| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 124/2026/0024/З |
| Дугаар | 221/МА2026/0733 |
| Огноо | 2026-10-22 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 221/МА2026/0733
“Б” ХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүн: Шүүгч Б.Тунгалагсайхан
Илтгэгч: Шүүгч О.Оюунгэрэл
Давж заалдах гомдол гаргасан:
Хариуцагч Увс аймаг дахь Төрийн аудитын газрын дарга
Нэхэмжлэгч: “Б” ХХК
Хариуцагч: Увс аймаг дахь Төрийн аудитын газар
Нэхэмжлэлийн шаардлага:
“Увс аймаг дахь Төрийн аудитын газрын 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн “Зөрчил арилгах тухай” 06/53/А2071092УВА-2026/004/НА-СТА-ТӨҮГ, 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн “Зөрчил арилгах тухай” 01/48/А2070414УВА-2026/004/НА-СТА-ТӨҮГ дугаартай албан шаардлагуудыг тус тус хүчингүй болгуулах”
Давж заалдах журмаар гомдол гаргасан шүүхийн шийдвэр:
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одгэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Шагдарсүрэн, Т.Золоо, Т.Ариунсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр
Хэргийн индекс: 124/2026/0024/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Б” ХК-аас Увс аймаг дахь Төрийн аудитын газарт холбогдуулан Увс аймаг дахь “Төрийн аудитын газрын 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн “Зөрчил арилгах тухай” 06/53/А2071092УВА-2026/004/НА-СТА-ТӨҮГ дугаартай, 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн “Зөрчил арилгах тухай” 01/48/А2070414УВА-2026/004/НА-СТА-ТӨҮГ дугаартай албан шаардлагыг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 31 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч “Б” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Увс аймаг дахь Төрийн аудитын газрын 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 06/53/А2071092УВА-2026/004/НА-СТА-ТӨҮГ дугаартай “Зөрчил арилгах тухай” албан шаардлага, 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 01/48/А2070414УВА-2026/004/НА-СТА-ТӨҮГ дугаартай “Зөрчил арилгах тухай” албан шаардлагыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.
3. Хариуцагчийн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
3.1. Анхан шатны шүүх тус байгууллагын гүйцэтгэх захирлын А/86 дугаар тушаалаар баталсан “Ажилтнуудад сарын үйл ажиллагааны үр дүнгээр шагнал олгох журам”-ын 4.6 хэсгийн “хөдөлмөрийн сахилга удаа дараа зөрчсөн, сахилгын арга хэмжээ авагдсан бол сарын үр дүнгийн урамшуулал олгохгүй” гэсэн заалтыг буруу тайлбарласан гэж үзэж байна.
Энэхүү заалтад буй “хөдөлмөрийн сахилга удаа дараа зөрчсөн” мөн “сахилгын арга хэмжээ авагдсан” гэдэг нь хоорондоо таслалаар тусгаарлагдсан, биеэсээ үл хамаарах, тусдаа бие даасан хоёр өөр ойлголт. Үүнд:
“Хөдөлмөрийн сахилга удаа дараа зөрчсөн” гэх нөхцөл: Энэ нь ажилтны гаргасан үйлдэлд хамаарах ойлголт. Ажилтан хөдөлмөрийн дотоод журам удаа дараа зөрчсөн байж болох бөгөөд энэ үед ажил олгогчоос албан ёсны сахилгын шийтгэл хараахан ногдуулаагүй байсан ч сахилгын зөрчилтэй тул урамшуулал авах шалгуурыг хангахгүй.
“Сахилгын арга хэмжээ авагдсан” гэх нөхцөл: Энэ нь ажил олгогчоос хууль болон дотоод журмын дагуу гаргасан албан ёсны шийдвэр буюу эрх зүйн үр дагаварт хамаарах ойлголт. Ажилтан заавал удаа дараа бус, ганц удаагийн зөрчил гаргаад сахилгын арга хэмжээ авагдсан байж болно.
