Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 101/ШШ2021/00211

 

2021 01 20

101/ШШ2021/00211

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: А.Ө-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Б-д холбогдох

2,647,410 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Ө нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Ө би Б.Б-тай 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Зээлийн гэрээ байгуулан 1,500,000 төгрөгийн үнэ бүхий бараар зээлээр өгсөн. Мөн нэмэлтээр гэрээнд ороогүй 250,000 төгрөгийн үнэ бүхий барааг хувийн тохиролцооны үндсэн дээр нэмж авч 7 хоногийн хугацаатайгаар 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл зээлүүлсэн. 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр бид зээлийн гэрээнд гарын үсэг зурж нотариатаар батлуулсан байдаг. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Б.Б нь зээлийн төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна. Зээлийн гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0.5 хувийн алданги тооцож 83 хоногийн 897,410 төгрөгийн алданги, үндсэн зээлийн 1,750,000 төгрөгийн хамт нийт 2,647,410 төгрөгийг хариуцагч Б.Баас гаргуулж өгнө үү.

Зээлийн гэрээний үүрэгт 2 647 410 төгрөг гаргуулна. Хариуцагч нь надаас том машины дугуй авсан. Эхлээд би үндсэн төлбөрөө авах гэж хөөцөлдсөн боловч утсаа авахгүй байсан. Иймд шүүхэд хандаж гэрээнд заасан алдангийн хамт нэхнэ. Бид нотариатаар орж зээлийн гэрээ байгуулж, зөвшөөрч гарын үсэг зурсан. Иймд шаардах эрхтэй гэв.

 

Хариуцагч Б.Б нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Б.Б би нэхэмжлэгч гэх А.Ө-ын нэхэмжилж байгаа 2,647,410 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үндсэн үнэ болох 1,750,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Хүлээн зөвшөөрөхгүй шалгаан нь:

1. Том оврын автомашины дугуй авсан. /7 ширхэг, тус бүр нь 250,000 төгрөг/.

2. Цар тахалтай холбоотой тээвэр маань зогсож, орлогогүй болсон учир өдий болтол төлөөгүй байна.

3. 897,410 төгрөгийн хүү болох энэ мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Жич: А.Өоос бэлэн мөнгө аваагүй сэлбэг болох дугуй /хуучин/ авсан.

4. А.Ө нь хүү авах эрх бүхий хүн биш /ломбард, банк биш/.

Ийм учир хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Ө нь гэрээний үүрэгт нийт 2,647,410 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Б.Б нь 1,750,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг буюу алданги төлөх үндэслэлгүй гэж маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа зээлийн гэрээний үүрэг шаардсан боловч зохигчийн тайлбар, 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн төлбөр барагдуулах хэлцэлд зааснаар худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна. /хэргийн 5 дугаар тал/

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч нь чанарын доголдолгүй, эрхийн зөрчилгүй эд зүйлийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлж, худалдан авагч нь гэрээгээр тохиролцсон үнийг төлж, эд зүйлийг хүлээн авах үүрэг хүлээнэ.

 

Дээрх баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь хариуцагчид 7 ширхэг дугуйг тус бүрийг 250,000 төгрөг, нийт 1,750,000 төгрөгөөр тооцож, үнийг дараа төлөхөөр тохиролцож олгожээ. Зохигч хэн аль нь энэ үйл баримтын талаар болон эд зүйлийн чанарын доголдол, эрхийн зөрчлийн талаар маргаагүй тул эд зүйлийн үнэ болох 1,750,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.

 

Нэхэмжлэлийн шаардлага болох алдангийн хувьд зохигчид 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн төлбөр барагдуулах хэлцлээр худалдсан эд зүйлийн үнийн 1,500,000 төгрөгт холбогдох хэсэгт 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн алданги тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т нийцсэн байна. Харин эд зүйлийн үнийн үлдэх хэсэг болох 250,000 төгрөгт холбогдох хэсэгт алданги тооцох тухай бичгээр гэрээ байгуулаагүй тул энэ хэсэгт алданги шаардах эрхгүй.

Ийнхүү алдангийг тооцвол 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 73 хоног хэтэрсэн байх тул 1 хоногт 7,500 /1,500,000*0.5%/ төгрөг, 73 хоногт 547,500 төгрөг тооцогдоно.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчаас гэрээний үүрэгт нийт 2,297,500 /1,750,000+547,500/ төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 349,910 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.            Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Б.Б-аас гэрээний үүрэгт 2,297,500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.Ө-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 349,910 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 57,310 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 51,710 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД