Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 2020/ДШМ/12

 

Х.Б-т холбогдох 

эрүүгийн хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийв.

 

Шүүх хуралдаанд:

        прокурор С.Сугар

        шүүгдэгч Б-ийн өмгөөлөгч Г.Нямхүү

       нарийн бичгийн дарга Ц.Алтансүх нар оролцов.

 

Тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 69 дүгээр цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч бичсэн хяналтын прокурор Э.Хосбаярын эсэргүүцлээр тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х.Б-т холбогдох эрүүгийн 1930005190048 дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Баатарсүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 19...онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, .... настай, эмэгтэй, дээд боловсролтой, мэдээлэл зүй, англи хэлний багш мэргэжилтэй, Сүхбаатар аймгийн Татварын хэлтэст архив, бичиг хэргийн эрхлэгч, нярав ажилтай, ам бүл ...., эцэг, эх, ах, охины хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багийн “ГТ” хотхоны ..... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй,  ял шийтгэлгүй,  Х.Б /РД:................./.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

 Яллагдагч Х.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 01, 04-ний өдөр “Г” банкнаас орон сууцны зээл авч байгаа, зээл бараг бүтсэн хэмээн хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар Ч.Ү, Э.Н нарыг төөрөгдөлд оруулан 7500000 төгрөгийг залилж авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяр нь шүүгдэгч Х.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 69 дүгээр цагаатгах тогтоолоор: Сүхбаатар аймгийн Прокуророос газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн Т.ХБ-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “ гэмт хэргийн шинжгүй ” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Х.Б-ийг цагаатгаж, шүүхийн шатанд шүүгдэгч Х.Б-т таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдаж, шүүгдэгч Х.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн  2 дахь хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Ү, Э.Н нар нь өөрт учирсан хохирол, гэм хорын асуудлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлэх эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хяналтын прокурор Э.Хосбаярын бичсэн эсэргүүцэлдээ: Прокуророос Х.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгаж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгасан нь үндэслэлгүй болжээ. Яллагдагч Х.Б нь хохирогч Ч.Ү, Э.Н нарын өмчлөл эзэмшилд байгаа мөнгийг хуулиар тогтоосон хэмжээ хязгаарын дотор өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг зөрчиж үгээр буюу үйлдлээр бодит байдлыг гуйвуулах замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлсний үндсэн дээр тэдгээрийн зөвшөөрлийн дагуу өөрийн өмчлөлд авч байгаа шунахай сэдэлттэй, шууд санаатай үйлдэл хийсэн. Г банкны эдийн засагч М.Г гэх хүнтэй орон сууцны зээлийн талаар огт уулзаагүй, ипотекийн 8 хувьд хамрагдах зээлийн материал бүрдүүлсэн зүйл байхгүй атлаа дээрх байдлыг байгаа, бүтсэн мэтээр хохирогч нарт ойлгуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Ч.Ү-гаас 4000000 төгрөг, Э.Нандин-Эрдэнээс 3500000 төгрөгийг тус тус 10 хоногийн хугацаатай 10 хувийн хүүтэйгээр өөрийн дансаар шилжүүлэн авч залилсан болох нь хэрэгт авагдсан хохирогч нар мэдүүлгүүд, гэрч М.Г-ы мэдүүлэг зэргээр нотлогддог. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Х.Б-ийн дансанд хаалт хийж, захиран зарцуулах эрхийг нь хаасан байсан. Гэтэл Ү, Н нараас авсан мөнгө нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар зээлийн төлбөрт орсон байдаг. Үүнээс үзэхэд зээл төлөхийн тулд бусдад худал хэлж мөнгө авахаас өөр аргагүй байдалд хүрсэн нөхцөл байдал харагддаг. Хувийн байдлыг нь тогтооход шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар эхэлчихсэн, төлбөрийн чадваргүй байсан нь тогтоогдсон. Х.Б-ийг зохиомол байдлыг бий болгосон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Ү-гаас 4000000 төгрөг, Н-с 3500000 төгрөг, нийт 7500000 төгрөгийг залилан авч залилах гэмт хэрэг үйлдсэн. Иймд анхан шатны шүүхийн 69 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичсэн гэв.

 

Прокурор С.Сугар дүгнэлтдээ: Бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч Х.Б-т холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүх шүүгдэгч Х.Б-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгахдаа эрүүгийн хуулийн зүйл, хэсгийг буруу тайлбарлан хэрэглэжээ. Тухайлбал: хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Ч.Ү-гийн “... 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Х.Б нь  “Г банк”-ны орон сууцны 8 хувийн зээлд хамрагдах гэж байгаа, байрныхаа метр квадратыг өндөр мөнгөн дүнгээр үнэлүүлж, зөрүү мөнгөнөөс нь зээлсэн мөнгөө өгнө” гэж хэлэхээр нь С.У-рүү утсаар ярьж 4000000 төгрөгийг  авч ............ дугаарын данс руу шилжүүлсэн. Зээлийг 10 хоногийн хугацаатай, өдрийн 1 хувийн хүү тооцож төлөхөөр болсон. 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр мөнгөө нэхэхэд  “байрны зээл бүтэж байгаа, Г банкин дээр уулзъя” гэж хэлэхээр нь банкин дээр очиход байхгүй байсан. Г банкны зээлийн эдийн засагч М.Г-тай уулзаж асуухад Б орон сууцны зээлийн талаар ирж уулзаагүй” гэх /хх 5-8х/,

хохирогч Э.Н-н “... Х.Б нь “Г банк”-ны орон сууцны 8 хувийн зээлд хамрагдах гэж байгаа, байрныхаа метр квадратыг өндөр мөнгөн дүнгээр үнэлүүлж байгаад зөрүү мөнгөнөөс нь зээлсэн мөнгөө өгнө гэж байсан юм. У-ээс 3500000 төгрөг авч, эх Сэргэлэнгийн 636010534 дугаартай данс руу шилжүүлсэн. Зээлийг 10 хоногийн хугацаатай, өдрийн 1 хувийн хүүтэй мөнгө зээлсэн. 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр би Б рүү ярихад “би ажлаасаа гараад очлоо, хүлээж байгаарай” гэсэн. Би банкны үүдэнд хүлээгээд байхад ирээгүй. Эдийн засагч Г-тай уулзахад “Б нь байрны зээлийн талаар надтай уулзаагүй гэж хэлсэн”  гэх /хх 37-39х/,

Гэрч М.Г-ы: “...  Х.Б надтай байрны зээлийн талаар огт энэ талаар ярьж байгаагүй” гэх /хх 43-44х/,

Гэрч Д.Х-ын: “ ... ГТ хотхонд 2 өрөө байрыг “Хатантуул” ХХК-аас хувь лизингээр худалдаж авсан. Г банкны эдийн засагч Г-тай уулзаж банкны зээлэнд хамрагдах талаар зөвлөгөө авсан, гэрээ хийсэн зүйл байхгүй” гэх /хх 45х/ мэдүүлгүүдээс үзэхэд шүүгдэгч Х.Б нь “Г банк”-ны ипотекийн 8 хувийн зээлд хамрагдахын тулд зээлийн материал бүрдүүлж өгөх, зээлд хамрагдах шаардлагыг хангасан эсэхийг эдийн засагчаар судлуулах зэрэг ажиллагааг хийгээгүй атлаа  “Г банкны орон сууцны зээлд хамрагдан бүтэх гэж байгаа, байрныхаа метр квадратыг өндөр мөнгөн дүнгээр үнэлүүлж,  зөрүүнээс нь зээлсэн мөнгөө өгнө” гэж худал  хэлэн  хуурч,  хийсвэр  арга  хэрэглэн зохиомол

байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг гуйвуулан  нуун дарагдуулах замаар хохирогч Ч.Ү, Э.Н нарт итгэл төрүүлэн  төөрөгдөлд оруулж, 7500000 төгрөгийг өөрийн мэдэлд хууль бусаар олж авч,  захиран зарцуулах бодит боломж бүрдүүлснээр залилах гэмт хэргийн шинжтэй байна.

 

Иймд энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хангаж, цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Х.Бт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

             Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3,  энэ зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

Нэг. Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 69 дүгээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Х.Бт холбогдох эрүүгийн 1930005190048 дугаартай хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

Хоёр. Давж заалдах шатны шүүх эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч Улсын дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                О.БААТАРСҮХ

 

                            ШҮҮГЧИД                                С.ОЮУНТУНГАЛАГ   

 

                                                                                     Д.БАЙГАЛМАА