| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Самандаабазарын Өлзийн-Отгон |
| Хэргийн индекс | 107/2024/0007/э |
| Дугаар | 2024/ШЦТ/07 |
| Огноо | 2024-01-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Б |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 2024/ШЦТ/07
2024 01 12 2024/ШЦТ/07
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.Н,
Улсын яллагч С.Б,
Хохирогч Д.А,
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн 2304001790133 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1993 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Завхан аймгийн Асгат суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бага ангийн багш мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилтгүй, ам бүл 7, нөхөр, 5 хүүхдийн хамт, Багануур дүүргийн .. дүгээр хороо, ...дүгээр гудамжны .. тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, А овгийн Б-ын Б /РД: /.
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд тогтоосноор/
Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 23 цагийн орчимд Багануур дүүргийн .. дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Майлд хаус” нэртэй баарнаас өөрийн нөхөр А-г авч гарах үедээ нөхөртэй нь хамт байсан хохирогч Д.А-г нөхөртэйгөө хардсаны улмаас зүүн талын хацар, чих орчимд нь нэг удаа гараараа цохиж, эрүүл мэндэд нь “зүүн талын чихний хэнгэргэн хальсны төвийн цооролт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 23 цагийн орчим би бага хүүхдээ хараад эмнэлэгт хэвтэж байгаад нөхөр рүүгээ залгахад утас нь холбогдохгүй байсан. Тэгээд гэрт байгаа 4 хүүхдээ яасан юм бол гээд санаа зовоод бага хүүхдээ эмнэлэгт үлдээгээд өөрөө эмнэлгээс түр гараад гэртээ очтол гэрт хэн ч байгаагүй, хүүхдүүд ч байгаагүй. Манайх Багануурт нүүж ирээд удаагүй, таних ямар ч айл байдаггүй болохоор нөхрийгөө хүүхдүүдээ хаана, хэнийд үлдээгээд явсан бол гэж маш их санаа зовсон. Тэгээд таксинд явж байхдаа жолоочийх нь утсаар нөхөр рүүгээ залгахад утсаа авсан ба цаана нь хөгжим дуугараад байсан. Тэгтэл таксины жолооч надад “энд нэг баар байдаг, тэр юм шиг байна” гэж хэлэхээр нь тэр бааранд ортол манай нөхөр бүжгийн талбайд бүжиглэж байхаар нь миний уур гэнэт хүрээд “4 хүүхдүүд хаана байгаа юм бэ” гээд нөхрийгөө түлхээд унагасан. Тэгтэл хажуунаас нэг танихгүй хүүхэн “та болиоч ээ эгчээ” гэхээр нь би “чи дуугай бай, би нөхөртэйгөө ярьж байна” гээд эргэж хараад тэр хүүхнийг алгадчихсан юм” гэв /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Хохирогч Д.А шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 22 цагийн үед О гэдэг найз маань над руу яриад “хамт жаахан суух уу” гэхээр нь ажил тарж байсан тул би зөвшөөрсөн. Тэгээд уулзаад Багануур дүүргийн .. дүгээр хороонд байрлах “Майлд” бааранд ороод пиво уугаад сууж байхад манай найз энэ шүүгдэгчийн нөхөр А гэдэг хүнийг танилцуулсан. Бид нар бүжгийн талбай тойроод бүжиглээд зогсож байтал гаднаас нэг хүүхэн орж ирээд манай ширээн дээр сууж байсан ахыг түлхэж унагаад цохиод байсан. Тэгэхээр нь би салгах зорилгоор дундуур нь ороод “эгчээ та болиоч ээ” гэхэд эргэж хараад намайг хүчтэй алгадсан. Энэ алгадалтаас болоод миний зүүн чихний хэнгэрэгэнд цооролт үүссэн. Цохиулсан даруйдаа мэдэгдээгүй ч шөнө унтаж байтал 03 цагийн үед гэнэт чихнээс цус гараад эхэлсэн. Тэгээд эмнэлэгт үзүүлэхэд хэнгэрэг цоорсон байна гэсэн. Үүнээс болоод намайг дуу чимээтэй газар ажиллах боломжгүй, яаралтай сонсголын бичлэг хийлгэ гэж эмч хэлсэн. Ингээд ажлын газраа хүсэлт өгөөд чөлөөлөгдөх хуудас бичиж өгсөн. Эмчилгээний шаардлагаас хамаараад ажлаасаа чөлөөлөгдөж байгаад гомдолтой байна. Шүүгдэгч мэдүүлэхдээ таксинаасаа буугаад буцаж ирээд уучлалт гуйсан гэж байна. Тийм зүйл болоогүй. Маш их ууртай буцаж ирээд “уучлаарай муу гичий минь” гэж хэлээд явсан. Чихэндээ хагалгаа хийлгэх гээд хувийн эмнэлэгүүдээр орж судалгаа хийсэн. Тэгээд Грандмед эмнэлэгт хийлгэхээр цаг авсан боловч мөнгөний боломж болоогүй. Ер нь бол намайг яаралтай хагалгаанд ор гэсэн. Одоо би 2 хүүхэдтэйгээ амьдардаг, ажилгүй болсон учраас орлогогүй болсон, хүндрэлтэй байна” гэв /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Улсын яллагчаас шинжлэн судлуулсан баримт:
- Гомдол мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл /хх-ийн 1-р хуудас/,
- Хохирогч Д.А-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 7-р хуудас/,
- Гэрч З.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 50-51-р хуудас /,
- Гэрч Ч.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 54-55-р хуудас/,
- Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 281 дугаартай дүгнэлт /хх-ийн 15-16 дугаар хуудас/,
- Шүүгдэгчийн хувийн байдалтай холбогдох баримт /хх-ийн 74-94-р хуудас/,
- Шүүгдэгч Б.Б-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 75-р хуудас/,
- Хохирогч Д.А-ийн эрүүл мэндийн байдлын талаархи баримтууд, гэрэл зураг /хх-ийн 13-32-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.
Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 23 цагийн орчимд Багануур дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Майлд хаус” нэртэй баарнаас өөрийн нөхөр н.А-г авч гарах үедээ нөхөртэй нь хамт байсан хохирогч Д.А-ийг нөхөртэйгөө хардсаны улмаас зүүн талын хацар, чих орчимд нь нэг удаа гараараа цохиж, эрүүл мэндэд нь “зүүн талын чихний хэнгэргэн хальсны төвийн цооролт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Хохирогч Д.А-гийн эрүүл мэндэд учирсан зүүн талын чихний хэнгэргэн хальсны төвийн цооролт бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Б.Б-ын сэтгэл зүйн тогтворгүй байдалтай байх үедээ буюу уур бухимдлаасаа шалтгаалж баруун гараараа хохирогчын зүүн хацарт нэг удаа алгадсан үйлдэлтэй шалтгаант холбоотой болох нь:
- Хохирогч Д.А-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...Би 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр өөрийн найз О-ын хамтаар Багануур дүүргийн .. дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Майлд" нэртэй бааранд орж үйлчлүүлсэн. Тухайн үед 22 цаг болж байсан. Бид О-ын хамтаар бааранд 1 шил Экспорт нэртэй 0,75 литрийн багтаамжтай архи, 5 шил Сэнгүр нэртэй пиво авсан ба бааранд О-ын ах гэх хүнтэй таарч хамт нэг ширээнд суусан. Ингээд бид нар сууж байгаад бүжгийн талбай дээр гарч бүжиглэж байтал манай ширээ дээр сууж байсан О-ын ах гэх хүнийг үл таних эмэгтэй хүн зодож цохиод эхэлсэн. Тэгэхээр нь би "Хөөе эгч ээ" гэж хэлсэн чинь эргэж хараад намайг баруун гараараа нэг удаа миний нүүрний зүүн тал руу алгадсан. Тухайн үед миний толгой эргээд хажууд бүжиглэж байсан залууг түшиж зогсож байгаад гайгүй болохоор нь араас нь гарч асууя гэж бодоод тэр эмэгтэйн араас гарсан. Намайг араас нь гараад тэр үл таних эмэгтэйтэй уулзахад тэр эмэгтэй намайг хэл амаар доромжилж эхэлсэн. Тэгээд би баарнаас хувцсаа аваад гарч ирсэн чинь цагдаагийн алба хаагч нар ирсэн... Миний хувьд гомдолтой байна. Б гэх эмэгтэйд цохиулснаас болж миний зүүн талын хэнгэрэг хагарсан. Яаралтай хагалгаанд орох шаардлагатай байгаа ба эмчилгээний зардлаа нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-р хуудас/,
- Гэрч З.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...бид 3 бааранд орж уух зүйлс захиалсан. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан учир цааш юу болсон гэдгийг сайн санахгүй байна. Миний мэдэж байгаагаар А-ийн эхнэр Б бид нарын араас орж ирж хэрүүл маргаан хийсэн ба А-д уурлаж А-г баахан цохисон, мөн надад “хүний нөхөр дагуулж явлаа” гэж уурласан. А-ийн эхнэр нь нөхрөө дагуулж гарах үедээ А-г цохисон юм шиг байна лээ, би тэр болсон асуудлыг сайн санахгүй байна. Сүүлд нь А-с болсон явдлын талаар сонссон. Мөн дараа нь А-г над руу залгаад А-н эхнэр нь намайг цохиж миний биед гэмтэл учруулсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-51-р хуудас/,
- Гэрч Ч.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...23 цаг өнгөрч байхад гаднаас нимгэн хувцастай намхан шар эмэгтэй орж ирээд бүжгийн талбай тойрч явж байгаад бүжгийн талбайн зүүн талд бүжиглэж байсан үл таних эрэгтэй хүн дээр очоод шууд цохиж аваад “чи намайг өвчтэй зовлонтой хүүхэд хараад эмнэлэгт хэвтэж байхад ингэж явлаа” гээд чирээд гарах гэж байсан. Тэгсэн чинь тухайн эрэгтэй хүний хажууд бүжиглэж байсан эмэгтэйг бас цохиод тэгээд гадаа гарсан. Гадаа гараад тэд нар муудалцаж байхад эрэгтэй нь зугтаад явсан, тэгээд юу болсныг би мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54-55-р хуудас/,
- Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 281 дугаартай: “...1.Д.А-н биед зүүн талын чихний хэнгэргэн хальсны төвийн цооролт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой шинэ гэмтэл. 3.Дээрх хэнгэргэн хальсны цоорол гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 15-16-р хуудас/,
- Гомдол мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл /хх-ийн 1-р хуудас/,
- шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан шаардлагын дагуу авсан, хэргийн үйлдлийг нотолж байгаа хохирогч нарын мэдүүлэг нь гэрч нарын мэдүүлэгтэй агуулгын хувьд зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.
Шүүгдэгчид холбогдох хэргийн үйл баримтыг бодитойгоор тогтоох, гэмт этгээдийн гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүй нотолж чадахуйц баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх арга хэмжээг шүүхийн өмнөх шатанд мөрдөгч, прокурорын зүгээс гүйцэд авч хэрэгжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх баримтуудыг хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Гэмт үйлдэл нь хүний идэвхтэй үйл ажиллагаа төдийгүй түүндээ сэтгэл зүйн хувьд хэрхэн хандсан, ямар хүсэл, зорилго сэдэлтийг удирдлага болгон хийснийг илтгэн харуулдаг.
Шүүгдэгч Б.Б нь өөрийн үйлдэл, учирч болох аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас аюултай хор уршиг учрах нь зайлшгүй, эсхүл учрах боломжтой талаар урьдчилан мэдсэн, мэдэх боломжтой байсан тул шүүх түүнийг гэмт хэрэг санаатай үйлдсэн гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.
Улсын яллагчаас: “...Гэмт хэргийн улмаас хохирогч Д.А-н эмчилгээний зардалд гарсан 385,000 төгрөгийг шүүгдэгч Б.Б-с гаргуулж хохирогчид олгуулах саналтай” гэв,
Хохирогч Д.А: “...Эрүүл мэндээ эмчлүүлэхэд баримтаар гарсан 385.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж авах хүсэлтэй байна, мөн одоо яг хэдэн төгрөгийн зардал гарахыг мэдэхгүй байгаа ч цаашид чихний хагалгаанд гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ” гэв,
Шүүгдэгч Б.Б: “...Шүүхээс тогтоосон хохирлыг төлнө” гэв.
Хохирогч Д.А эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан нь Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 281 дугаартай дүгнэлт /хх-ийн 15-16-р хуудас/-ээр тогтоогджээ.
Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрдлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх хохирогчийн гаргасан хохирлын нэхэмжлэлээс түүний үндэслэл, хэрэгт авагдсан баримтаар нотлогдон тогтоогдож байгаа /хх-ийн 13-32-р хуудас/ байдлыг харгалзан эрүүл мэндэд учирсан гэмтлийг эмчлүүлэхтэй холбогдон гарсан зардалд нийт 385,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, тус хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн нэхэмжилсэн хагалгаа хийлгэх зардалтай холбогдох нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Д.А нь эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг шийдвэрт дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тус хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэв.
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Б-ыг хохирогч Д.А-н эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сар 11 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай.” гэв.
Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хийсэн үйлдэлдээ их гэмшиж байна” гэв.
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч Б.Б-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тус тус тогтоогдоогүй болно.
Иймд улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хянаад, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр байнга оршин суух Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Хуцаагийн 4 дүгээр гудамжны 09 тоотод орших хаягаа өөрчлөх, зорчих, мөн шүүхээс тогтоосон чиглэл болох Нийслэлийн Багануур дүүргээс гадагш өөр чиглэлд зорчихыг хориглох үүргийг тус тус хүлээлгэж шийдвэрлэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчид холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ӨЛЗИЙ-ОТГОН