Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 101/ШШ2021/00342

 

2021 01 27

101/ШШ2021/00342

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: А.О-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С.Д-д холбогдох

4,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.О, хариуцагч С.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Иргэн А.О миний бие нь иргэн С.Д-тай харилцан тохиролцож 2017 оны 5 дугаар сарын 3-ны өдөр ... тоот Зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулж, 5,000,000 төгрөгийг, 12 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн. Зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж нотариатаар батлуулсан. Зээлдэгч С.Дд гэрээний 2.1.3-д заасан төрийн банкны дансанд нь мөнгийг шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр А.О-оос гэж шилжүүлсэн. Учир нь энэ мөнгийг би таньдаг эгчээсээ түр зээлж аван С.Д-ийн данс руу шилжүүлээд өгөөч гэсний дагуу шилжүүлсэн. С.Д нь 2018 оны 5 дугаар сарын 3-ны өдөр зээлийг бүрэн төлж дуусгах байтал, үндсэн зээлээс 3,000,000 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй. С.Д нь 2018 оны 2-р сараас хойш зээл, хүү төлөхөө больсон тул би утсаар ярьж, мөн өөрийн биеэр эмийн сангийн хаягаар болон гэрийн хаягаар очиж уулзахад гэр бүлийн асуудалтай байгаа эгч нь бүх хохирлыг төлнө гэсэн боловч төлөөгүйн дээр сүүлдээ утсаа авахгүй санаатай зайлсхийж дугаараа удаа дараа сольсны дээр сураг чимээгүй алга болсон. Энэ хугацаанд надад мөнгө зээлдүүлсэн эгч маань зээлээ дуусгахгүй бол арга хэмжээ авна гэсэн тул Дэлгэрмаатай холбогдож чадахгүй байсан болохоор өмнөөс нь төлж дуусгасан. Тиймээс 2018 оны 5 дугаар сарын 4-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 5-ны өдөр хүртэл нийт 857 хоногийн хугацаа өнгөрсөн байсан. Зээлийн гэрээний дагуу алданги тооцох нөхцөл байдал үүссэн бөгөөд хоног тутамд 0,5 хувийн буюу 15,000 төгрөгийн алданги 857 хоногоор тооцоход 12,855,000 төгрөг болж байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 3,000,000 төгрөгийн алданги нь 1,500,000 төгрөгөөс хэтрэхгүй байхаар хуульд заасан байна. Иймд С.Д-аас үндсэн зээл 3,000,000 төгрөг, алдангид 1,500,000 төгрөг нийт 4,500,000 төгрөг гаргуулан өгнө үү.

Хариуцагч С.Д-ийн тайлбартаа танилцлаа. Би 2017 оноос хойш уг зээлийг төлөөлд өгөөч гэж явсан. С.Д төлнө гээд хэлсэн ярьсандаа байдаггүй өдийг хүртэл 3 жил болсон. 4,500,000 төгрөгийг сард 100,000 төгрөгөөр төлөхөд дахиад бараг 4 жилийн хугацаа орно. Өмнө нь төлөөгүй өдийг хүрсэн С.Д төлөхгүй дахин хугацаа алдана. Би энэ мөнгийг хүнээс авч өгсөн гэж нэхэмжлэлдээ тусгаж байсан, одоо би нялх хүүхэдтэй гэртээ хүүхдээ харж суудаг тул дахин урт хугацаанд хүлээж тайлбарыг хүлээн зөвшөөрч чадахгүй тул шүүх хуралдааныг зарлаж өгнө үү.

Зээлийн гэрээний үүрэгт үндсэн 3 000 000 төгрөг, алданги 1 500 000 төгрөг, нийт 4 500 000 төгрөг гаргуулна. 2017.5.3-нд 5 саяыг төлсөн. Сар болгон төлж байгаад 2018 оны 1 сараас төлөхөө больсон. 2018.5.3-нд гэрээний хугацаа дууссан. Олон удаа уулзахад боломжгүй байна гэдэг байсан. Цалинтай болсон төлнө гэсэн боловч төлөөгүй. Дараа нь төлөх боломжгүй гэсэн. Угаалгын машин өгсөн нь үнэн. Үүнийг зараад хүүд тооцсон. Гэрээнд заасны дагуу алданги тооцсон. Хүү нэхээгүй гэв.

 

Хариуцагч С.Д нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие иргэн А.О-аас 2017.5.3-ны өдөр 5,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай сарын 4 хувийн зээлсэн үнэн. Миний бие эмийн сан ажиллуулж байгаад 2017 оны 9 сараас үйл ажиллагаа явуулж чадахаа больж дампуурсан. Үүнийг А.О-т тодорхой тайлбарлаж, гэр байсан угаалгын машин, хөлдөөгчийг 2017.9.20-нд өгч явуулаад эгчийнхээ өрнөөс бага ч гэсэн хасаж тооцоо ч гэж гуйсан. Үүнээс хойш би ажилгүй, орон гэргүй, 2 хүүхэдтэйгээ хэцүүхэн амьдарч байгаад 2019.7.20-с Их Баянбүрд эмийн санд сарын 850,000 төгрөгийн цалинтай ажилд орсон. Би тус компани учир зүйгээ үнэн зөвөөр тайлбарлаж өөр бусад өрөө төлүүлсэн. Одоогоор би өөрийн гар дээр сард 250,000 төгрөг авч 2 хүүхэдтэйгээ амьдарч байна. Сар бүр 600,000 төгрөг компанид суутгуулдаг. Эгч нь сард 250,000 төгрөгөөр амьдарч байна, өрийг төлөхгүй гээгүй, сард 100,000 төгрөгөөр төлье, харин хүүг нь үнэндээ төлж чадахгүй гэж хэлсэн.

Уг мөнгийг 2020.12.05-ны өдрөөс эхлэн сар бүрийн 5-ны өдөр 100,000 төгрөг төлж барагдуулах хүсэлтэй байна.

Нэхэмжлэгчийн тайлбар зөв байна. Би бүх учраа тайлбарлаж байсан. Арга барагдаад угаалгын машин өгсөн. Би үнэнээ л хэлж байсан. Зугтаасан зүйл байхгүй. Хүү төлж чадахгүй харж үзээч гэж хэлж байсан. Хүү авна гээд шүүхэд хандана гэхээр нь тэг гэсэн гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.О нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 3,000,000 төгрөг, алданги 1,500,000 төгрөг, нийт 4,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч С.Д нь зээл авсан талаар маргаагүй боловч сард 100,000 төгрөгөөр төлж дуусгах санал гаргасан боловч нэхэмжлэгч уг саналыг зөвшөөрөөгүй.

 

Хариуцагчийн эвлэрэх саналыг нэхэмжлэгч зөвшөөрөөгүй тул шүүх хэргийн бодит байдлыг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

Зохигч 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 5,000,000 төгрөгийн үнэ бүхий зээлийн гэрээ байгуулсан байна. Уг гэрээгээр 12 сарын хугацаанд сарын 4 хувь, жилийн 48 хувийн хүү төлөхөөр тохиролцжээ. /хэргийн 7-8 дугаар тал/

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281-д зааснаар зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч нь мөнгө, эсхүл төрлийн шинжээр тодорхойлогдох эд зүйлийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх, зээлдэгч нь тогтоосон хугацаанд энэхүү мөнгө буюу эд зүйлийг буцаан төлөх үүрэг хүлээдэг.

Нэхэмжлэгч нь гэрээний дагуу олгосон гэх зээлийг З.О-ын Төрийн банк дахь дансны хуулгаар нотлогдоно гэж тайлбарласан бол харин хариуцагч уг этгээдийг танихгүй гэж маргаж байна. Үүнээс гадна нэхэмжлэгч нь 5,000,000 төгрөгийн зээл олгосон гэж тайлбарласан бол дээрх З.Оюунчимэгийн данснаас 4,975,000 төгрөгийн гүйлгээ хийгджээ. /хэргийн 6 дугаар тал/

Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу зээлийг олгосон гэж үзэх боломжгүй юм. Учир нь мөнгийг шилжүүлсэн этгээд болох З.О уг 4,975,000 төгрөгийг хүлээн авсан этгээдээс буцаан шаардах эрх нээлттэй байна. Тодруулбал, нэхэмжлэгч нь энэхүү мөнгө нь зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу олгогдсон зээл мөн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргийн дагуу нотлоогүй.

Нэхэмжлэгч нь хэрэв зээлийн гэрээний дагуу бусдын данснаас зээл олгосон бол уг дансны эзэмшигчийг гэрчээр асуулгах, эсхүл бусад арга хэрэгслээр өөрийн тайлбарыг нотлох боломжтой байсан.

Мөн зохигч хэн аль нь гэрч асуулгах хүсэлт гаргаагүй тул шүүх өөрийн санаачилгаар гэрчийг дуудан ирүүлэх боломжгүй юм.

Иймд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар зээлийн гэрээ хүчин төгөлдөр болоогүй байх тул нэхэмжлэгч нь үндсэн зээл, хүү, алданги шаардах эрхгүй.

 

Үүнээс гадна хариуцагч нь 2,148,000 төгрөг болон угаалгын машин, хөлдөөгчийг зээлийн төлбөрт нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн талаар хэн аль маргаагүй. Нэхэмжлэгч нь угаалгын машин, хөлдөөгчийг 500,000 төгрөгөөр худалдаж, зээлийн хүүд тооцсон гэж, зохигч хэн аль нь дээрх эд зүйлийг хүлээлгэн өгөхдөө үнийн талаар тохиролцоогүй гэж тус тус тайлбарлаж байх тул хариуцагчийг нийт 2,648,000 төгрөг төлсөн гэж үзэх үндэслэлтэй.

Гэвч хүчин төгөлдөр бус, олгогдоогүй зээлийн гэрээний дагуу буцаан төлбөр төлсөн байх боловч хариуцагч нь сөрөг нэхэмжлэл гаргаагүй тул шүүх энэ талаар дүгнэлт өгөх боломжгүй. Мөн мөнгө шилжүүлсэн гэх З.Оюунчимэг нь энэ хэргийн оролцогч биш, түүний шилжүүлсэн 4,975,000 төгрөг нь юуны зориулалтаар, хэнд шилжүүлсэн нь тодорхойгүй тул шүүх дүгнэлт өгөх шаардлагагүй юм.

Тодруулбал, хариуцагч нь өөрийн төлсөн төлбөрийн талаар, З.О нь шилжүүлсэн мөнгөний талаар зохих этгээдэд холбогдуулан жич нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүй.

 

Эдгээр үндэслэлийг бүхэлд нь нэгтгэн дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.            Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.3-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч С.Д-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 3,000,000 төгрөг, алданги 1,500,000 төгрөг, нийт 4,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч А.О-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД