| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 122/2026/0027/3 |
| Дугаар | 221/ма2026/0737 |
| Огноо | 2026-10-27 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 221/ма2026/0737
П н ХК-ийн гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Одмаа,
Бүрэлдэхүүнд оролцсон Ерөнхий шүүгч Э.Лхагвасүрэн,
Илтгэсэн шүүгч Б.Адъяасүрэн,
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М, А.Б,
Гомдол гаргагч: П н ХК
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Татварын газрын Татварын улсын байцаагч П.Билэгсайхан,
Гомдлын шаардлага: Сүхбаатар аймгийн Татварын газрын татварын улсын байцаагчийн 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 0043124 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах,
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 122/ШШ2026/0026 дугаар шийдвэр,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М
Хариуцагч П.Билэгсайхан
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул,
Хэргийн индекс: 122/2026/0027/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч П н ХК-иас Сүхбаатар аймгийн Татварын газрын Татварын хяналт, шалгалтын улсын байцаагч П.Билэгсайханд холбогдуулан Сүхбаатар аймгийн Татварын газрын татварын улсын байцаагчийн 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 0043124 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-аар маргасан.
2. Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 122/ШШ2026/0026 дугаар шийдвэрээр Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Онцгой албан татварын тэмдгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д заасныг баримтлан П н ХК-аас Сүхбаатар аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч П.Билэгтсайханд холбогдуулан гаргасан Сүхбаатар аймгийн Татварын газрын татварын улсын байцаагчийн 0043124 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
3. Давж заалдах гомдлын агуулга: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. Анхан шатны шүүх Зөрчлийн тухай хуулийг хуулийг буруу хэрэглэсэн. Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д "Онцгой албан татварын тэмдгийн тухай хууль зөрчиж тэмдэггүй согтууруулах ундаа, тамхийг бэлтгэн нийлүүлсэн, эсхүл импортолсон, эсхүл худалдсан, эсхүл борлуулсан бол" гэж заасан. Шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсэгт (8 дахь тал) "согтууруулах ундаа, тамхийг онцгой албан татварын тэмдэггүй л бол бэлтгэн нийлүүлэх, экспортлох, худалдах, борлуулахыг бүх үе шат, дамжлагад ямар ч тохиолдолд хориглосон зохицуулалт" гэж тайлбарлаж хуулийн өргөжүүлэн буруу тайлбарлаж хэрэглэсэн. Онцгой албан татварын тухай хууль (ОАТТХ)-ийн 1.1-т заасны дагуу тус хуулийн зорилт нь эх орны үйлдвэрийн болон импортоор авсан зарим бараанд онцгой албан татвар ногдуулах, түүнийг төсөвт төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулах гэсэн байна.
Үүнээс үзвэл тус хуулиар онцгой албан татвар ногдуулах бараа бүтээгдэхүүнийг тодорхойлж, тэдгээрт татвар бодитоор төлөгдсөн байхыг тэмдгээр баталгаажуулж, хянахад чиглэсэн байна. Иймд онцгой албан татварын тэмдгийн зорилго нь татвар төлөгдсөнийг нотлох, хянах хэрэгсэл буюу төсөвт татвар бүрэн төвлөрч, татвар төлөөгүй, хуурамч, хууль бус бараа зах зээлд эргэлдэхээс сэргийлэхэд оршино. Мөн, ОАТТХ-ийн 8.1-т заасны дагуу импортын барааг Монгол Улсын хилээр оруулж ирсэн тухай бүрд гаалийн байгууллага онцгой албан татвар ногдуулж, татварын орлогыг төрийн сангийн дансанд шилжүүлдэг.
Дээрхээс үзвэл Зөрчлийн тухай хуулийн "11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д "Онцгой албан татварын тэмдгийн тухай хууль зөрчиж тэмдэггүй согтууруулах ундаа" гэдэг нь зөвхөн тэмдэг хэлбэр талаас наасан байхыг бус тухайн согтууруулах ундааг импортоор оруулж ирэхдээ онцгой албан татвар ногдуулж төлөөгүй байх, импортлогч тэмдэг наагаагүй байх агуулгыг зэрэг багтаахаар байна. Учир нь Онцгой албан татварын тэмдгийн тухай хуулийн 4.1-т онцгой албан татварын тэмдгийг импортын согтууруулах ундаа, тамхинд аж ахуйн нэгж, байгууллагын импортлох, худалдан борлуулах гэрээг тус тус үндэслэн татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага олгохоор заасан.
