| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цолмонгийн Амар |
| Хэргийн индекс | 188/2024/0179/Э |
| Дугаар | 188/2024/215 |
| Огноо | 2024-02-19 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Г.Лхагвасүрэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 188/2024/215
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
улсын яллагч Г.Лхагвасүрэн,
шүүгдэгч С.О нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2308018222130 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
С овогт С-ын О, Монгол Улсын иргэн, 2000 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 24 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бага ангийн багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, охины хамт *** тоотод оршин суух хаягтай, регистрийн дугаар: ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.О нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 6,740,000 төгрөгийн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт: Улсын яллагчаас 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан бол шүүгдэгч С.О нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хавтаст хэргийн материалаас шинжлэн судлах нотлох баримтгүй гэсэн болно.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаас дүгнэвэл:
Шүүгдэгч С.О нь Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Э” өдөр өнжүүлэх төвд багшаар ажиллаж байх хугацаандаа 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл хохирогч З.Ж-ы итгэмжлэн хариуцуулсан өдөр өнжүүлэх төвийн үйл ажиллагааны орлого болох сургалтын төлбөрөөс нийт 6,740,000 төгрөгийг завшсан хэргийн үйл баримтад тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна. Тухайлбал:
- Хохирогч З.Ж-ы цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 10-13 дахь тал),
- Хохирогч З.Ж-ы “...Би Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороонд Э гэдэг нэртэй өдөр өнжүүлэх ажиллуулдаг. 2022 оны 08 дугаар сарын 30-нд “өдөр өнжүүлэхэд багш авна” гэсэн зарын дагуу С.О гэх эмэгтэй ирж уулзаад ажилд орсон. Манай өдөр өнжүүлэх төвд 1-5 дугаар ангийн сурагчид бүртгүүлж сарын төлбөр 300,000 төгрөгөөр гэрээ хийдэг. Манай багш С.О хүүхдүүдийн эцэг, эхтэй гэрээ байгуулж төлбөрийг өөрийн дансаар авч миний данс руу шилжүүлдэг байсан. С.О нь гэрээ хийж төлбөрийн мөнгөө шилжүүлсэн хүүхдүүдийн төлбөрийг өөрийн хувийн дансаар 2022.08.31-ний өдрөөс 2023.01.26-ны өдрийн хооронд авч, тодорхой мөнгийг нь өөрийн хувьдаа завшсан байсан тул цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. О-ийн эзэмшлийн Хаан банкны *** дугаарын данс руу интернэт банкаар орж шалгаж үзэхэд хүүхдийн төлбөр болох 10,510,000 төгрөгийн гүйлгээ хийгдэж, миний эзэмшлийн Хаан банкны *** дугаарын данс руу 3,370,000 төгрөгийг шилжүүлсэн байсан. Үлдсэн 6,740,000 төгрөгийг хувьдаа завшсан гэж үзэж байна. ...Би С.О-т даатгаад үлдээдэг байсан, би өөрөө ажилтай учир өдөр өнжүүлэх дээр очдоггүй байсан. Өдөр өнжүүлэхэд сурч байгаа хүүхдүүдийн эцэг эхтэй С.О гэрээ хийдэг байсан. Надад ирцээ огт үзүүлдэггүй байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дахь тал),
- Хохирогч З.Ж-ы Хаан банкны *** дугаарын дансны хуулга (хавтаст хэргийн 27-45 дахь тал),
- “Э” өдөр өнжүүлэх төвийн гэрээнүүд (хавтаст хэргийн 49-84 дэх тал),
- Шүүгдэгч С.О-ийн Хаан банкны дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулгууд (хавтаст хэргийн 85-87, 109-125 дахь тал),
- Шүүгдэгч С.О-ийн яллагдагчаар өгсөн “...Би 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг Э өдөр өнжүүлэх төвд зарын дагуу багшаар ажилд орсон. ...Сарын 1,200,000 төгрөгөөр цалинжихаар тохирсон. Өдөр өнжүүлэх төвд ирж байгаа хүүхдүүдийн эцэг эхтэй би гэрээ байгуулж үйл ажиллагааг явуулж эхэлсэн. Би эцэг, эхчүүдтэй гэрээ хийж төлбөрийг өөрийн дансаар болон Жаргалсайхан гэх хүний дансаар авч байсан. ...Миний Хаан банкны ***, *** дугаарын данс руу гэрээ хүүхдүүдийн төлбөр болох 13,945,000 төгрөгийн орлого хийснээс би Ж эгчийн Хаан банкны *** дугаарын данс руу 7,205,000 төгрөгийг шилжүүлсэн. Үлдэгдэл 6,740,000 төгрөгийг өдөр өнжүүлэх төвийн өдрийн хэрэгцээ болох талх, боорцог, хоолны хүнс, хүний ногоо, ахуйн хэрэгцээнд болон өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулж байсан. ....Надад тусалж дэмжих хүн байхгүй, манай нөхөр болох хүн өөр гэр бүлтэй болоод охин бид 2-ыг хаяад явсан. Би айлын өргөмөл охин. Төрсөн аав, ээж маань бага байхад нас барсан тул С гэх хүн намайг өргөж авсан юм. Өргөмөл ээж нас барснаас хойш харж хандах хүнгүй болсон. ...Би тухайн үед Натур төвийн хажууд сарын 400,000 төгрөгийн байр түрээслэн амьдарч байсан. Цалин хүрэлцээгүйн улмаас байрны түрээс болон өдөр тутмын хоол хүнс ахуйн хэрэгцээнд зарцуулдаг байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 96-98 дахь тал) зэрэг болно.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
1.2. Хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч С.О нь 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс хохирогч З.Ж-ы үйл ажиллагаа нь явуулдаг “Э” өдөр өнжүүлэх төвд багшаар ажилд орсон байна.
Хохирогч З.Ж, шүүгдэгч С.О нарын хооронд хэдийгээр бичгээр хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй байх боловч С.О нь “Э” өдөр өнжүүлэх төвийн өмнөөс эцэг, эхчүүдтэй гэрээ байгуулж, зарим төлбөрийг өөрийн дансаар авч байсан байсан болох нь хэрэгт авагдсан “Э” өдөр өнжүүлэх төвийн гэрээнүүд, шүүгдэгч С.О-ийн дансны хуулга зэрэг баримтуудаар хангалттай тогтоогдож байна.
Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл шүүгдэгч С.О нь “Э” өдөр өнжүүлэх төвийн өмнөөс гэрээ байгуулж, төлбөрийг өөрийн дансаар авч, хохирогч З.Ж-д шилжүүлж байсан нь түүнийг бусдын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд мөн гэж үзнэ.
Шүүгдэгч С.О нь 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл “Э” өдөр өнжүүлэх төвийн үйл ажиллагааны орлого болох сургалтын төлбөрөөс нийт 6,740,000 төгрөгийг өөрийн дансаар авч хувьдаа завшсан болох нь хэрэгт авагдсан дансны хуулга, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогчийн мэдүүлэг, цагдаагийн байгууллагад гаргаж өгсөн хохирлын тооцоо зэрэг баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч С.О-ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүний гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
1.3. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаар шүүгдэгч С.О нь нийт 6,740,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон бөгөөд мөрдөн байцаалтын шатанд хохирогч З.Ж-д 3,000,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн байна.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.О-ээс 3,740,000 төгрөгийг гаргуулж, хохирогч З.Ж-д олгож шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...Шүүгдэгч С.О гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлын зарим хэсгийг төлж барагдуулсан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бага насны хүүхэдтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож зорчих эрхийг хязгаарлах саналтай байна...” гэв.
Шүүгдэгч С.О “...Манай хүүхэд 11 сартай, ханиад хатгаа хүрэх нь их, биеийн дархлаа султай, зүрхний хэм алдагддаг ба Улаанбаатар хотод албан ёсоор шилжиж ирээгүй тул Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд үзүүлдэг. Хүүхдээ эмнэлэгт үзүүлэх боломж олгож өгнө үү...” гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 101 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 104 дэх тал), үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 106 дэх тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 107 дахь тал), хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 108 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Шүүгдэгч С.О-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч С.О-ийн 11 сартай хүүхдийн хамт амьдардаг нөхцөл байдлыг харгалзан эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд Улаанбаатарын хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож зорчих эрхийг хязгаарлав.
Шүүгдэгч С.О нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй.
2.3. Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.О нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. С овогт С-ын О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.О-т 10 /арав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.О-ийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гаргахыг хориглож зорчих эрхийг хязгаарласугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.О нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.О-ээс 3,740,000 /гурван сая долоон зуун дөчин мянга/ төгрөг гаргуулан хохирогч З.Ж-д олгосугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.О нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч С.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АМАР