Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 30

 

 

 

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                
    Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Алтанцэцэг даргалж,
Улсын яллагч М.Батзаяа,  
    Хохирогч П.Батбаатар,
Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Удвал,
    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Сандрайн Бадамд холбогдох 201603000328 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 
            
Монгол Улсын иргэн, 1980 оны 09 дугаар сарын 19-ний өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 1, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг Бор толгойн 32-21 тоотод оршин суух, урьд нь Архангай аймгийн сум дундын шүүхийн 2003 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 1 хоног баривчлах ялаар, Архангай аймгийн сум дундын шүүхийн 2004 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 6 сар баривчлах ялаар, Архангай аймгийн сум дундын шүүхийн 2005 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 3 сар 1 хоногийн хорих ялаар тус тус шийтгэгдэж, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2006 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 03 дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3.1-д зааснаар эдлээгүй үлдсэн 11 сар 7 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзан суллагдсан, Архангай аймгийн сум дундын шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 92 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 1 хоног баривчлах ялаар шийтгүүлсэн, гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Сандрайн Бадам /РД:АД80091912/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч С.Бадам нь шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар 2016 оны 07 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар багийн нутаг дэвсгэрээс хохирогч П.Батбаатарын цэнхэр өнгийн Мустанг-5 маркийн 01-25 АР улсын дугаартай мотоциклыг хулгайлж П.Батбаатарт 1.000.000 /нэг сая/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, давтан үйлдлээр 2016 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан сум, Баянгол багийн нутаг Зүүн дэнжийн хорооллын 3-07 тоотоос хохирогч Н.Батбаярын Аяпад /Iрас1/ маркийн цагаан өнгийн гар утсыг хулгайлж Н.Батбаярт 1.400.000 /нэг сая дөрвөн зуун мянган/ төгрөгийн хохирол учруулсан, 2016 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан сум, Баянгол багийн нутаг Дэлгэр-Өндөр хорооллын 1-04 тоотоос хохирогч Л.Эрдэнэцогтын ногоон өнгийн Даюун маркийн улсын дугааргүй мотоцикль хулгайлж Л.Эрдэнэцогтод 950.000 /есөн зуун тавин мянган/ төгрөгийн буюу нийт 3.350.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан, мөн мөрдөн байцаалтын шатнаас гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж 2016 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
                                  
ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Бадамын мэдүүлсэн: П.Батбаатар гэх хүний мотоциклийг хулгай хийгээгүй. Энэ хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү. Согтуугаар гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байна гэв.  

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч П.Батбаатарын мэдүүлсэн: Тэр өглөө Бадам, Лхагвасүрэн 2 миний мотоциклийг гуйгаад айлаас ямаа аваад ирье гэхэд нь би түлхүүр нь цайны газар малгайтайгаа орхисон байна утсаар нь асаачихдаг юм гэхэд Лхагвасүрэн би мэднэ гээд асаагаад унаад явсан. Тэнд байсан машинд нь суугаад хүлээгээд Бадам, Лхагвасүрэн хоёр ирээгүй. Тэгээд Ихтамир сумын цагдаад очиж мэдэгдсэн. Хохиролоо барагдуулчих юм бол гомдол саналгүй гэв.

    201603000328 дугаартай эрүүгийн хэргээс:

    Хохирогч П.Батбаатарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: Би 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 21 цагийн орчим Архангай аймгийн Батцэнгэл суманд байх өөрийн гэрээсээ мотоциклио унаад гарсан. Гол ихтэй байсан болохоор тойрч Ихтамир сумын нутгаар явж орой 23 цаг өнгөрч байхад Ихтамир сумын төв дээр ирж колонкоос бензин дүүргэж аваад гарах гэтэл замд таньдаг хүн таараад бид 2 ганц лааз пиво хувааж уунгаа хуучилж байгаад бүр орой болчихоор нь одоо яаж явах вэ гэж бодоод зам дагуу ягаан өнгөөр будсан цайны газарт орж хоносон. Тэгэхдээ мотоциклио гадаа тавиад унтчихсан юм. Өглөө 06 цагийн орчим цайны газрын эгч намайг босоорой гэж сэрээсэн, би босоод гарч мотоциклио харсан байхгүй байсан. Ойр орчмоор эрээд олоогүй. Цайны газрын цонхны харалдаа өөрт харагдахаар тавьж, урд нугасыг түгжээгүй данхраадаад орхисон байсан. Би мотоциклио 2014 оны 12 дугаар сард шинээр нь худалдаж авсан цэнхэр өнгийн мустанг-5 маркийн 01-25 АР улсын дугаартай мотоцикль байсан. Суудал нь улаан өнгийн савхин бүрээстэй, их биеийн гадна сэвгүй, хааяа нэг унадаг болохоор өнгө үзэмжийн хувь сайн, мотоциклио 1.000.000 төгрөгөөр үнэлж байна. Мотоциклио бүрэн бүтэн олоод авчихвал гомдол саналгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 51-52 дугаар хуудас/  

    Хохирогч П.Батбаатарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: Би тэр хүмүүсийг огт таньдаггүй байсан, миний мотоциклийг авч явснаас хойш таньдаг болсон. Бадамыг бол танихгүй, Лхагвасүрэнтэй дараа нь хохирол барагдуулж өг гэж уулзаж байсан. ...Гуйгаад унаад явсан гэж яриад байгаа, гэхдээ би огт танихгүй хүмүүст мотоциклоо өгөөгүй, намайг архи уугаад тасраад унтсан байх хойгуур аваад явсан байсан. Дараа нь гуйгаад авсан, намайг өөрөө мотоциклио өгсөн гэж яриад байсан, тохирчихъё гээд гуйгаад аймагт байдаг хашаа байгаа тэрийг ав гээд байсан ...Би асааж өгч явуулаагүй, миний мотоциклийн түлхүүр гэрт байгаа. Асааж өгсөн бол түлхүүрийг нь өмнө адил өгөөд явуулах байсан. Мотоциклио алдаад хайгаад олоогүй. Хашаагаа өгөөд намайг мотоциклио өгч явуулсан гээд хэлчих гэж гуйгаад байсан. ...Би өөрөө мотоциклио өгч явуулсан гэж яриагүй. Хулгайд алдсан нь үнэн. Хашаа аваад намайг өөрөө өгч явуулсан гэж хэлээд өг гэж өөрсдөө гуйгаад байсан. Би тэр үед нь хохирол барагдуулчихвал тэгээд хэлсэн ч яахав ээ гэж хэлсэн асуудал байгаа гэх мэдүүлэг. /хх-ийн 102-103 дугаар хуудас/
    Хохирогч П.Батбаатарыг дахин байцаасан тэмдэглэл: Би тэр эмэгтэйн машинд орж унтаад үлдсэн талаар мэдэхгүй, согтуу тасарсан байсан. Нэг сэрсэн чинь эмэгтэй хүний машинд унтаж байсан. Сэрээд тэр эмэгтэйгээс асуусан чинь “Та өөрөө согтуу мотоциклио өгөөд явуулсан, энэ хүмүүст өгч явуулж байхаар өөрөө хамт явахгүй яасан юм” гэж байсан. Тэгээд хүлээгээд ирэхгүй, хайгаад олоогүй цагдаад мэдэгдсэн. Миний мотоциклийг хулгайд алдсан гэж дараа нь ярьж байсан, Өндөр-Улаан сум руу унаад явсан сураг гарсан. Би архи уугаад тасраад унтсан байсан нь үнэн, шөнө гуанзанд унтаж байгаад гарсан чинь мотоцикль байхгүй байсан. Тэгээд ойр хавиар хайгаад олоогүй.Тэр үед архи гараагүй орон гаран санаад байгаа. Ер нь тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй, машины эзэн эмэгтэйн ярьж байгаа нь үнэн байх гэж бодож байна. Тэр эмэгтэй надад ярихдаа Бадам шөнө ганцаараа хулгай хийгээд түрээд ирсэн, буцааж аваачиж өг гэж явуулсан гэж ярихаар нь Бадамыг хулгайлсан гэж мэдсэн. Эхлээд шөнө нь хулгайлсан юм билээ. Харин өглөө архи гараагүй согтуудаа өгөөд явуулсан юм билээ. Уг нь архи гараагүй байхад машин дээр очиж байсан, ямаа яриад байх шиг байсан. Өөр хүн байгаагүй болохоор мэдэх хүн байхгүй, машины жолооч эмэгтэй бид 2 мэдэж байгаа, би их согтуу байсан. Бадам шөнө нь хулгайлж, өглөө нь би өгөөд явуулсан нь үнэн юм билээ. Мотоцикль нь байхгүй болохоор алдсан мотоциклийн түлхүүр гэдгийг мэдэх боломж байхгүй ч миний мотоциклийн түлхүүр надад байгаа, яаж асааж явсан гэдгийг мэдэхгүй байгаа, сэрэхэд түлхүүр нь миний халаасанд байж байсан. Гомдол санал гэх зүйл байхгүй. Миний мотоциклийг төлж барагдуулах хэрэгтэй байна. Гэхдээ Лхагвасүрэн нь надтай уулзаад Бортолгойд байдаг хашааг авчих, Бадам ах олдохгүй байна гээд байхаар нь хашааг үзсэн. Бичиг баримтыг шилжүүлж өгөөгүй, хэний нэр дээр байдаг талар мэдэхгүй гэх  мэдүүлэг. /хх-ийн 105-106 дугаар хуудас/

        Гэрч Б.Энхтуяагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: 2016 оны 07 дугаар сарын эхний 7 хоног байсан санагдаж байна. П.Батбаатар гэх залуу шөнө орж ирээд архи асуугаад гараад  явсан. Тэрнээс хойш 4-5 хоног цайны газруудаар байсан. Өдөрт орж ирээд мэндлээд гарна. П.Батбаатар нэг орж ирэхдээ согтуу мотоциклио алдчихсан гэж хэлж байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 53-54 дүгээр хуудас/

    Сэжигтэн С.Бадамын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: Би 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр аймгийн төвөөс дүү Лхагваагийн хамт Ихтамир сум руу айлд очиж ганц шөлний хонь авах санаатай явсан юм. Би архи уучихсан байсан тэгээд Ихтамир сум ороод нэмж уусан юм. Лхагваа тасраад машин дотроо эхнэрийн хамт унтаж байхаар нь би Ихтамир сумын зам дагуу цайны газруудын гадуур явж байтал цэнхэр өнгийн мустанг-5 маркийн мотоцикль байхаар нь түрээд харанхуй гудамж руу оруулаад асаах гэтэл асахгүй байхаар нь нэг утсыг нь салгаж байгаад асаагаад унаад явсан юм гэх мэдүүлэг. /хх-ийн 60-61 дүгээр хуудас/

        Гэрч С.Хатанбаатарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: Надад ямар хэргийн учир шалгагдаж байгаа талаар мэдэх зүйл алга байна. Ихтамир сумаас мотоцикль алдлаа гэхээр нь гадуур явж байгаад төрсөн дүү Лхагвасүрэн нэг хүнтэй хамт архи уугаад сууж байхаар нь очиж уулзсан чинь мотоциклийн эзэн байсан. Тэр залуу надад ярихдаа “Бадам, Лхагвасүрэн 2 миний мотоциклийг гуйж унаж яваад алга болсон. Тэгээд эргэж ирээгүй” гэж хэлсэн. Тийм болохоор тэр мотоциклийг гуйгаад унаад явсан байж магадгүй, тухайн үед би байгаагүй болохоор юу болсон талаар мэдэхгүй байна. Мотоциклийн эзэнг хэн гэдгийг танихгүй, надтай уулзахдаа ч согтуу байсан. Бадам өөрийн гэр орон байхгүй, ах дүү нарынхаараа байдаг. 2016 оны 08 дугаар сард Бадам самарт явна гэсэн сураг гарсан, өөрөө надтай ярьсан. Тэрнээс хойш сураг гараагүй гэх мэдүүлэг. /хх-ийн 109-110 дугаар хуудас/

     Гэрч Ё.Чимэдлхамын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: Миний машин Дэнжийн доод талд эвдрээд хонож байхад шөнө Бадам нь ганцаараа нэг мотоцикпь түрээд аваад ирсэн. Эзэн нь ямар хүн байсан гэдгийг мэдэхгүй, ямар мотоцикль байсан гэдгийг нь нарийн сайн хараагүй, содон шинжийнх нь талаар мэдэхгүй. Бадамыг мотоцикль авч ирэхэд шөнө 03-04 цаг болж байсан байх, Бадамын авч ирсэн мотоциклийг Лхагвасүрэнгээр буцаагаад түрүүлээд явуулсан. Лхагвасүрэн аваачиж өгөөд ирлээ гэж эргэж ирсэн ...Эхлээд Бадам ганцаараа түрж ирэхэд бол хулгай хийж ирсэн байх гэж бодож байна. Лхагвасүрэн бол хулгай хийхэд оролцоогүй, надтай хамт байсан надаас салаагүй гэх мэдүүлэг. /хх-ийн 111-112 дугаар хуудас/

    Гэрч Б.Энхтуяагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: Батцэнгэл сумын хүн гэсэн нэг эрэгтэй хүн энэ хавиар 5-6 хоног  манай нутгийн хүмүүстэй архи уугаад, манай цайны газраар хэд хэдэн удаа орж ирээд гарч байсан. Мотоциклио алдсан талаар нь надад мэдсэн зүйл байхгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 117 дугаар хуудас/

    Гэрч Ү.Энхзаяагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: 2016 оны 07 дугаар сард Батцэнгэл сумын Баян-Уул багийн хүн гэсэн нэг залуу манай цайны газарт орж ирээд урьд шөнө мотоциклио алдчихлаа. Би танайд хоносон уу? гэж асууж байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 119-120 дугаар хуудас/ 

        2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сумын эд зүйлийн үнэлгээний комиссын үнэлгээ хохирогч П.Батбаатарын эзэмшлийн Мустанг-5 маркийн мотоциклыг 1.000.000 төгрөгөөр үнэлсэн. /хх-ийн 34 дүгээр хуудас/

    Хохирогч П.Батбаатарын эзэмшлийн хулгайд алдсан Мустанг-5 маркийн мотоциклийн түлхүүрт үзлэг хийж, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 99-101 дүгээр хуудас/

    Хохирогч Н.Батбаярын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: 2016 оны 07 дугаар сарын 11-ний өглөө би Өндөр-Улаан сумын Азарга багийн наадам үзэхээр явсан. Тэгээд орой Баянгол багийн зүүн дэнжийн хорооллын 3-07 тоотод байх гэртээ ирэхэд эхнэр маань гэрээсээ миний цагаан шаргал өнгийн Аяпад утсыг алдчихсан гээд байж байсан. Тэгээд би эхнэрээсээ гаднаас манай гэрт хэн орж ирсэн юм бэ гэж асуухад саарал дээлтэй танихгүй хүн танай аав чинь надаас мотоцикль авсан гэж хэлээд 2, 3 удаа манайхаар орж ирээд гарсан гэж хэлсэн. Тэгээд энэ хүнийг нь сумын төвөөр хайсан. Хайгаад олдохгүй болохоор нь цагдаагийн кобон дээр ирээд олон нийтийн цагдаа Алтангэрэлтэй уулзаад болсон асуудлын талаар хэлэхэд тэр хүнийг чинь барьчихсан энд байгаа, чиний аяпад хэсгийн төлөөлөгчид байгаа гэж хэлсэн. Тэгээд би хэсгийн төлөөлөгч Мөнхтулгатай уулзаж аяпадаа буцааж олж авсан гэх мэдүүлэг. /хх-ийн 18-19 дүгээр хуудас/ 

    Гэрч Г.Пагамжаргалын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: 2016 оны 07 дугаар сарын 11-ний өдөр би Архангай аймгийн Өндөр-Улаан сум, Баянгол багийн Зүүн дэнж хорооллын 3-07 тоотод байх гэртээ 7 настай дүү Пүрэвдорж, 9 сартай хүү Өнөмөнхийн хамт гурвуулаа байж байтал 14 цагийн үед манай хашааны хаалгыг хүн нүдсэн. Гараад очтол нэг танихгүй ах байсан. Тэр ах надаас Нэргүй гэдэг айл мөн үү гэж асуусан. Тэгэхээр нь мөн гээд хэлтэл танай аав чинь надаас ногоон өнгийн мотоцикль авсан тэрийгээ авах гэсэн юм гэж хэлсэн. Би тэр ахад манай аав наадамд явсан, та айл андуураад байгаа юм бишүү манайд тийм ногоон мотоцикль байдаггүй, аав мотоцикль унаж чаддаггүй хөгшин хүн байдаг, та ирэхээр нь өөрөө ирж уулз гэж хэлсэн. Тэгээд тэр хүн яваад өгсөн. Удаагүй тэр хүн шууд манай гэрт ороод ирсэн. Орж ирээд аав чинь ирсэн үү би түргэн уулзчихаад явмаар байна, мотоциклийнхоо бичиг баримтыг авмаар байна гэж хэлсэн. Тэр ах архи уусан бололтой халамцуу байсан. Би тэр ахад аав ирээгүй байна, орой ирэхээр нь ирж уулз гэж хэлсэн. Тэгээд орой ирж уулзъя гээд гараад явсан. Тэгээд орой манай нөхөр наадмаас ирээд утас хаана байна гэхээр нь утсыг нь авч өгөх гэхэд байхгүй байсан. Гэр дотроо хайгаад олоогүй. Манай нөхөр гаднаас хүн орж ирсэн юм уу гэж асуухаар нь нөгөө ахыг ирсэн талаар хэлсэн. Тэгтэл манай нөхөр тийм хүн танихгүй, хадам аав хүнтэй мотоциклийн наймаа хийсэн зүйл байгаагүй. Тэгээд би тэр хүнийг гарахдаа манай нөхрийн аяпад утсыг хулгайлаад авч явсан байна гэж бодсон. Тэгээд манай нөхөр тэр хүнийг гадуур хайж явж байгаад хэсгийн төлөөлөгчид баригдсан байхад нь гар утсаа олоод аваад ирсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 22-23 дугаар хуудас/

    2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын эд зүйлийн үнэлгээний комиссын үнэлгээ хохирогч Н.Батбаярын Айпад маркийн гар утсыг 1.400.000 төгрөгөөр үнэлсэн. /хх-ийн 34 дүгээр хуудас/

    Хохирогч Л.Эрдэнэцогтын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: 2016 оны 07 дугаар сарын 11-ний өдөр би Өндөр-Улаан сум Баянгол багийн Дэлгэр-Өндөрийн 1-04 тоотод байх ЭМА-5 нэртэй хүнсний дэлгүүртэй худалдагч хийгээд зогсож байтал дэлгүүрийн урдуур миний мотоциклийг танихгүй хүн унаад баруун зүгт явсан. Тэгэхээр нь би араас нь гараад хөөе гээд дуудтал зогсоогүй явсан. Тэгтэл манай дэлгүүрээс юм аваад гарч байсан Шараваа гээд залуу мотоциклиороо араас нь давхиж очоод гудамжны үзүүрт зогсоосон. Би машинаа асааж унаад очиж мотоциклийнхоо түлхүүрийг авсан. Миний мотоциклийг нэг танихгүй согтуу залуу хулгайлж унасан байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 15-16 дугаар хуудас/

    Гэрч Э.Мөнх-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: 2016 оны 07 дугаар сарын 11-ний өдөр би Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн Дэлгэр-Өндөр хорооллын 1-04 тоотод байх гэртээ хувцсаа угааж байгаад хэсэг унтсан. Тэгтэл аав дуудаж сэрээгээд мотоцикль хүн аваад явчихлаа гэж хэлсэн. Тэгээд би босч ирээд хартал хашаан дотор байсан мотоцикль алга байсан. Аав надад мотоциклийн түлхүүрийг өгөөд чи яваад мотоциклио аваад ир, аав нь сая араас нь машинаар давхиад мотоциклийнхоо түлхүүрийг аваад ирлээ гэж хэлсэн. Тэгээд би хашаанаасаа гартал машины гудамж үзүүрт манай мотоцикль байсан. Яваад очиход хажууд нь нэг согтуу хүн унтаж байсан. Урд гудамж руу нэг мотоцикльтой банди орчихсон. Тэгээд би өөрийнхөө мотоциклийг аваад олон нийтийн цагдаад тэр согтуу хүнийг барьж өгсөн гэх мэдүүлэг. /хх-ийн 20-21 дүгээр хуудас/

    Гэрч Ч.Шаравдоржийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: Тэгээд би мотоциклио асаалттай орхисон байсан болохоор буцаад гарч хартал нөгөө дэлгүүр дотор байсан банди надаас энэ таны мотоцикль мөн үү гэж асуусан, тэгэхээр нь би мөн гэж хэлсэн. Буцаж ороод наймаагаа хийчхээд гарах гэтэл Эрдэнэцогт ах мотоцикль унаад явчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би дэлгүүрээс гарч өөрийнхөө мотоциклиор баруун зүгт явж Эрдэнэцогт ахын мотоциклийн араас давхиад очтол зогссон. Мотоциклийг унаж зугтсан залуу согтуу байх шиг байсан. Хэвтчихээд босохгүй байсан. Эрдэнэцогт ах араас машинтай хүрч ирэхээр нь би явсан. Мөн нөгөө багавтар банди араас ирсэн. Ийм л асуудал болсон гэх мэдүүлэг. /хх-ийн 24-25 дугаар хуудас/

    Насанд хүрээгүй гэрч Б.Баттамирын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:  Бадам гэдэг ах намайг дуудаад ах нь мотоциклио авчихлаа гээд мотоциклийн түлхүүр гаргаж ирээд нэг хашаанаас унаад гараад ирсэн, тэгээд за за явъя гээд хөдөлтөл тэр дэлгүүрээс нэг хүн гарч ирээд хөөе зогсооч, мотоцикль аваад ир гээд хашхирахаар нь би бас Бадам гэдэг ахын араас дуудаад зогсоосон. Гэтэл дэлгүүрийн ах араас машинтай ирээд мотоцикль хулгай хийсэн гээд цагдаа дуудсан. Мотоциклио авахын өмнө бас нэг айлаар 2-3 удаа дахин дахин орж мотоцикль энд байгаа хүнээс авах хэрэгтэй байна гээд байсан, тэр айлаас нэг эгч гарч ирээд та айл андуураад байна гэсэн чинь Бадам үгүй андуураагүй гээд байсан. Өмнө авсан архиа дуусаагүй уугаад байсан, тухайн үед нилээд их согтсон байсан. Тэр айлаас гараад явж байхдаа нэг их том утас гаргаж ирээд надад утас өглөө, мотоцикль авсан гэж цагдаад битгий хэлээрэй гэх шиг юм яриад байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 30-31 дүгээр хуудас/

    2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын эд зүйлийн үнэлгээний комиссын үнэлгээ хохирогч Л.Эрдэнэцогтын эзэмшлийн Даюун маркийн мотоциклийг 950.000 төгрөгөөр үнэлсэн. /хх-ийн 34 дүгээр хуудас/,

    Мөрдөн байцаагчийн: Өмгөөлөгч авч байгаад байцаалт өгнө гэсэн боловч тэрнээс хойш одоог хүртэл хаана байгаа нь мэдэгдэхгүй байна гэх тэмдэглэл. /хх-ийн 80 дугаар хуудас/

    2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 18 дугаартай сэжигтэн яллагдагчийг эрэн сурвалжлах прокурорын тогтоол /хх-ийн 82 дугаар хуудас/

    Сэжигтэн С.Бадамыг эрэн сурвалжлалт зарласан асап сангийн хуулбар: /хх-ийн 88-92 дугаар хуудас/

    Гэрч П.Түвшинжаргалын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: 2016 оны 8 дугаар сараас хойш хаана юу хийж байсан талаар надад мэдэх зүйл байхгүй байна. Хаана хэнтэй юу хийж яваа талаар ямар ч сураг гарахгүй байсан. Цагдаагаас сураглаад утсаар асууж байсан. Хаана байгаа гэдгийг нь мэдэхгүй гэдгээ хэлж байсан. Ямар нэгэн байдлаар хаана байгаа нь сураглаад мэдэгдэхгүй байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 107-108 дугаар хуудас/ 

    Яллагдагч С.Бадамыг дахин байцаасан тэмдэглэл: Архангай аймгийн Ихтамир сумын төвөөс хулгай хийсэн гэх мотоциклийг би хулгай хийгээгүй. П.Батбаатараас өөрөөс нь гуйгаад унаад явсан. П.Батбаатар өөрөө мотоциклио асааж өгөөд явуулсан. Энэ талаар миний төрсөн дүү Лхагвасүрэн, түүний эхнэр Ууганаа /бүтэн нэрийг мэдэхгүй/ нар мэдэж байгаа. Эргэж ирээд мотоциклийг нь өгөх гэсэн П.Батбаатарыг олоогүй. Тэгээд Өндөр-Улаан сумын Бэлхийн гуанзны ойролцоо согтуу горхины хажууд унтаж байгаад мотоциклийг нь алдсан. Замын унаанд сууж Өндөр-Улаан сумын төв ороод мотоциклийг нь хайгаад олоогүй. Мотоцикль хайж явахдаа нэг мотоцикльтой хүүхэд гуйж хамт явсан. Тэр үед би их согтуу байсан учраас өөр хүний мотоцикль андуурч унаад явж байгаад баригдсан. Өндөр-Улаан сумын төвөөс хулгайлсан гэх мотоциклийг согтуудаа андуураад унаад явсан байсан. Санаатай хулгай хийгээгүй. Мотоцикльтой хамт явсан хүүхэд хүний мотоцикль авч явахыг мэдээгүй, оролцоогүй. Мөн мотоцикль хайж айлаар орохдоо согтуудаа мотоцикль авч ирж өгөөд гар утсаа аваарай гэж хэлээд утсыг нь авсан санагдаад байгаа, нарийн мэдэхгүй байна. Нэг сэрсэн чинь саатуулагдсан унтаж байсан. Би П.Батбаатарын мотоциклийн төлбөрийг төлөх мөнгийг олж өгөхөөр ажил хийж самарт явсан. Хэрэг хийгээгүй болохоор оргосон гэж бодохгүй байна. Хохиролын мөнгийг төлчихөөд нэг мөсөн очьё гэж бодоод очоогүй. Би хулгай хийгээгүй, хулгай хийх санаа зорилго байгаагүй. П.Батбаатарыг өмнө нь огт танихгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 137-139 дүгээр хуудас/ зэрэг болно.  

    Шүүгдэгч С.Бадам нь 2016 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан сум, Баянгол багийн нутаг Зүүн дэнжийн хорооллын 3-07 тоотоос хохирогч Н.Батбаярын Аяпад /Iрас1/ маркийн цагаан өнгийн гар утсыг хулгайлж Н.Батбаярт 1.400.000 /нэг сая дөрвөн зуун мянган/ төгрөгийн хохирол учруулсан, 2016 оны 07 дугаар сарын 11-ний өдөр давтан үйлдлээр Архангай аймгийн Өндөр-Улаан сум, Баянгол багийн нутаг Дэлгэр-Өндөр хорооллын 1-04 тоотоос хохирогч Л.Эрдэнэцогтын ногоон өнгийн Даюун маркийн улсын дугааргүй мотоцикль хулгайлж Л.Эрдэнэцогтод 950.000 /есөн зуун тавин мянган/ төгрөгийн буюу нийт 2.350.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан, мөн мөрдөн байцаалтын шатнаас гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж 2016 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь: Хохирогч Н.Батбаярын “...би эхнэрээсээ гаднаас манай гэрт хэн орж ирсэн юм бэ гэж асуухад саарал дээлтэй танихгүй хүн танай аав чинь надаас мотоцикль авсан гэж хэлээд 2, 3 удаа манайхаар орж ирээд гарсан гэж хэлсэн. Тэгээд олон нийтийн цагдаа Алтангэрэлтэй уулзаад болсон асуудлын талаар хэлэхэд тэр хүнийг чинь барьчихсан энд байгаа, чиний аяпад хэсгийн төлөөлөгчид байгаа гэж хэлсэн. Тэгээд би хэсгийн төлөөлөгч Мөнхтулгатай уулзаж аяпадаа буцааж олж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/, гэрч Г.Пагамжаргалын “...би тэр хүнийг гарахдаа манай нөхрийн аяпад утсыг хулгайлаад авч явсан байна гэж бодсон. Тэгээд манай нөхөр тэр хүнийг гадуур хайж явж байгаад хэсгийн төлөөлөгчид баригдсан байхад нь гар утсаа олоод аваад ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/, хохирогч Л.Эрдэнэцогтын “...би ЭМА-5 нэртэй хүнсний дэлгүүртээ худалдагч хийгээд зогсож байтал дэлгүүрийн урдуур миний мотоциклийг танихгүй хүн унаад баруун зүгт явсан. Би машинаа асааж унаад очиж мотоциклийнхоо түлхүүрийг авсан. Миний мотоциклийг нэг танихгүй согтуу залуу хулгайлж унасан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/, гэрч Э.Мөнх-Эрдэнийн “...аав дуудаж сэрээгээд мотоцикль хүн аваад явчихлаа гэж хэлсэн. Яваад очиход хажууд нь нэг согтуу хүн унтаж байсан. Тэгээд би өөрийнхөө мотоциклийг аваад олон нийтийн цагдаад тэр согтуу хүнийг барьж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/, гэрч Ч.Шаравдоржийн “...Эрдэнэцогт ах мотоцикль унаад явчихлаа гэж хэлсэн. Мотоциклийг унаж зугтсан залуу согтуу байх шиг байсан. Хэвтчихээд босохгүй байсан. Эрдэнэцогт ах араас машинтай хүрч ирэхээр нь би явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/, насанд хүрээгүй гэрч Б.Баттамирын “...Бадам гэдэг ах намайг дуудаад ах нь мотоциклио авчихлаа гээд мотоциклийн түлхүүр гаргаж ирээд нэг хашаанаас унаад гараад ирсэн гэтэл дэлгүүрийн ах араас машинтай ирээд мотоцикль хулгай хийсэн гээд цагдаа дуудсан. Мотоциклио авахын өмнө бас нэг айлаар 2-3 удаа дахин дахин орж мотоцикль энд байгаа хүнээс авах хэрэгтэй байна гээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/, 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын эд зүйлийн үнэлгээний комиссын үнэлгээ /хх-ийн 34 дүгээр хуудас/, гэрч П.Түвшинжаргалын “...2016 оны 8 дугаар сараас хойш хаана юу хийж байсан талаар надад мэдэх зүйл байхгүй байна. Хаана хэнтэй юу хийж яваа талаар ямар ч сураг гарахгүй байсан. Цагдаагаас сураглаад утсаар асууж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 107-108 дугаар хуудас/, мөрдөн байцаагчийн “...Өмгөөлөгч авч байгаад байцаалт өгнө гэсэн боловч тэрнээс хойш одоог хүртэл хаана байгаа нь мэдэгдэхгүй байна...” гэх тэмдэглэл /хх-ийн 80 дугаар хуудас/, 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 18 дугаартай сэжигтэн яллагдагчийг эрэн сурвалжлах прокурорын тогтоол /хх-ийн 82 дугаар хуудас/, сэжигтэн С.Бадамыг эрэн сурвалжлалт зарласан асап сангийн хуулбар /хх-ийн 88-92 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 Иймд шүүгдэгч С.Бадамыг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлсан, мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах нь үндэслэлтэй гэж дүгнэв.

Харин Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Бадамыг 2016 оны 07 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар багийн нутгаас иргэн П.Батбаатарын цэнхэр өнгийн мутанг-5 маркийн 01-25 АР улын дугаартай мотоциклийг хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч энэ нь хохирогч П.Батбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “Бадам, Лхагвасүрэн хоёр өглөө мотоциклиор чинь яваад ямаа аваад ирье гэж гуйж авч явсан нь үнэн” гэх мэдүүлэг, 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр мэдүүлсэн “Нэг сэрсэн чинь эмэгтэй хүний машинд унтаж байсан. Сэрээд тэр эмэгтэйгээс асуусан чинь та өөрөө согтуу мотоциклио өгөөд явуулсан, энэ хүмүүст өгч явуулж байхаар өөрөө хамт явахгүй яасан юм бэ гэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 105-106 дугаар хуудас/, гэрч С.Хатанбаатарын мөдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “Мотоциклийн эзэн надад ярихдаа “Бадам, Лхагвасүрэн 2 миний мотоциклийг гуйж унаж яваад алга болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 109-110 дугаар хуудас/, шүүгдэгч С.Бадамын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “Би П.Батбаатарын мотоциклийг өөрөөс нь гуйж унаж явж ямаа авч ирсэн” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар няцаагдаж, С.Бадам нь 2016 оны 07 дугаар сарын 06-ны шөнө хохирогч П.Батбаатарын мустанг-5 маркийн 01-25 АР улсын дугаартай мотоциклийг хулгайлсан нь бүрэн нотлогдохгүй байх тул С.Бадамд холбогдох энэ үйлдэл холбогдолыг хэрэгсэхгүй болгож, хохирогч П.Батбаатарын 1.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй байна. 

Шүүгдэгч С.Бадам нь Архангай аймгийн сум дундын шүүхийн 2003 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 1 хоног баривчлах ялаар, Архангай аймгийн сум дундын шүүхийн 2004 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сар баривчлах ялаар, Архангай аймгийн сум дундын шүүхийн 2005 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 3 сар 1 хоногийн хорих ялаар тус тус шийтгэгдэж, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2006 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 03 дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3.1-д зааснаар эдлээгүй үлдсэн 11 сар 7 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзан суллагдсан, Архангай аймгийн сум дундын шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 92 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 1 хоног баривчлах ялаар шийтгэгдэж байсан ба Анхны ардичлсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгууллагадсны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар түүний ялтай байдал өршөөгдөж, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байгаа боловч С.Бадамын хувийн байдал, согтуугаар гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан түүнд шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй байна. 

 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан мотоциклийн түлхүүр 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч П.Батбаатарт буцаан олгох, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч С.Бадам нь 79 хоног цагдан хоригдсон, хохирогч нарт төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 
 
 Монгол улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                          
      
       ТОГТООХ нь:
    
1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасан үндэслэлээр шүүгдэгч Боржигон овогт Сандрайн Бадамын “2016 оны 07 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар багийн нутгаас иргэн П.Батбаатарын цэнхэр өнгийн мустанг-5 маркийн 01-25 АР улсын дугаартай мотоциклийг хулгайлж бусдад 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан” гэх үйлдэл холбогдолыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Шүүгдэгч С.Бадамыг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгө хулгайлсан, мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч С.Бадамыг эд хөрөнгө хураахгүйгээр 06 /зургаа/ сарын хугацаагаар баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүгдэгч С.Бадамд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 06 сарын хугацаагаар баривчлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 1 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоосугай. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч С.Бадамын эдлэх ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй. 

6. Шүүдэгч С.Бадам нь бусдад төлөх хохирол төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогч П.Батбаатар нь өөрт учирсан хохиролыг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай. 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч С.Бадамын цагдан хоригдсон 79 хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай. 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан мотоциклийн 1 ширхэг түлхүүрийг хохирогч П.Батбаатарт буцаан олгосугай. 

9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Бадамд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

10. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар гардан авсан  өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор  эсэргүүцэл бичих эрхтэйг   дурдсугай. 

                                                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Р.АЛТАНЦЭЦЭГ