Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 101/ШШ2021/00209

 

 

 

 

 

 

 

 

 

                    2021       01          20

             101/ШШ2021/00209

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Э.З нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ЖДҮГ  -т холбогдох,

 

ЖДҮС  гийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2019 оны 06 сарын 12-ны өдрийн Б/51 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, зээлийн удирдлагын хэлтсийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх, 2019 оны үр дүнгийн урамшуулал цалинг тооцуулах, ажилгүй байсан хугацаанд ногдох ээлжийн амралтын олговор гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв. 

    

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Иргэн Э.З  миний бие Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны ЖДҮС  гийн Зээлийн удирдлагын хэлтсийн мэргэжилтнээр 2017 оны 03 сараас эхлэн 2019 оны 06 сарын 12-ны өдрийг хүртэл ажиллаж байсан. Уг ажиллах хугацаандаа миний бие өөрт хариуцуулсан ажлыг цаг тухай бүрд нь мэргэжлийн түвшинд гүйцэтгэдэг байсан бөгөөд 2017, 2018 оны үр дүнгийн гэрээний биелэлтээ “А” үнэлгээтэй дүгнүүлж байсан. Сангийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2019 оны 06 сарын 12-ны өдрийн Б/51 тоот тушаалаар намайг ажлаас чөлөөлсөн ба уг өдрийн 17 цагийн орчимд энэхүү тушаалыг танилцуулсан. Ажлаас чөлөөлсөн Б/51 тоот тушаалыг ажилтан Э.З  миний бие хууль бус буюу ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн гэж үзэж байна. Энэ нь дор дурдсан 4 үндэслэлээр батлагдах болно. Нэг: Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь хэсгийг үндэслэсэн байх боловч ажилтныг ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуульд заасан ямар зохицуулалтыг зөрчсөний улмаас халсан нь тодорхойгүй. Учир нь хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж байгаа бол хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг ажилтан зөрчсөн байх ёстой бөгөөд үүнийг заавал тушаалын ТУШААХ хэсэгт үндэслэх ёстой.  Гэтэл тушаалын тушаах хэсэгт намайг хуулийн дээрх зохицуулалтын аль хэсгийг зөрчсөн гэж үзэж халсан талаар тусгаагүй буюу үндэслээгүй байна. Ийнхүү Хөдөлмөрийн хуулийн 40.1 дэх хэсгийн аль хэсгийн аль зохицуулалтыг зөрчсөн нь тодорхойгүй тушаал нь хууль бус юм. Хоёр: Мөн тушаалын тушаах хэсэгт Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.3 дахь хэсгийн з, к дахь заалтууд, ЖДҮС  гийн Хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 4.19.8, 4.19.9 дэх заалтуудыг баримталсан ба дээрх заалтуудыг ажилтан миний бие огт зөрчөөгүй. Үндэслэл нь: Э.З  миний ээжийн төсөл 2019 оны 05 сарын 14-ний өдрийн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын А-88 дугаар тушаалын хавсралтаар дэмжигдэж, ЖДҮС  гаас санхүүжилт авахад миний бие өөрийн ажил, албан тушаалын байдлыг урвуулан ашиглаж олгуулсан үйлдэл хийсэн удаагүй. Миний бие төсөл сонгон шалгаруулалт явагдахаас өмнө өөрт хувиарлагдсан төслүүдийн талаар урьдчилан сангийн эрх бүхий албан тушаалтан Т.Э д мэдэгдэж, ашиг сонирхлын мэдүүлэг бөглөсөн бөгөөд ээжийнхээ төслийг хянахад огт оролцоогүй. Түүнчлэн төсөл нь дэмжигдсэний дараагаар барьцаа хөрөнгийг үнэлэхэд мөн л барьцаа хөрөнгийн ахлагч Ж.Баасандорж, гишүүд Б.Ц, Б.М, Ц.Д нарт мэдэгдэж, дүгнэлт гаргахаас татгалзсан бөгөөд сангийн эрх бүхий албан тушаалтан болох Т.Энх-Амгаланд дахин ашиг сонирхлын мэдүүлэг бөглөж өгсөн. Дээр дурдсан мэдүүлгүүд нь сангийн архивт хадгалагдаж байгаагаас гадна нэр дурдсан хүмүүсийн мэдүүлгээр нотлогдох бүрэн боломжтой. Иймд миний бие төсөл сонгон шалгаруултад өөрийн ээжийн төслийг оролцож байгааг мэдэгдэлгүй шийдвэр гаргах түвшний ажиллуудад оролцож байсан удаагүй учир намайг “гүйцэтгэж байгаа ажил үүрэгтэй нь холбоотой хамаарал бүхий этгээдийн талаар мэдүүлээгүй, өөрийн хүсэлтээр ажил үүргээ шилжүүлээгүй болох нь илэрсэн” гэж үзэж, ажлаас халсан нь үндэслэлгүй юм. Түүнчлэн нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Хуулийн үйлчлэлд хамаарах албан тушаалтныг авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар тодорхойлох” тухай тусгасан бөгөөд  тус зүйлийн 4.1.1 дэх заалтад “ЖДҮХ сангийн албан хаагчид нь төрийн албаны тухай хуулийн төрийн үйлчилгээний албан тушаалтан тул хамаарахгүй”, мөн 4.1.2 дахь заалтад “Э.З  миний бие шийдвэр гаргах эрхгүй, гүйцэтгэх чиг үүрэг бүхий мэргэжилтэн тул” хамаарахгүй. Иймд дээрх хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд миний эрхэлж байсан ажил, албан тушаал хамаарахгүй байгаа тул “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.5, 3.1.6-д заасан этгээдүүдтэй хувийн ашиг сонирхлоор хамтран ажилласан болох нь илэрсэн бол” гэх үндэслэлээр халсан нь хууль бус юм. Дээр дурьдсанчлан өөрийн ээжийн төслийг төсөл сонгон шалгаруултад орж байгааг урьдчилан хуулийн дагуу мэдүүлж, ашиг сонирхлын мэдүүлэг гаргаж, барьцаа, хөрөнгө үнэлэх ажилд оролцоогүй болоод төслийг судлаагүй байхад “өөрөө судлаад, үнэлээд, тэрийгээ нуусан байсныг” илрүүлсэн мэт худал үндэслэлээр тушаал гаргаж ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй болно. Гурав: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2019 оны 05 сарын 23-ны өдрийн 01/2002 дугаартай албан тоотыг үндэслэж ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй буюу хууль бус юм. Үндэслэл нь: ЖДҮС   нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаардаг бөгөөд өөрийн харьяа байгууллагын үйл ажиллагаанд оролцох сайдын эрх хэмжээ, түүний хязгаарлалтыг Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасан Засгийн газрын гишүүний бүрэн эрхээр тодорхойлдог. Үүнд, сайд нь сангийн захирлыг томилж, дүрмийг батлах эрхтэй ба түүнчлэн засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн хүрээнд хөнгөлөлттэй зээлийн журмыг баталж, төсвийг хуваарилах эрх олгосон байдаг. Сайд нь сангийн захирлыг томилдог бол, томилогдсон сангийн захирал нь сайдын баталсан бүтцэд тохируулан сайдаас хараат бусаар, бие даан сангийн ажилчидтай хөдөлмөрийн гэрээ байгуулж, томилох болон чөлөөлөх бүрэн эрхтэй. Нөгөөтэйгүүр, ЖДҮС   нь 9070002081 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, 5290082 регистрийн дугаартай 2009 оны 03 сарын 11-ний өдөр хуулийн этгээдийн бүртгэлд бүртгэгдэж, засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан нийтийн эрх зүйн хуулийн этгээд юм. Түүнчлэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын  баталсан ЖДҮС  гийн дүрэмд сангийн албан хаагчидтай хөдөлмөрийн гэрээ байгуулах болоод цуцлах нь Сангийн захирлын эрх хэмжээ байдаг тул хөдөлмөрийн эрх зүйн харилцааны  хувьд сайдаас хамааралгүйгээр шийдвэрлэх бүрэн боломжтой байгууллага юм. Иймд миний бие сантай хөдөлмөрийн гэрээ байгуулсан болохоос Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд эсхүл яамтай байгуулаагүй тул сайдын зүгээс арга хэмжээ авах чиглэл өгсөн гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлөх нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Сангийн албан хаагчдын хөдөлмөрийн харилцаа нь гагцхүү Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлээр цуцлагдах тул сайдын  албан бичгийг үндэслэн халсан нь хууль бус юм. Дөрөв: Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн 2019 оны 04 сарын 08-ны өдрийн 06/2904 албан тоотын ЦБ/10 дугаартай мэдэгдлийг үндэслэсэн нь мөн хууль зүйн үндэслэлгүй буюу хууль бус юм. Үндэслэл нь: Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн албан мэдэгдэл нь 2019 оны 04 сарын 8-ны өдрийн албан бичгээр санд ирсэн боловч миний бие урьд өмнө нь Сангийн эрх бүхий албан тушаалтанд мэдэгдсэн ба Сангийн захирал С.Төгсбилэг мэдэж байсан тул сангийн удирдлагууд мэдээгүй, нуусан гэсэн зүйл байхгүй. Учир нь шинэ захирал томилогдох тоолонд дахин шинээр мэдэгдэл өгөх ёсгүй юм. Иймд Сангийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2019 оны 06 сарын 12-ны өдрийн Б/51 тоот тушаалыг хүчингүй болгож, зээлийн удирдлагын хэлтсийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх, 2019 оны үр дүнгийн урамшуулал цалинг тооцуулах, ажилгүй байсан хугацаанд ногдох ээлжийн амралтын мөнгө гаргуулах гомдлын шаардлагыг бүрэн хангаж өгөхийг хүсье” гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

“Нэхэмжлэгч Э.З ын нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул дараах хариу тайлбарыг гаргаж байна. Э.З  нь 2016 оны 11 сараас 2019 оны 06 сарын 12-ны өдрийг хүртэл санд ажиллаж байсан. Сангийн захирлын 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Б/51 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаалын үндэслэх хэсэгт Э.З ыг Сангийн Хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйл /Иргэнийг албан тушаалд томилох, чөлөөлөх, албан тушал хавсрах, түр орлуулах/-ийн 4.19 дэх хэсэгт “...Ажил олгогчийн санаачилгаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу хөдөлмөрийн гэрээг цуцлахаас гадна дараах ноцтой зөрчлийг гаргасан тохиолдолд шууд цуцална”, 4.19.8 Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.5, 3.1.6-д заасан этгээдүүдтэй хувийн ашиг сонирхлоор хамтран ажилласан нь илэрсэн, 4,19.9-д “...Гүйцэтгэж байгаа ажил үүрэгтэй нь холбоотой хамаарал бүхий этгээдийн талаар мэдүүлээгүй, өөрийн хүсэлтээр ажил үүргээ шилжүүлээгүй болох нь илэрсэн тул ажлаас чөлөөлсөн болно. Нэхэмжпэгч Э.З  нь ажилгүй байсан хугацааны ээлжийн амралтын мөнгийг нь шүүх хурал болж шийдвэр миний талд гарсан өдрөөр тодорхойлогдох тул урьдчилан тоо тавьж нэхэмжлэх боломжгүй юм гэжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно хэмээн зохицуулсан. Цалин хөлс гэдэг нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэсний төлөө ажилтанд ажил олгогчоос мөнгөн хэлбэрээр олгож буй төлбөр юм. Харин ээлжийн амралтын олговор нь Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасны дагуу ажилтанд ээлжийн амралтын хугацаанд олгож буй олговор тул ээлжийн амралтын олговрыг нэхэмжлэгчид тооцон өгөх боломжгүй. Ажилгүй байсан хугацаанд Сангаас ажилчиддаа хэдэн удаа, ямар хувийн үр дүнгийн урамшуулал, цалин олгосныг би мэдэх боломжгүй байна гэжээ. Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1.4 дэх хэсэгт улирлын ажлын үр дүнгээр мөнгөн урамшуулал олгох; хэмээн зохицуулсан байна. Уг зохицуулалт нь тухайн ажилтны хийж гүйцэтгэсэн ажпын үр дүн, ур чадварын байдлаар тодорхойлогддог тул тухай ажилд албан тушаалд ажиллаагүй иргэнд аливаа хэлбэрийн урамшуулал олгох нь хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Жижиг, дунд үйлдвэрийн хөгжүүлэх сан ажлын албаараа дамжуулж жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зээл олгох үйл ажиллагааг эрхлэн явуулдаг байсан. Ажлын албаны Зээлийн хэлтсийн мэргэжилтэн Э.З  нь “Б ” ХХК, Ц.О  нарт зээл олгосон асуудал 2018 оны 06 дугаар сард гаргасан ашиг сонирхлын зөрчлийн мэдүүлэг өгснөөс хойш илэрсэн байдаг. Үүнээс өмнө 2018 оны 06 дугаар сард хүсэлт ирүүлсэн аж ахуй нэгж, иргэдийн төслийг судалж байх үед тухайн аж ахуй нэгж байгууллагуудтай хамаарал бүхий ямар нэгэн этгээд байхгүй, ашиг сонирхлын зөрчлийн мэдүүлэгт үгүй гэсэн тайлбарыг 2018 оны 03 дугаар сард гаргаж өгсөн. Тухайн 2 төслийг үнэлсэн албан тушаалтан биш байсан ч тухайн үйл ажиллагаанд ажил, мэдээлэлд ойрхон байдаг албан тушаалын байдлаа ашиглаад зээл олгох ажиллагаанд тодорхой хэмжээнд оролцсон байж болзошгүй гэдэг үндэслэлээр Авлигатай тэмцэх газрын ЦБ/10 дугаар мэдэгдэлд заасны дагуу 2019 оны 06 сарын 12-ны өдөр ажлаас нь чөлөөлсөн байдаг. Э.З  нь “Б ” ХХК-ийг төлөөлж зээл авсан эхнэр н.Э болон ээж Ц.О нартай хамаарал бүхий этгээд мөн гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Тухайн үед мөрдөгдөж байсан дотоод журамд хувийн ашиг сонирхлын хүрээнд өөрийн хамаарал бүхий этгээдүүдэд зээл олгох үйл ажиллагааг явагдаж байхад 2018 оны 03 дугаар сард өгсөн мэдүүлэгтээ үгүй гэж бичсэн нь өөрийнх нь буруутай үйл ажиллагаа байсан байна. Хууль, дүрэм болон дотоод журамд заасан зөрчлийг гаргасан байна гэдэг үндэслэлээр тухайн үеийн сангийн ажлын албаны захирлын шийдвэрээр чөлөөлсөн. Э.З ыг хэрэгт хамааралгүй гэж үзсэн прокурорын шийдвэрээс үл хамаараад тухайн үед гаргасан сангийн захирлын тушаалыг хамгаалаад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, тушаалыг хүчингүй болгуулах шийдвэр гаргуулж болохгүй, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэж байна. Ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгох тохиолдолд албан тушаалд эргүүлэн томилуулах  нэхэмжлэлийн шаардлага биелэгдэх үндэслэл бүрдэнэ. Гэтэл тухайн үеийн ЖДҮС  гийн ажлын албыг Монгол Улсын Засгийн газрын 2020 оны “Агентлаг байгуулах тухай” 49 дүгээр тогтоолоор татан буулгаж, шинээр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг байгуулж, сангийн эрхэлж байсан үйл ажиллагаа, эрх, үүргийг ЖДҮГ т шилжүүлсэн. Тухайн албан тушаал байхгүй болсон, ажлын алба татан буугдсан байхад ажилд эргүүлэн томилуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь тодорхойгүй байна. Түүнчлэн ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, амралтын мөнгө, урамшуулалтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг манай газраас хариуцан хэрэгжүүлэх боломжгүй болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Э.З  нь ЖДҮС  гийн ажлын албанд ажиллаж байх үедээ ямар нэгэн төрийн албаны ангилал, зэрэглэлд хамаардаггүй, Төрийн албаны тухай хуулийн дагуу ямар нэгэн хариуцлага хүлээдэггүй байсан. Харин хөдөлмөрийн гэрээний дагуу ажилладаг албан тушаалтан байсан. Хэрэв Засгийн газрын агентлагийн мэргэжилтний албан тушаалд эргүүлэн томилуулъя гэсэн агуулгаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бол Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 07 сарын 03-ны өдрийн 175 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалтын дагуу ТЗ-6 шатлалаар буюу дэс түшмэлийн албан тушаалд ажиллах шаардлага үүснэ. Тухайн албан тушаалын шаардлагыг хангахын тулд Төрийн албаны тухай хуулийн 26, 33 дугаар зүйлд заасан төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалтуудыг өгч, төрийн албаны нөөцөд бүртгэгдэж, албан тушаалын тусгай шаардлагыг хангаж байж томилогдох боломжтой. Э.З  тухайн шаардлагуудыг хангасан гэдэг нотлох баримтуудыг хавтаст хэрэгт ирүүлээгүй учраас хангаагүй юм байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Түүнийгээ дагаад ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, амралтын мөнгө гаргуулах, цалингийн урамшуулал олгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.З  нь ЖДҮС  д холбогдуулан ЖДҮС  гийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2019 оны 06 сарын 12-ны өдрийн Б/51 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, зээлийн удирдлагын хэлтсийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх, 2019 оны үр дүнгийн урамшуулалт цалинг тооцуулах, ажилгүй байсан хугацаанд ногдох ээлжийн амралтын олговор гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 08 сарын 12-ны өдрийн 49 дугаар “Агентлаг байгуулах тухай” тогтоолоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд ЖДҮГ рыг байгуулж, ЖДҮС  гийн ажлын албыг татан буулгаж, холбогдох албан хаагчдыг чиг үүрэг, орон тоо, үйл ажиллагааны зардал, цалингийн сан, эд хөрөнгийн хамт ЖДҮГ т шилжүүлэх ажлыг зохион байгуулахыг даалгасан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д заасныг баримтлан Жижиг, дунд үйдвэрийн газрыг хариуцагчаар оролцуулсан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. 

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасан бөгөөд нэхэмжлэгчээс ЖДҮС  гийн захирлын 2019 оны 06 сарын 12-ны өдрийн Б/51 дугаартай тушаалтай холбогдуулан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 07 сарын 09-ний өдөр нэхэмжлэл гаргасны дагуу иргэний хэрэг үүсгэн, шүүгчийн 2019 оны 12 сарын 10-ны өдрийн 101/ШЗ2019/20360 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасныг баримтлан Авлигатай тэмцэх газар Э.З т холбогдох хэргийг шалгаж буй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. /хх-167, 16-18/ Нэхэмжлэгч нь Нийслэлийн прокурорын газрын прокурорын тогтоолоор түүнд холбогдуулан шалгасан хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан тул нэхэмжлэлийг шүүхэд дахин гаргажээ.

 

ЖДҮС  гийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2019 оны 06 сарын 12-ны өдрийн Б/51 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.3 дахь хэсгийн з, к заалт, хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.19.8, 4.19.9, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2019 оны 05 сарын 23-ны өдрийн 01/2002 дугаартай албан тоот, Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн 2019 оны 04 сарын 08-ны өдрийн 06/2904 албан тоотын ЦБ/10 дугаартай мэдэгдлийг үндэслэн Зээлийн удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Э.З  нь хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журамд заасан хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргаж, бусдад давуу байдал бий болгон өөрийн хамаарал бүхий иргэн, аж ахуйн нэгжид зээл олгуулсан, хамаарал бүхий, ашиг сонирхлын зөрчилтэй гэдгээ төсөл сонгон шалгаруулах, барьцаа хөрөнгийн үнэлгээ хийхэд хуулийн хүрээнд мэдүүлээгүй, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.5, 3.1.6-д заасан этгээдүүдтэй хувийн ашиг сонирхлоор хамтран ажилласан болох нь илэрсэн, тус хуулийг мөрдөж ажиллаагүй гэсэн үндэслэлээр 2019 оны 06 сарын 12-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. /хх-4/

 

ЖДҮС  гийн Хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.19.8-д Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.5, 3.1.6-д заасан этгээдүүдтэй хувийн ашиг сонирхлоор хамтран ажилласан болох нь илэрсэн бол”, 4.19.9-д “Гүйцэтгэж байгаа ажил үүрэгтэй нь холбоотой хамаарал бүхий этгээдийн талаар мэдүүлээгүй, өөрийн хүсэлтээр ажил үүргээ шилжүүлээгүй болох нь илэрсэн бол” ноцтой зөрчилд тооцон, хөдөлмөрийг гэрээг шууд цуцлахаар заажээ. Мөн Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.3-т ноцтой зөрчилд тооцох зөрчлийн талаар заасан байх бөгөөд ажил олгогч нь ажилтан Э.З ыг з-д “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.5, 3.1.6-д заасан этгээдүүдтэй хувийн ашиг сонирхлоор хамтран ажилласан болох нь илэрсэн бол”, к-д Хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргасан бол” гэж заасан ноцтой зөрчлийг гаргасан гэж тушаалдаа дурджээ.

 

ЖДҮС  гийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2019 оны 06 сарын 12-ны өдрийн Б/51 дугаартай тушаалын үндэслэлд дурдсан Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн 2019 оны 04 сарын 08-ны өдрийн ЦБ/10 дугаартай мэдэгдэлд төсөл хэрэгжүүлэгч Ц.О  нь төслийн зээлийн зарцуулалтын тайланд малын тоо толгойн үнийг төсөлд бичсэн үнээс илүү тооцсон, худалдан авсан, төлбөр тооцоо хийсэн нотлох баримтгүй,  зээлийг зориулалт бусаар зарцуулсан гэж төслийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах талаар мэдэгдсэн байна. Мөн төсөл хэрэгжүүлэгч Ц.О  нь сангийн зээл төслийн мэргэжилтэн Э.З тай хамааралтай, төрсөн эх нь болох нь тогтоогдсон, 2016 онд тус сангаас зээл авсан А.Эрдэнэчимэг нь Э.З ын эхнэр болох талаар дурджээ. Мөн тушаалын үндэслэлд дурдсан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2019 оны 05 сарын 23-ны өдрийн 01/2002 дугаартай албан тоотод Авлигатай тэмцэх газрын мэдэгдэлд дурдсан арга хэмжээг авч ажиллахыг ЖДҮС  гийн захиралд даалгасан байна. /хх-100, 101-102/

 

Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 12 сарын 11-ний өдрийн 625 дугаартай тогтоолоор Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс Э.З т холбогдуулан 2016 онд өөрийн хамаарал бүхий аж ахуйн нэгжийн нэр дээр 145 сая төгрөг, 2018 онд өөрийн ээжийн нэр дээр 340 сая төгрөгийн зээлийг тус тус гаргаж, их хэмжээний мөнгө завшсан гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж, ЖДҮС  д Э.З ын эрхэлж байсан инноваци, мэдээ мэдээлэл хариуцсан мэргэжилтэн, төслийн мэргэжилтэн албан тушаалууд нь төрийн үйлчилгээний албан тушаалын 7 дугаар зэрэглэл, мэргэжлийн албан хаагч гэсэн ангилалд хамаардаг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 4 дүгээр зүйлийн 4.1, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т зааснаар төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогчийг нийтийн албан тушаалтан гэж ойлгохоор хуульчилсан бөгөөд, Э.З ын эрхэлж байсан албан тушаалууд нь нийтийн албан тушаалд хамаарахгүй. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдварийн сайдын 2018 оны 05 сарын 14-ний өдрийн А/88 дугаартай тушаалаар ЖДҮС  гаас иргэн Ц.О т 200,000,000 төгрөгийг зээл олгох шийдвэр гаргахад улс төрд нөлөө бүхий этгээд, нийтийн албан тушаалтан нөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдоогүй, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хааж шийдвэрлэсэн. ЖДҮС  гаас 2016 онд “Б ” ХХК-д 145,000,000 төгрөгийн зээл олгоход сангийн мэргэжилтэн Э.З  эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад буюу “Б ” ХХК-д давуу байдал бий болгосон, хохирол учруулсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэргийг хааж шийдвэрлэжээ. /хх-87-88/

 

Э.З  нь 2018 оны 06 сарын 08-ны өдөр гаргасан Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэлдээ зээл хүсэгч Ц.О  түүний ээж тул шийдвэр гаргахаас татгалзаж байгааг мэдэгдсэн байх бөгөөд эрх бүхий албан тушаалтан нь баталгаажуулсан байна. Мөн 2018 оны 04 сарын 17-ны өдөр мэдэгдэл хөтөлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хх-82-83, 152-153/

 

Ажил олгогч нь Э.З ыг ажлаас чөлөөлөх тушаалдаа ЖДҮС  гийн Хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээний “ноцтой зөрчил”-ийн талаарх заалтыг дурдаж үндэслэсэн байх боловч Э.З ын эрхэлж байсан албан тушаалууд нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон Авлигын эсрэг хуульд заасан нийтийн албан тушаалтанд хамаарахгүй болох нь тогтоогдож байна. Мөн Э.З тай хамаарал бүхий этгээд болох Ц.О , “Б ” ХХК, А.Эрдэнэчимэг нарт зээл олгоход эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон, хохирол учруулсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болох нь түүнд холбогдох хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан прокурорын тогтоолоор тогтоогдож байна. Мөн Э.З  нь Ц.О т зээл олгох үйл ажиллагаанд оролцохоос татгалзаж мэдэгдэл бичсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан бөгөөд дээр дурьдсан нөхцөл байдлаас дүгнэж үзэхэд Э.З ыг ноцтой зөрчил гаргасанд тооцон Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т зааснаар ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлан ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна.

 

Иймд Э.З ыг зээлийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор ЖДҮГ рыг байгуулж, ЖДҮС  гийн ажлын албыг татан буулгаж, холбогдох албан хаагчдыг чиг үүрэг, орон тоо, үйл ажиллагааны зардал, цалингийн сан, эд хөрөнгийн хамт ЖДҮГ т шилжүүлсэн байх тул хариуцагч ЖДҮГ  нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т “Ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч Э.З ыг зээлийн мэргэжилтэний албан тушаал, түүнтэй адил чанарын албан тушаалд ажиллуулах үүргийг хүлээнэ.

 

Нэхэмжлэгч Э.З  нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны олговрын хэмжээний талаар тоон илэрхийлэл гаргаагүй нь нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхэд саад учруулахгүй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д“энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасан.

 

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу тооцож Э.З ын ажиллаж байсан үеийн сүүлийн 3 сарын цалингаас тооцон  сарын цалин хөлсийг 1,106,481 төгрөгөөр тооцон тодорхойлж, ажилгүй байсан 2019 оны 06 сарын 12-ны өдрөөс 2021 оны 01 сарын 20-ны өдрийг хүртэл 402 хоногийн цалинтай тэнцэх олговорт 20,688,624.48 төгрөгийг хариуцагч ЖДҮГ раас гаргуулж нэхэмжлэгч Э.З т олгох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацаанд ногдох ээлжийн амралтын олговор гаргуулах, мөн 2019 оны үр дүнгийн урамшуулалт цалинг тооцуулах шаардлага гаргасан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.2-т зааснаар ээлжийн амралтын олговрыг ажилтны тухайн ажлын жилийн дундаж цалин хөлсний хэмжээгээр тогтоон ажилтанд ээлжийн амралтын хугацаанд олгоно, мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар ажилтанд жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлэхээр заасан бөгөөд нэхэмжлэгч Э.З ын ажилгүй байсан нийт хугацаа буюу 402 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн тул ээлжийн амралтын олговор тооцох үндэслэлгүй гэж үзлээ.

 

ЖДҮС  гийн хөдөлмөрийн дотоод журмын 8.10-т сангийн хэлтэс болон тэдгээрийн албан хаагчдын тухайн жилийн ажлын үр дүнг харгалзан улирал, хагас жил болон жилийн эцэст мөнгөн хэлбэрээр урамшуулал олгож болохоор заасан, төсвийн шууд захирагчтай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийг харгалзан урамшуулал олгохоор зохицуулсан байх тул нэхэмжлэгч Э.З ын ажилгүй байсан хугацаанд үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэн урамшуулалт цалинг тооцон хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй”, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж заасан тул нэхэмжлэгч Э.З ын ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулж, дэвтэрт бичилт хийх үүргийг хариуцагч ЖДҮГ т даалган шийдвэрлэх нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн ЖДҮС  гийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2019 оны 06 сарын 12-ны өдрийн Б/51 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Э.З ыг зээлийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч ЖДҮГ раас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 20,688,624.48 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, ажилгүй байсан хугацааны олговороос зохих журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийж баталгаажуулахыг хариуцагчид даалгаж, 2019 оны үр дүнгийн урамшуулалт цалинг тооцуулах, ажилгүй байсан хугацаанд ногдох ээлжийн амралтын олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Энэ хэргийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх боловч шүүхээс эрх зүйн үйлчилгээ үзүүлсний зардлыг хариуцагчаас гаргуулахгүй байх үндэслэл болохгүй тул улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч ЖДҮГ т хариуцуулах бөгөөд ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрын хэмжээнд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тодорхойлов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан ЖДҮС  гийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2019 оны 06 сарын 12-ны өдрийн Б/51 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Хамниган овогт Энхтайваны Золбаяр /Регистрийн дугаар НВ83011510/-ыг зээлийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч ЖДҮГ раас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 20,688,624.48 /хорин сая зургаан зуун наян найман мянга зургаан зуун хорин дөрвөн төгрөг дөчин найман мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.З т олгож, 2019 оны үр дүнгийн урамшуулал цалинг тооцуулах, ажилгүй байсан хугацаанд ногдох ээлжийн амралтын олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Э.З ын ажилгүй байсан бүх хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулж, холбогдох даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч ЖДҮГ т үүрэг болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч ЖДҮГ раас улсын тэмдэгтийн хураамжид 261,393.21 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Д.ЦЭРЭНДОЛГОР