| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 161/2024/0026/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/29 |
| Огноо | 2024-02-05 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | А.Дорждэрэм |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 2024/ШЦТ/29
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Т даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б,
улсын яллагч: Б аймгийн Прокурорын газрын ахлах прокурор А.Д,
шүүгдэгч С.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Динагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн M овогт Сын Ат холбогдох эрүүгийн 000000000000 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, M овогт Сын А, 0000 оны 00 дүгээр сарын 00-ний өдөр Б аймгийн Ө суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, суурь боловсролтой, мэргэжилгүй эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Б аймгийн Ө сумын 00 дугаар багт оршин суух хаягтай, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД: 0000000000.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч С.А нь 2024 оны 01 дүгээр сарын 01-ний орой 20 цагийн орчимд согтуурсан үедээ Б аймгийн Ө сумын 00 дүгээр багийн нутаг дэвсгэр, 00 айлын орон сууцны орцонд эхнэрээ хардаж хохирогч Д.Мыг хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
мөн 2024 оны 01 дүгээр сарын 01-ний орой 20 цагийн орчимд согтуурсан үедээ Б аймгийн Ө сумын 00 дүгээр багийн нутаг дэвсгэр, 00 айлын орон сууцны орцны гадна гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Д.Дг иргэн Д.Маас хардаж, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хамаарах гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар.
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.
1.1. Шүүгдэгч С.А мэдүүлэхдээ: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.
2. Эрүүгийн 000000000000 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2.1. Иргэн А.Эээс гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,
2.2. Иргэн С.Аийн согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 05 дахь тал/,
2.3. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 15-20 тал/,
2.4. Эд зүйлд /хутга, иргэн Д.Мын тухайн үед өмсөж явсан хувцас/ үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 21-22, 29-31 дэх тал/,
2.5. Чулуу 1 ширхэг, хутга 1 ширхэг, куртик 1 ширхэг, ноосон цамц 1 ширхэг, фудболник 1 ширхгийг тус тус эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 42 дахь тал/,
2.6. Хохирогч Д.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 45-48 дахь тал/,
2.7. Хохирогч Д.Мын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 51-53 дахь тал/,
2.8. Насанд хүрээгүй гэрч А.Эий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 55-56 дахь тал/,
2.9. Шинжээч Б аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч ажилтай Х.Еын 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 61 дугаартай “...иргэн Д.Мын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох”-ыг тогтоосон тухай дүгнэлт /хавтаст хэргийн 76-77 дахь тал/,
2.10. Шинжээч Б аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч ажилтай Х.Еын 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 62 дугаартай “...иргэн Д.Дгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох”-ыг тогтоосон тухай дүгнэлт /хавтаст хэргийн 82-83 дахь тал/,
2.11.Шинжээч Б аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн криминалистикийн шинжээч ажилтай С.Ргийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 24/05 дугаартай “...иргэн Д.Мын гэмт халдлагад өртөх үед өмсөж явсан ...хувцсанд үзүүртэй зүйлийн үйлчлэлээр зүсэгдэлт үүссэн болох”-ыг тогтоосон тухай дүгнэлт /хавтаст хэргийн 84-85 дахь тал/,
2.12. Яллагдагч С.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 122-123 дахь тал/,
2.13. Шүүгдэгч С.Аийн хувийн байдлыг тогтоосон нотлох баримтууд болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
3. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч С.Аийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд
3.1. Хэргийн үйл баримтын талаар.
Шүүгдэгч С.А нь 2024 оны 01 дүгээр сарын 01-ний орой 20 цагийн орчимд согтуурсан үедээ Б аймгийн Ө сумын 00 дүгээр багийн нутаг дэвсгэр, 00 айлын орон сууцны орцонд эхнэрээ хардаж хохирогч Д.Мыг хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
мөн 2024 оны 01 дүгээр сарын 01-ний орой 20 цагийн орчимд согтуурсан үедээ Б аймгийн Ө сумын 00 дүгээр багийн нутаг дэвсгэр, 00 айлын орон сууцны орцны гадна гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Д.Дг иргэн Д.Маас хардаж, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодсон үйл баримт, хэргийн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Үүнд: 3.1.1. Иргэн А.Эээс гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,
3.1.2. Иргэн С.Аийн согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 05 дахь тал/,
3.1.3. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 15-20 тал/,
3.1.4. Эд зүйлд /хутга, иргэн Д.Мын тухайн үед өмсөж явсан хувцас/ үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 21-22, 29-31 дэх тал/,
3.1.5. Чулуу 1 ширхэг, хутга 1 ширхэг, куртик 1 ширхэг, ноосон цамц 1 ширхэг, фудболник 1 ширхгийг тус тус эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 42 дахь тал/,
3.1.6. Хохирогч Д.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...манай нөхөр болон С.А нь 2023 оны 04 дүгээр сарын үеэр ажил хийхээр ганцаараа Улаанбаатар хот руу яваад буцаад уржигдар буюу 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гэртээ ирсэн. Тухайн өдөр бямба гараг байсан ба бид хэд гэртээ хоносон, тэгээд тухайн өдөр А ч надад юм яриагүй, эрүүл гэртээ амарсан. Маргааш нь буюу 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 15 цагийн үед би дөрвөн хүүхдээ аваад аавынх руугаа хөдөө, “З” гэх газар руу замын унаагаар яваад өгсөн бөгөөд нөхөр С.А гэртээ ганцаараа үлдсэн юм. Тэгээд би аавындаа он гаргачхаад 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 12 цагийн үед замын унаагаар том охин Э, бага охин Эмүжин гурвуулаа гэртээ ирсэн. Бид гэртээ ирэхэд нөхөр А гэртээ байсан ба нөхөр над руу үг хаяад хэрэлдэх гээд байхаар нь би хоёр охиноо гэртээ үлдээгээд гадуур гараад хэсэг аймгийн төв талбайд явж байгаад орой 16 цаг 30 минутын үед очсон. Тухайн үед нөхөр гэртээ байгаагүй, гадагшаа гараад явчихсан, хоёр охин л гэртээ байсан. Тэгээд орой 18 цаг болж байхад нөхөр Аийг түүний төрсөн охин дүү нь болох С.Н дагуулж ирээд яваад өгсөн, манай нөхөр согтуу байдалтай байсан. Орой гэрийнхэндээ хоол хийж өгсөн бөгөөд нөхөр А бас л үглээд хэрүүл өдөх гээд эхлэхээр нь би хоолыг нь хийж өгчхөөд гадагшаа гарах гээд эсгий гэрийн гадаа байж байтал нөхөр А нь “Мыг алчихъя” гэж хэлээд халаасандаа гэрт байсан хутгыг хийгээд авч гарсныг анзаарч харсан.
Тухайн үед гадаа ч харанхуй байсан болохоор би эсгий гэрийн гаднаас хаалганы завсраар харж байтал нөхөр А нь гал тогооны хэсэгт байсан хутгыг халаасалж байхыг нь харсан. Тэгээд нөхөр намайг өөр тийшээ явчихсан гэж бодоод шууд гэрээс гарангуут хашаанаас гараад яваад өгсөн, намайг эсгий гэрийн гадаа байхыг анзаарч хараагүй. Тэгтэл нь би гэр лүүгээ ороод хоёр охиноо дагуулж аваад нагац эгчийн гэр лүүгээ явах гэж байгаад нөхөр хутга авч явсан, Мыг алчихъя гэж хэлснийг нь сонссон болохоор гэнэт хүн амины хэрэг гарах вий гэж сэрэмжлээд шууд такси бариад хоёр охинтойгоо М гэх хүний байрны гадаа очиж буусан.
Иргэн М гэгч Ө сумын 00 дүгээр багт, “Д” зочид буудлын урд талд байдаг 00 айлын орон сууцанд ганцаараа амьдардаг болохоор би нөхрийг шууд Мын гэр лүү нь орчихсон байх гэж бодоод орцоор нь хоёр охинтой цуг ортол миний өөдөөс иргэн М улаан куртиктэйгээ гараад ирсэн, анх таксигаар тэднийд очиж байхад би утсаараа М руу удаа дараа залгасан боловч тэр огт утсаа аваагүй байсан. Тэгж байтал миний араас орцны хаалгаар нөхөр А орж ирээд шууд М руу дайраад ноцолдоод эхэлтэл М нь “ёо ёо” гэж дугарах шиг болохоор нь би тэр хоёрыг салгахаар ойртож очиход манай нөхөр А нь гартаа хутга барьчихсан Мын дал хэсэг рүү хатгаж байхаар нь би дундуур нь ороод Аийн гараас хутгыг нь аваад шидчихээд түүнийг түлхсээр байгаад орцноос арай гэж гаргасан.
Орцноос гарч байтал би хөл алдаж унах үед нөхөр А нь газраас чулуу аваад миний толгой руу хэд хэдэн удаа цохиж авсан. Тэр хооронд том охин Э өөрийнхөө утсаар цагдаа руу дуудлага өгөөд тэр даруй эргүүлийн цагдаа нар ирж, Аийг барьж авсан. Ийм л асуудал болсон.
Хэрэв би тухайн газарт очиж салгаагүй бол өнөөдөр магадгүй хүн амины хэрэг гарч болзошгүй байсан. Манай охин ч тэр хооронд хурдан цагдаа руу дуудлага өгөөд эргүүлийн цагдаа нар ирж, манай нөхрийг барьж гавласан.
Иргэн Д.М бид хоёр 2018 оноос эхэлж бие биеэ таньдаг, зүгээр л найзын харилцаатай, гэвч манай нөхөр бид хоёрыг буруугаар бодож харддаг.
...нөхөр бид хоёр одоогоос сарын өмнөөс эхэлж гэрлэлтээ цуцлуулах талаар ярьж эхэлсэн. Албаны ёсны салах өргөдлөө шүүхэд бол гаргаж өгөөгүй байгаа. Ер нь бол бид хоёр салах гэж байгаа талаар манай нөхөр мэдэж байсан, тэр хотоос ирээд хоёр хүүхдээ би авсан, чи хоёрыг нь ав гэсэн юм ярьсан. Манай гэрт хутганы ком байдаг байсан, саарал төмөр бариултай хутганууд байсан, тэндээс л авсан байсан. Нөхөр А гэрээс хутга кармалж байхыг нь би харсан байсан. Харин би нөхрийн гэрээс хутга авч гарсныг анзаарчхаад л Мын гэр лүү явсан байсан.
Миний мэдэхийн хамгийн сүүлд нөхөр А нь намайг 2022 оны 07 дугаар сард Ө гэртээ байхдаа бас л согтуу ирээд ах дүүгийн маргаанаас болж намайг зодож байсан. Тухайн үед бол надад ямар нэгэн бэртэл гэмтэл учирч байгаагүй. Тэрнээс хойш миний биед халдаж зодоогүй бөгөөд өнөөдөр л иргэн Мын байрны гадаа толгойндоо чулуугаар цохиуллаа. Яг ямар чулуугаар цохисныг нь анзаарч хараагүй, миний мэдэхийн 4-5 удаа хатуу юмаар цохиж авсан. Хутгаар миний биед хүрээгүй, би хутгыг нь гараас нь булааж аваад хаячихсан ба хутгыг манай охин барьчихсан зогсож байх үед дуудлагаар очсон эргүүлийн цагдаа нар хутгыг манай охиноос авсан.
...надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 46-48 дахь тал/,
3.1.7. Хохирогч Д.Мын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2024 оны 01 дүгээр сарын 01-ний орой гадуур явж байгаад 20 цаг 30 минутын орчимд Ө сумын 00 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 36 айлын орон сууцанд байдаг өөрийнхөө гэртээ орох гэж байхад миний араас гэнэт л А гэх залуу гарч ирээд “чамайг ална шүү” гээд л дайрч ирээд миний нуруу тус газарт хутгаар 1 удаа бүлсэн. Тэгэхэд би эргэж хараад түүнд “хутга чинь орчихлоо ш дээ” гэж хэлээд л хутгатай гараас нь барьж ноцолдож байхад түүний эхнэр нь бас араас нь орж ирээд гараас нь хутгыг нь булааж аваад орцноос түлхсээр гаргасан. Тэгээд би айгаад шууд дээшээ гэр лүгээ зугтааж орсон.
Тухайн үед А нь манай орцны гадаа гараад эхнэрээ бас зодсон байсан тул хэн нэгэн цагдаа, түргэн дуудсан байсан, улмаар цагдаа нар ирээд Аийг аваад явсны дараа манайд түргэн тусламжийн эмч нар ирээд намайг эмнэлэгт хүргэж нуруунд маань 2 ширхэг оёдол тавьж өгсөн. Тухайн үед болсон асуудал энэ. Миний нуруу тус газарт хэд хэдэн удаа хутгалах гэж хутгаа бүлэхэд 1 удаагийн үйлдлээр нь л хутга нь орж шархлуулсан байсан. Мөн нэг удаагийнх нь өнгөц шархлуулсан байсан. Өөр ямар нэгэн гэмтэл учирсан зүйл байхгүй байна. Тухайн үед би гэртээ ганцаараа 1 шил 0,75 литрийн архийг ганцаараа уусан байсан тул халамцуу байсан.
Тухайн үед би дэлгүүрээс юм авах гээд очсон боловч мөнгөгүй байсан тул юу ч авалгүй буцаад гэрт буюу орцонд 1 давхарт ороход л араас А ороод ирсэн байсан. А гэх хүнийг би огт танихгүй, түүний эхнэр Дг л зүс таньдаг юм. Бид нарын дунд ямар нэгэн өс хонзонгийн асуудал бол байхгүй. А нь эхнэрээ надаас хардаад л ийм юм хийж байгаа юм шиг байсан. Дтай анх 2018 билүү 2019 оны үед танилцаж байсан. Ер нь бол зүгээр л зүс таньдаг хүн байгаа, ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Би тухайн өдөр Дтай уулзаагүй, харин орой нь нөхөр нь манай орцонд орж ирээд надтай ноцолдож байхад Д нөхрийнхөө араас ороод ирсэн. Урьд өмнө нь А надтай ямар нэгэн хэрүүл маргаан гаргаж байсан удаа байхгүй.
