| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2020/05141/И |
| Дугаар | 101/ШШ2021/00449 |
| Огноо | 2021-02-03 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 101/ШШ2021/00449
2021 02 03 101/ШШ2021/00449
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д.Н-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: НШШГГ-т холбогдох
Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Ж, хариуцагчийн төлөөлөгч М.Б, шинжээч О.Б шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн ... тоот шүүгчийн захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд уг захирамжаар хариуцагч Д.Н нь 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дотор 1.500.000 төгрөг, 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 2026 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх буюу 71 сарын хугацаанд cap бүрийн 15-ны дотор 480.000 төгрөгийг, 2026 оны 3 дугаар сарын 15- ний өдөр үлдэх 552.700 төгрөгийг, нийт 36.132.700 /гучин зургаан сая нэг зуун гучин хоёр мянга долоон зуу/ төгрөгийг нэхэмжлэгч Г ХЗХ-нд төлөхөөр шийдвэрлэсэн. Дэлгэрүүлбэл, 2020 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 2026 оны 3 дугаар сарын 15-ны өдрийг дуустал буюу нийт 73 сарын хугацаанд Д.Н нь зээлийн гэрээний төлбөрийг төлж барагдуулахаар, дээрх хугацаанд үүргээ биелүүлээгүй тохиолдолд Баянзүрх дүүргийн ... тоотод байрлах, 38 м.кв талбайтай, эрхийн улсын ... дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууцыг худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигчид харилцан тохиролцсон байдаг. Уг зээлийн барьцаа хөрөнгө Д.М, Д.А, Д.Н нарын дундын өмчлөлийн хөрөнгө юм. Уг зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүргийн ...тоотод байрлах, 38 м.кв талбайтай, эрхийн улсын ... дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууцыг бусдад хөлслүүлэн төлбөр тооцоог төлөхөөр төлөвлөж байсан ч корона вируст халдвар (СОVID-19)-ны цар тахлын улмаас иргэдийн амьжиргаа, худалдан авах эрс чадвар муудаж, бэлэн мөнгөний хомсдол үүссэнээс улбаалан бусдад хөлслүүлж чадаагүй болно. Одоо эдийн засгийн нөхцөл байдал харьцангуй сайжирч байгаа тул уг орон сууцыг бусдад хөлслүүлж, зээлийн гэрээний үүргээ хуваарийн дагуу төлөлт хийгээд явах бүрэн боломжтой. Энэхүү нөхцөл байдлын талаар ч удаа дараа төлбөр авагч болон шийдвэр гүйцэтгэгч нарт учирлан тайлбарлаж байсан. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн ...тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр барьцаа хөрөнгийг 119.441.000 /нэг зуун арван есөн сая дөрвөн зуун дөчин нэгэн мянга/ төгрөгөөр үнэлсэн болохыг мэдэгдсэн. Уг үнэлгээний ажиллагаанд барьцаа хөрөнгийн хамтран өмчлөгч Д.М, Д.А нараас үнийн санал огт авалгүйгээр үнэлсэн нь хууль зөрчсөн, мөн үнэлгээ нь зах зээлийн үнийн дүнгээс хэт доогуур тогтоогдсон нь өмчлөгчийн эрхийг ноцтойгоор зөрчиж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Уг үнэлгээний тайлантай танилцахад барьцаа хөрөнгийн үнэ цэнийг хэрхэн тогтоосон эсэх, түүнчлэн хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хэрхэн ашигласан эсэх нь тодорхойгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд Д.Н нарын өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын ... дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн ... тоотод байрлах, 38 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Ж нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үнэлгээг хүчингүй болгуулна. Нэхэмжлэгч нь ХЗХ-д төлбөр төлөх зохицуулалттай. Төлбөр нь 6 жилийн хугацаанд төлөх зохицуулалттай. 2020 оны 3 сараас эхлэн бусдад түрээслүүлэх боломжгүй болсон. Түрээсийн орлогоор төлбөр төлөх байсан. Хуваарийг зөрчсөн. Улмаар зөрчлөө арилгасан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь урт хугацааны ажиллагаа байсан тул эд хөрөнгийг үнэлүүлсэн нь буруу юм. Мөн үнэлгээ хийлгэсэн нь буруу. Эд хөрөнгө нь 3 хүний өмчлөлийн эд хөрөнгө юм. Иргэний хуулийн 177.1-д зааснаар өмчлөгч нараас үнийн санал авах ёстой. Үнийн талаар тохиролцоогүй бол үнэлгээ гаргадаг. Үнэлгээ нь зах зээлийн үнэлгээнд нийцээгүй. Эд хөрөнгийн онцлог байдлыг гаргаж үнэлээгүй. Орон сууцны үнэлгээг үнэлгээний тайланд тусгагдаагүй. Давуу болон сул талыг тусгаагүй. Тайлан дээр хөрөнгийн насжилтыг өөр өөрөөр тодорхойлсон. Өөр хэргийн адилхан байшинг 70 жилээр тогтоосон байхад энэ хэрэгт 60 жил гэсэн. Гэтэл юуг үндэслэж 60 жил гэсэн нь байхгүй. Мөн хөрсний бүтцийн онцлогийг заагаагүй. Нэхэмжлэгч нь тоосгон дүүргэлттэй 100 жилийн насжилттай гэдэг. Бид холбогдох хүмүүстэй уулзахад барилгын насжилтын паспортыг асуухад гарсан эсэх нь тодорхойгүй. 2000 оноос өмнө хойно гэдгээр олгож байгаа гэдэг. Бид үнэлгээ хийлгэхээр хэд хэдэн байгууллагатай уулзахад харьцуулах барилга алга гэж татгалзсан. Цар тахалтай холбоотойгоор иргэд орон сууц зарах зар байхгүй тул харьцуулах боломжгүй байна гэсэн. Үнэлгээг 72 цагийн дотор мэдэгдэх ёстой байсан боловч мэдэгдээгүй. Д.А МУ-д байхгүй байгаа тохиолдолд ажиллагааг түдгэлзүүлэх ёстой байсан байх. Үнэлгээ хийх эрхийг хэд хэдэн мэргэжилтэй хүн авдаг гэдэг тийм биш байна. Үнэлгээ нь хэмжих эрхгүй, нарийн тусгай мэдлэг нь хангалтгүй хүн хийсэн байна. Яаж үнэлгээчин сонгосон нь тодорхойгүй. Иймд үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн төлөөлөгч М.Б нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны дүгээр сарын 22-ны өдрийн .... дугаар захирамжаар Д.Н-аас 36,132,700 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 204,406 төгрөгийг гаргуулж Г ХЗХоршоонд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүгчийн захирамж, гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар төлбөр төлөгч Д.Н-т шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч төлбөрийг заасан хугацаанд төлж барагдуулаагүй тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын Ү-.... дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн ... тоотод байрлах, 38 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцанд 2020 оны06 дугаар сарын 17-ны өдрийн ... дугаартай тогтоолоор битүүмжилж, төлбөрийг 2020 оны 8 дугаар сарын 03-ны дотор төлөхийг мэдэгдсэн. Тогтоосон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тул 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн ... дугаартай тогтоолоор барьцаалан хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар талуудаас үнийн санал авахад үнэлгээ дээр харилцан тохиролцоогүй тул 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр ... дугаар тогтоолоор мэргэжлийн үнэлгээчин томилж зах зээлийн үнэлгээг В.В ХХКомпаниар тогтоолгоход 119.441.000 төгрөгөөр үнэлсэн тухай тайланг 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар үнэлгээний тайлан, мэдэгдлийг 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн ..., ..., ...., ... дугаар албан бичгээр талуудад мэдэгдэж, холбогдох хуульд заасан эрх, үүргийг тайлбарлан өгсөн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заагдсаны дагуу явагдсан В.В компани үнэлгээг үндэслэлтэй тогтоосон гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.
Шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчээс төлбөр гаргуулж ХЗХ-д олгохоор шийдсэн. Улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж төлбөр төлөгдөөгүй тул барьцааны эд хөрөнгийн талаар ажиллагаа явагдаж битүүмжилж, төлбөр төлөхийг мэдэгдсэн. Төлөөгүй тул хурааж үнийн санал авахад үнэлгээ дээр тохиролцоогүй. Улмаар үнэлгээ тогтоолгосон. Үнэлгээний тайланг талуудад мэдэгдсэн. Ажиллагаа хуульд зааснаар явагдсан. Үнэлгээ нь бодитой үндэслэлтэй тогтоогдсон тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Н нь иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гарсан үл хөдлөх эд хөрөнгөний үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч НШШГГ нь иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаж, үнэлгээ үндэслэлтэй гарсан гэж маргаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 00375 дугаар захирамжаар Г ХЗХ, Д.Н нарын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хэргийн 9-10 дугаар тал/
Дээрх захирамжид зааснаар энэ хэргийн нэхэмжлэгч Д.Н нь 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дотор 1,500,000 төгрөг, 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 71 сарын хугацаанд сар бүрийн 15-ны дотор 480,000 төгрөгийг, /2020.04.15-2026.02.15/, 2026 оны 3 дугаар сарын 15-ны өдөр үлдэх 552,700 төгрөгийг, нийт 36,132,700 төгрөгийг Г ХЗХ-д төлөх, Д.Н нь зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд Баянзүрх дүүрэг, ... тоотын 38 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ..... дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууцыг худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд тохиролцжээ.
Улмаар Д.Н нь дээрх ....дугаар захирамжийг сайн дураар биелүүлээгүйн улмаас тус шүүхийн шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн .... дугаар захирамжаар ....дугаар захирамжийг албадан гүйцэтгэхээр шийдвэрлэж, тус өдөр ..... дугаар гүйцэтгэх хуудас бичигдсэн байна. /хэргийн 50, 49 дүгээр тал/
Ийнхүү гүйцэтгэх хуудас бичигдсэнээр 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай ..... дугаар тогтоол үйлдэгдсэн. /хэргийн 51 дүгээр тал/
Улмаар төлбөр төлөгч буюу энэ хэргийн нэхэмжлэгчид төлбөр төлөхийг мэдэгдсэн болох нь хэргийн 52 дугаар талд байх баримтаар тогтоогдсон. Нэхэмжлэгч нь энэ үйл баримтын талаар маргаагүй. Үүний дараа төлбөр төлөгдөөгүй гэсэн үндэслэлээр 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр .... дугаар тогтоолоор дээрх .... дугаар захирамжид заасан Баянзүрх дүүрэг, .... тоотын 38 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн .... дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууцыг битүүмжилж, төлбөр төлөхийг дахин мэдэгдсэн байна. /хэргийн 53-54 дүгээр тал/
Цаашлаад 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр .... дугаар тогтоолоор маргаж буй эд хөрөнгийг хураасан байна. /хэргийн 57 дугаар тал/
Эдгээр эд хөрөнгө битүүмжлэх, хураах ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1-д нийцсэн ажиллагаа болжээ.
Зохигчийн маргаж буй Баянзүрх дүүрэг, .... тоотын 38 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн .... дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууц нь Д.М, Д.А, Д.Н нарын өмч болох талаарх хэргийн 8 дугаар талд авагдсан баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй боловч зохигч энэ талаар маргаагүй, түүнчлэн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд нөгөө 2 өмчлөгчөөс үнийн санал аваагүй гэж маргасан. Иймд зохигч хэн аль нь маргаагүй зүйлийг шүүх нотлох шаардлагагүй гэж үзэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д нийцнэ. Мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн .... дугаар албан тоотоор уг эд хөрөнгө нь 3 этгээдийн өмч болох нь тогтоогдож байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д зааснаар маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах зорилгоор хураасан тул төлбөр төлөгч буюу энэ хэргийн нэхэмжлэгч Д.Н нь 2020 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр уг эд хөрөнгийн үнэлгээг 400,000,000 төгрөг гэж үнийн санал гаргасан. /хэргийн 59 дүгээр тал/ Харин Д.А-т 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр ... дугаар, 21-ний өдөр ... дугаар, Д.М-д 08-ны өдөр ... дугаар албан тоотоор тус тус үнийн санал ирүүлэхийг мэдэгдсэн. /хэргийн 61 дүгээр тал/
Үүний дагуу Д.М нь үнийн санал өгөхөөс татгалзсан агуулга бүхий тайлбарыг 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр ирүүлсэн байна. /хэргийн 65 дугаар тал/ Тодруулбал, энэ талаар нэгэнт тайлбар ирүүлсэн бол өөрийн зүгээс үнийн санал гаргах боломжтой юм.
Харин Д.А-д боломжит хэлбэрээр буюу бүртгэлтэй хаягаар үнийн санал ирүүлэхээр мэдэгдсэн байна. Гэвч Д.А нь Г ХЗХ, Д.Н нарын эвлэрлийн гэрээ байгуулагдах үед Монгол улсад байгаагүй болох нь Хил хамгаалах ерөнхий газрын 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн ....дүгээр албан тоотын хуулбараар тогтоогдсон. /хэргийн 101 дүгээр тал/
Эдгээрийг дүгнэвэл шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хураагдсан эд хөрөнгөний талаар өмчлөгчөөс үнийн санал аваагүй гэх нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлгүй.
Ийнхүү төлбөр төлөгч Д.Н нь үүргийн гүйцэтгэлийг хангах барьцаа хөрөнгийг 400,000,000 төгрөг гэж үнэлсэн бол төлбөр авагч Г ХЗХ нь 95,000,000 төгрөг гэж үнийн санал гаргажээ. /хэргийн 66 дугаар тал/
Улмаар 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр дээрх ... тоот орон сууцны үнэлгээг гаргуулахаар В.В ХХК-ийг шинжээр томилох тухай ...дугаар тогтоол гарсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т нийцсэн байна. /хэргийн 71 дүгээр тал/
Томилогдсон шинжээчид хууль сануулж, баримт үйлдсэн нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн холбогдох заалтад нийцнэ. /хэргийн 72 дугаар тал/
Шинжээчээр томилогдсон В.В ХХК нь хөрөнгийн үнэлгээ гаргах эрхтэй болох нь тус хуулийн этгээдийн ... дугаар улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дүгнэлт гаргах ажиллагааг гүйцэтгэсэн шинжээч нь тусгай зөвшөөрөлтэй болох нь ....дугаар тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбараар тус тус тогтоогдож байна. /хэргийн 96, 95 дугаар тал/
Иймд нэхэмжлэгч талын эрхгүй этгээд дүгнэлт гаргасан гэх тайлбар үндэслэлгүй.
Шинжээч нь ... тоот орон сууцны үнэлгээг өртгийн хандлагын арга, орлогын хандлагын арга, зах зээлийн жишиг хандлагын аргаар тус тус гаргаж, хамгийн өндөр дүнтэй болох зах зээлийн жишиг хандлагын аргаар гаргасан үнэ 119,441,000 төгрөгөөр үнэлж 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр захиалагчид хүргүүлсэн байна. /хэргийн 73-96 дугаар тал/
Нэхэмжлэгч нь энэхүү гаргасан үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур гэж маргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргийн дагуу өөрийн тайлбарыг нотлоогүй.
Дүгнэлтийг судалж үзвэл үнэлгээг гаргахад харьцуулсан орон сууцууд нь нэхэмжлэгчийн орон сууцтай ойролцоо бүсэд байрладаг болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон. Мөн харьцуулсан орон сууцуудын талбайн хэмжээ болон өрөөний тоо ижил байна. Иймд нэхэмжлэгч талын хэрхэн харьцуулсан нь тодорхойгүй гэх тайлбар үндэслэлгүй.
Тус шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн ...дугаар захирамжаар баталсан эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгч нь төлбөрийг нийт 73 удаагийн үйлдлээр төлөхөөр тохиролцсон бөгөөд энэхүү гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй болох нь албадан гүйцэтгэх тухай .... дугаар захирамжаар тогтоогдсон.
Харин шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөрийг хуваан төлөх талаар тохиролцсон гэх үйл баримт тогтоогдоогүй бөгөөд хариуцагчийн төлөөлөгч энэхүү асуудлыг үгүйсгэсэн. Иймд нэхэмжлэгч талын шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөрийг 73 хувааж төлөхөөр тохиролцсон тул үнэлгээ хийлгэсэн нь буруу гэх тайлбар үндэслэлгүй.
Мөн уг эд хөрөнгөний өмчлөгчдийн нэг болох Д.А нь Монгол улсад байхгүй нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэлд хамаарахгүй. Учир нь өмчлөгчид нэг гэр бүлийн гишүүд байх тул нөгөө 2 өмчлөгч Д.А-т мэдэгдэх боломжтой бөгөөд тэрээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч биш юм.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь дүгнэлт гаргасан шинжээч нь мэдлэг, ур чадвар дутуу гэж маргасан боловч шинжээч О.Б-д олгосон тусгай зөвшөөрөл нь хүчин төгөлдөр байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй.
Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шинжээчийг хэрхэн сонгосон нь тодорхойгүй гэж маргасан боловч ийнхүү эрх бүхий этгээдийг шинжээчээр томилох нь шийдвэр гүйцэтгэх байгууллагад хуулиар олгосон эрх, үүрэгт хамаарах бөгөөд хамаарал бүхий этгээдийг томилсон гэх үйл баримт тогтоогдоогүй.
Түүнчлэн нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь үнэлгээний талаар 72 цагийн дотор мэдэгдээгүй гэж маргаж байх боловч энэхүү тайлбар нь нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй.
Үүнээс гадна шинжээч нь .. тоот орон сууцыг чанар байдлын хувьд сайн гэж үнэлсэн байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн барилгын норм норматив, хөрсний чанар байдал, орон сууцны онцлогийг харгалзаж үзээгүй гэх тайлбар үндэслэлгүй.
Эдгээрээс гадна маргаж буй үнэлгээний талаар нэхэмжлэгчид 2020 оны 09 дугаар сарын 29-ний өдөр мэдэгдсэн болох нь НШШГГ-ын .... дугаар албан тоот, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээр тогтоогдож байна. /хэргийн 97 дугаар талын ар/
Гэвч нэхэмжлэгч нь 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д 7 хоногийн дотор гэж заасныг зөрчжээ.
Дээрхийг бүхэлд нь нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар хариуцагч НШШГГ т холбогдох Баянзүрх дүүрэг, ....тоотын 38 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн .... дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч Д.Н-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД