нараас удаа дараа гомдол ирсэн зэрэг сүүлийн 6 сарын хугацаанд удирдлагаас өгсөн олон тооны үүрэг даалгавар биелүүлэлгүй хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан нь хөдөлмөрийн гэрээний 10.4.7-ийн 24-д тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг нь 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс цуцалжээ. /ХХ-ийн 2 тал/

Нэхэмжлэгч П.Б-н ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” бөгөөд нэхэмжлэгч хэнээс, ямар үндэслэлээр, юуг шаардахаа өөрөө тодорхойлох эрхтэй тул нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой байх учиртай.

Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоногийн дотор хэрэг маргааныг шийдвэрлэнэ. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явагддаг тул хэрэг шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцээнд оролцож байгаа тал шаардлагаа дэмжих, шаардлагын үндэслэлийн талаар мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх, нотлох баримтаа өөрөө гаргах эрхээ хэрэгжүүлэхтэй учиртай.

Нэхэмжлэгч П.Б ажлаас чөлөөлсөн тухай ажил олгогчийн 2020-09-18-ны өдрийн тушаалыг 2020-09-28-ны өдөр ажлаа хийж байхад факсаар ирэхэд нь мэдсэн гэсэн тайлбарыг гаргасан. Гэрч З.Х-ийн “2020-09-18-ны өдөр ажлаас чөлөөлөх тушаалыг дугаарын утсаар нь холбогдож мэдэгдсэн, 2020-09-28-ны өдөр танилцуулсан” гэсэн тайлбарыг нэхэмжлэгч П.Б зөвшөөрч маргаагүй. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д “хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж,

129.2-т “ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэх хугацааг тусгайлсан хуулиар зохицуулсан байх тул нэхэмжлэгч П.Б эрхээ зөрчигдсөн талаар мэдсэн өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргаагүй буюу 2020-09-28-ны өдрөөс хойш 2020-11-30-ны өдөр шүүхэд хандсан нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөнөөр нэхэмжлэгч эрх зөрчигдсөн талаарх гомдлыг хуульд заасан хугацааны дотор гаргах эрхээ алдсан байна.

Хэрэгт авагдсан баримтаар гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан гэх хуульд заасан үндэслэлүүд тогтоогдоогүй буюу хариуцагчаас 2020 оны 9-р сарын сүүлийн цалин, ээлжийн амралтын мөнгө 1.500.000 төгрөгийг олгосон баримт, зохигчийн тайлбараар нотлогдож байна.

Ийнхүү ажилтан шүүхэд хандах хуулиар тогтоосон хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т зааснаар хөөн хэлэлцэх хугацааг сэргээх боломжтой боловч хүндэтгэн үзэх шалтгаан нөхцөл нь эрхээ зөрчигдсөнийг мэдсэнээс хойших хугацаанд хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоогдсон газарт байсан зэрэг өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар шүүхэд хандаж гомдол гаргах боломжгүй байсан гэх байдал хэргийн үйл баримтаар нотлогдоогүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын талаарх үндэслэл, татгалзлаа нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх нь нэхэмжлэгч, хариуцагч нарын үүрэг.

Хариуцагч П.Б-ыг ажлаас чөлөөлөх болсон үндэслэлийг “2019-10-13-ны өдөр ажлын цагийг үр бүтээлгүй өнгөрөөх, хурдан хийх боломжтой ажлыг 3-4 цаг хийж үйлчлүүлэгч нарыг бухимдуулж гомдол гаргах байдлыг үүсгэж, компанийн цаашдын ажил үйлчилгээнд хохирол учруулж, үйлчлүүлэгч алдахад хүргэсэн, 2019-10-17-ны өдрийн ажил үүргийн гүйцэтгэл хангалтгүй, ажлын тоног төхөөрөмжийн мэдлэг хангалтгүй, албаны тоног төхөөрөмжтэй хайхрамжгүй хандсан, 2019-10-22 өдөр Автосервисын хяналтын камерыг удирдлагын зөвшөөрөлгүй удаа дараа санаатай харах чиглэлийг өөрчилсөн, 2020 оны 7-р сарын 7, 8-ны өдрүүдэд М.Ч-ын ажил үүргийг орлон ажиллахаар зөвшөөрч ажил олгогчтой харилцан тохиролцсон боловч дээрх өдрүүдэд ажилдаа ирээгүй, хүлээсэн үүргийн дагуу харилцагч үйлчлүүлэгч нарт засварын үйлчилгээ үзүүлээгүй зөрчил нь Хөдөлмөрийн тухай хуулийн 26.1, хөдөлмөрийн дотоод журмын 3.1.12, 10.1.6-ийн 12-т заасан зөрчлийг гаргасан; 2020 оны 08-р сарын 13,14 өдрүүдэд засварт орсон  УНЗ дугаартай авто машинд засвар үйлчилгээ үзүүлэхдээ эд ангиудыг дутуу хийснээс болж тухайн тээврийн хэрэгсэлд холын замд хөдөө хээр дахин эвдрэл гарч дахин засварт оруулж харилцагч байгууллага иргэдийг хохироосон зөрчил гаргасан нь хөдөлмөрийн гэрээний 10.4.7-ийн 28-д заасан ноцтой зөрчил, М ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 10.1.7-ийн 7-д заасан ноцтой зөрчлүүдийг гаргасныг М ХХК-ийн дотоод журмын 10.1.3-т заасны дагуу баримтжуулсан гэсэн тайлбарыг гаргаж баримтыг шүүхэд ирүүлсэн хэдий ч дээрхи зөрчлүүдэд Хөдөлмөрийн хуулийн 131-р зүйлд зааснаар “Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар, ирүүлсэнээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэжээ. Хариуцагч буюу ажил олгогч хуульд зааснаар сахилгын арга хэмжээг тухайн цаг хугацаанд авсан талаархи баримтыг шүүхэд ирүүлээгүй.

Нэхэмжлэгчээс ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 4.500.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 157.150 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118-р зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

                                                                                              

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн  46.1, 69 дүгээр зүйлийн 69.1, 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч М ХХК-д холбогдох ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 4.500.000 төгрөг гаргуулах П.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.Б-аас 157.150 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Т.БОЛОРМАА