Мөн хуулийн 5.1.4-т согтууруулах ундаа, тамхины үйлдвэрлэл болон импортын үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага нь импортлох согтууруулах ундаа, тамхинд онцгой албан татварын тэмдэг наах үүрэгтэй гэж хуульчилсан. Иймд Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 зөрчлийн зорилго нь онцгой албан татвар төлөөгүй бол хариуцлага хүлээлгэх бөгөөд согтууруулах ундаа импортлогч этгээдийн хувьд онцгой албан татварын тэмдэг наах үүрэгтэй байгаа юм. Гэтэл анхан шатны шүүх нь хуулийг хэт өргөжүүлэн тайлбарлаж онцгой албан татварын тэмдэггүй оргилуун дарсны импортлогч нь манай Компани биш, харин Ноён уул эрдэнэ ХХК импортолж, онцгой албан татварыг төсөвт төлдөг байтал тэмдэггүй л бол шууд шийтгэхээр хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. ТУБ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ч шүүх хуралдааны явцад "онцгой албан татварын тэмдэг" бол онцгой албан татвар төлсөн эсэхийг нотлох агуулга, зорилготойг маш тодорхой хэлсэн байдаг. Гэтэл ийнхүү шүүх онцгой албан татварын тэмдэггүй гэх хэлбэрийн шинжээр нь шууд Шийтгэлийг хуудсыг хуульд нийцсэн гэж дүгнэж, Компанийг шийтгэх нь Зөрчлийн тухай хууль болон ОАТТХ-ийн зорилгыг гажуудуулж байна. Түүнчлэн Шүүхийн шийдвэрт Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай 21.1.3-ыг иш татаж, зөрчлийн хамрах хүрээг тодорхойлсон байна.
Гэтэл Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт "Энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй" гэж заасан. Гэтэл анхан шатны шүүх Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг иш татан Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйл дэх "Онцгой албан татварын тухай хууль зөрчих зөрчил мөн гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй, огт үндэслэлгүйгээр хуулийг төсөөтэй хэрэглэж шийдвэрээ гаргасан байна.
3.2. Татварын улсын байцаагчийн шийдвэр нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг хангаагүй, захиргааны байгууллагын хувьд Захиргааны ерөнхий хууль (ЗЕХ)-ийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан тусгай зарчмуудыг баримталсан байх ёстой. ЗЕХ-ийн 4.2.1-т захиргааны үйл ажиллагаанд "хуульд үндэслэх" зарчмыг баримтална гэж заасан байдаг. Иймд хариуцагч нар нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа тул Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг баримталж ажиллах ёстой. Мөн түүнчлэн, Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлд заасан зөрчилтэй холбогдуулан ОАТТХ болон Онцгой албан татварын тэмдгийн тухай хуульд үндэслэх ёстой. Онцгой албан татварын тэмдгийн тухай хууль тогтоомж нь Онцгой албан татварын хууль, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрддэг. Мөн тус хууль нь Монгол Улсад үйлдвэрлэсэн болон импортолсон согтууруулах ундаа, тамхинд онцгой албан татварын тусгай тэмдэг олгохтой холбогдсон харилцааг зохицуулдаг. Тус хуулийн импортлогч тэмдэг наах үүрэгтэй байдаг. Гэтэл хариуцагч нар нь дээрх ОАТТХ, Онцгой албан татварын тэмдгийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль (ЗШШтХ)-ийг буруу тайлбарлаж хууль бусаар Шийтгэлийн хуудас үйлдсэн. Түүнчлэн, ЗЕХ-ийн 4.2.5-т зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг захиргааны үйл ажиллагаанд баримтлахаар тусгасан байдаг.
Үүнээс үзвэл, Татварын улсын байцаагчийн Шийтгэлийн хуудас нь Зөрчлийн тухай хууль, Онцгой албан татварын тэмдгийн тухай хуулийн зорилгод нийцсэн байх ёстой. Гэтэл манай компани нь импортлогч биш бөгөөд албан ёсоор импортлох тусгай зөвшөөрөлтэй этгээдээс бараагаа нийлүүлж авдаг байтал тухайн хураагдсан Freixenet оргилуун дарсны импортолсон этгээдийг шалгаж асуухгүйгээр буюу гарал үүслийг баталгаажуулахгүй "тэмдэггүй" байсан нь үнэн гэх үндэслэлээр шууд торгох шийтгэл ногдуулсан байна. Гэтэл өмнө дурдсанчлан тэмдгийг согтууруулах ундаа, тамхины үйлдвэрлэл болон импортын үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага татвар төлж, мөн татварын байгууллагаас олгосон тэмдгийг наах үүрэгтэй байдаг.
Компани нь онцгой албан татвар төлөгдсөн согтууруулах ундааг импортын тусгай зөвшөөрөлтэй этгээдээс буюу Ноён уул эрдэнэ ХХК-иас Худалдан, худалдан авах гэрээгээр худалдан авч худалдаалдаг. Тус гэрээг ч шүүхэд гаргаж өгсөн байдаг. Дээрх хуулийн зорилгыг болон нотлох баримтыг харгалзахгүйгээр ТУБ нар нь өөрсдийн дур зоргоор шууд Шийтгэлийн хуудас үйлдсэн. Гэтэл Анхан шатны шүүхээс гомдлыг хэрэгсэхгүй болгож ТУБ-ийн Шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээсэн бөгөөд дээрх ЗЕХ-д нийцэхгүй үйл ажиллагаа явуулсан нөхцөл байдлыг огт харгалзаагүй бөгөөд нотлох баримтаар гаргаж өгсөн "Худалдан, худалдан авах гэрээ"-г ч бүрэн үнэлэлгүй шийдвэрээ гаргажээ.
3.3. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн тухай ЗШШТХ-ийн 4.1 дүгээр зүйлийн 1-д "Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ", 2-т "Зөрчил шалгах ажиллагаа нь зөрчил үйлдэгдсэн газар, хүн, хуулийн этгээдийн эзэмшил газар, барилга байгууламж, тээврийн хэрэгсэл, хүний бие, эд зүйлд үзлэг хийх, баримт бичиг, мэдээлэл гаргуулан авах, эд зүйл, баримт бичгийг хураан авах, эд хөрөнгийг битүүмжлэх, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, мэдүүлэг авах, шинжилгээнд зориулж загвар, дээж авах, шинжилгээ хийлгэх ажиллагаанаас бүрдэнэ", 4.15 дугаар зүйлийн 1-д "Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ", 7.1 дүгээр зүйлийн 1.1-д тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх", 1.3-д "тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх" гэж тус тус заасан. хариуцагчаас зөрчлийг шалган тогтоохдоо шаардлагатай нотлох баримтуудыг хуульд зөвшөөрөгдсөн арга замаар цуглуулж бэхжүүлэн, зөрчлийн шинжийг хангасан гэдгийг холбогдох нотлох баримтаар бүрэн тогтоосны эцэст шийтгэл оногдуулах үүргээ биелүүлээгүй.
Онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундааг худалдан борлуулсан гэх зөрчлийг үйлдсэн болохыг нотолж, тогтоосон баримт байхгүй буюу Компанийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэгт *акцгүй байх ёсгүй, тээвэрлэлтийн явцад унасан байх..." гэж тайлбар өгсөн байхад уг оргилуун дарсыг хаанаас буюу аль импортлогчоос хэзээ, ямар хэмжээтэй худалдаж авсан эсхүл бэлтгэсэн, талаарх анхан шатны баримтыг бүрдүүлж зөрчлийг тогтоогоогүй. Сүхбаатар аймгийн прокурорын газраас зөрчлийн хэрэг нээхээр тогтоол гаргасан гэх үндэслэлээр шууд зөрчил гэж тогтоон Шийтгэлийн хуудас үйлдсэн байна. Хариуцагч нь ЗШШтХ-ийн дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулах, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх зэрэг хэлбэрээр эрх бүхий албан тушаалтан зөрчлийг шалгаж, зөрчил үйлдэгдсэнийг эргэлзээгүйгээр нотлон тогтоох байтал энэ үүргээ биелүүлээгүй нь шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээх хуулиар тогтоосон журамд нийцэхгүй байгаа юм. Прокурорын тогтоол зөвхөн цагдаагийн байгууллагаас зөрчлийн хэрэг нээхээс татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагааг харьяаллын дагуу татварын улсын байцаагч шалгаж зөрчлийн хэрэг нээх тул үүнийг даалгасан шийдвэр бөгөөд гомдол гаргагч зөрчил үйлдсэн гэдгийг тогтоосон шийдвэр биш юм.
Өөрөөр хэлбэл, Сүхбаатар аймгийн татварын газраас гаргасан зөрчлийн хувийг хэргийг үзэхэд хариуцагч нь цагдаагаас бүрдүүлсэн нотлох баримтаас өөр шинэ нотлох баримт бүрдүүлээгүй, адил мэдүүлэг авч, үзлэг хийснээс өөр нотлох баримтгүйгээр Шийтгэлийн хуудас үйлдсэн нь үндэслэлгүй буюу ЗШШтХ зөрчсөнийг нь нотолж байна. Freixenet оргилуун дарсыг импортын тусгай зөвшөөрөлтэй Ноён Уул Эрдэнэ ХХК-иас худалдан авдаг бөгөөд холбогдох гэрээ, баримтууд байгаа. Хариуцагч нь эдгээрийг шалгаагүй бөгөөд нотлох ажиллагааг хангалттай ЗШШтХ-ийн дагуу бүрэн тогтоолгүй Шийтгэлийн хуудсыг үйлдсэн нь хуульд нийцэхүй, үндэслэлгүй шийдвэр болсон.
Иймд дээрх үндэслэлүүдээр Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 122/ШШ2026/0026 дугаар шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан "хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байх тул тус шийдвэрийг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
4. Хариуцагч талаас гомдол гаргагчийн давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг гомдол гаргагч П н ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Шүүх дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
3. Маргаан бүхий үйл баримтын тухайд,
3.1. Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн харуулын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Н, цагдаагийн ахлагч У.Данзансүрэн нар эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхдаа Баруун-Урт сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг ** дугаар салбар нь акцгүй Semixseco нэртэй 0.75 л дарс 2 ширхэг, tenjaku нэртэй 0.75 л виски 1 ширхгийг худалдан борлуулж байсныг илрүүлж хураан авч холбогдох албан тушаалтанд хүлээлгэн өгчээ.
3.2. Цагдаагийн дэслэгч Д.Н уг гомдол мэдээллийг хүлээн авч шалгаад 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны тогтоолоор зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.
3.3. Уг тогтоолыг Сүхбаатар аймгийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор О.Э 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн тогтоолоор хүчингүй болгож, 2630000786 дугаартай зөрчлийн хэрэг нээж, харьяаллын дагуу Сүхбаатар аймгийн Татварын газарт шилжүүлжээ.
3.4. Сүхбаатар аймгийн Татварын газрын хяналт, шалгалтын тасгийн татварын улсын байцаагчийн 2026 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн үзлэг хийсэн тэмдэглэлээр Freixenet Semixseco гэх нэртэй 1 ширхэг дарс болон tenjaku гэх нэртэй 1 ширхэг согтууруулах ундаанд онцгой албан татварын тэмдгийн зөрчил илрээгүй, харин Freixenet Rose нэртэй 1 ширхэг дарс нь онцгой албан татварын тэмдэггүй болох нь тогтоогдсон гэж үзэж, 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 0043124 дугаартай шийтгэлийн хуудсаар П н ХК-д Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан.
4. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2-т Зөрчил, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг энэ хуулиар тогтооно, 1.3 дугаар зүйлийн 1-д Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна, 3.1 дүгээр зүйлийн 1-д Шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино, мөн зүйлийн 2-т Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна гэж тус тус заасан.
5. Дээрх хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцож, хүн, хуулийн этгээдэд тухайн зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд орших талаар хууль тогтоогчоос тусгайлан зохицуулсан.
6. Мөн Онцгой албан татварын тэмдгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-д Тэмдэг нь нууцлалын шаардлага хангасан дахин давтагдашгүй, цахим өгөгдөл бүхий кодтой байна, 4 дүгээр зүйлийн 4.2-т Тэмдэггүй согтууруулах ундаа, тамхийг бэлтгэн нийлүүлэх, импортлох, худалдах, тэмдгийг хуурамчаар үйлдэх, борлуулах, хэрэглэхийг хориглоно. гэж,
Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхэд дараах зүйлийг хориглоно:, 21.1.3-д онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх; гэж,
Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1.1-д тэмдэггүй согтууруулах ундаа, тамхийг бэлтгэн нийлүүлсэн, эсхүл импортолсон, эсхүл худалдсан, эсхүл борлуулсан; гэж тус тус зааснаас үзэхэд тухайн бүтээгдэхүүнд огт онцгой албан татварын тэмдгийг аваагүй байхыг ойлгохоор байна.