Гэтэл нэхэмжлэгч болон анхан шатны шүүх үүнийг нэгдмэл нэг ойлголт буюу зөвхөн “удаа дараа зөрчил гаргаж, түүндээ сахилгын арга хэмжээ авагдсан байх” гэдэг явцуу утгаар тайлбарлаж байгаа нь буруу гэж үзэж байна. Журмын зохицуулалтын үндсэн санаа нь дээрх хоёр нөхцөлийн аль нэг нь үүссэн тохиолдолд урамшууллыг олгохгүй байхаар заасан байтал ажил олгогч өөрийн баталсан журмаа зөрчиж урамшуулал олгосон нь төсвийн болон байгууллагын хөрөнгийг үр ашиггүй, зориулалт бусаар зарцуулсан зөрчил мөн гэж үзэж байна.
3.2. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон байгууллагын Хамтын гэрээний 3.20 дахь заалт болох “сахилгын нэг төрөлд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулж ногдуулахгүй байх зарчмаар сарын үйл ажиллагааны болон жилийн үр дүнгийн шагналыг ногдох хувиар олгоно” гэх хэм хэмжээ нь хууль хэрэглээний болон техникийн хувьд хэрэгжих боломжгүй, найруулгын алдаатай байна. Үүнд:
Энэхүү заалтад “сахилгын нэг төрөлд” гэж томьёолсон нь эрх зүйн болон монгол хэлний найруулгын хувьд утга илэрхийлэхгүй, алдаатай бичиглэл юм. Хөдөлмөрийн эрх зүйд “сахилгын зөрчил”, эсхүл “сахилгын шийтгэл” гэсэн ойлголт байхаас “сахилгын төрөл” гэсэн хууль зүйн нэр томьёо байхгүй. Хэрэв сахилгын зөрчил гаргасан асуудлыг хөндөж байгаа бол “сахилгын нэг зөрчилд” гэж бичигдэх ёстой бөгөөд утга найруулгын ийм алдаатай заалтыг шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон.
Уг заалт нь үр дүнгийн урамшууллыг хасах буюу олгохгүй байхыг “сахилгын шийтгэл”-ийн нэг хэлбэр гэж үзээд, түүнийг давхардуулж ногдуулахгүй байх тухай утгыг илэрхийлж байна гэж шүүх тайлбарлажээ. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг (сануулах, цалин хөлсийг бууруулах, ажлаас халах) тодорхой заасан бөгөөд урамшуулал олгохгүй байх нь сахилгын шийтгэл биш юм.
3.3. Заалтын төгсгөлд “шагналыг ногдох хувиар олгоно” гэж заасан нь эрх зүйн хэм хэмжээний тодорхой байх шаардпагыг хангаагүй, хэрэглээний хувьд ойлгомжгүй байна. Ийм хийсвэр, тодорхой бус, хэрэгжүүлэх боломжгүй, дутуу боловсруулагдсан заалтад тулгуурлан төрийн аудитын газрын албан шаардлагыг хүчингүй болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагад нийцэхгүй байна гэж үзэж байна.
Шүүхийн шийдвэрийн 14 дүгээр хуудсанд “Нэхэмжлэгч байгууллагаас нь сарын үр дүнгийн шагнал буюу урамшууллыг сар бүр тодорхой хувиар олгодог байх ба ажилтан сахилгын шийтгэл хүлээсэн тухайн сард урамшууллыг олгодоггүй байх бөгөөд бусад сардаа зөрчилгүй ажилласан тохиолдолд тухайн сардаа ногдох урамшууллыг ажил олгогчоос олгож байгаа нь дээр дурдсан журмын зохицуулалт хамтын гэрээ хэлэлцээрт заасан сахилгын нэг төрөлд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулж ногдуулахгүй байх зарчмаар сарын үйл ажиллагааны болон жил үр дүнгийн шагналыг ногдох хувиар олгоно” гэх заалтын агуулга, нөхцөлтэй нийцсэн гэж үзэх ба “сахилгын арга хэмжээ авагдсан бол сарын үр дүнгийн шагнал олгохгүй” гэх зохицуулалт тухайн сардаа олгогдохгүй агуулга илэрхийлсэн гэж үзэхээр байна” гэж тайлбарласныг дараах байдлаар няцааж байна.
