| 2021 01 27 101/ШШ2021/00351 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Нэхэмжлэгч: Д.О СӨХ-ны нэхэмжлэлтэй Хариуцагч: Г.А-д холбогдох СӨХ-ны төлбөрт 376,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.О, хариуцагч Г.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч Д.О СӨХ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.А нь Баянзүрх дүүргийн ... тоотод оршин суугч бөгөөд холбогдох хуульд заасны дагуу дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт хамгаалалт засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг санхүүжүүлэхэд зориулсан зардалд сард 19,800 төгрөг төлөх үүргээ биелүүлэхгүй байсаар нийт 396,000.0 төгрөгийн (2019 онд 9 cap х 19800төгрөг= 178200₮, 2020 онд 11 cap х 19800төгрөг = 217800 төгрөг) өр үүсгэж бусад оршин суугч болон тус холбоог хохироож үйл ажиллагаа явуулахад хүндрэл учруулж байна. СӨХ нь тус оршин суугчид cap бүр мэдэгдэл, шаардах хуудас өгч, удаа дараа биечлэн уулзаж шаардсан боловч үндэслэлгүй тайлбар тавьж үүргээ биелүүлэхгүй тус холбооны үйл ажиллагаанд хүндрэл учруулж байна. СӨХ-ны нэг сарын төлбөр нь засвар тохижилтын зардлын хуримтлал 7700 төгрөг, цэвэрлэгээ материалын зардал 2500 төгрөг, ариутгал халдваргүйжүүлэлтийн зардал 500 төг, бичиг хэргийн зардал 100 төгрөг, үйлчлэгч ажилчдын хөлс 2000 төгрөг, орц гадна талбайн гэрэлтүүлэг 1000 төгрөг, лифт ашиглалтын зардал 6000 төгрөг, нийт 19800 төгрөгөөр тогтоосон Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж баталсан тооцоо нэхэмжлэлийг баримтад хавсаргав. Тус холбоо нь 8 байрны 450 гаруй айл өрхөөс 10425-26500 төгрөгийн хураамж авч дундын өмчлөлийн үйл ажиллагааны зардал болох цахилгаан гэрэлтүүлэг, халуун хүйтэн усны төлбөр, гадна дотор засвар үйлчилгээ, үйлчлэгч цэвэрлэгч ажилчдын цалин хөлс, бусад шаардлагатай засвар үйлчилгээнд батлагдсан төсвийн дагуу зарцуулан үйл ажиллагаагаа явуулдаг юм. 2020 оны 5-р сард ...тоот байрны гадна дотор талын засварт 5.550.000 төгрөгийн засвар шинээр хийж гүйцэтгэсэн болно. Иймд СӨХ-д төлөх 396,000.0 төгрөг мөн шүүхэд нэхэмжлэх гаргахад урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 12,530.0 төгрөгийн хамт гаргуулан өгч тус холбоог хохиролгүй болгож өгнө үү гэжээ. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.О нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 5-12 сар, 2020 оны 1-11 сарын нийт 19 сарын төлбөрт 1 сард 19 800 төгрөг, нийт 376 200 төгрөг гаргуулна. Иргэний хуулийн 143.4-т орон сууцны өмчлөгч холбооны гишүүн байна гэсэн. Мөн дундын эзэмшлийн талбайн ашиглалтын зардлыг төлөх ёстой. СӨХ-н хурлаар 19 800 төгрөг төлөх болсон. Энэ дагуу төлбөр төлдөг. Гэтэл хариуцагч нь төлбөрөө төлөөгүй тул шүүхэд хандсан гэв. Хариуцагч Г.А нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би тус байрны Д.О СӨХ-с гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь эсэргүүцэн тайлбар хүргүүлж байна. Учир нь: 1. Тус барилга 2015 оны 10 дугаар сард ашиглалтад орсон бөгөөд барилгын тухай хуульд зааснаар 3-с доошгүй жил нийтийн эзэмшлийн цэвэрлэгээ хэвийн үйл ажиллагаатай холбогдох зардлыг СӨХ оршин суугчдаас хураах ёсгүй. Тус барилгыг барьсан компани зардлыг хариуцах ёстой. Энэ тухай СӨХ-ны даргад хэлэхэд Энэ чамд хамаагүй зайл эндээс гэж хөөсөн. 2. 38б орцны лифт ажиллах явцдаа чимээ их гаргадаг. /Лифт засвар хариуцсан хүнээс асуухад 2 тулах шкивний шарик нурсан байна, ажиллагаанд нь нөлөөлөхгүй ч дуу чимээ гаргана гэж хэлсэн/. Энэ тухай СӨХ-ны даргад хэлэхэд Аа нэг мэдрэл муутай юм байдаг юм, тэр юу мэддэг юм чамд хамаагүй гэж уурласан. Удаа дараа цэвэрлэгээ, лифтний чимээ зэрэг асуудлаар шаардлага тавихад хүлээж авахаас эрх татгалздаг. Жишээ нь: хамгийн сүүлд манай давхрын гэрэл шатаад 1 сар гаруй болж байна. Одоогийн байдлаар харанхуй хэвээр байгаа өмнө нь 2 удаа миний бие хувиасаа гэрэл сольж байсан. 2019 оны 12 дугаар сард СӨХ-ны дарга 1 хүний хамт гэрт орж ирэн Чамд хамаагүй гэж хэлсэндээ уучлал хүсэж байна гэсэн. Түүнээс хойш СӨХ-ны төлбөрийг тасралтгүй төлж байна. Иймд Барилгын тухай хууль-ийн дагуу 2018 оны 5, 6, 7, 8, 9, 10 саруудын СӨХ-ны төлбөр болон надад хамаагүй байсан 2018 оны 11, 12 сар, 2019 оны 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11 саруудын төлбөрийг төлөхөөс татгалзаж байна. Нэхэмжлэлийг бүхэлд зөвшөөрөхгүй. Би энэ байранд 2018 оны 5 сард орсон. Эхний сарын төлбөрийг төлөөд СӨХ-н үйл ажиллагаатай холбоотой санал шаардлага тавьсан. Энэ нь цэвэрлэгээ, лифтний талаар санал тавьсан. Лифт их чимээтэй тул янзлах санал гаргасан. Цэвэрлэгээг сайжруулаач гэсэн. Гэтэл СӨХ саналыг хүлээж авахгүй, үл хайхарч татгалзсан. Үүнийг би ойлгоогүй. Намайг үл ойшоож, надад хамаагүй гээд хөөсөн. Тэгэхээр нь би надад хамаагүй юм бол гээд төлөөгүй. Дараа нь 2020 оны 2 сард ойлголцоод үүнээс хойш төлөөд явж байгаа. Би иргэний үүргээ биелүүлж байгаа юм. Би цэвэрлэгээ сайжруулах болон лифт засуулах тухай шүүхэд хандаж байгаагүй. Цэвэрлэгээ болон лифтнээс болж бодит хохирол учирсан зүйл байхгүй. Одоо би сард 19,800 төгрөгөө СӨХ-д төлөөд явж байгаа. Өмнө нь миний шаардлагыг хүлээн аваагүй, үл ойшоож чамд хамаагүй гэсэн тул төлөөгүй. Би 2018 оны 06 сараас хойш нийт 20 сарын хугацаанд төлбөр төлөөгүй ба түүнээс хойш төлж байгаа. Харин төлсөн баримтаа авчирч чадаагүй гэв. Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч Д.О СӨХ нь нийт 20 сарын хугацааны дундын өмчлөлийн зүйлийн төлбөр, зардалд нийт 396,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Улмаар түүний төлөөлөгч Ж.О нь 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр олгосон итгэмжлэл /хэргийн 8 дугаар тал/-д заасан эрхийн дагуу 2019 оны 05 дугаар сараас 2020 оны 11 дүгээр сарыг дуусах хүртэлх нийт 19 сарын хугацааны төлбөрт 376,200 төгрөг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан. Хариуцагч Г.А нь цэвэрлэгээ муу хийгддэг, цахилгаан шат чимээ ихтэй, гадна фасад чанаргүй бөгөөд энэ талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй, мөн төлбөр төлөөгүй гэх хугацаа зөв боловч огноо зөрүүтэй гэж нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. Хариуцагч нь нэхэмжлэлд дурдсан Баянзүрх дүүрэг, ...тоот орон сууцны өмчлөгч бөгөөд оршин суудаг талаар маргаагүй, зөвшөөрсөн. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар орон сууцны өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдох зардлыг СӨХ-д төлөх үүрэгтэй бөгөөд мөн зүйлийн 147.3-т зааснаар зардлын ногдох хэмжээг дангаар өмчилж байгаа нийт талбайд харьцуулан гаргах журамтай. Үүнээс үзэхэд хариуцагч буюу дээрх 141 тоотын өмчлөгч Г.А нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардлаас өөрт ногдох хэсгийг СӨХ буюу нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй. Нэхэмжлэгч Д.О СӨХ-ны удирдах зөвлөлийн 2019 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн хурлаар хариуцагчийн оршин суудаг 38 дугаар байрны төлбөрийг 13,800-19,800 төгрөг гэж тогтоожээ. /хэргийн 10-11 дүгээр тал/ Харин нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан 38 дугаар байрны зардлын тооцоо нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх боловч хариуцагч нь сарын төлбөрийг 19,800 төгрөгөөр тооцдог талаар маргаагүй тул хариуцагчийн төлөх ёстой байсан төлбөрийг 19,800 гэж үзлээ. Нэхэмжлэгч нь хариуцагчийг 2019 оны 05 дугаар сараас 2020 оны 11 дүгээр сарыг дуусах хүртэлх хугацааны СӨХ-ны төлбөр төлөөгүй гэж тайлбарласан бол хариуцагч нь нийт 20 сарын төлбөр төлөөгүй талаар маргаагүй боловч энэ хугацаа нь 2018 онтой холбоотой гэж маргасан. Нэхэмжлэгчийн дээрх тайлбар Төрийн банкны теллерийн тэмдэг дарагдсан баримт /хэргийн 4 дүгээр тал/-р тогтоогдсон бол хариуцагч нь өөрийн тайлбарыг нотлоогүй, холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй. Хариуцагч нь барилгын гадна фасад чанар муутай тул баталгаат хугацаанд засвар хийлгэх талаар тавьсан шаардлагыг хүлээн аваагүйн улмаас СӨХ-ны төлбөр төлөхгүй гэж маргасан. Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8-д Улс, орон нутгийн төсөв, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлэх барилга байгууламжид энэ хуулийн 14.3-т заасан хугацаанд гүйцэтгэгчээс хүлээсэн үүргийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор гэрээний үнийн дүнгийн тодорхой хувийг уг хугацаа дуустал барьцаалах нөхцөлийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 43.6-д заасны дагуу зохицуулна. гэж, 14.3-т Барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаа нэг жил байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.6-д Бараа, ажил, үйлчилгээний чанарын баталгаат болон зүгшрүүлэх тохируулах хугацаанд гүйцэтгэгчийн хүлээсэн үүргийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор гэрээний үнийн дүнгийн 5-10 хувийг уг хугацаа дуустал барьцаалах нөхцөлийг захиалагч тендерийн баримт бичигт тусгаж болно. гэж заасан. Харин иргэн, хуулийн этгээдийн хооронд барилга бариулах талаар байгуулсан гэрээний баталгаат хугацааг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар талууд харилцан тохиролцох боломжтой. Түүнчлэн хариуцагч нь орцны цэвэрлэгээ муу, цахилгаан шат чимээ ихтэй талаарх СӨХ-д холбогдох гомдлоо эрх бүхий байгууллагад гаргаагүй болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. Иймд хариуцагчийн дээрх тайлбарууд үндэслэлгүй бөгөөд СӨХ-ны төлбөрөөс чөлөөлөх үндэслэл болохгүй. Дээрх үндэслэлийг бүхэлд нь нэгтгэн дүгнэвэл хариуцагч нь 2019 оны 05 дугаар сараас 2020 оны 11 дүгээр сарыг дуусах хүртэлх хугацааны СӨХ-ны төлбөр төлөөгүй болох нь тогтоогдсон тул түүнээс 376,200 /19*19,800/ төгрөг гаргуулах нь зүйтэй. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар хариуцагч Г.А-аас Баянзүрх дүүрэг, ... тоот орон сууцны 2019 оны 05 дугаар сараас 2020 оны 11 дүгээр сарыг дуусах хүртэлх хугацааны СӨХ-ны төлбөрт нийт 376,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.О СӨХ-д олгосугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.5, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 12,530 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 11,936 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД |