Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2024/ШЦТ/32

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхтулга даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,

улсын яллагч Ө.Манзушир,

шүүгдэгч Г.Б, Р.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Манзуширын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч  Г.Б, Р.Б нарт холбогдох 2416000000035 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол улсын иргэн, халх, **** оны *** дугаар сарын ***-ны өдөр Говь-Алтай аймгийн Баян-Уул сумд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “**********” ХХК-д оператор ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, Говь-Алтай аймгийн ***** сумын ******** багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ********* регистрийн дугаартай, Т овогт Г-н Б.

Монгол улсын иргэн, халх, ***** оны ***** дугаар сарын *****-ний өдөр Говь-Алтай аймгийн Баян-Уул сумд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “**********” ХХК-д оператор ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Говь-Алтай аймгийн ******* сумын ********** багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, *********** регистрийн дугаартай, О овогт Р-н Б.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Г.Б, Р.Б нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Гэм буруугийн талаар:  

Шүүгдэгч Г.Б, Р.Б нар нь 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр шөнийн 23 цагийн үед Говь-Алтай аймгийн ***** сумын төв ******** тоотод согтуурсан үедээ харилцан зодолдож, бие биедээ хөнгөн гэмтэл учруулсан болох нь:  

1. Шүүгдэгч Г.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “...Гэрээс гараад байж байхад ардаас Б гарч ирээд надтай барилцаж авсан... Бид хоёр хоорондоо цохилцож авсан. Ноцолдож байгаад би газар унасан. Б тэр үед хэд хэдэн удаа нүүрний хэсэг рүү гараараа цохиод авсан. Тэгэхэд мөн адил зөрүүлээд гартаа тамхи асаадаг асаагуур байсныг баруун гартаа атгаж байгаад Б-н толгой нүүр хэсэг рүү хэд хэдэн удаад цохиод авсан юм... Миний толгой, нүүр хэсэг рүү 2, 3 удаа хүчтэй цохиж авсан. Тэгээд газар унасан байхад миний цээж хэсэг рүү хөлөөрөө дэвссэн байсан... Б над руу дайраад намайг цохиод авах үед гараараа нүүр, толгой хэсэг рүү нь хэд хэдэн удаа цохиод авсан... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг./хавтаст хэргийн 70-71 дүгээр хуудас/

2. Шүүгдэгч Р.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “...Үүдэнд миний өмнөөс над руу дайрсан. Тэгэхээр нь би Б-г хажуу тийш нь түлхэж унагаасан. Дараа нь Б босож ирээд миний толгой, нүүр хэсэгт 3 удаа цохиод авсан. Тухайн үед гарт нь машины түлхүүр байсан. Тэрүүгээр намайг цохиод авах шиг болсон...  Тухайн үед би уурандаа Б-г нэг цохиод авсан байсан юм... Миний биеийн толгой хэсэгт 2 удаа цохиж, нүүр хэсэг рүү нэг удаа цохиж, машины түлхүүрээр нүүр хэсэг рүү цохисон... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 80-81 дүгээр хуудас/

3. Гэрч Б.Д-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Хашааны үүдэнд тамхи татаад зогсож байхад ард орилоод хашхираад зодоон болоод байсан... Очиход Б-н толгой болон нүүр хэсгээс нь шалбарсан байдалтай цус гараад байсан. Тэгээд Б-г эхнэр нь дагуулаад аваад явсан байсан. Тухайн үед Б-н баруун нүд нь бага зэрэг хавдсан мөн адил зодуулсан зогсож байсан юм. Тэрнээс хойш юу болсон талаар би мэдээгүй гэртээ харьсан юм ...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас/

4. Гэрч Н.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Манай нөхөр орилоод дуу нь гараад байсан. Намайг Б нэг юмаар шаачихлаа гэж хэлээд орилоод байсан. Сандраад гараад үзэхэд манай нөхрийн толгой болон нүүр хэсгээс нь цус их гараад тогтохгүй байсан... Бид “...чи манай нөхрийг юугаар ингээд зодож байгаа юм...” гэж хэлэхэд гарт нь машины түлхүүр атгасан нүд нь бага зэрэг хавдсан байдалтай уурлаад зогсож байсан. Манай нөхөр Б-н нүд хэсэг рүү нь гараараа цохиод авсан байна билээ... Би цагдаагийн байгууллагад дуудлага өгч сумын эмнэлгийн төвд дагуулж очоод нөхрийн толгой болон зүүн талын шанаа хэсгийг цэвэрлэж оёдол тавиулж маргааш нь аймгийн төв явуулж шүүх эмнэлэгт үзүүлсэн....” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 40-41 дүгээр хуудас/

5. Гэрч Д.Ц-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би гэр лүүгээ явах гээд хашааны хаалгаар гарч байсан чинь Б, Б хоёр хашаан дотор хашхиралдаад хоорондоо зодолдож байсан. Тэгэхээр нь би очиж салгасан. Тэгээд Б гэр лүүгээ яваад өгсөн. Тэгээд Б-г эмнэлэгт очиж үзүүлсэн. Дараа нь би гэртээ харьсан ... Би тэр хоёрыг хоорондоо зодолдож байх үед хажууд нь байгаагүй. Хашааны гадаа гэр лүүгээ явах гэж байх үед хоорондоо барилцаж авсан зогсож байсан. Намайг харахад Б-н толгойноос цус гоожиж байсан. Б-н нэг нүд нь бага зэрэг хөхөрсөн харагдсан...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 43 дугаар хуудас/

6. Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, цадаагийн хошууч цолтой Т.Алтайбаатарын 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 44 дугаартай “...Р.Б-н биед толгойн орой, зүүн шанаанд шарх, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо ... Тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой... Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт. /хавтаст хэргийн 46-47 дугаар хуудас/

7. Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, цадаагийн хошууч цолтой Т.Алтайбаатарын 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 51 дугаартай “...Г.Б-н биед баруун дээд доод зовхи, хамрын нуруу зүүн доод зовхийг хамарсан цус хуралт, духанд цус хуралт, цээжний зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо ... Г.Б-н биед учирсан цус хуралт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... Тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна...” гэх шинжээчийн дүгнэлт. /хавтаст хэргийн 51-52 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Г.Б, Р.Б нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.Б, Р.Б нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч нар баримтаар хохирол нэхэмжлээгүй, Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт хохирогч Р.Б “... Г.Бид ямар нэгэн санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй. Мөн өөрийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгох шаардлагагүй...” гэх, хохирогч Г.Б “... Р.Б-с ямар нэгэн нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Мөн өөрийн сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоолгохгүй...” гэх хүсэлтүүд/хавтаст хэргийн 7, 10 дугаар хуудас/-ийг өгсөн байна. Мөн иргэний нэхэмжлэгч Н.Э мөрдөн шалгах ажиллагааны үед “... Р.Б нь 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 25-ний өдрийн хооронд яаралтай тусламж (з09.9) 138.000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өндөр өртөгтэй оношилгоо, 98.000 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 20-ны амбулаторийн үзлэгээр 23.000 төгрөг, нийт 282.000 төгрөгийн тусламж үйлчилгээ гаргуулсан байна.Г.Б нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ аваагүй байна...” гэж мэдүүлсэн бөгөөд шүүгдэгч Г.Б Эрүүл мэндийн даатгалын хэлтэст 282,000 (хоёр зуун наян хоёр мянга) төгрөгийг төлсөн болох нь ХААН банкны 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн шилжүүлгийн мэдээллийн баримт/хавтаст хэргийн 141 дүгээр хуудас/-аар тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

2. Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч нарын хүлээн зөвшөөрсөн 450(дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга)төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нар тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Г.Б, Р.Б нарт тус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450(дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож болно...” гэж, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус хуульчилжээ. Иймээс шүүгдэгчийн тухайд оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар санал гаргаагүй, түүнчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасанчлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд биелүүлэх боломжтой байх тул шүүх хугацаа тогтоогоогүй болно.

Энэ хэрэгт шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, тэдгээрийн хөрөнгийг битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгч Г.Б Эрүүл мэндийн даатгалын санд 282,000 (хоёр зуун наян хоёр мянга)  төгрөг төлсөн, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт Г-н Б, О овогт Р-н Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б, Р.Б нарт тус бүр 450(дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15(арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1(нэг)  хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Б, Р.Б нарт сануулсугай. 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, тэдгээрийн хөрөнгийг битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгч Г.Б Эрүүл мэндийн даатгалын санд 282,000 (хоёр зуун наян хоёр мянга)  төгрөг төлсөн, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б, Р.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА