Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 188/2024/216

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

улсын яллагч Ж.Бат-Эрдэнэ,

шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2308030621900 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Н овогт М-ийн Б, 1997 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод  төрсөн, 26 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, хамтран амьдрагч, хүүхдийн хамт *** тоотод оршин суудаг гэх, регистрийн дугаар: ***, урьд:

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 430 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 7 сар 8 хоногийг хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жил 7 сар 8 хоногийн хугацаагаар тогтоосон.

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 125 дугаар шүүгчийн захирамжаар Өршөөлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 2 жил 2 сар 9 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт: Улсын яллагчаас 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан бол шүүгдэгч М.Б түүний өмгөөлөгчийн зүгээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хавтаст хэргийн материалаас шинжлэн судлах нотлох баримтгүй гэсэн болно.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаас дүгнэвэл:

Шүүгдэгч М.Б нь 2023 оны 08 дугаар сарын 10-аас 11-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, *** байрны гадна хохирогч Э.Г-ийн тээврийн хэрэгслийн онгорхой цонхоор гараа оруулан түүний самсунг А-90 гар утсыг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч 550,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 3-4 дэх тал),

- Хохирогч Э.Г-ийн “...Би Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр *** байранд амьдардаг. 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр өөрийн приус 41 маркийн автомашинтай ...төрсөн охин Э-г дагуулаад гэртээ ирсэн. Ирж байхдаа тамхи татдаг тул цонх хагас онгорхой явсаар байгаад байрны гадаа ирсэн. ....Жолооч талын цонхыг хаахаа мартаад машинаа түгжээд орсон. 20-30 минутын дараа машиндаа үлдсэн хувцсаа авах гээд гарч ирээд машин дотор өөрийн Самсунг А-90 загварын утсыг хайгаад олоогүй болохоор гэртээ орж амарсан. Тэгээд 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр өглөө эрт босоод машинаас гар утсаа хайтал гарч ирээгүй. ...гар утсыг үнэлүүлэхэд 550,000 төгрөгөөр үнэлсэн. Би санал нийлж байна. ...Миний гар утсыг хулгайлсан хүн надад ...нийт 350,000 төгрөгийг өгсөн...”

- Тэнцвэр эстимэйт ХХК-ийн 854 дугаартай “Самсунг А-90 маркийн гар утсыг 550,000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 19-21 дэхь тал),

- Шүүгдэгч М.Б-гийн яллагдагчаар өгсөн “...Би тухайн үед Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо *** байрны гадна автомашины цонх нь онгорхой байхаар нь самсунг А-90 маркийн гар утсыг цонхоор нь гараа хийж аваад маргааш нь уг утсаа 100,000 төгрөгөөр сургуулийн хүүхдэд зарсан. Зарсан мөнгөөрөө идэж уух юм аваад дууссан. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг зэрэг болно.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

​​​​​​​1.2. Хууль зүйн дүгнэлт

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь хохирогчоос түүний эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг ямар арга замаар хэрхэн шилжүүлэн өөрийн болгож байгаагаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах, завших гэх мэтээр ялган зүйлчлэгддэг.

Шүүгдэгч М.Б-гийн 2023 оны 08 дугаар сарын 10-аас 11-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, *** байрны гадна хохирогч Э.Г-ийн тээврийн хэрэгслийн онгорхой цонхоор гараа оруулан түүний самсунг А-90 гар утсыг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч 550,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. 

​​​​​​​1.3. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Шүүгдэгч М.Б нь хохирогч Э.Г-т мөрдөн байцаалтын шатанд 350,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн.

Хохирогч Э.Г үлдэх хохирол болон сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан (хавтаст хэргийн 120 дахь тал)  байх тул шүүгдэгч М.Б энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

​​​​​​​2.1. Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “...Шүүгдэгч М.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч М.Б урьд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан атлаа дахин гэмт хэрэг үйлдсэн байх тул нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргасан болно...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Шүүдэгч М.Б нь хэргийн зүйлчлэл гэм буруугийн хувьд маргаагүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэсэн, тэрээр одоо бага насны хүүхэдтэй, эхнэр нь хүүхдээ харж өөрөө ажил хийдэг. Иймд хуульд заасан хамгийн багаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү...” гэв.

​​​​​​​2.2. Эрүүгийн хариуцлага

Хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 27 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 43 дахь тал), оршин суугаа хаягийн бүртгэл (хавтаст хэргийн 44 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Шүүгдэгч М.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч М.Б-д 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 7 сар 8 хоногийг хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жил 7 сар 8 хоногийг хугацаагаар тогтоосон.

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 125 дугаар шүүгчийн захирамжаар Өршөөлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар М.Б-гийн эдлээгүй үлдсэн 2 жил 2 сар 9 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольжээ.

Шүүгдэгч М.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлж дууссан нь хавтаст хэргийн 121 дэх талд авагдсан баримтаар тогтоогдож байна.

Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал /урьд 2 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан/, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоос зарим хэсгийг төлж барагдуулсан зэргийг харгалзан улсын яллагчийн санал болгосноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Улсын яллагчаас санал болгосон нийтэд тустай ажил хийлгэх ял нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн ялуудаас хөнгөн ял байх бөгөөд шүүгдэгч М.Б нь урьд мөн төрлийн гэмт хэрэгт хорих ялаар шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж байсан тул өмгөөлөгчийн саналыг хүлээн авах боломжгүй юм.

​​​​​​​​​​​​​​2.3. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Н овогт М-ийн Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-д 500 (таван зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-д  оногдуулсан 500 (таван зуу) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тогтоосон газарт өдрийн наймаас дээшгүй цагаар эдлүүлэхээр тогтоосугай.

4.Нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхээс зайлсхийвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч М.Б-д сануулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч М.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.АМАР