3.4. Сахилгын шийтгэлийн хүчинтэй хугацааны талаарх хуулийн зохицуулалтыг үгүйсгэсэн тухай: Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.8-д “Сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жил өнгөрвөл сахилгын шийтгэлгүйд тооцно”, 123.9-д “Ажил олгогч ... сахилгын шийтгэлгүйд хугацаанаас нь өмнө тооцож болно” гэж тус тус хуульчилсан. Энэ нь тухайн ажилтан шийтгэл ногдуулсан өдрөөс хойш 1 жилийн хугацаанд, эсхүл ажил олгогч шийдвэр гаргаж цуцлах хүртэлх хугацаанд “сахилгын шийтгэлтэй” гэх хууль зүйн статустай байна. Гэтэл шүүх сахилгын шийтгэлтэй байх хугацаа болон түүний үр дагаврыг зөвхөн “шийтгэл ногдуулсан тухайн нэг сар”-аар хязгаарлаж тайлбарласан нь Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх заалтыг зөрчиж байна.
3.5. Урамшуулал олгохгүй байхыг “сахилгын шийтгэл”-тэй адилтгаж, “давхардуулан ногдуулах” гэх ойлголтыг тайлбарласан тухай:
Үр дүнгийн шагнал урамшуулал гэдэг нь ажилтны хөдөлмөрлех үүргээ хэвийн, ямар нэгэн зөрчилгүй, үр бүтээлтэй гүйцэтгэсний төлөө олгодог нэмэлт урамшуулал болохоос Хөдөлмөрийн хуулиар олгохоор баталгаажсан үндсэн цалин биш юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.7-д заасан “нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулахгүй” гэдэг нь нэг зөрчилд сануулах, цалин хасах, халах гэсэн шийтгэлүүдийг нэгэн зэрэг давхардуулж өгөхийг хориглосон зохицуулалт. Сахилгын шийтгэлтэй байгаа ажилтанд үр дүнгийн урамшуулал олгохгүй байх нь сахилгын шийтгэлийн хэлбэр биш бөгөөд энэ нь урамшуулал авах шалгуур үзүүлэлт, болзлыг хангаагүйн шууд үр дагавар болно. Гэтэл шүүх урамшуулал олгохгүй байхыг сахилгын шийтгэлийн нэг хэлбэр гэж тайлбарлаж, урамшуулал хасах нь давхар шийтгэл болно гэж дүгнэсэн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна гэж үзэж байна.
Байгууллагын дотоод журмыг тайлбарласан тухай: “А” ТӨХК-ийн болон “Х” ХХК-ийн гүйцэтгэх захирлуудын тушаалаар баталсан Үр дүнгийн урамшуулал олгох журамд “сахилгын арга хэмжээ авагдсан ажилтанд үр дүнгийн шагнал олгохгүй” гэж маш тодорхой, хоёрдмол утгагүйгээр заасан. Уг журамд “зөвхөн сахилгын шийтгэл хүлээсэн тухайн сард олгохгүй, бусад сард олгоно” гэсэн ямар ч үг байхгүй. Гэтэл шүүх уг журмын зохицуулалтыг “тухайн сардаа л олгогдохгүй байх агуулга илэрхийлсэн” гэж тайлбарласантай санал нийлэхгүй байна.
3.6. Шалгагдагч байгууллага Төрийн аудитын байгууллагын зөрчил таслан зогсоох тухай албан шаардлагын биелэлтийг хүлээн зөвшөөрч биелүүлсэн баримтад шүүх хууль зүйн дүгнэлт хийсэнгүй.
“Б” ХК нь 2026 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 532 болон 231 дугаартай албан бичгүүдээр Төрийн аудитын газрын албан шаардлагыг хүлээн зөвшөөрч, зөрчлийг залруулан биелэлтээ ирүүлсэн байдаг. Нэгэнт захиргааны актын биелэлтийг хүлээн зөвшөөрч, сайн дураар биелүүлсэн нь өөрөө захиргааны эрх зүйн хүчин төгөлдөр акт болох нөхцөл бүрдсэн байсан. Иймд дээр дурдсан хууль зүйн үндэслэлүүдийг харгалзан үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхтухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасны дагуу Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 124/ШШ2026/0031 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, “Б” ХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, хэргийн бодит нөхцөл байдалд бүрэн дүүрэн дүгнэлт хийгээгүй, холбогдох хууль тогтоомжийг буруу тайлбарлан хэрэглэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”, 107 дугаар зүйлийн 107.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж тус тус заасантай нийцээгүй байх тул дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгон, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч “Б” ХК-аас Увс аймаг дахь Төрийн аудитын газарт холбогдуулан “Увс аймаг дахь Төрийн аудитын газрын 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн “Зөрчил арилгах тухай” 06/53/А2071092УВА-2026/004/НА-СТА-ТӨҮГ, 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн “Зөрчил арилгах тухай” 01/48/А2070414УВА-2026/004/НА-СТА-ТӨҮГ дугаартай албан шаардлагуудыг тус тус хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргажээ.
3. Төрийн аудитын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Төрийн аудитын байгууллага Төсвийн тухай хуульд заасны дагуу улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн байгууллага, төсөв захирагчийн жилийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайлан, санхүүгийн нэгтгэсэн тайлан, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн оролцоотой хуулийн этгээдийн жилийн санхүүгийн тайланд аудит хийнэ.”, 21 дүгээр зүйлийн 21.1-д “Шалгагдагч этгээд хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн, хуулиар хүлээсэн албан үүргээ биелүүлээгүй бол алдаа, зөрчлийг таслан зогсоох, давтан гаргуулахгүй байх талаар байгууллага, албан тушаалтанд албан шаардлага өгнө” гэж тус тус зааснаар шалгагдагч этгээд хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн бол уг алдаа, зөрчлийг таслан зогсоох, давтан гаргуулахгүй байх талаар төрийн аудитын байгууллага албан шаардлага өгөх эрхтэй.
4. Маргаан бүхий Төрийн аудитын газрын 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн “Зөрчил арилгах тухай” 06/53/А2071092УВА-2026/004/НА-СТА-ТӨҮГ дугаар албан шаардлагаар “Б” ХК нь сахилгын шийтгэлтэй нэр бүхий 52 албан хаагчдад 98,028,163 төгрөгийн үр дүнгийн урамшуулал олгосон гэж сахилгын шийтгэлтэй албан хаагчдад үр дүнгийн урамшуулал олгосон зөрчлийг таслан зогсоож, биелэлтийг 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дотор Увс аймаг дахь Төрийн аудитын газарт ирүүлэх, цаашид зөрчлийг давтан гаргахгүй байх, хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллахыг “Б” ХК-ийн захирал, ерөнхий нягтлан бодогч нарт даалгаж,
2026 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн “Зөрчил арилгах тухай” 01/48/А2070414УВА-2026/004/НА-СТА-ТӨҮГ дугаартай албан шаардлагаар “Ховд цахилгаан түгээх сүлжээ” ХХК нь сахилгын шийтгэлтэй нэр бүхий 7 албан хаагчдад 11,816,771 төгрөгийн үр дүнгийн урамшуулал олгосон гэж энэ зөрчлийг таслан зогсоож, биелэлтийг 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дотор Увс аймаг дахь Төрийн аудитын газарт ирүүлэх, цаашид зөрчлийг давтан гаргахгүй байх, хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллахыг “Б” ХК-ийн Ховд цахилгаан түгээх салбарын дарга, нягтлан бодогч нарт тус тус даалгажээ.
5. Өөрөөр хэлбэл, хариуцагч Увс аймаг дахь Төрийн аудитын газраас “А” ТӨХК-ийн 2025 оны санхүүгийн тайланд аудит хийж сахилгын шийтгэлтэй нэр бүхий албан хаагчдад үр дүнгийн урамшуулал олгосон нь Хөдөлмөрийн тухай хууль ... Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль ... “А” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/86 дугаар тушаалаар батлагдсан “Ажилтнуудад сарын үйл ажиллагааны үр дүнгээр шагнал олгох журам”-ын 4-т заасныг зөрчсөн гээд зөрчлийг таслан зогсоож, биелэлтийг 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дотор Увс аймаг дахь Төрийн аудитын газарт ирүүлэх, цаашид зөрчлийг давтан гаргахгүй байх, хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллахыг даалгасан бөгөөд ийнхүү дээр дурдсан албан бичгүүдээр хариуцагч аудиторын албан шаардлага тус бүрд гүйцэтгэлийн талаар хариу албан бичиг ирүүлсэн байна.
6. Тодруулбал, “Б” ХК-ийн 2026 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 532 дугаар албан бичгээр Төрийн аудитын газраас “А” ТӨХК-ийн 2025 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлтээр өгсөн албан шаардлагын биелэлт болон гүйцэтгэлийг гарган хавсралтаар хүргүүлсэн байх бөгөөд уг албан бичгийн хавсралтад “...сахилгын шийтгэлтэй нэр бүхий ажилчдад сарын үр дүнгийн урамшуулал олгохгүй ажиллаж байна ... илүү олгосон цалинг суутган байгууллагын данс руу төвлөрүүлэх албан хүсэлт илгээсэн” гэж,
“Х”-ын 2026 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 231 дүгээр албан бичгээр албан шаардлага, актын гүйцэтгэлийг хүргүүлсэн байх бөгөөд хавсралтаар сахилгын шийтгэлтэй ажилтан тус бүрийн цалингаас суутгаж, төлбөрийг Увс аймаг дахь Төрийн аудитын дансанд шилжүүлсэн ... 2026 оны 01 дүгээр сараас сахилгын шийтгэлтэй ажилтан байхгүй ба сарын үр дүнгийн урамшуулал олгогдоогүй байна” гэж тус тус хариу өгчээ.
7. Дээрхийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан “...албан шаардлагын агуулга нь тухайн сахилгын шийтгэл хүлээсэн ажилтны сахилгын шийтгэлтэй байх хугацаа дууссан тохиолдолд ажилтанд энэ талаар мэдэгдэх үүрэгтэй бөгөөд ийнхүү мэдэгдсэний дараа үр дүнгийн урамшуулал олгох эрхтэй, энэ зөрчлийг цаашид давтан гаргаж болохгүй гэдэг агуулгаар албан шаардлага хүргүүлсэн ... төрийн санд төлбөр тушаах, эсхүл сахилгын шийтгэл авагдсан бол дараагийн саруудад олгохгүй гэсэн агуулга биш. Зөвхөн сахилгын шийтгэлгүй болсныг Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар мэдэгд гэсэн утгатай албан шаардлага” гэсэн тайлбартай нэгтгэн дүгнэвэл хариуцагч нарын үйлдсэн албан шаардлагууд нь илүү олгосон үр дүнгийн урамшууллыг буцаан төлөхийг үүрэгжүүлсэн төлбөр тогтоосон акт бус харин цаашид уг алдаа зөрчлийг дахин гаргахгүй байхыг анхааруулсан албан шаардлага байх тул хууль болоод журам зөрчиж сахилгын шийтгэлтэй ажилтнуудад үр дүнгийн урамшуулал олгосон зөрчлийг дахин давтан гаргуулахгүй байх зорилгоор албан шаардлага хүргүүлсэн нь Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Шалгагдагч этгээд хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн, хуулиар хүлээсэн албан үүргээ биелүүлээгүй бол алдаа, зөрчлийг таслан зогсоох, давтан гаргуулахгүй байх талаар байгууллага, албан тушаалтанд албан шаардлага өгнө” гэж заасантай нийцсэн байх бөгөөд энэ нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
8. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 31 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн аудитын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 21 дүгээр зүйлийн 21.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б” ХК-ийн “Увс аймаг дахь Төрийн аудитын газрын 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн “Зөрчил арилгах тухай” 06/53/А2071092УВА-2026/004/НА-СТА-ТӨҮГ, 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн “Зөрчил арилгах тухай” 01/48/А2070414УВА-2026/004/НА-СТА-ТӨҮГ дугаартай албан шаардлагуудыг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг үндэслэн хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