| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2020/05332/И |
| Дугаар | 101/ШШ2021/00309 |
| Огноо | 2021-01-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 101/ШШ2021/00309
| 2021 01 26 | 101/ШШ2021/00309 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ШУТСангын гаргасан,
Хариуцагч: ШУАБЦХ-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 20,900,000.00 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн төлөөлөгч И.Т, нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“ШУАБЦХ-д “Ховор ургамал өсгөн үржүүлэх, үйлдвэрлэл эрхлэх” зориулалтаар 15,000,000.00 төгрөгийн эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүжилтийг хийх гэрээг 2002 оны 7 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан.
Энэхүү гэрээний хугацааг 3 жилийн хугацаатай гэж талууд тохиролцсон бөгөөд зээл авсан хариуцагч тал нь гэрээнд заасан үүргийн гүйцэтгэлийг хангаж өнөөг хүртэл нэгч төлбөр төлөөгүй болно.
ШУАБЦХ-д өгсөн зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэнийг гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т “мөнгөний ханшийн инфляцийн түвшинд ханшийн төлбөртэй байна. Хүүг бодож авах хугацааг жил тутам гэж заасан. Гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-д “... харилцан тохиролцсоны үндсэн дээр 2002 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2004 оны 07 дугаар сарын 25-ний өдөр хүртэл 3 жилийн хугацаатайгаар, сарын 0.5 хувийн хүүтэйгээр, эргэж төлөгдөх баталгааг үндэслэн харилцан хариуцлага хүлээж, энэхүү гэрээг байгуулав” гэж заасны дагуу дараах байдлаар хүү, төлбөрийг тооцсон болно.
Үүнд, хүү, үндсэн өрийн хэмжээ, гэрээний үндсэн санхүүжилт болох 15,000,000.00 төгрөг, үүнийг 2002-2019 оны байдлаар тооцоход хүүгийн хамт нийт 20,900,000.00 төгрөг байна.
Зэхэц ажлыг санхүүжүүлэх гэрээнд заасны дагуу бодогдох хүүг 2016 оноос зогсоосон ба үүнээс хойш үлдсэн үлдэгдэл зээлийн төлбөр нь 20,900,000.00 төгрөг ба энэхүү эргэн төлөлт хийгдээгүй, хугацаандаа үүргээ биелүүлэхгүй нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хөндөж, хохироож байна.
Иймд, ШУТС зэхэц ажлыг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр санхүүжүүлэх гэрээний зээлийн төлбөр болох хүүгийн төлбөрийн хамт бодогдсон 20,900,000.00 төгрөгийг ШУАБЦХ-ээс гаргуулж ШУТС-д олгож өгнө үү” гэв.
Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Нэхэмжлэлд дурдагдсан ховор ургамал өсгөн үржүүлэх, үйлдвэрлэл эрхлэх зэхэлц ажлын гэрээг ШУТС болон А гэх газрууд хоорондоо байгуулсан. Энэ станцын урд талд ШУАБЦХ гэх нэр оруулсан байдаг.
Хэрэв манай хүрээлэн уг гэрээг байгуулсан бол хүрээлэнгийн захирал Ч.Д гарын үсгээ зурах ёстой. Гэтэл Эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн станцын захирал н.Д гэх хүн гэрээ байгуулж гарын үсгээ зурж баталгаажуулсан. Эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн станцыг төрийн бус байгууллага гэж би ойлгож байгаа.
Мөн гэрээг баталгаажуулсан тамга нь Эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн станцын тамгыг дарсан байдаг. Манай байгууллагатай энэ асуудал хэрхэн холбогдож байгаа вэ гэвэл талуудын хооронд байгуулсан гэрээний эхэнд ШУАБЦХ гэх нэр тусгасан байдаг. Тухайн үед н.Д манай хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар түр хугацаагаар ажиллаж байсан. А станц манай байгууллагатай хэрхэн холбоотой болохыг ойлгохгүй байгаа.
Хэрэв манай хүрээлэнгийн тамга дарагдаж, Ч.Д дарга гарын үсгээ зурж баталгаажуулан 15,000,000.00 төгрөгийг манай байгууллагын данс руу шилжүүлсэн тохиолдолд бид нар энэ мөнгийг хариуцаж төлөх ёстой. Гэтэл төрийн бус байгууллагын дарга гарын үсэг зурж авч өөрийн дансандаа шилжүүлж авсан.
15,000,000.00 төгрөгтэй холбоотой асуудлаар ямар нэгэн тайлан мэдээг манай байгууллагад өгөөгүй байдаг. Тиймээс бид ямар нэгэн хариуцлага хүлээх ёсгүй.
ШУТС-аас удаа дараа буюу 2013 он, 2016 он, 2017 он, 2019 онуудад манай байгууллагад албан бичиг ирүүлсэн. Манай байгууллагын хувьд энэ хугацаанд 2 удаа татан буугдаж байгуулагдсан. Энэ хугацаанд ажиллаж байсан захирал болон холбогдох ажилтнууд хариу мэдээг илгээж байсан.
Мөн уг албан бичигтээ н.Д гэх хүнийг төлөх ёстой гэдгийг мэдэгдсэн. Н.Д-тай холбоо барих утсыг би олж өгсөн. Манай байгууллагын чиг үүрэг нь төсвийн мөнгөөр санхүүждэг. Хэрэв уг төлбөрийг төлөхөөр болсон тохиолдолд хэрхэн яаж төлөх нь тодорхойгүй. Төрийн бус байгууллагын судалгааны талбай нь Б аймгийн Д суманд байрладаг.
Уг газарт манай хүрээлэнгээс үйл ажиллагаа явуулдаггүй. Өөрөөр хэлбэл бид энэ судалгаанд манай байгууллага болон ажилчдаас оролцож байгаагүй. н.Д ШУТС-д уг төлбөрийг төлж барагдуулах болно гэсэн тайлбарыг өөрийн гараар бичиж өгсөн байдаг.” гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ШУТС-с хариуцагч ШУАБЦХ-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 15,000,000.00 төгрөг, зээлийн хүүнд 5,900,000.00 төгрөг, нийт 20,900,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл тус компаниас хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Гэвч шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч ШУТС 2002 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Б-ийн Ашигт ургамалын эрдэм шинжилгээний газартай зээлийн гэрээ байгуулж, нийт 15,000,000.00 төгрөгийг 2004 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүртэл сарын 0.5 хувийн хүүтэй зээлдүүлэхээр тохирчээ.
Тодруулбал, хариуцагч нь тухайн гэрээ, хэлэлцээрийг байгуулах үед Б цэцэрлэгт хүрээлэн гэсэн нэрээр үйл ажиллагаа явуулдаг байсан бөгөөд Монгол Улсын Засгийн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 328 тоот тогтоолоор ШУАБЦХ гэж өөрчлөн байгуулсан байна.
Талуудын байгуулсан гэрээгээр нэхэмжлэгч нь 2002 оны 07 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээний зүйлийн 60 хувь 9,000,000.00 төгрөг, 2002 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 40 хувь 6,000,000.00 төгрөгийг тус тус хариуцагчид өгөхөөр харилцан тохиролцсон байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заажээ.
Тодруулбал, энэ хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д “эд хөрөнгө шилжүүснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно” гэж заасны дагуу тус хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлдэгчийн хувьд зээлийг буцаан төлөх болон зээлдүүлэгч зээлийг шаардах эрх, үүрэг үүсэх гол үндэслэл нь гэрээгээр тохиролцсон мөнгө болон бусад төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлсэн байх ёстой.
Гэтэл нэхэмжлэлд нэхэмжлэгч ШУТС газраас хариуцагч ШУАБЦХ-д 15,000,000.00 төгрөгийг шилжүүлсэн болон бэлнээр хүлээлгэн өгсөн талаарх нотлох баримт авагдаагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж, мөн 107 дугаар зүйлийн 107.3-д “Хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана” гэж тус тус заажээ.
Өөрөөр хэлбэл, тухайн хэрэг маргааны талууд нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрт ашигтай тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй ба нэхэмжлэгч нь харуцагчид 15,000,000.00 төгрөгийг хүлээлгэн өгсөн гэдгээ баримтаар нотолсон тохиолдолд түүнд буцаан шаардах эрх үүсдэг журамтай.
Нөгөө талаар нэхэмжлэгч нь зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу зээлийг буцаан шаардах хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна. Тодруулбал, Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна” гэж зааснаар тус хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар нөгөө талаасаа хүлээсэн үүргээ гүйцэтгэхийг шаардах зарим эрх тодорхой хугацаагаар хязгаарлагддаг.
Өөрөөр хэлбэл, энэ хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна” гэж зааснаар тодорхой төрлийн гэрээг холбогдох этгээдтэй байгуулсан бөгөөд тухайн этгээд гэрээний үүргээ зөрчсөнөөс улбаалан зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар буюу иргэний эрх зүйн хамгаалалтыг шүүхийн журмаар хэрэгжүүлэх тохиолдолд уг этгээдэд холбогдуулан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 /гурав/ жил байх юм.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримт, зохигчдын тайлбараар нэхэмжлэгч нь зээлийн гэрээний зүйл 15,000,000.00 төгрөгийг хариуцагчид өгсөн гэдгээ баримтаар нотлоогүйгээс гадна тийнхүү өгсөн гэж маргаж байгаа бол хуульд заасан хугацаанд нэхэмжлэх ёстой байжээ.
Үүнийг Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.-д “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно” гэж, 76.2.-т “Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ” гэж тус тус заасан.
Тодруулбал, талуудын хооронд 2002 оны 07 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан гэрээний дагуу зээлийг буцаан нэхэмжлэх шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг 2004 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тоолоход 2007 оны 07 дугаар сарын 25-ны өдөр дуусгавар болсон байна.
Шүүх, энэ хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад хэрэгт авагдсан болоод хэлэлцүүлсэн баримт, мөн талуудын тайлбараар Иргэний хуулийн 78, 79 дүгээр зүйлд заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон болон тасалдсан гэх үйл баримт тогтоогдсонгүй.
Иймд, шүүхээс дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР