| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Самандаабазарын Өлзийн-Отгон |
| Хэргийн индекс | 107/2024/0008/э |
| Дугаар | 2024/ШЦТ/08 |
| Огноо | 2024-01-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Х |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 2024/ШЦТ/08
2024 01 12 2024/ШЦТ/08
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.Н,
Улсын яллагч Н.Х,
Хохирогч Г.Б /цахимаар/,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Г,
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн 2304001620118 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 285 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,
Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 235 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 сарын хугацаагаар баривчлах ялаар,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 500,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 3 жилийн хугацаагаар хорих ялаар,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 1313 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, түүнд оногдуулсан хорих ялуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу нэмж нэгтгэн нийт 10 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, тус хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасны дагуу өмнөх Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 13 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Б-ны Б /РД: /.
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд тогтоосноор/
Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Багануур дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн хэсэгт байрлах 427 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид хорих ял эдэлж байхдаа тус ангийн халуун усны өрөөнд хоригдол Г.Б-г “даам тоглож хожигдчихоод өгнө гэсэн тамхиа өгсөнгүй” гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь мөргөж эрүүл мэндэд нь хамрын хугарал, баруун нүдний дээд доод зовхи, хамрын нуруунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Б.Б-ын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр өглөө эрт ариун цэврийн өрөө орох замдаа Г-ын Б-тэй тааралдсан. Тэгээд “өмнө нь өгнө гэсэн тамхи яасан бэ” гэхэд Б “өгнө, юун сүртэй юм” гээд уцаарлангуй хэлсэн. Тэгэхээр нь би уурлаад, тэр ч уурлаад хоёулаа хоёр талаасаа мөргөлдсөн. Тэгтэл Б-ийн хамраас цус гараад би цусыг нь арчиж өгсөн. Тэгээд албаныханыг дуудсан. Хоригдолд байж болохгүй зөрчил гаргасандаа гэмшиж байна” гэв /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
- Хохирогч Г.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр урьдны болсон тэр явдлаас болж энэ хэрэг гарсан. Гэхдээ энэ хэрэг нь тохиолдлын шинжтэй зүйл байсан гэж бодож байгаа, надад ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэв /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Улсын яллагчаас шинжлэн судлуулсан баримт:
- Гомдол мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл /хх-ийн 6-р хуудас/,
- Хохирогч Г.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 10-13-р хуудас/,
- Гэрч Н.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/,
- Гэрч О.Ш-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/,
- Гэрч Б.Х-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/,
- Гэрч Х.У-лийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/,
- Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 238 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 39-40-р хуудас/,
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа 427 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн даргын Сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаал /хх-ийн 157-р хуудас/,
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 427 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хоригдол Б.Б-ын гаргасан зөрчлийг шалгасан шалгалтын материал /хх-ийн 158-168-р хуудас/,
- Шүүгдэгч Б.Б-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 107-р хуудас/ зэрэг баримт,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Г-саас шинжлэн судлуулсан баримт:
- Шүүгдэгчийн хувийн байдалтай холбогдох баримт /хх-ийн 100-106-р хуудас/,
- Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 181 дугаартай “Хорих ялаас өршөөн хасах тухай” шүүгчийн захирамж /шүүх хуралдаанд өгсөн/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.
Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Багануур дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн хэсэгт байрлах 427 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид хорих ял эдэлж байхдаа тус ангийн халуун усны өрөөнд хоригдол Г.Б-г “даам тоглож хожигдчихоод өгнө гэсэн тамхиа өгсөнгүй” гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь мөргөж эрүүл мэндэд нь хамрын хугарал, баруун нүдний дээд доод зовхи, хамрын нуруунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь:
