Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 2024/ШЦТ/037

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч: Н.Цогням,

Нарийн бичгийн дарга: Б.Сайнбилэг,

Хохирогчийн өмгөөлөгч: Б.Хандмаа,

Шүүгдэгч: Г.Бямбажин, түүний өмгөөлөгч Д.Уранчимэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Цогнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2314000000143 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, Бурхант овогт Ганчимэгийн Бямбажин /РД: ВЮ04232036/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Бямбажин нь согтуурсан үедээ 2023 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 23:00 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Цацрах гэгээ” караокены гадна талбайд иргэн Б.Норвоог н.Баянмөнхтэй зууралдан дээр нь сууж байх явцад Б.Норвоогийн толгой хэсэгт пивоны шилээр 2 удаа цохисны улмаас Б.Норвоогийн эрүүл мэндэд зулай ясны цөмөрсөн хугарал, хатуу хальсны урагдал, хатуу хальс дээрх голомтлог цус харвалт бүхий хүнд хохирол санаатай учруулсан,

Мөн тэрээр согтуурсан үедээ буюу 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнийн 00 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багийн 20-08 тоотод иргэн М.Загдзүсэмийг гэрээсээ хөөлөө гэснээр шалтаглан маргалдаж, түүний гарыг мушгин унагааж, гар, хөл, цээж хэсэгт 3-аас 4 удаа өшиглөж, биедээ байсан жижиг хутгаар зүүн гуяны доод хэсэгт 1 удаа хутгалж, М.Загдзүсэмийн эрүүл мэндэд зүүн гуяны шарх, цус хуралт, мөр, дал, баруун, зүүн бугалганы цус хуралт, бүсэлхийн цус хуралт, зулгаралт, цээжний цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч  Г.Бямбажингийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би яллагдагчаар татах тухай тогтоол, яллагдагчийн эрх үүргийг уншиж танилцсан. Надад ямар нэгэн санал хүсэлт алга. Би яллагдагчаар татсаныг хүлээн зөвшөөрч байна. 2023 оны 03 дугаар сарын эхэн үеэр Баянмөнх бид 2 хамт караокед  орж байгаад би Баянмөнх ахыг авч явах гээд байж байсан Тэр үед би найзтайгаа уулзах гээд явчихаад буцаад Орд караокены гадаа ирсэн чинь Баянмөнх ах зодуулаад байж байсан. Тэгээд тэнд байсан хүмүүс Баянмөнх ахыг өмөөрөх шинжгүй хараад байхаар нь би болиулах санаатай очоод Норвоогийн толгой руу нь хоёр удаа пивоны шилээр цохисон. Тэгээд би зугтаагаад Баянмөнх ахынд очиж унтсан. Баянмөнх нь миний хуурай ах байгаа юм. Ямар нэгэн төрөл садан биш. Тэр үед Баянмөнх доор нь орчихсон. Норов дээр нь гарчихсан Баянмөнхийн нүүр рүү нь цохиж байсан. Тэгэхээр нь би Норвоогийн араас нь очоод барьж байсан пивоны шилээрээ 2 удаа цохисон. Тэр үед Жаагий Баянмөнх ахад нэг пиво өгсөн. Тухайн пивийг би аваад бариад уугаад явж байсан юм. Тэр үед Норвоогийн толгой рүү 1 удаа  нуруу руу нь цохисон. Эхлээд нуруу рүү нь цохиход пивоны шил хагараагүй, дараа нь толгой руу нь 1 удаа цохиход пивоны шил хагарч унасан. Тэр пивоны шил нь боргио нэртэй пивоны шил байсан. Би Норвоогийн танихгүй тухайн үед Норовтой хэрүүл маргаан хийгээгүй байсан.  Би тухайн үед орд караокены өмнө цохисон. Тухайн үед Норвоо нь Баянмөнх ахыг зодож байхаар нь өмөөрөөд салгах гээд цохисон. Надад хохирогч төлбөр төл гэж хэлээгүй. Би хохирол төлбөр төлөөгүй байгаа....гэх мэдүүлэг / 1-р  хх-ийн 154-156 /,

.....Миний бие яллагдагчийн эрх, үүрэгтэй, яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Өмгөөлөгч авахгүй...гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 87-88 /,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Бямбажин мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.

3. Хохирогч  Б.Норвоогийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.... Би 2023 оны 04 дүгээр сарын 03-ны орой 23 цагийн үед найз Ууганбаярын хамт “Цацрах гэгээ" гэдэг караокеноос гарахад эхнэр Сарантуяа намайг уг караокены үүдэн дээрээс тосож аваад хамт машин руугаа алхаж байхад урдаас нэг танихгүй залуу гүйж ирээд нүүр лүү гараараа нэг удаа цохиод авахаар нь уг залуутай зууралдсаар байгаад хамт газарт унаад би нөгөө залуу дээр гарч сууж байхад ардаас нэг хүн ирээд толгой руу шилээр 2 удаа цохиход толгой эргээд би газарт унаж, зүүн талын хөл мэдээгүй оргиод босож чадахгүй байсан. Эхнэр Сарантуяа, Ууганбаяр 2 намайг түшиж босгоод машинд суулгаад шууд гэр лүүгээ харьж унтаж амарсан. Маргааш өглөө нь босох гэхэд зүүн талын хөл мэдээ муутай. Толгойны оройны хажуу талын яс дотогшоогоо цөмөрсөн байдалтай байсан. Тухайн үед цагдаагийн болон эмнэлгийн байгууллагад хандаагүй. Дээрх үйл явдал болсноос хойш 1 сар орчмын дараа толгой, зүүн талын хөл өвдөөд байхаар нь Улаанбаатар хотод ирж Мөнгөнгүүр эмнэлэгт толгойны зураг авхуулахад яс нь цөмрөөд баруун тархиа дарж, яс нь цуурсан байна гээд яаралтайгаар яармагийн нэгдсэн эмнэлэгт хагалгаанд орсон. Намайг пивоны шилээр цохисон залууг сүүлд сураглахад Бямбажин, нүүр лүү цохисон залууг Баянмөнх гэдэг гэсэн. Би тэр залуучуудыг өмнө харж байгаагүй. Би Г.Бямбажин Баянмөнх нартай ямар нэг хувийн таарамжгүй харилцаа, өс хонзонгийн асуудал байхгүй. Эмчилгээний зардлаа нэхэмжилж байна....гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 74-75 /,

....Би Жанцандорж, Махгал гэх хүмүүсийг танина. Баянхонгор аймагт цуг өссөн нэг үеийн танилууд байгаа юмаа. Нэг газар өссөн бие биенээ мэддэг таарах үедээ мэнд устай найз нөхдийн холбоотой байдаг. Би Махгал, Жанцандорж хоёртой хувийн таарамжгүй харилцаа, болон өс хонзон өв авлага байхгүй. Урд өмнө маргалдаж муудалцаж байгаагүй. Би Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж тархиндаа ялтсан төмөр суулгуулах хагалгаа хийлгэсэн. Эмчилгээний төлбөр 2,300,000 орчим төгрөгийг гарсан би өөрөө төлсөн. Надад яг гаргаж өгөх баримт байхгүй. Надад гомдол санал байхгүй. Эмчилгээний, хагалгааны зардлаа нэхэмжилж байна. Би Улаанбаатар хотод эмчилгээ миний эмчилгээ бүрэн дуусаагүй байгаа. Толгойн хагалгааны шарх бүрэн эдгэсний дараа явах болно. Тархиндаа хагалгаа хийлгэсэн учраас хол замд явж болохгүй тийч учраас хэргийн материалтай танилцахгүй танилцах шаардлага байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 78-79/,

4. Хохирогч М.Загдзүсэмийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.... 2023 оны 01 дүгээр сарын 18-ны орой  19-20 цагийн  үед гудамжны танил дүү Бавуу ганцаараа эхлээд орж ирсэн бүтэн нэрийг нь мэдэхгүй ганц юм уучихъя ахаа гэсэн Тэгэхээр нь тэг тэг гээд хэлсэн тухайн үед нь би бас архи уусан халамцуу байсан. Тэгсэн тэр гарч яваад 0.5 литртэй Хараа нэртэй архи аваад 1 хүүхэн, 2 залууг дагуулаад дөрвүүлээ болоод ороод ирсэн. Тэр хоёрыг нь би танихгүй юм байна лээ. Тэр 2 залууг харахад Бамбуухай гээд өмнө нь харж байсан залуу нэг нь байсан. Нөгөө нэг өндөр дуу бор биерхүү залууг нь бол харж байгаагүй юм байна лээ. Гэрт орж ирээд тэр Бамбуухай нь гэрийн баруун талын буйдан дээр унтаад өгсөн. Тэгээд тэр авч ирсэн архинаас нь Бамбухайтай хамт ирсэн залуу бид гурав ууж байгаад Бавуу Бамбуухайгийн байгаа орон дээр суугаагаараа унтаад өгсөн. Тэгээд би нэлээн муудсан байсан.  Тэгээд би тэд нарыг явцгаа гээд хэлтэл тэр унтаагүй үлдсэн нэг залуу нь намайг гэрээсээ хөөдөг хэн бэ гээд миний гарыг гэрийн хоймор талд мушгиж унагаагаад тэгсэн гэрийн зүүн талын багана хугарсан. Тэгээд гэрийн зуухны амны урд талд намайг унагаагаад гар хөл мөр руу өшигчөөд, баганын далбаагаар зүүн мөр рүү цохиод байх шиг байсан. Би нүүрээ дараад хэвтээд өгсөн. Тэгээд би түүнээс ахыгаа уучлаарай гэсэн. Тэгтэл тэр залуу нь зодохоо болиод нөгөө унтаж байсан Бамбуухай, Бавуу хоёрыг сэрээж байх шиг байсан. Бамбуухай сэрсэн байсан тэгэхээр нь гэрээсээ сэмхэн гараад зугтаасан. Гэрээсээ гартал нөгөө хүүхэн нь гадаа байсан хайчих гэж байгаа юм гэхээр нь шээе гэж хэлээд хойд хашаан дээгүүрээ давж зугтаад эгч рүүгээ мэдэгдсэн.  Тэгтэл зүүн өвдөгнөөс цус гараад байсан. Миний өвдөг рүү юугаар хатгасныг би санахгүй байгаад байгаа юм. Сүүлд нь цагдаа дээр оччихоод буцаад гэртээ иртэл гэрийн хоймор хэсэг цус болсон байсан. Тэгэхээр тэр унтаагүй байсан залуу багана руу гар мушгиж, намайг унагаахдаа хатгасан юм шиг байна лээ. Тухайн үедээ зодуулж байхдаа бол мэдээгүй. Миний зүгээс эвдэрсэн гэх баганаа үнэлүүлэхгүй буцаагаад хадсан. Өндөр бадируун дуу бор залуу байсан. Тухайн үед Бавуу тэр залууг Бандиа гээд байсан. Бамбуухай, Бавуу нарын зүгээс миний биед гар хүрч цохиж зодсон зүйл байхгүй...гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 13-14 /,

5. Иргэний нэхэмжлэгч П.Оюунжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Б.Норов нь эрүүл мэндийн даатгалын сангаас 26.000 төгрөгийн хөнгөлөлт чөлөөлөтөнд хамрагдсан байгаа тул лавлагааг гаргаж хүргүүлсэн. Би Б.Норовын эмчилгээний зардалд эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан төлбөр болох 26.000 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна. Одоогоор энэ зардал төлөгдөөгүй байна...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 86/,

6. Гэрч Л.Ууганбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2023 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн орой Норов бид хоёр Цацрах гэгээ караокед орж 0.5 граммын хэмжээтэй нэг шил архи хувааж уусан. Тэгээд шөнө 23 цагийн үед тэр караокеноос гараад явсан. Гарч явахдаа үүдэн дээр Норов нэг таньдаг залуутайгаа тааралдаад Цацрах гэгээний гадаа үүдэн дээр нь тэр залуутайгаа уулзаад байж байсан чинь Орд караокены үүдэн дээрээс нэг залуу Норов руу түргэн алхаж ирээд гартаа барьсан байсан пивоны шилээр Норвоогийн толгой руу 2 удаа цохичхоод Шар бүрд дэлгүүрийн хажуугаар гараад зугтаачихсан. Би араас нь хөөгөөд олоогүй. Норвоогийн эхнэр ч гэсэн машинтайгаа араас нь хайгаад олоогүй. Тэр асуудал нь 2023 оны 03 дугаар сарын 04-ний шөнийн 23:00 цагийн үед Цацрах гэгээ караокены байрных нь урд талд болсон юм. Тэр үед баар хаах гээд гадаа олон хүн байсан, тэгээд Норов тэр үед нэг таньдаг залуутайгаа юм яриад тэврэлдчихсэн байж байсан чинь Цацрах гэгээ караокены хажууд байдаг Орд караокены тэндээс нэг залуу ирээд гартаа барьж байсан пивоны шилээрээ Норвоогийн толгой руу нь 2 удаа цохисон, эхний цохиход нь шил нь хагараагүй, дараагийн цохиход нь шил нь хагарсан, тэгээд тэр залуу Шар бүрд дэлгүүрийн хажуугаар гараад зугтаачихсан. Намайг эргээд ирэхэд Норов машиндаа суучихсан байсан. Тэр үед Норов бид хоёр Орд караоке руу дөнгөж орчихоод гараад явсан юм, тэнд бол архи уугаагүй ээ. Караокед байхдаа бол Норов бид хоёроо бол хэнтэй ч маргалдаагүй ээ. Би яг цохихыг нь харсан, би ч харсан, Норвоогийн эхнэр нь ч харсан. Тэр үед Норвоогийн эхнэр нь Норвоогийн авч явах гээд ирчихсэн байсан юм. Тэр үед Норов нэг таньдаг залуутайгаа тэврэлдээд юм яриад байж байсан, би хажууд нь явахыг нь хүлээгээд, эхнэр нь бас хүлээгээд байж байсан юм, тэгсэн чинь Орд караокены тэндээс нэг залуу алхаж ирээд гартаа барьж байсан пивоны шилээрээ Норвоогийн толгой руу нь 2 удаа цохичихоод зугтаачихсан. Тэр хүн нь тэр үед цайвардуу хувцас өмссөн байсан, куртик нь малгайтай байх шиг байсан, тэгээд тэнд байсан хүмүүс наадах чинь арван мянгатад байдаг Бандиа гэж дууддаг залуу мөн байна гэж хэлж байсан юм. Тэр үед Норвоотой юм ярьж байсан залуу нь Норвоогийн цохиогүй ээ, өөр хүн ч тэр үед Норвоогийн цохиогүй, ганцхан тэр Бандиа гэдэг залуу л Норвоогийн толгой руу нь пивоны шилээр 2 удаа цохисон. Тэр үед Норов тэр залуутайгаа юм яриад зогсож байхад тэр залуу ирээд араас нь толгой руу нь 2 удаа цохисон....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 88-89/,

7. Гэрч Д.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2023 оны 03 дугаар сарын эхээр би одоо яг өдрийг нь санахгүй байна. Тэр өдөр Буяннэмэх бид хоёр Цацрах гэгээ караокед орж хэдэн пиво уучихаад тэндээсээ гараад В клабт ороод 2-3 пиво уучихаад явахаар болоод хоёулаа Орд руу нэг оръё гээд орсон чинь тэр Орд караокед Норов хэдэн хүмүүстэй хамт байсан. Тэгээд бид хоёр Норвоотой уулзаад юм яриад тэр баарнаас гарсан. Тэгээд гадаа гарсан чинь Норвоо нэг хүнтэй маргалдаад надтай хамт явсан Буяннэмэх нэг хүнтэй маргалдаад байсан. Тэгээд больцгоо гээд байж байсан чинь тэнд байсан цэргийн ангийн залуу намайг дуудаад бид хоёр юм яриад зогсож байсан чинь пан гээд дугарахаар нь би харсан чинь Шар бүрд дэлгүүр, Соёмбо зочид буудал хоёрын хоорондуур нэг залуу гүйгээд явчихсан. Тэгээд би хүүе юу болов оо гэсэн чинь Орд караокены урд талд Норов газар уначихсан байсан тэгээд би Норвоогийн гараас нь барьж аваад хөөе Норовоо яачих ваа гэсэн чинь ухаан алдчихсан байсан, тэгсэн чинь тэнд байсан Лхагваа гэдэг залуу миний ахыг яачих ваа гээд байсан. Тэгээд цэргийн ангийн залуу намайг явъя гээд дагуулаад явсан. Тэгээд бид хоёр таксинд суух гэж байснаа болъё гээд бид хоёр Аялгуу ресторанд орсон чинь тэндээс хүмүүс нь гараад яг хааж байсан. Тэгэхээр нь би барментай нь уулзаад ахыгаа таньж байна уу ахдаа нэг зуун грамм архи хийгээд өгөөч гэсэн чинь бармен нь за гээд надад 100 грамм архи өгөхөөр нь цэргийн ангийн залуу бид хоёр хувааж уучихаад гараад ирсэн чинь Аялгуу рестораны машины зогсоол дээр Оолой нар байж байсан, тэгээд би тэд нартай уулзаад сая Оолойд сая Норовоо хүнд шилээр цохиулчихлаа гэсэн чинь Оолой над руу уурлаад чи хүний найз байж Норвоог хаячихаад ирж байгаа юм уу гэж уурласан. Тэгээд цэргийн ангийн залуу бид хоёр явах гээд зам дээрээс нэг таксинд суугаад явж байсан чинь тэр таксин дотор нэг залуу байсан тэр залуу найз охиных руугаа явах гэсэн чинь мөнгө байхгүй гэхээр нь би таксины жолоочид нь надтай хамт явсан цэргийн ангийн залуу тэр залуугийн таксины мөнгийг нь бид хоёрын таксины мөнгөтэй хамт өгсөн. Тэгээд такси яваад амьчуулд нэг айлд тэр залууг хүргэж өгөөд бид нар цаашаа яваад Цээгий гэдэг айлд очоод гурвуулаа Амраагийнд очье гээд Хөх толгойд Амраа гэдэг айлд очоод нэг шил архинаас 3- 4 рүнк уучихаад би Амраа ахын хүүхдээр нь гэртээ хүргүүлсэн. Тэгээд би маргааш өглөө нь Бадамдорж бид хоёр манайд байж байсан чинь манайд Оолой, Норов, Уугаа, Машлай, Буянаа нар манайд ирсэн. Тэгээд надтай уулзаад бид нар хоёр шил архи хувааж уугаад тэд нар явцгаасан. Тэгээд үүнээс хойш хэд хоногийн дараа Оолой намайг дуудаад хүрээд ирээч хөгшөөн Норвоогийн үүдэн дээр байна гэхээр нь би очсон чинь Оолой нэг шил архитай байж байсан. Тэр үед Оолой надад Норовоог чи цохиулсан юм байна, бичлэг нь байна гэхээр нь би тийм юм байхгүй ээ, тэр хүнтэй чинь нүүрэлдье хамаа алга гэсэн. Тэгээд би Оолойг зах дээр хүргэж өгсөн, Норовоогийн эхнэрийн гар утсан дээр байгаа тэр бичлэгийг нь би үзсэн чинь нэг эрэгтэй хүн Махгал гэдэг хүн цохь гэсэн, танай ахыг тэд нар зодож байна гэж хэлсэн гэсэн яриатай бичлэг байсан. Тэгэнгүүт нь би юу яриад байгаа юм бэ, тийм юм байхгүй, хөгшин нь хүнийг нь олж ирнэ, нүүрэлдэнэ гэж хэлсэн. Тэгээд цэргийн ангийн залуугийн дугаарыг нь Амраагаас аваад утсаар ярьсан чинь нүдний хагалгаанд ороод ирлээ Амбулатори дээр байна гэхээр нь Оолой бид хоёр уулзсан. Тэгээд цэргийн ангийн залууг аваад Норовоогийн эхэр дээр очиж тэр цэргийн ангийн залуу надтай хамт явсан талаараа бүгдийг нь хэлсэн. Тэгээд цэргийн ангийн залууг Амбулатори дээр хүргэж өгчихөөд Оолойг зах дээр хүргэж өгчихөөд тэр ярьсан Бандиа гэдэг залууг хайгаад Самбуу гэдэг айлд архи ууж байна гэж сонсоод очсон чинь Самбуу нь орон дээрээ тасраад уначихсан, Сайнаа бас тасраад унтаж байсан, тэнд Бандиа гэдэг залуу нь байгаагүй. Тэгээд би Жанцандорж гэдэг залуу руу залгаад Бандиа гэдэг залуу байна уу гэж асуусан чинь гэр оронгүй нэг золбин бацаан байдаг юм гэж хэлсэн, одоо хаана байгааг нь мэдэхгүй гэж хэлсэн. Тэгээд тэр өдрөө тэр Бандиаг олж чадаагүй, маргааш өглөө нь би 06:50 цагт гэрээсээ гараад арван мянгатаар явж байгаад Самбуугийнд очсон чинь байхгүй байсан тэгээд арван мянгатын хойд талд 2 дахь хаалганд байдаг Бандиагийн ахынх нь гэрт нь очсон чинь тэр Бандиа нь нэг хүүхэнтэй газраар ор засчихсан хэвтэж байсан. Тэгээд би гэрт нь ороод Бандиа гэж мөн үү гэсэн чинь мөн байна гэсэн. Чи босоод ир дээ чамтай нэг уулзах уулзаатай байна гэсэн чинь босоод ирсэн. За хоёулаа явъя, чи яагаад ахыгаа хэл аманд оруулаад байна гэсэн чинь үгүй ээ ахаа тухайн үед Жанцандорж ах нар намайг зодох гээд байхаар нь айгаад Махгал гээд хэлчихсэн юм аа гэсэн. Чи тэгвэл наад учраа Норовоо дээр очиж хэл, учраа ол гэж хэлсэн. Тэгээд Норовоогийн гэрт нь очоод тэр Бандиаг уулзуулаад нөгөө бацаан чинь энэ мөн үү, яг ямар ямар юм болсноо хэл гэсэн чинь тэр Бандиа нь ахаа тэгээд хэлчихсэн юм аа, тийм юм байхгүй ээ гэж хэлсэн. Тэгээд би та нар учраа олоорой гэж хэлчихээд шээчихээд ороод ирье гээд гараад явсан. Тэгээд тэр Бандиаг гэрт нь хүргэж өгсөн. Би тэр Бандиагаас яах гэж цохисон юм бэ гэж асуусан чинь мэдэхгүй гэж хэлээд байсан. Тэр үед Норовоогийн эхнэр Сараа тэр Бандиагаас чи ямар зорилгоор яах гэж цохисон юм бэ гэсэн чинь тэр Бандиа нь мэдэхгүй гээд зогсоод байсан. Тэр үед Норовоо тэр Бандиа гэдэг залуутай хэрэлдэж маргалдаагүй, Цацрах гэгээгийн өмнө Норвоо нэг залуутай маргалдаад байж байсан, би хажууд нь цэргийн ангийн залуутай юм яриад зогсож байсан чинь пан гэсэн дуу гарахаар нь харсан чинь нэг залуу Шар бүрд дэлгүүр, Соёмбо зочид буудал хоёрын хоорондуур гараад гүйж байгаа харагдсан. Би яг цохихыг нь хараагүй, юм ярьж зогсож байгаад пан гээд дугарахаар нь харсан чинь л нэг залуу зугтааж байгаа харагдсан.....гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 91-92 /,

8. Гэрч Т.Сарантуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2023 оны 03 дугаар сарын эхээр би одоо яг өдрийг нь санахгүй байна. Тэр өдөр орой 23:00 цаг өнгөрч байхад Норов намайг Цацрах гэгээгийн энд байна ирээд аваадах гэхээр нь би машинаараа тэнд нь очсон юм. Тэгээд очсон чинь Орд караокены гадаа зөндөө олон хүн байсан, тэгээд Норвоог явъя гээд бид хоёр хамт зогсож байсан чинь нэг залуу ирээд Норвоогийн улаан нүүр рүү нь гараараа цохиод авсан, тэгэхээр нь би хүүе яаж байгаа юм бэ гэсэн чинь Норовоо тэр дариуд нь барьж авсан, тэгээд тэр залуу Норвоотой дээр доороо ороод газар ноцолдож байсан би хажууд нь болио явъя гэж байтал цаанаас нэг залуу хүрч ирээд пивоны шилээр Норвоогийн толгой руу нь нэг удаа цохисон чинь шил нь хагараагүй ахиад нэг цохисон чинь шил нь хагарчихсан. Тэгэхээр нь би хүүе наадхаа бариад аваарай гэсэн чинь хүн барьж авахгүй байсан тэгээд тэр залуу зугтаагаад Ууганбаяр бид хоёр араас нь Шар бүрд дэлгүүр өнгөртөл хойноос нь хөөж гүйгээд барьж чадаагүй. Тэгээд би төвөөр тэр залууг нь хайж машинтай яваад олдохгүй болохоор нь эргэж Орд караокены гадаа ирээд Норвоог аваад гэртээ ирсэн. Тэгээд гэртээ ирээд үзэхэд толгой нь хавдчихсан байсан тэгээд үзүүлье, бариачид үзүүлье гэсэн чинь Норов зүгээр зүгээр гээд байсан, тэгээд толгой өвдөөд байна өвчин намдаах эм аваад өг гэхээр нь би цэнхэр алаг өнгөтэй эм авч өгсөн чинь тэр эмийг Норов ойр ойрхон уугаад байсан, тэгээд шатны уруу алхахаар хөл нь сөхөрч уначих гээд байна гээд байсан би шат руу дандаа хөтөлж буудаг байсан. Тэгээд эмчид үзүүлье гэхээр гайгүй гайгүй гээд байдаг байсан. Тэгээд нэг өдөр Норвоогийн найз Жаагий гэж дууддаг Жанцандорж Норвоо руу утсаар яриад нөгөө хүүхдийг чинь олчихлоо Хөх толгойд хүрээд ир гэсэн. Тэгэхээр нь Норов бид хоёр хамт Хөх толгойд очсон чинь хөх толгойн дэлгүүрийн үүдэн дээр Жанцандорж нэг бандийг аваад буулгаад ирсэн, тэгээд тэр бандитай уулзсан чинь нэрээ хэлээгүй, тэр залуу ахаа намайг нэг цохичих, яг би цохисон шиг намайг цохичих гээд толгойгоо Норвоогийн урдаас өгөөд байсан, тэгэхээр нь би чи яахаараа чамайг цохидог юм бэ чи яахаараа манай хүнийг цохисон юм бэ гэсэн чинь тэр залуу уучлаарай гээд байсан. Тэгээд Норов тэр бандид чи залуу хүн ингэж болохгүй, манай хүүхэд шиг л хүүхэд байна гэж хэлээд явуулсан. Тэр үед тэр залуу Махгал ах намайг цохь гэж хэлж цохиулсан гэж хэлсэн. Тэгээд энэ өдрөөс хойш нөгөөдөр өглөө нь Махгал тэр Норвоогийн толгой руу цохисон хүүхдийг дагуулчихсан манай хашаанд машинтайгаа ороод ирсэн. Тэгээд Махгал, Норов, тэр цохисон залуу бид нар уулзахад Махгал нь би энэ хүүхдийг танихгүй, би юу гэж найзыгаа захиалахав дээ нэр цэвэрлэж өгөөрэй гэж хэлсэн. Тэр залуу нь Махгалын хажууд юу ч хэлээгүй ээ. Тэгээд Махгал тэр залуу хоёр яваад өгсөн. Би тэр хүний нэрийг нь мэдэхгүй ээ, тэр үед би Норвоог явъя гээд сугадчихсан Орд караокены урд талын автомашины зогсоолын зүүн талын буланд Норов бид хоёр зогсож байсан чинь нэг залуу ирээд шууд Норвоогийн нүүр рүү нь цохиод авсан, тэгэнгүүт Норов тэр залууг барьж аваад тэр хоёр газарт хамт унаад ноцолдоод Норов дээр нь гараад тонгойчихсон байсан чинь нэг залуу ирээд Норвоогийн ар талаас нь толгой руу нь пивоны шилээр цохисон. Тэр үед Норвоогийн нүүр рүү нь цохисон хүний нэрийг нь би мэдэхгүй ээ, тэр залуутай Норов ерөөсөө хэрэлдэж маргалдаагүй, би тэр үед Норвоог сугадчихсан машин тэнд байгаа явъя гэж яриад байж байсан чинь л тэр залуу ирээд шууд Норвоогийн нүүр рүү нь цохиод авсан. Тэр пивоны шилээр цохисон залуугийнх нь өмссөн байсан хувцсыг нь анзаараагүй, ямар ч гэсэн малгайтай цамц өмссөн байсан. Тэр залуу Уранхайрханы тэр хавиас л гарч ирсэн байх, ганцаараа гүйж ирж цохичихоод гүйчихсэн. Эхний удаа тэр залуутай дэлгүүрийн гадаа уулзахад Махгал Баянмөнхийг чинь зодоод байна, очоод цохичих гээд пивоны шил өгсөн тэгэхээр нь би пивоны шилээр цохичихоод зугтаачихсан гэж хэлсэн. Дараагийн удаад нь Махгал тэр залууг манай гэрт дагуулж ирэхэд нь уулзахад Махгал нь би найзыгаа цохиулахав дээ нэр цэвэрлэж өгөөрэй гэж хэлж байсан, тэр үед тэр пивоны шилээр цохисон залуу нь юу ч дугарахгүй байж байгаа гараад явсан. Норвоо одоо Улаанбаатар хотод байгаа, 2023 оны 04 дүгээр сарын 02- ний өдөр Хан-Уул дүүргийн Яармагийн эмнэлэгт Гавал ясны зулайн ар хэсгийн цөмөрсөн хугарлыг цэгцлэх, титан ялтас суурилуулах хагалгаа хийлгэсэн. Дараа нь Монгол мед сувиллын газарт хэвтэж эмчлүүлээд одоо гарчихсан хотод байгаа. Одоо гам сайн сахь гэсэн, доргионд явж болохгүй гэсэн. Би Норвоогийн толгой руу нь цохисон залуутай уулзахдаа өөрийнхөө гар утсаар бичлэг хийсэн байгаа. Тэр залуу нь Норвоогийн доор нь орсон байсан залуу нь Бандиа цохиорой гэж хэлээгүй, тэр залуу гэв гэнэтхэн холоос гүйж ирээд Норвоогийн толгой руу цохичихсон....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 103-104 /,

9. Гэрч М.Нурмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Миний төрсөн дүүг Мөнхбатын Загдзүсэм гэдэг Баянхонгор сумын 5 дугаар багийн 20-08 тоотод эхнэр хүүхэд байхгүй гэртээ ганцаараа амьдардаг. Над руу 00 цаг 18 минутад залгаад би гэртээ байж байгаад хутгалуулчихлаа арай гэж зугтаж гарч ирлээ гэсэн. Тэгэхээр нь хаанаа гэтэл хөлөндөө гэсэн. Тэгэхээр нь би дулаан газар байж бай цагдаа дуудаад очлоо гэж хэлчихээд цагдаа руу дуудлага өгчхөөд гэрт нь таксидаад очсон. Тэгсэн цагдаа нар ирсэн байхгүй байсан. Тэгээд дүүгээ аваад эмнэлэгт ирсэн. Тэгсэн зүүн хөлийн өвдөгний дээд талд хатгасан байсан. Тэгээд 3 оёо тавиулсан. Өөрөө болохоор хэн хатгасаныг харж амжаагүй 4-5 хүн байсан танихаас Бавуу, нэг эмэгтэй тэгээд Бамбуухай гээд банди байсан тэрний дүү нар гээд 2-3 нөхөр байсан тэгээд  нийлээд нүдсэн яг тэр энэ нь гэж хэлээгүй...гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 31 /,

10. Гэрч Ц.Бавуугийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр байсан санагдаж байна би Бамбуухай буюу Сумъяабазар бид нар Бамбуухай гэж дууддаг, Бандиа буюу Бямбажин бид нар бандиа гэж дууддаг түүний найз охин Ууганбаяр гэсэн нэг охины хамт 10-мянгатад архи ууж байгаад тэндээсээ хар багийн нэг гудамжны хуурай ах дүү гэж явдаг Загдзүсэмийн гэр болох Баянхонгор сумын 5-20-08 тоотод гэрт нь такси бариад замаараа дэлгүүрээс 2 бил үү 1 шил архи аваад гэрт нь хамт очсон тэгэхэд Загдзүсэм гэртээ согтуу байсан тэгээд бид нар ямар ч байсан авч ирсэн архи ууцгаасан би гэрийн баруун талын буйдан дээр сууж байснаа санаж байгаа тэгээд нэг мэдэхэд тасраад унтсан даараад сэртэл тэр гэрт ганцаараа суугаагаараа байсан тэгэхэд гэрт ямар ч хүн байхгүй байсан тэгээд би тэндээс шууд гэр руугаа ганцаараа алхаад яваад гэртээ очиж унтсан манай гэр тэдний гэрийн харалдаа гудамж ойрхон байсан ойролцоогоор шөнийн 1-2 цаг болж байсан байх миний мэдэж байгаа зүйл энэ. Сүүлд нь харин Загдзүсэмийн ах нь яриад дүүг зодсон байна юу болсон байна гээд надаас асуухаар нь би юу ч мэдэхгүй байна би тасарсан байна лээ гэдгийг хэлсэн тэгэж байж байгаад дараагаар нь 2-3 хоногийн дараа Бямбажин болон Сумъяабазар нартай уулзаад Загдзүсэмийн гэрт юу болсон юм би тасарсан байна лээ гэж асуухад Бямбажин болохоор гэрээсээ хөөгөөд байхаар нь би 2-3 цохисон гэж өөрөө хэлж байсан Сумъяабазар болох юм ярихгүй би бас тасарсан байна лээ л гээд байсан. Гэрийн нэг талын багана хугарсан байдалтай байсан. Тэгээд би гэрээс нь гарахдаа гэрийнх нь хаалгыг гаднаас нь хаагаад түгжих гэсэн цоож нь олдоогүй тэгээд явсан. Бямбажин харин мэр сэр биедээ хаа нэг жижиг хутга хармаалсан явж байгаа харагдаж байсан тэгэхдээ тэр үед бол түүнийг хутгатай байсныг бол хараагүй...гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 34-35 /,

11. Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн 63 дугаартай шинжээчийн:1. М.Загдзүсэмийн биед зүүн гуяны шарх, цус хуралт, мөр, дал, баруун, зүүн бугалганы цус хуралт, бүсэлхийн цус хуралт, зулгаралт, цээжний цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюулгүй болно.

3. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой

4. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтлүүд нь мохоо болон үзүүртэй хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой, шинэ гэмтлүүд болно.

6. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 43-45 / ,

12. Шүүх Шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 4706 дугаартай шинжээчийн:1. Б.Норвоогийн биед зулай ясны цөмөрсөн хугарал, хатуу хальсны урагдал, хатуу хальс дээрх голомтлог цус харвалт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой.

З. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй....гэх дүгнэлт /1-р хх-ийн 130-131/, сувилуулагчийн түүхийн хуулбар /1-р хх-ийн 51/, мөнгөн шилжүүлгийн баримт /1-р хх-ийн 56-57/,

13. Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2/361 дугаартай сэтгэлзүйн шинжилгээний:....Эмгэг сэтгэл судлалын шинжилгээнд хийсвэрлэн дүгнэх үйлийн түвшин нас боловсролын түвшинтэй нь харьцуулахад яльгүй бага. Сэдэл сэтгэл хөдлөл тогтворгүй. Сэтгэхүйд гадна харагдах шинжид тулгуурлан оюун дүгнэлт хийх шинж, бодит сэтгэхүй, зан төрхийн өөрчлөлтийн элмент илэрч байна. Өөрийн сэтгэцийн байдалд хандах шүүмжлэлт чанар хэвийн....гэх дүгнэлт /2-р хх-ийн 197/,

14. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 981 дугаартай:2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Монгол улсын шүүх шинжилгээний тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ 40-р зүйлд хийгдэх шинжилгээ тул манай Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв нь хийх боломжгүй байна...гэх дүгнэлт /2-р хх-ийн 200/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.         

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Бямбажин нь согтуурсан үедээ 2023 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 23:00 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Цацрах гэгээ” караокены гадна талбайд иргэн Б.Норвоог н.Баянмөнхтэй зууралдан ноцолдож дээр нь сууж байх явцад Б.Норвоогийн толгой хэсэгт пивоны шилээр 2 удаа цохисны улмаас Б.Норвоогийн эрүүл мэндэд зулай ясны цөмөрсөн хугарал, хатуу хальсны урагдал, хатуу хальс дээрх голомтлог цус харвалт бүхий хүнд хохирол санаатай учруулсан,

Мөн  2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнийн 00 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багийн 20-08 тоотод иргэн согтуурсан үедээ М.Загдзүсэмийг гэрээсээ хөөлөө гэснээр шалтаглан маргалдаж, түүний гарыг мушгин унагааж, гар, хөл, цээж хэсэгт 3-аас 4 удаа өшиглөж, биедээ байсан жижиг хутгаар зүүн гуяны доод хэсэгт 1 удаа хутгалж, М.Загдзүсэмийн эрүүл мэндэд зүүн гуяны шарх, цус хуралт, мөр, дал, баруун, зүүн бугалганы цус хуралт, бүсэлхийн цус хуралт, зулгаралт, цээжний цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тус тус болсон нь тогтоогдсон байна.

Дээрх үйл баримтаас эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч Г.Бямбажин нь хохирогч Б.Норовоог цохисон Баянмөнх гэгчтэй маргалдаж байхад хохирогч Б.Норвоогийн толгой тус газар пивоны шилээр 2 удаа цохиж эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учруулсан нь пивоны шил ашигласантай холбоотой байна гэж үзлээ.

Харин хохирогч Б.Норвоогийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулахдаа ашигласан пивоны шилийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл ашигласан гэж шүүх үзээгүй болно.

Мөн 2023 оны 01 дүгээр сарын 18-ний шөнө М.Загдзүсэмийн гэрт хамт архидан согтуурсны улмаас шалтгаангүйгээр түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол  санаатай учруулсан байна гэж дүгнэж уг үйл баримтууд нь хохирогч Б.Норвоо, М.Загдзүсэм, иргэний нэхэмжлэгч П.Оюунжаргал, гэрч Л.Ууганбаяр, Д.Бат-Эрдэнэ, Т.Сарантуяа, М.Нурмаа, Ц.Бавуу, мэдүүлгээс гадна шинжээчийн 63, 4706 дугаартай дүгнэлтүүд шүүх шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр нотлогдсон, түүнийг гэм буруутайд тооцоход нотлох баримт хүрэлцээтэй  гэж үзээд шүүхээс шүүгдэгч Г.Бямбажинг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг тус тус агуулсан тул Г.Бямбажинд эрүүгийн хариуцлагыг гэмт хэрэг тус бүрд нь ял оногдуулж нэмж нэгтгэн нийт  ялын хэмжээг тогтоолоо.

Шүүгдэгч Г.Бямбажин нь Баянхонгор аймаг дахь  Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 15-ний өдрийн 99 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 04 сар 05 хоногийн хорих ял оногдуулсан тул шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 02 жил 04 сар 05 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоож шийдвэрлэлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Норовоо нь эмчилгээний зардал 1.338.000 төгрөг нэхэмжилсэн нотлох баримтыг хэрэгт хавсаргасан тул шүүгдэгч Г.Бямбажингаас 1.338.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Норовоод олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.

Харин хохирогч Б.Норовоогийн өмгөөлөгч нь хохирогчид цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх талаар шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн тул хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа дахин бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ.

Мөн шүүгдэгч Г.Бямбажингаас хохирогч нь сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжлэх талаар түүний өмгөөлөгч илэрхийлсэн боловч Шүүх Шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан заалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан бөгөөд шүүгдэгч Г.Бямбажингийн хохирогч Б.Норовоогийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, хохирогч М.Загдзүсэмийн эрүүл  эндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнөх үйлдлүүд тул Шүүх Шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр заалтад хамаарахгүй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Б.Норов, М.Загдзүсэм нар нь уг гэмт хэргийн улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын байгууллагаас 209.000 төгрөгийн зардлын эмнэлгийн байгууллагад төлсөн уг зардлыг шүүгдэгч Г.Бямбажингаас Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1-д заасныг үндэслэн гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.

Шүүх шүүгдэгч Г.Бямбажинд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2-д заасан нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр түүнээс дээш удаа үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэлээ.

Шүүгдэгч Г.Бямбажингийн цагдан хоригдсон 296 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцлоо.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан ДВД 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,  хэрэгт  битүүмжилсэн зүйлгүй, хохирогч М.Загдзүсэм нь нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн тул түүнийг хохирогч М.Загдзүсэмд төлөх төлбөргүй  болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

   1. Шүүгдэгч Бурхант овогт Ганчимэгийн Бямбажинг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан,

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Бурхант овогт Ганчимэгийн Бямбажинг хоёр / 02 / жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Бурхант овогт Ганчимэгийн Бямбажинг нэг / 01 / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.3-д зааснаар шүүгдэгч Г.Бямбажинд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан хоёр / 02 / жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан нэг  / 01 / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн ялыг хоёр жил нэг сарын / 02  жил 01 сар / хугацаагаар тогтоосугай.

   4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Бямбажинд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан хоёр жил нэг сарын / 02  жил 01 сар / хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн хоёр жил дөрвөн сар тав / 02 жил 04 сар 05 хоног /-ийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг дөрвөн жил таван сар тав / 04 жил 05 сар 05 хоног /-ийн хугацаагаар тогтоосугай.

   5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Бямбажингийн цагдан хоригдсон хоёр зуун ерэн зургаа / 296 / хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

   6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч Г.Бямбажинд оногдуулсан дөрвөн жил таван сар тав / 04 жил 05 сар 05 хоног /-ийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

   7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Г.Бямбажингаас 1.338.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Норовоод, 209.000 төгрөг гаргуулж эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

   8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар хохирогч Б.Норовоо нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

   9. Шүүгдэгч Г.Бямбажин нь хохирогч М.Загдзүсэмд төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

   10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ДВД 1 ширхэгийг хураан ирүүлснийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Г.Бямбажинд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2024 оны 02 дугаар сарын 16-ний

 өдрөөс эхлэн тоолсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Бямбажинд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.БАТЦЭНГЭЛ