Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 212/МА2018/00067

 

  А.Хгийн  нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

           

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч  Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэйгээр тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан  шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 130/ШШ2018/00217 дугаар шийдвэртэй, А.Х-ийн нэхэмжлэлтэй, Х.Х-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Ардабек, нэхэмжлэгч А.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Бахытбек, хариуцагч Х.Х, хариуцагчийн өмгөөлөгч Х.Зулхаш, орчуулагч Ж.Ахмарал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: “Баян-Өлгий аймгийн Бугат сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Улаантолгой “Дэрчиг”-ийн эхэнд байрлах “Адууны хашаа” хэмээх газарт барьсан хариуцагч Х.Х-ы байшин /гэр/-г албадан нүүлгэх тухай.

 

Нэхэмжлэлд: “Бугат сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Улаантолгой Шартолгойн улаан засварын өвөлжөө, Улаантолгойн “Дэрчиг” хэмээх газар дахь хаваржааг 2011 онд хадам дүү М.Б-аас тус тус худалдаж авсан. Сумын захиргаанд өргөдөл гаргаж Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 115 дугаар захирамжаар Улаантолгойн “Дэрчиг” хаваржааг, 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 28 дугаартай захирамжаар “Улаантолгой шар толгойн улаан засварын өвөлжөө”-ний газрыг тус тус миний эзэмшилд 30 жилийн хугацаагаар олгож, улмаар сумын газрын даамал Х.С 000569191, 0367806 дугаартай газар эзэмших гэрчилгээ олгосон. Багийн малчид өвөлжөө, хаваржааны бэлчээрийн зааг тогтоох асуудлыг хэлэлцэж Бугат сумын Улаантолгой багийн Иргэдийн нийтийн хурлын 2016 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 16/02 тогтоолоор ойр хавийн 87 малчин "Онгоцоо" нэртэй малчдын бүлэг байгуулж бэлчээрийн зааг тогтоох асуудлыг сумын Засаг даргад уламжилсан. Улмаар 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн Бугат сумын Засаг даргын А/29 дугаартай захирамжаар сумын малчдад өвөлжөө, хаваржааны бэлчээрийг хуваарилан эзэмшүүлэх ажлыг зохион байгуулж малчдын бэлчээрийн заагийг тогтоож, зурагжуулсан. Тухайн үед Улаантолгой Шартолгойн улаан засварын өвөлжөө, Улаантолгойн “Дэрчиг” хэмээх газар дахь хаваржааны орчмоос 3015 га газрыг өвөлжөө хаваржааны бэлчээрийн зориулалтаар 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 15 жилийн хугацаагаар эзэмшиж ашиглахыг надад зөвшөөрч сумын Засаг дарга гэрчилгээ олгосон. Малчин бид өвөлжөө, хаваржааны орчмын бэлчээрт амьжиргаа залгуулах хэдэн малаа бэлчээж амьдардаг. Газрын гарц муутай энэ үед хооронд км хүрэхгүй миний эзэмшлийн өвөлжөө болон хаваржааны бэлчээрт /800 м-ийн зайтай/ буюу “Дэрчиг”-ийн эхэнд байрлах “Адууны хашаа” хэмээх газарт Х.Х /хоч нь Ш/ хаваржаа барихаар нүүж ирж байшин барьж байна. Энэ талаар сумын Засаг даргад өргөдөл гаргасан бөгөөд маргаантай асуудал шийдвэрлэгдэх хүртэл маргаан бүхий газарт нүүж ирэхгүй байх, байшин барихгүй байхыг мэдэгдэх хуудсаар сумын захиргаанаас мэдэгдсэн боловч нүүж ирсэн. Мөн маргаантай асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхийг сумын захиргаанаас албан тоотоор мэдэгдсэн. Х.Х нь “Хэлэнцэг” хэмээх газарт байрлах хаваржаагаа Н.Х гэгчид 2017 оны зун худалдчихаад одоо миний хаваржааны ойролцоо надад эзэмшүүлсэн бэлчээрт шинээр хаваржаа барьж байгаа нь үндэслэлгүй. Х.Х нь мал маллах хүсэлтэй байсан бол өөрийн хашаагаа бусдад худалдах ёсгүй байсан. Гэтэл ашиг хонжоо олох зорилгоор ямар ч зөвшөөрөлгүйгээр дураараа хаваржаа барьж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй. “Дэрчиг”-ийн эхний “Адууны хашаа” бол миний хаваржааны бэлчээр. Социализмын үед бригадын адуучид ашиглах зорилгоор барьсан хашаа бөгөөд Х.Х-д ямар ч хамаагүй. 2016 оны намар Х.Х “Дэрчиг”-ийн эхэнд байрлах “Адууны хашаа”-нд буух үед сумын шалгалтын ажлын хэсэг очиж газар дээр нь шалган тогтоох явцад тэрээр өөрийнхөө нэр дээрх хашааны гэрчилгээг засварлан ашигласан нь тогтоогдсон учраас сумын Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн А/103 дугаартай захирамжаар Х.Х-ы /Ш/ нэр дээрх “Дэрчиг”-ийн эхний “Адууны хашаа” газар эзэмших гэрчилгээ, захирамжийг хүчингүй болгож түүнийг нүүлгэсэн. Багийн нутаг дэвсгэрт хаваржаа, өвөлжөө барих асуудлыг багийн Иргэдийн нийтийн хурлаас малчдыг оролцуулан хэлэлцэн шийдвэрлэж тогтоол гаргаж улмаар Засаг дарга газар эзэмшүүлэх захирамж гаргах учиртай. Гэтэл манай багийн Иргэдийн нийтийн хурлаас болон Засаг даргаас Х.Х-д хаваржаа барих зөвшөөрөл олгоогүй. Одоо болтол “Дэрчиг”-ийн эхэнд байрлах “Адууны хашаа”-ны газрыг бэлчээрийн зориулалтаар надад эзэмшүүлсэн эрхийн акт нь хэвээр байгаа. Иймээс бэлчээрийн даац хэтэрсэн энэ үед бизнес хийж өөрийнхөө хаваржааг бусдад худалдчихаад миний эзэмшлийн “Дэрчиг”-ийн эхэнд байрлах “Адууны хашаа” хэмээх газарт зохих зөвшөөрөлгүйгээр хаваржаа барьж байгаа Х.Х-ы хууль бус үйлдлийг таслан зогсоож, зохих хууль журмын дагуу яаралтай шийдвэрлэн түүний барьсан байшин болон гэрийг албадан нүүлгэж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: “1. X.Х/Ш/ миний бие Бугат сумын Улаантолгой багийн нутаг "Дэрчиг" нэртэй газрын хамгийн эхэнд байдаг "Адуучны хашаа" гэсэн тодотголтой өвөлжөөг Бугат сумын Засаг даргын 2005 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн "Газар эзэмшүүлэх тухай" 24 тоот захирамжаар "өвөлжөөний зориулалтаар" Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-т заасан үндэслэл, журмаар эзэмшилд авч, түүнээс хойш тасралтгүй 12 дахь жилдээ эзэмшиж, ашиглаж байгаа. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т "Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ" гэж заасан байдаг. Тэгвэл Х.Х /хоч нэр Ш/ би Бугат сумын Улаантолгой багийн нутаг "Дэрчиг" гэх газрын эхэнд байгаа "адуучны хашаа" тодотголтой өвөлжөөг 2006 оны 01 дүгээр сарын 10-нд олгогдсон "Газар эзэмших эрхийн" 0068371 тоот гэрчилгээний үндсэн дээр "Хууль ёсоор" эзэмшиж байгаа тул А.Х-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй болно.

2. Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т "... Бэлчээрийг баг, хот айлаар хуваарилж нийтээр ашиглана" гэж, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.7-д "өвөлжөө, хаваржааны доорх газрыг Монгол улсын иргэн хот айлаар дундаа хамтран эзэмшиж болно" гэж заасан тул тухайн өвөлжөөний газрын бэлчээрийг дан ганц А.Х эзэмшиж, ашиглах эрхгүй гэж үзнэ. Түүнчлэн А.Х нь 3015 га газрыг бэлчээрийн зориулалтаар ашиглах тухай "бэлчээрийн маргааныг" шүүхэд шийдвэрлүүлэхийг хүсжээ. Гэтэл газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.10-д; "Бэлчээр ашиглах талаар гарсан маргааныг Багийн нийтийн хурлаар хэлэлцэж зохицуулна. Эс тохиролцсон тохиолдолд Сумын Засаг дарга шийдвэрлэнэ.” гэж заасан тул "Бэлчээр ашиглах талаарх" маргааныг шүүхэд хандаж, нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй болно.

3. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т "хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна" гэж заасан. Нэхэмжлэгч А.Х-гийн Бугат сумын Засаг даргын 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн "Өвөлжөө шилжүүлэн эзэмшүүлэх тухай" 28 тоот захирамж, 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн газар эзэмших эрхийн 000569191 тоот гэрчилгээний дагуу эзэмшиж буй "Шар толгойн Улаан завсрын" өвөлжөө нь X.Х /Шамбай/ миний 2006 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн газар эзэмших эрхийн 0068371 тоот гэрчилгээгээр эзэмшиж байгаа "Дэрчиг"-ийн "адуучны хашаа" нэртэй миний эзэмшиж буй газраас 3,4 км алс хол оршдог тул, Газрын тухай хуулийн 31.3-т заасан шаардлага зөрчигдөөгүй болно. Мөн А.Х нь "Дэрчиг" гэх хөндийгөөс Бугат сумын Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн "Өвөлжөө шилжүүлэн эзэмшүүлэх тухай" 116 тоот Захирамжаар Улаантолгой "Дэрчиг"-т байгаа Казакстан Улсад нүүсэн Унат, Марат нарын өвөлжөөг шилжүүлэн эзэмшиж байгаа нь нэхэмжлэлд хавсаргасан Засаг даргын 2011 оны 116 тоот захирамжийн хуулбар, газар эзэмших эрхийн 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 0367806 тоот гэрчилгээ зэргээр батлагдах юм. Уг гэрчилгээгээр хашаа 700 м2, байшин 25 м2 газар эзэмших ёстой байна. Уг газар нь миний эзэмшиж буй газраас 2,6 км газрын зайтай учраас мөн Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар А.Х-гийн эзэмшил газар X.Х /Шамбай/ миний эзэмшил газарт давхцаагүй тул А.Х-гийн эрх ашиг зөрчигдөөгүй болно. Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т зааснаар гэр бүлийн хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй 0,07 га-аас илүүгүй газрыг нэг удаа эзэмшүүлдэг. Гэтэл А.Х-д Бугат сумын Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн "Өвөлжөө шилжүүлэн эзэмшүүлэх тухай" 116 тоот захирамжаар, мөн 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн "Өвөлжөө шилжүүлэн эзэмшүүлэх тухай" 28 тоот захирамжаар тус тус хоёр удаа газар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасныг ноцтой зөрчсөн байна. А.Х-д хоёр дахь удаа газар эзэмшүүлбэл Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т зааснаар "дуудлага худалдаа, эсвэл төсөл шалгаруулах" журмаар эзэмшүүлэх ёстой байсан юм.

Иймд А.Х-гийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй бөгөөд X.Х /Шамбай/ миний бие Бугат сумын Улаантолгой багийн "Дэрчиг" гэх газрын эхэнд байгаа "адуучны хашаа" тодотголтой өвөлжөөг Бугат сумын Засаг даргын 2005 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн "Газар эзэмшүүлэх тухай" 24 тоот захирамж, газар эзэмших эрхийн 0068371 тоот гэрчилгээний үндсэн дээр эзэмшиж байгаа бөгөөд нэхэмжлэгч А.Х-гийн эрх ашгийг хөндөөгүй тул түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

            Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 130/ШШ2018/00217 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.2,106.4-т заасныг тус тус баримтлан Баян-Өлгий аймгийн Бугат сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Улаантолгой “Дэрчиг”-ийн эхэнд байрлах “Адууны хашаа” хэмээх газарт барьсан хариуцагч Х.Х-ы байшин /гэр/-г албадан нүүлгэхээр шийдвэрлэжээ.

 

            Хариуцагчийн давж  заалдах гомдолд: “Х.Х надад холбогдох А.Х-ийн нэхэмжлэлтэй “Дэрчиг”-ийн эхэнд байгаа “Адууны хашаа” хэмээх газраас албадан нүүлгэх тухай Баян Өлгий аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 130/ШШ2018/00217 тоот шийдвэр гаргахдаа нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой хамааралтай,үнэн зөв талаас үнэлээгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй гэж гомдол гаргаж байна.

1.3ахиргааны хэргийн анхан шатны шүүхийн 110/ШШ2018/00011 дугаар шийдвэртэй хэрэгт нотлох баримтаар авагдсан Х.Х миний 16/02 тоот бэлчээр ашиглах гэрчилгээнд заасан 3015 га газрыг хүү Х-ны Халитай хамтран эзэмших тухай гэрчилгээг нэхэмжлэгч А.Х нь ”бэлчээр ашиглах” гэрчилгээтэй харьцуулж шинжлэхдээ хоёр өөр төрлийн дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнэсэн нь нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой, хамааралтай талаас үнэлээгүй байна. Учир нь А.Х-д олгосон “Бэлчээр ашиглах” гэрчилгээнд болон Х.Х, Х.Хали бид хоёрт олгосон “Бэлчээр ашиглах гэрчилгээ” хэлбэр, загвар, бичилт болон газрын байршлын хувьд таарч тохирч байгаа, нэхэмжлэгч А.Х, хариуцагч Х.Х бид хоёрт нэг өдөр, нэг цаг хугацаанд өгсөн байхад хоёр шүүх хоёр өөр байдлаар дүгнэсэн нь нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлээгүй гэж үзэж байна.

2. Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т “Бэлчээрийг баг, хот айлаар хуваарилж нийтээр ашиглана” гэж заасан байдаг. Мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.7-д “Өвөлжөө, хаваржааны доорх газрыг Монгол Улсын иргэн хот айлаар дундаа хамтран эзэмшиж болно” гэж хуульчилсан байдаг. Гэтэл сум дундын шүүх шийдвэр гаргахдаа маргаан бүхий газрыг А.Х нь дан ганц, өөрөө ашиглаж, эзэмших ёстой мэтээр шийдвэрлэж, бэлчээрийн газрыг А.Х-д хуваарилан олгосон нь дээрх хуулийн заалтуудад харшилж байна.

3. А.Х нь нэхэмжлэлийн шаардлага нь “Бэлчээр ашиглах, эзэмших” талаарх маргаан болох нь нэхэмжлэлийн шаардлагаас тодорхой байна. Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.10-д ”Бэлчээр ашиглах асуудлаар гарсан маргааныг багийн нийтийн хурал, зохицуулна. Эс тохиролцвол засаг дарга шийдвэрлэнэ” гэж заасан байдаг. Хуулийн энэ заалтаас үзэхэд А.Х-гийн нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэх маргаан биш гэдгийг шүүх анхаараагүй байна.

4. Газрын тухай хуулийн 31 зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж,ашиглаж байгаа газартай давхцаагүй байна” гэж заасан. А.Х-гийн эзэмшилд авсан 700м2 газар нь Х.Х миний байшин барьсан газраас 3.5 км зайтай болох нь үзлэгийн тэмдэглэлээр нотлогдсон. Энэ нь А.Х-гийн эзэмшил газарт давхцаагүй болохыг баталж байна. Байдал ийм байхад албадан нүүлгэж шийдвэр гаргасан нь илт хууль бус үзэж байна.

Иймд, Баян өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 130/ШШ2018/00217 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй боловч Иргэний хуулийн 101 дүгээр 101.1.-т заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч А.Х нь Х.Х-д холбогдулан Баян-Өлгий аймгийн Бугат сумын 2 дугаар баг Улаантолгой “Дэрчиг”-ийн эхэнд байрлах “Адууны хашаа” гэх газарт барьсан Х.Х-ы байшинг албадан нүүлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж үндэслэлээ “Багийн малчид өвөлжөө, хаваржааны бэлчээрийн зааг тогтоох асуудлыг хэлэлцэж Бугат сумын Улаантолгой багийн Иргэдийн нийтийн хурлын 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 16/02 тогтоолоор “Онгоцоо” нэртэй малчдын бүлэг байгуулж бэлчээрийн зааг тогтоох асуудлыг сумын Засаг даргад уламжилж, 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Бугат сумын Засаг даргын А/29 дугаартай захирамжаар сумын малчдад өвөлжөө, хаваржааны бэлчээрийн заагийг тогтоож, зурагжуулсан. Улаантолгойн “Дэрчиг” хэмээх газар дахь хаваржааны орчмоос 3015 га газрыг өвөлжөө хаваржааны бэлчээрийн зориулалтаар 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 15 жилийн хугацаагаар эзэмшиж ашиглахыг надад зөвшөөрч Засаг дарга гэрчилгээ олгосон байхад Х.Х нь зөвшөөрөлгүй байшин барьсан” гэж тайлбарлаж, хариуцагч “Адууны хашаа” гэх өвөлжөөг Бугат сумын Засаг даргын 2005 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн газар эзэмшүүлэх тухай 24 дугаартай захирамж, газар эзэмших эрхийн 0068371 дугаартай гэрчилгээний үндсэн дээр эзэмшиж байгаа, А.Хгийн эрх ашгийг хөндөөгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэж эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч А.Х нь 0367806 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр “Улаантолгой Дэрчиг” гэх газар хаваржааны зориулалтаар 700 м.кв газар,  000569191 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр “Улаантолгой шартолгойн улаан завсрын өвөлжөө” гэх газар өвөлжөөний зориулалтаар 500 м.кв газар тус тус гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар, 3015 га газрыг бэлчээрийн зориулалтаар 15 жилийн хугацаагаар ашиглах эрхийн гэрчилгээтэй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

Хариуцагч Х.Х-ы хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн 0068371 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээнд үндэслэл болгосон Бугат сумын Засаг даргын 2005 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 24 дугаартай захирамжаар “Адууны хашаа” гэх газар 700 м.кв газар эзэмшүүлж, эрхийн гэрчилгээ олгосон талаар бүртгэлгүй, маргаан бүхий газрын эзэмшигчээр улсын бүртгэлд бүртгэгдээгүй болох нь Баян-Өлгий айсаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийн 0011 дугаартай шийдвэрээр нотлогдсон ба энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Хариуцагч Х.Х нь гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээгүй бэлчээрийн зориулалтаар ашиглах газарт байшин барьсан нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.” гэх заалтыг зөрчжээ.

 

Нэхэмжлэгч нь тухайн газрын өмчлөгч бус хууль ёсны эзэмшигч бөгөөд бусдын хууль бус эзэмшилээс бэлчээрийн газрыг чөлөөлүүлэхийг шаардсан байхад өмчлөх эрхэд хамаарах хуулийн зохицуулалтыг хэрэглэснийг хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэв. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1.-т заасан зохицуулалт нь өмчлөлийн зүйлээ чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах өмчлөх эрх нь зөрчигдсөн гэж үзвэл шаардлага гаргах эрхийг зохицуулсан, нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн зүйлээ бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардаж байх тул хуулийн дээрх заалт нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй.

 

Хариуцагчийн “нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой, хамааралтай талаас үнэлээгүй, нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэх маргаан биш” гэх давж заалдах гомдолд дурдсан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, дээрх үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь: 

                

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 130/ШШ2018/00217 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “101 дүгээр зүйлийн 101.1” гэснийг хасаж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Д.МӨНХӨӨ

                                                                       

Д.КӨБЕШ