- Хохирогч Г.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Болсон асуудлын талаар яримааргүй байна. Албаны шалгалтад тус асуудлаар тайлбараа өгсөн. Халуун усны өрөөнд халтираад мөргөлдсөн асуудал байхгүй..., ...бид хоёр урьд нь даам тоглоод хожигдоод өгөх ёстой тамхиа хугацаанд нь өгч чадаагүй шалтгаан байсан. Би ярьсан хэлсэндээ байж чадаагүйн улмаас энэ асуудал болсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-13-р хуудас/,
- Гэрч Н.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өглөө 06 цаг 30 минутын бослогын цагаар өрөөний хүмүүстэй хамт боссон. Манай өрөөнд цуг байдаг Б.Б нь цуг боссон ба ариун цэвэр сахихаар ариун цэврийн өрөө рүү явсан. Ариун цэврийн өрөө орчихоод ирэхдээ хэвийн байдалтай ирсэн. Тэгээд өглөөний цайнд цуг ороод гарсан. Өдөр цайны цагийн үеэр Б цайндаа ороогүй. Би тэр үед өглөө ариун цэврийн өрөөнд хүнтэй муудсан гэдгийг мэдсэн. Муудсан хүн нь 1 дүгээр хэсгийн 4 номерын өрөөнд байдаг Б гэдгийг мэдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/,
- Гэрч О.Ш-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр дүрс бичлэгийн хяналтын ажилтнаар 24 цагийн үүрэг гүйцэтгээд буусан. Дээрх асуудал болсон гэх халуун усны газар дотор талд камер байхгүй, ойролцоо коридорт хяналтын камертай байдаг. 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өглөө 08 цагийн орчимд Б гэх хоригдол нь халуун усныхаа хаалгыг онгойлгоод орж байгаа, Бат-Эрдэнэ нь араас нь дагаад орж байгаа харагдсан. Тэгээд удалгүй буцаад Б нь гарч ирээд алчуур юм аваад буцаад орсон. 3-4 минут хэртэй болоод буцаад Б, Б хоёр зэрэг гарч ирээд Б шууд эмнэлэг дээр очсон байсан. Тэгэхдээ гэмтчихсэн байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/,
- Гэрч Б.Х-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн өдөр 24 цагийн үүрэг гүйцэтгээд ажлын байран дээрээ байж байхад 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өглөө 08 цагийн үед хоригдол Г.Б орж ирсэн. Орж ирэхдээ хамраас нь бага зэргийн цус гарсан нүдээр харахад хамар нь мурийсан байдалтай байсан, ...хоригдол Г.Б-ийн хамрын зургийг дараад хэлтсийн их эмч Б руу явуулчихаад зовиур байгаа эсэхийг асуухад “цус гарсан, өөр зовиур байхгүй” гэсэн ба цус нь тогтохгүй байсан тул цус тогтоох тариа хийсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/,
- Гэрч Х.У-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн хэрэг болсны дараахан Г.Б-тэй уулзаж ярилцахад Б-тай даам тоглоод хожигдсон, тэгээд тамхи өгөх болсон гэсэн. Б нь тухайн өдөр өгөх ёстой тамхиа нэхсэн юм шиг байна лээ. Тэрнээс болоод маргаан болсон гэж ярьдаг. Яг мөргөсөн үү, цохьсон уу гэдгээ хэлэхгүй байсан. Халуун усны газарт маргалдаад орсон, тэгээд Б Б-тай тулаад ирэх үед санаандгүй байдлаар мөргөсөн гэж тайлбарлаж байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/,
- Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 238 дугаартай: “...1.Г.Б-ийн биед хамрын ясны хугарал, баруун нүдний дээд доод зовхи, хамрын нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. 3.Дээрх хамар ясны хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хх-ийн 39-40-р хуудас/,
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа 427 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн даргын сахилгын шийтгэл оногдуулах тухай: “...Тус ангийн нээлттэй дэглэмийн тусгай зэрэглэлд ял эдэлж буй Б овогтой хоригдол Б нь 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 07 цаг 58 минутын орчим үл ялих зүйлээр шалтаглан хоригдол Г.Б-ийн биед хүч хэрэглэн халдаж, нүүрэн тус газар нь нэг удаа дух хэсгээрээ мөргөсөн ноцтой зөрчил гаргасан нь холбогдох шалгалтаар тогтоогдсон тул хоригдол Б.Б-д сахилгын байранд 30 /гуч/ хоног хорих сахилгын шийтгэл оногдуулсугай.” гэсэн тушаал /хх-ийн 157-р хуудас/,
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 427 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хоригдол Б.Б-ын гаргасан зөрчлийг шалгасан шалгалтын материал /хх-ийн 158-168-р хуудас/,
- Гомдол мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл /хх-ийн 3-р хуудас/,
- шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүх шийдвэр гаргахдаа хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай” гэв,
Хохирогч Г.Б: “Надад гомдол санал байхгүй” гэв,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Г шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Өмгөөлөгчийн зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр болон хуулийн зүйлчлэл дээр маргахгүй. Үйлдсэн хэргийн хувьд хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдож байгаа. Болсон үйл явдлын хувьд Хорих 427 дугаар нээлттэй, хаалттай ангид Б-тэй урьдын өгөө авааны асуудлаас болж маргаан үүсгэсэн байдлаар хоёулаа маргасан. Ингээд энэ нөхцөл байдлын улмаас хохирогчийн нүүрэнд нэг удаа мөргөж хөнгөн хохирол учруулсан бөгөөд Б.Б нь анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэв,
Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан шаардлагын дагуу авсан, хэргийн үйлдлийг нотолж байгаа хохирогч нарын мэдүүлэг нь гэрч нарын мэдүүлэгтэй агуулгын хувьд зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.
Шүүгдэгчид холбогдох хэргийн үйл баримтыг бодитойгоор тогтоох, гэмт этгээдийн гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүй нотолж чадахуйц баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх арга хэмжээг шүүхийн өмнөх шатанд мөрдөгч, прокурорын зүгээс гүйцэд авч хэрэгжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх баримтуудыг хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Гэмт үйлдэл нь хүний идэвхтэй үйл ажиллагаа төдийгүй түүндээ сэтгэл зүйн хувьд хэрхэн хандсан, ямар хүсэл, зорилго сэдэлтийг удирдлага болгон хийснийг илтгэн харуулдаг.
Шүүгдэгч Б.Б нь өөрийн үйлдэл, учирч болох аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас аюултай хор уршиг учрах нь зайлшгүй, эсхүл учрах боломжтой талаар урьдчилан мэдсэн, мэдэх боломжтой байсан тул шүүх түүнийг гэмт хэрэг санаатай үйлдсэн гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.
Хохирогч Г.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь хохирогчийн мэдүүлэг, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 238 дугаартай /хх-ийн 39-40-р хуудас/ зэргээр тогтоогдож байна.
Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд хохирогч Г.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт энэ хэрэгт холбогдуулан гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу, тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож 30 хоногийн хорих ялыг эдлээгүй үлдсэн хорих ял дээр нэмж тооцуулах, цагдан хоригдсон 35 хоногийг эдлэх ялаас нь хасч тооцуулах саналыг гаргаж байна.” гэв.
Хохирогч Г.Б: “Надад гомдол санал байхгүй, шүүгдэгчтэй хамт хоригдохгүй байх тал дээр анхаарч өгөөч, аль аль нь хэд хоногийн өмнө ч гэсэн гэртээ харих хүсэлтэй тул хамт байснаар дахин хэрэг зөрчил гаргаж болзошгүй гэж сэргийлэх үүднээс энэ тал дээр анхаарч өгөөч” гэв,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Г шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн даруйдаа хохирогчид эмнэлгийн болон бусад тусламж үзүүлсэн нь хохирогчийн мэдүүлгээр нотлогдож байгаа. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөлд хамаарна гэж үзэж байна. Мөн шүүх хуралдаан дээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлаас гэмт хэрэг гарсан гэдгийг хохирогч өөрөө хэллээ. Хувийн байдлын хувьд Б нь ял эдэлсэн цагаасаа хойш 6 жил орчим болоход ямар нэгэн асуудалд орж зөрчил гаргаж байгаагүй. Хохирогчийн зүгээс нэхэмжилсэн зүйл байхгүй, хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Иймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэлийг улсын яллагч харгалзан үзэж оногдуулж байна гэж ойлгож байна. Шинээр ял шийтгэж байгаа учраас өөр хорих ангид ялаа эдлэх саналтай байгаа. Боломжтой бол тус саналыг шийтгэх тогтоолд тусгаж өгөөч” гэв,
Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ямар нэгэн зөрчил гарах вий гэсэн үүднээс өөр хорих ангид хорих ялаа эдлэх саналтай байна. Өөртөө дүгнэлт хийж байна, хийсэн үйлдэлдээ гэмшиж байна” гэв.
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч Б.Б-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогчийн санал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Б-д Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 1313 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, түүнд оногдуулсан хорих ялуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу нэмж нэгтгэн нийт 10 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, тус хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасны дагуу өмнөх Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 13 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, тус ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа 427 дугаар нээлттэй, хаалттай хорих байгууллагад эдэлж байгаа нь тус хорих ангийн даргын сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаал, Б.Б-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас, гэрч нарын мэдүүлэг /хх-ийн 18-27, 107-р хуудас/-ээр тогтоогдож байна.
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 20 дугаартай шүүгчийн захирамжаар Б.Б-д Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ /хх-ийн 134-р хуудас/.
Шүүгдэгч Б.Б нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 1313 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 13 жилийн хугацаагаар хорих ялаас Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 181 дугаартай “Хорих ялаас өршөөн хасах тухай” шүүгчийн захирамжаар 3 жилийн хугацаагаар хорих ялаас өршөөн хассан ба 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах хүртэл биеэр 5 жил 11 сар 03 хоногийн хорих ял эдэлж, шагналын 7 сар 02 хоног, бүгд 6 жил 6 сар 05 хоногийн хорих ял эдэлж, 3 жил 5 сар 25 хоногийн хорих ял эдлээгүй үлдсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан шүүгдэгч Б.Б-д шүүхээс оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож, 30 хоногийн хорих ялыг түүний Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 1313 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 5 сар 25 хоногийн хорих ял дээр нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хугацааг 3 /гурав/-н жил 6 /зургаа/-н сар 25 /хорин тав/ хоногийн хугацаагаар тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б-д шүүхээс оногдуулсан 3 /гурав/-н жил 6 /зургаа/-н сар 25 /хорин тав/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгтээ 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл нийт 35 хоног цагдан хоригдсон байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Б-ын цагдан хоригдсон 35 /гучин тав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчид холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ӨЛЗИЙ-ОТГОН