7. Зөрчлийн хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Цагдаагийн байгууллагын албан хаагч нь ...онцгой албан татварын тэмдэггүй Freixenet Rose нэртэй 0.75 литрийн савлагаатай, 11.5 хувийн агууламжтай согтууруулах ундаа худалдан борлуулж байсан гэх зөрчлийг илрүүлэхдээ лангуун дээр байсныг газар дээр нь нотлох баримтаар (фото зураг, дуу, дүрсний бичлэг, үзлэг хийх гэх мэт) бэхжүүлэх үүргээ хангалттай хэрэгжүүлээгүй, түүнчлэн хариуцагч Татварын улсын байцаагч нь зөрчил шалгах ажиллагааны явцад П н ХК-ийн тэмдэггүй согтууруулах ундаа худалдсан, эсхүл борлуулсан гэх зөрчилд холбогдох нөхцөл байдлыг бүрэн дүүрэн нотолж тогтоогоогүй, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуульд заасны дагуу хангалттай хэрэгжүүлж ажиллаагүй байна.
8. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ, 4.15 дугаар зүйлийн 1-д Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ гэж заасан.
Тодруулбал, зөрчлийг илрүүлсэн цагдаа Б.Н ...акцгүй semixseco нэртэй 0.75 литрийн дарс 2 ширхгийг худалдан борлуулж байсныг илрүүлж хураан авч зохих албан тушаалтанд хүлээлгэн өгсөн... гэх, П н ХК-ийн CU сүлжээ дэлгүүрийн 536 дугаар салбарын менежер Т.Сүнжидмаа ...тухайн үед дэлгүүрийн лангуун дээр акцгүй архи байсан нь үнэн үү? гэх асуултад Үнэн. Гэхдээ акц нь тээвэрлэлтийн явцад унасан байх гэж бодож байна... гэх, мөн тус дэлгүүрийн салбарын менежер Т.Хоролмаа ...хураагдсан согтууруулах ундааны хувьд хэзээ татан авалт хийгдсэн бэ гэх асуултад программ дээрээс харахгүй бол мэдэхгүй байна..., тээвэрлэлтийн явцад унасан байх. Цаанаасаа тэмдэггүй ирнэ гэж байхгүй... гэх мэдүүлгүүд өгсөн байна.
9.Мөн хэрэгт авагдсан П н ХК болон Н э ХХК нарын хооронд байгуулагдсан Худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу тухайн төрлийн согтууруулах ундааг Н э ХХК нь нийлүүлэхдээ зөрчлөөр илэрсэн бүтээгдэхүүн болох 1 ширхэг дарс нь онцгой албан татварын тэмдэгтэй хүргэгдсэн эсэх, худалдан борлуулагдсан /кассын системээр/ эсэх зэрэг нөхцөл байдлыг хариуцагч татварын улсын байцаагч нь тогтоосны үндсэн дээр П н ХК-ийг тэмдэггүй согтууруулах ундаа худалдсан, эсхүл борлуулсан зөрчилд шийтгэл ногдуулах боломжтой.
10. Иргэн, хуулийн этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан тодорхой төрлийн зөрчлийн шинжийг бүрэн хангасан байж зөрчилд тооцогдох бөгөөд оногдуулах шийтгэл нь тухайн зөрчлийн шинж байдал, санаа зорилго, үйлдсэн нөхцөл байдал, хохирлын хэр хэмжээнд тохирсон байх нь шударга ёсны зарчим-д нийцнэ.
11. Энэ тохиолдолд хариуцагч нь П н ХК-ийг онцгой албан татварын тэмдэггүй дарс (1 ширхэг) худалдан, борлуулж байсан гэх зөрчилд 10,000,000 төгрөгийн шийтгэл оногдуулсан нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байх Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.
12. Анхан шатны шүүхээс ...гомдол гаргагч нь ** Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж буюу согтууруулах ундаа худалдан борлуулах эрх бүхий этгээдийн хувьд онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундаа худалдан борлуулах нь хориотой бөгөөд тухайн тохиолдолд холбогдогч нь дэлгүүрийн лангуу дээр онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундааг ил өрж тавьсан нь худалдах зорилготой байх тул энэхүү үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан зөрчлийн шинжийг хангасан байна... гэж дүгнэн, гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй байна.
13. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг хангаж, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 122/ШШ2026/0026 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Онцгой албан татварын тэмдгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1, хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан гомдол гаргагч П н ХК-ийн гомдлын шаардлагыг хангаж, Сүхбаатар аймгийн Татварын газрын татварын улсын байцаагчийн 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 0043124 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ц.ОДМАА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН