| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2020/05207/И |
| Дугаар | 101/ШШ2021/00336 |
| Огноо | 2021-01-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 101/ШШ2021/00336
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Нэхэмжлэгч: Г.Н-ийн нэхэмжлэлтэй, Хариуцагч: Б.Э Хариуцагч: Б.Т нарт холбогдох Зээлийн гэрээний хүүд 1,825,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Д, хариуцагч, хариуцагч Б.Тын төлөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч Г.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Б.Э нь 2019 оны 06-р сарын 23-ны өдөр Г.Н-аас 3.200.000 төгрөгийг хувийн хэрэгцээнд бараа татан авах зорилгоор зээлсэн. Уг мөнгийг нэг сарын хугацаатай хүүгүй зээлдэн авч 2019 оны 07-р сарын 23-ны өдөр төлөхөөр тохиролцсон. Гэтэл үүнээс 500.000 төгрөгийг төлж үлдэгдэл 2.700.000 төгрөгийг төлөөгүй хугацаа хэтэрсэн. Г.Н-ийн зүгээс мөнгөө өгөхийг шаардаж удаа дараа залгахад зээлээ төлөөгүй ба Б.Э нь өөр ажил хөөцөлдөж байна та 950,000 төгрөг дахиад зээлээч тэгвэл энэ ажил бүтээд би бүх мөнгийг чинь бүрэн төлж барагдуулна гэж хэлээд дахин 950.000 төгрөгийг зээлдүүлсэн байна. 950.000 төгрөг зээлдүүлэхдээ гэрээ байгуулаагүй өмнөх зээлээ төлөхдөө хамт төлнө гэсний дагуу итгэж зээлдүүлсэн байна. Б.Э нь нийт 2.700.000 төгрөг дээрээ нэмж 950,000 төгрөгийг зээлж аваад 3.650.000 төгрөгийг төлөхөөр болж авсан байна. Гэтэл зээл төлөх хугацаа болж удаа дараа Г.Н-ийн зүгээс мөнгөө төлөхийг шаардахад БНСУ-ыг зорьсон байгаа миний өмнөөс манай дүү энэ зээлийг төлж барагдуулна гэсэн хариуг өгч өдөр бүр facebook-ээр солонгост ажиллаж байгаа байдалтай харилцдаг болсон. 2019 оны 08-р сарын 15-ны өдөр Б.Эгийн дүү гэх Б.Т нь Г.Нтай уулзаж миний нэр дээр байгаа газар байгаа би тэрийг танд барьцаанд тавиад Б.Эгийн зээлийг төлье гэж хэлээд хүүтэй төлөхөөр тохиролцож нотариатаар орж гэрээ байгуулан 3.700.000 төгрөгийг 5 хувийн хүүтэй зээлж төлөхөөр тохиролцон гэрээ байгуулсан. Б.Т нь Чингэлтэй дүүргийн 13-р хороо, сургуулийн 45 гудамж 966 тоот, 354 м.кв гэр бүлийн хэрэгцээний газраа барьцаанд тавьж зээлийг 2019 оны 10-р сарын 09-ны дотор үлдэгдэл мөнгийг төлж барагдуулахаар болсон. Гэтэл эдгээр хүмүүс нь зээлээ төлөхгүй худлаа ярьж алга болсон. Энэ хугацаанд Г.Н-ийн зүгээс Б.Э болон Б.Т нар руу залгаж зээлсэн мөнгөө шаардахад удахгүй төлнө гэж шалтаг тавьсаар байсан. Г.Н нь мөнгөө өгөхүй удахаар нь 2020 оны 05-р сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргасан. 2020 оны 06-р сарын 09 өдрийн ...дугаар прокурорын тогтоол гарч иргэд хоорондын зээлийн маргаан тул иргэний журмаар шийдвэрлүүлэх нь зөв гэсэн хариуг өгсөн. Б.Т нь прокурорын тогтоол гарсны дараа 3.000.000 төгрөгийг төлж, үлдэгдэл мөнгийг удахгүй төлнө гэсэн боловч одоог хүртэлх хугацаанд төлөөгүй болно. Иймд 3.000.000 төгрөгийг үндсэн зээлээс нь хасаж зээлийн хүү 2020 оны 10-р сарын 07-ны өдрийг хүртэлх хугацааны хүү 2.775.000 төгрөг болно. Үүнээс 1.825.000 төгрөгийг Иргэний хуулийн 281-р зүйлийн 281.1, 282.3-т заасны дагуу Б.Т болон Б.Э нараас нэхэмжилж байгаа болно. Зээлийн хүүд 1 825 000 төгрөг гаргуулна. Хариуцагчтай зэрэгцээ ажилладаг байсан. Хэд хэдэн удаа мөнгө зээлж байсан. Гэрээн дээр хүүгүй гэсэн баримт байгаа. Дараа нь мөнгө зээлэхдээ сарын 5 хувийн хүүтэйгээр нотариат дээр гэрээ байгуулж 3 700 000 төгрөг зээлсэн. Дараа нь Солонгос явлаа гээд алга болсон. Утас нь болохгүй байсан тул мессенжерээр холбогдоход удахгүй мөнгийг өгнө гэж явсаар 2020 оны 5 сар хүрсэн. Мессежээр төлнө хүүтэйгээ хэд болж байна гэж хэлдэг байсан. Төлөхгүй байсан тул цагдаад хандсан. Миний бодлоор Солонгос яваагүй. Мессежээр Солонгост байна гэж олон удаа аргацааж байсан. Улмаар 2020 оны 6 сард цагдаад өгөхөд очсон боловч надтай уулзаагүй үндсэн төлбөр 3 700 000 төгрөгийг дансанд тушаасан боловч хүү төлөөгүй. Ингээд би нэхэмжлэл гаргасан гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Д нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Т зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан тул хамтран үүрэг гүйцэтгэх ёстой. Иймд хариуцагч нараас 1 825 000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Т нь шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Т миний бие нь уг Г.Н-аас нэг ч төгрөгийн зээл авч байгаагүй. Эгч маань Солонгос явах болоод энэ хүнд хэдэн төгрөгийн өртэй заавал барьцаа үлдээ гээд байна, эгч нь энэ газрын бичгийн барьцаанаас аваад түр үлдээгээд явлаа гэсэн. Уг нь энэ хашааг миний эгч Эрдэнэтуяа аав ээжийг мань хөдөөнөөс орж ирэхэд нь авч өгч байсан юм. Аав маань өнгөрөөд би айлын бага хүү ээжтэйгээ үлдсэн юм. Ингээд миний нэр дээр болсон юм. Би хуулийн зөвлөгөө авсан. Газрын бичгийг барьцаалж болдоггүй юм байна лээ. Бид буруу зүйл хийсэндээ харамсаж байна. Би энэ Г.Н-тай анх газрын бичгээ аваачиж өгөхдөө уулзсан. Дахиж нэг ч удаа уулзаж, утсаар ярьж байгаагүй нь үнэн болно. Би Г.Н-д мөнгө төлж байгаагүй, миний эгч 3,700,000 төгрөг төлж байсан. Миний эгч намайг очиж газрын бичгээ аваарай гэсэн. Би хоёр удаа Урт цагааны урд байрлах Тайвань гэх оффисийн 5 давхарт очсон боловч хүн байгаагүй. Миний эгчээс энэ хүн хүү нийлээд бүх өр нь 5,800,000 төгрөг нэхээд байсан юм байна лээ. Эгч маань энэ их мөнгө төлөхгүй гээд яваад өгсөн. Сүүлд Баянзүрх дүүргийн цагдаад 3,700,000 төгрөг нэхсэн байсныг нь төлчихлөө гээд ярьсан. Би энэ хүнтэй ямар ч холбоогүй, зээл авч байгаагүй. Миний газрын бичгийг энэ хүнээс авахад минь тусална гэдэгт найдаж байна. Би 4 хүүхэд, эхнэрийн хамт мөн ээжийн хамт амьдардаг. Ээж маань 80 настай өвчтэй хүн байдаг. Би өөрөө татаж унадаг өвчтэй мөн амьдрал тааруу байдаг. Шүүх маань үнэн зөв шийд гаргана гэдэгт найдаж байна гэжээ.
Хариуцагч бөгөөд хариуцагчийн төлөөлөгч Б.Э нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Э миний бие 2016 оноос Мөнх худалдааны төвд лангуу түрээсэлж мөн бараа татан авалтаа ОХУ-аас зөөвөрлөн оруулж ирдэг байсан. Ингээд 2018 онд тус захын 2 давхарт ....гэх нэртэй ломбард нээгдэж ашиглалтад орсон. 2018 оноос лангуу түрээслэгч нар өдрийн зээлийг 8-10 хувийн хүүтэйгээр мөнгө хүүлэгч Г.Нгаас зээлж эхэлсэн. Би цаг тухайд нь зээл болон зээлийн хүүгээ төлж барагдуулж байсан. Би хэзээ ч сарын хугацаатай зээл авч байсангүй. Энэ хүн хэзээ ч тэгж өгч байгаагүй. 5,000,000 төгрөг авахад 170,000 төгрөгөөс 180,000 төгрөг төлдөг байсан. Г.Нгийн хэлснээр 3,200,000 төгрөгийг өдрөөр зээлсэн. 500,000 төгрөгийг буцаан төлсөн. Энэ хугацаанд Солонгос явах виз гарсан. Би очоод ажил хийгээд өрөө төлье 2,700,000 төгрөгт барьцаа үлдээчих гээд би дүүгийнхээ хашаа газрын бичгийг 900,000 төгрөгийн барьцаанд байгааг хэлсэн. Би аваад барьцаанд үлдээчих гэсэн. Ингээд уг өрийг төлөөд Г.Нд өгсөн. Миний дүү Б.Тын эхнэр н.Баасансүрэн бид гурав хамт Урт цагааны урд байрлах Тайвань цогцолбор гэх 5 давхар цагаан байшинд 5 давхарт өрөөнд нь орсон. Хашааны бичгээ түр үлдээчихье гэхэд заавал гэрээ хийе гээд гэрээ хийсэн. Манай дүү Б.Т энэ хүнээс мөнгө аваагүй нь үнэн болно. Миний өмнөөс дүү маань төлж барагдуулна гэж огт ярьж байгаагүй, тийм ч чадваргүй. Өөрөө өвчтэй, 4 хүүхэд 80 хүрсэн ээжийн хамт амьдардаг. Ийм хүмүүсийг хаашаа яв гээд байгаа юм. Би урьд нь их хэмжээний бараа татах болоод 5,000,000 төгрөг зээлж эргэж төлөх боломжгүй болоод дээр нь Солонгос явах гээд мөнгөний оронд нь Альфард маркийн машинаа хүү алданги тооцоод 7,700,000 төгрөгт өгсөн. Энэ хүн цааш нь 11,000,000 төгрөгөөр зарсан байна лээ. Худалдаж авсан хүнтэй нь таарсан юм. Бид гурав анх удаа цуг очсон. Манай дүү дахиж хэзээ ч Г.Нтай уулзаж байгаагүй. Дүү рүү минь нэг ч залгаж байгаагүй гэсэн. Зөвхөн надтай ярьдаг байсан. Энэ бүхэн Б.Тт ямар ч хамаагүй болно. Би өөрөө дангаараа хариуцна. Ингээд 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргасан байсан. Тэр өдөр Эрдэнэ гэх цагдаагийн мөрдөгчтэй очиж уулзаад надаас 3,700,000 төгрөг нэхэмжилсэн байсан. Прокурорт шилжээгүй байхад маргааш нь Г.Нгийн дансанд баярлаад шилжүүлсэн. Яагаад баярласан гэвэл надаас 5,800,000 төгрөг нэхээд байсан юм. Ингээд би төлөхгүй гээд бид хоёр ойлголцохгүй байсан юм. Одоо би хүү алданги төлөх боломжгүй. Хүүгийн мөнгийг нь түүнд хангалттай өгсөн гэж бодож байна. Тэгээд хүнээс авсан нь үнэн юм чинь цувуулж байгаад төлнө гэж боддог байсан. Гэвч энэ нөхөр арай их хүү алданги нэхээд дээр нь хэл амаар доромжилж бүх муухай хараалын үгээр харааж, би бол танил тал ихтэй, та нарыг шоронд өгнө, миний танил их том хүмүүс байдаг гээд доромжилж өгдөг байсан. Эхний удаа надад тэгж хэлдэггүй байсан ч сүүлд нь утсаар аймар загнаж сүрдүүлсэн. Ер нь энэ мөнгө хүүлэгчээс болж Мөнх худалдааны төвийн лангуу түрээслэгч нар дампуурч ихэнх нь ашиггүй болж өрөнд орсон. Г.Нг их муу хүн гэж хэлэхгүй сайн залуу. Надад тусалсан, надаас шалтгаалсан зүйл болсон байх. Би одоо бүх өр зээлээ төлсөн гэж бодож байна. Би Солонгос явах гээд виз гарахгүй хөөцөлдөөд 6,000,000 төгрөг төлж байж виз гарсан. Би очоод харлах зорилготой байсан ч өвчин гараад эргээд ирсэн. Ингээд би шатаж өрөө төлөх боломжгүй болсон юм. Би цагдаад төлсөн өрийг төлж дууссан гэж бодоод газрын бичгээ дараа авъя гэж бодсон боловч одоог хүртэл авч чадаагүй явна. Энэ хүний танил тал арын хаалга гэх зэрэг бүх зүйл нь надад огтхон ч хамаагүй. Би Солонгос явахдаа лангууныхаа үлдэгдэл барааг бүгдийг нь хувь зээлээр хүмүүст тараасан. Яаралтай явах болчхоод тэр үед бэлэн мөнгөөр авах хүн алга байсан. Уг нь барааны мөнгөө бэлэн авч чадсан бол уг өрийг нь өгөх байсан. 2 сар хагасын дараа ирээд барааны мөнгө авах гээд өдөр болгон явж байна. Би одоо гаднаас барааны мөнгө гэж 8,900,000 төгрөг авах ёстой. Цувуулаад бага багаар нь авч байна. Заримдаа ч 20,000 төгрөг, 50,000 төгрөг өгөх юм. Одоогоор би ажилгүй байгаа. Нуруу өвдөөд эмнэлэгт хэвтээд гарсан. Өдөр болгон өр авлагаа нэхээд хэрүүл хийгээд энэ хорвоог туулж явна даа. Мөнгө буцааж өгөхөд энэ нийгэм, энэ өвчин бүгд холбоотой. Бүх хүмүүс хэцүү байх шиг байна. Монгол Улсын маань үнэнч шударга шүүгч нар минь үнэн зөв бодит хариуг гаргана гэдэгт итгэлтэй байна. Нэхэмжлэлийг бүхэлд зөвшөөрөхгүй. Учир нь нэхэмжлэгчээс мөнгө авсан нь үнэн бөгөөд буцаан төлсөн. Нэхэмжлэгч нь өдрийн зээл өгдөг юм. 5 саяыг аваад төлж чадахгүй байж байгаад машин өгсөн. Мөн өөр зээл аваад хүү төлдөг байсан. Би солонгос явж чадаагүй. Би виз гаргуулахаар залилуулсан. Өмнөговьд ажилласан. Намайг цагдаад дуудаад очиход 3 700 000 төгрөг төлчих гэхээр нь маргааш нь төлсөн. Нэхэмжлэгч нь надаас 5 сая гаран нэхээд байсан. Хүнээс асуухад үндсэн зээлээ төлчих гэхээр нь төлсөн. 2 700 000 төгрөгийн зээл авсан байсан. Солонгос явах гэж байсан тул барьцаа болгож хашаагаа тавь гэхэд хашаа барьцаанд байсан тул 950 000 төгрөг нэхэмжлэгч төлөөд барьцаалсан. Нэр шилжсэн эсэхийг мэдэхгүй. 3 700 000 төгрөг төлсөн тул бүх юм дуусаад хашааны бичгийг дүү авчих байх гэж бодсон. 1 825 000 төгрөгийн хүү гэж нэхэж байгаа нь чанга байна. Би хөдөлмөр ч хүн, луйвар хийдэггүй гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч Г.Н нь зээлийн гэрээний хүүд 1,825,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Б.Э нь зээлийг төлсөн гэж, харин хариуцагч Б.Т нь зээл аваагүй гэж маргаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Г.Н нь хариуцагч Б.Эд зээлийн зориулалтаар 2019 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 2,700,000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 950,000 төгрөгийг дансаар шилжүүлэн олгосон болох нь тэдгээрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон бөгөөд хэн аль нь энэ талаар маргаагүй. Иймд зохигчийн маргаагүй үйл баримтыг шүүх нотлох шаардлагагүй юм. Түүнчлэн хариуцагч Б.Э нь 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 3,700,000 төгрөгийг буцаан төлсөн болох нь түүний Хаан банк дахь дансны хуулгаар тогтоогдсон. /хэргийн 26 дугаар тал/ Хариуцагч Б.Эгийн ийнхүү шилжүүлснийг хүлээн авсан .... тоот дансыг нэхэмжлэгч нь эзэмшдэг болохоо шүүх хуралдаанд зөвшөөрсөн. Эдгээрээс зохигчийн хооронд тухайн үед зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.
Зохигчийн хэн алины тайлбараар 2019 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 2,700,000 төгрөгийн зээлийг олгох үед бичгийн хэлбэрээр гэрээ байгуулаагүй бөгөөд харин 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 950,000 төгрөгийн зээл нэмж олгох үед хариуцагч Б.Т-тай өмнөх зээлийг нэмж тооцон 3,700,000 төгрөгөөс хүү тооцохоор тохиролцож гэрээ байгуулсан болох нь тогтоогдсон. Үүнээс үзэхэд 2019 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 2,700,000 төгрөгийн зээлийн хувьд бичгийн хэлбэрээр гэрээ байгуулаагүй байх тул хүү шаардах нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т нийцэхгүй. Өөрөөр хэлбэл хүү шаардах эрхгүй. Харин 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хариуцагч Б.Т-тай зээлийн гэрээ байгуулах үед хүүгийн талаар тохиролцсон байна. Гэвч хариуцагч Б.Э-д олгосон зээл болох 2,700,000 төгрөгийг нэмж тооцсоноор 2,700,000 төгрөгийн зээлдэгч биш этгээдтэй гэрээ байгуулсан, мөн уг гэрээгээр 2,700,000 төгрөг олгогдоогүй, энэхүү мөнгөн дүнгийн хувьд нөхөж хийсэн гэрээ байх тул хүү шаардах үндэслэлгүй. Улмаар тухайн үед олгогдсон 950,000 төгрөгийн хувьд гэрээний оролцогч биш этгээд болох хариуцагч Б.Э-д олгосон нь зохигчийн хэн алины тайлбараар тогтоогдсон. Иймд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар энэ гэрээ нь хүчин төгөлдөр болоогүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч нь хариуцагч Б.Э-д нийт 3,650,000 төгрөгийн зээл олгосон ба дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нь хүү шаардах эрхгүй байх боловч хариуцагч Б.Э нь нийт 3,700,000 төгрөг төлсөн нь түүний зээлийн хүүд зөрүү 50,000 төгрөг төлөх эрхийг хязгаарлахгүй юм.
Эдгээр үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь: 1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 282.4-т зааснаар хариуцагч Б.Э, Б.Т нарт холбогдох зээлийн гэрээний хүүд 1,825,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Н-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 44,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД
|