Нэхэмжлэх зүйл байхгүй. Харин гомдолтой байна. Учир нь өчигдөр буюу 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр манай орцонд орж ирэхэд яг л намайг алах зорилгоор орж ирсэн юм шиг л авирлаж байсан, тэрээр хэлэхдээ би чамайг ална, заавал ална шүү гэж орилж байсан, дараа нь бид нар цагдаа дээр ирсэн байхад над руу дайраад "чи үхэх ёстой, би чамайг ална, би чамайг дутуу алчихлаа шүү” гэж орилж хашхирч байсан. Тиймээс би Аээс маш их айж байна. Би одоо гэртээ очих юм бол А нь намайг алах юм байна гэж бодож байна. Тиймээс би одоо гэртээ очихгүйгээр хөдөө Буянт сум руу зугтах гэж байна,
....Энэ хэргийн улмаас надад материаллаг хохирол учраагүй, яллагдагч С.Аээс нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51-53 дахь тал/,
3.1.8. Насанд хүрээгүй гэрч А.Эий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...өчигдөр орой 20 цагийн орчимд аав маань гэрт ээжид агсам тавиад байхаар нь ээж, дүү, бид гурав нагац эгч Цэнгэлийн гэр лүү очиж хоноё гээд гэрээс гараад нагац эгчийнх рүү явах гэж байхад манай ээж Д надад “сая аав чинь гэрээс хутга авч байх шиг болсон шүү, наадах чинь Мыг ална гээд яваад байсан, ямар нэгэн зүйл болох вий” гэж хэлээд хашаа руу буцаж орох үед аав гэрээс гараад шууд яваад өгсөн. Аав бид гурвыг анзааралгүй, шууд хашаанаас гараад явчихсан. Тэгээд ээж маань М гэх хүний дугаар луу залгаж болгоомжтой байгаарай гэж хэлэх гэсэн боловч М нь утсаа огт аваагүй, тэгэхлээр нь ээж бид нарт “гурвуулаа Мын гэр лүү очиж, болгоомжтой байгаарай” гэж хэлье гээд гурвуулаа гэрийн тэндээс такси аваад шууд М гэх хүний амьдардаг байрных нь гадаа хүрээд ирсэн. Бид таксинаас буугаад байр луу орох гэж байтал орцноос нөгөө М гэх хүн гараад ирсэн ба тэр үед манай аав А хаанаас юм мэдэхгүй, гэнэт гарч ирээд шууд М руу дайрч, ноцолдсон, тэр үед манай ээж очиж дундуур нь орж салгасан, тухайн үед аавын гарт гэрт байсан хутга байсан, манай ээж аавын гараас хутгыг аваад газар луу шидэх үед нь би хутгыг аваад, гар утсаараа цагдаагийн 102 луу залгаж, дуудлага өгсөн. Тухайн үед би нэлээн айж, сандарсан байсан.
...аавын барьж явсан хутга нь манай гэрт байсан хүнс ногоо арчдаг мурийчихсан хутга байсан. Манай ээж аавын гарт байсан хутгыг булааж авах гээд ноцолдох үед манай ээжийг ч гэсэн хутгаар энэ тэнд нь зүсэх шиг болсон, манай ээж арай гэж байгаад аавын гараас хутгыг аваад шидчихээр нь би газарт байсан хутгыг гартаа аваад тэд нараас холхон зогсож байгаад цагдаад дуудлага өгсөн.
Манай аав 2023 оны 04 дүгээр сарын үеэр Улаанбаатар хот руу ажил хийхээр явсан бөгөөд 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гэнэт хотоос хүрээд ирсэн. Би маш их айж байна, манай аав, ах дүү нар нь хүртэл бид нарыг гэртээ байхад орж ирээд дарамталдаг, би болон манай дүү, ээжийг дандаа хэл амаар доромжилдог байсан, надад бүр “...чи ирээдүйн янхан болно...” гээд аавын дүү нь Н хүртэл хэлж байсан, өчигдөр шөнө манай аав хоригдсоноос хойш аавын дүү Н хүртэл дахин дахин над руу залгаж, надад мессеж бичиж дарамталсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 55-56 дахь тал/,
3.1.9. Шинжээч Б аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч ажилтай Х.Еын 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 61 дугаартай “1.Д.Мын биед зүүн далны орчимд оёдолтой шарх, бүсэлхий баруун ар хэсэгт өнгөц шархтай гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. 4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 76-77 дахь тал/,
3.1.10. Шинжээч Б аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч ажилтай Х.Еын 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 62 дугаартай “1. Д.Дгийн биед зүүн чамархай орчимд оёдолтой шарх, баруун алганд хаван хавдар, зулгаралттай, зүүн тохойд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. 4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” Гэх дүгнэлт /хавтаст хэргийн 82-83 дахь тал/,
3.1.11. Шинжээч Б аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн криминалистикийн шинжээч ажилтай С.Ргийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 24/05 дугаартай “...иргэн Д.Мын гэмт халдлагад өртөх үед өмсөж явсан ...хувцсанд үзүүртэй зүйлийн үйлчлэлээр зүсэгдэлт үүссэн болох”-ыг тогтоосон тухай дүгнэлт /хавтаст хэргийн 84-85 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болно.
4. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч С.Аийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлтийг гаргасан байх ба шүүгдэгч С.А “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх тайлбарыг тус тус гаргаж гэм буруугийн талаар мэтгэлцээгүй болно.
5. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэргийн үйл баримтын хүрээнд хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.
Эрх зүйн дүгнэлт.
6. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хуульчлан тодорхойлсон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдэх нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
7. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 13 дахь хэсэгт Монгол Улсын иргэн “халдашгүй чөлөөтэй... байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.
8. Шүүгдэгч С.А нь хохирогч Д.Мыг эхнэрээсээ хардаж зүүн дал орчимд хутгалж, түүний эрүүл мэндэд “зүүн далны орчимд оёдолтой шарх, бүсэлхий баруун ар хэсэгт өнгөц шарх” бүхий хөнгөн хохирол, мөн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Д.Дг бусдаас хардаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, түүний эрүүл мэндэд “зүүн чамархай орчимд оёдолтой шарх, баруун алганд хаван хавдар, зулгаралттай, зүүн тохойд цус хуралт” бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан иргэний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг нь зөрчсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл буюу гэмт хэрэгт хамаарах бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдэх буюу хоёр хүний, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэмт хэргийн шинжийг тус тус агуулж байна.
9. Шүүгдэгч С.Аийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэнээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул улсын яллагчийн гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч С.Аийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
10. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч С.Аийн согтуурсан байдал, мөн эхнэрээ бусдаас хардсан зүй бус үйлдэл нь шууд нөлөөлсөн байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.
12. Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 505 дугаар зүйлийн 505.1. “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.”, 505.2. “Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй.” гэж заасан байна.
13. Шүүгдэгч С.Аийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.М, Д.Д нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдсон байх ба мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд хохирогч нараас “нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч С.Аийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.
14. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч С.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэх” дүгнэлтийг,
15. Шүүгдэгч С.Аээс “Улсын яллагчийн дүгнэлттэй холбоотой тайлбар, нэмж хэлэх зүйл байхгүй” гэх тайлбарыг тус тус гаргасан болно.
16. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч С.Аийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.
17. Шүүгдэгч С.Аид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2. “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасныг удирдлага болгов.
18. Шүүгдэгч С.Аид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5. 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, мөн эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогоогүй байна.
19. Шүүгдэгч С.А нь хувийн байдлын хувьд 1976 онд төрсөн, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
20. Шүүгдэгч С.А нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, мөн эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэрэг нөхцөл байдал тус бүрд нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт өгч, шүүгдэгч С.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.
21. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2. “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар, зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор, хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна.” гэж заасныг үндэслэн шүүгдэгч С.Аийн сэжигтнээр баривчлагдсан 2 хоногийг түүнд оногдуулсан 1.000.000 төгрөгөөс хасаж тооцох нь зүйтэй.
22. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4. “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно.” гэж зааснаар шүүгдэгч С.Ат оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5. “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино.” гэж заасан тул шүүгдэгч С.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
23. Энэ хэрэгт шүүгдэгч С.Аээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг баримтлан хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн чулуу 1 ширхэг, хутга 1 ширхэг, куртик 1 ширхэг, ноосон цамц 1 ширхэг, фудболник 1 ширхгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Б аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгав.
24. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч С.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч M овогт Сын Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Аийг 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Аийн сэжигтнээр баривчлагдсан 2 хоногийг түүнд оногдуулсан торгох ялаас хасаж тооцсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ат оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч С.А энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн ирүүлсэн чулуу 1 ширхэг, хутга 1 ширхэг, куртик 1 ширхэг, ноосон цамц 1 ширхэг, фудболник 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Б аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч С.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч С.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАЛГАТ