| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүйсэнбекийн Көбеш |
| Хэргийн индекс | 130/2018/00173/И |
| Дугаар | 212/МА2018/00070 |
| Огноо | 2018-06-26 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 212/МА2018/00070
Т.Б-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэйгээр,
тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 130/ШШ2018/00320 дугаар шийдвэртэй, Т.Б-ийн- нэхэмжлэлтэй, тус аймгийн Цахилгаан шугам сүлжээний газарт холбогдох иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Ардабек, нэхэмжлэгч Т.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Айбек, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М, хариуцагчийн өмгөөлөгч Х.Зулхаш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: “Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 5 дугаар багт байрлалтай Т.Бийн өмчлөлийн сууцаас 2,4 метрийн зайтай Баян-Өлгий аймгийн Цахилгаан шугам сүлжээний газрын 10 кв Цахилгаан дамжуулах агаарын шугам татсан шонгийн модыг албадан нүүлгэх тухай.”
Нэхэмжлэлд: “Миний амьдардаг бөгөөд бидний байшин, хашааны дээгүүр /дээрээс/ Буянт сумын чиглэлд татсан агаарын өндөр хүчдэлийн 10 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг татаж, аваар осолтой аюултай түгшүүртэй орчинд амьдарч байна. Энэ талаар холбогдох байгууллага болох аймгийн Засаг даргад болон Улсын Мэргэжлийн хяналтын газарт өгсөн өргөдөл гомдлын дагуу шалгаж Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн дүгнэлт “аюултай орчин” гэж гарсан. Улмаар аргаа бараад Монгол Улсын Хүний Эрхийн комисст хандсан. Миний өргөдлийн мөрөөр Баян-Өлгий аймгийн Цахилгаан шугам сүлжээний газрын дарга Ж.К-н комиссын бүрэлдэхүүнтэй хүмүүс манайд ирж үзээд 2-3 шонгийн мод нүүлгэх ажил гарч магадгүй зардал их гарах юм байна гэж хэлж шийдвэрлээгүй яваад өнөө хүрсэн. Бидний амьдарч байгаа хувийн байшин дээрээс шууд тусгалаар 10 кв-аар цахилгаан дамжуулах агаарын шугам нь 70 см орж дайран өнгөрч байгаа нь Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрмийн 3.15, Цахилгаан байгууламжийн дүрмийн 2.5.11-т заасныг тус тус зөрчиж байна. Иймд Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 5 дугаар багт байрлалтай Т.Б-ийн өмчлөлийн сууцаас 2,4 метрийн зайтай Баян-Өлгий аймгийн Цахилгаан шугам сүлжээний газрын 10 кв цахилгаан дамжуулах агаарын шугам татсан шонгийн модыг албадан нүүлгэж өгөхийг хүсэж байна гэжээ.
Хариуцагчийн тайлбарт: “Т.Бийн нэхэмжилж байгаа агаарын шугам бол 2001 онд Буянт сумыг 10 кв-ын цахилгаан эрчим хүчээр хангах зориулалтаар татагдсан бөгөөд уг ажлын жинхэнэ гүйцэтгэгч нь Ховд аймгийн Эрчим хүчний барилга угсралтын Алтай трест байсан. Захиалагч нь Эрчим хүчний Удирдах газрын харьяа барилга зураг төсвийн товчоо байсан. Дэд бүтцийн сайдын 2001 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 307 дугаартай тушаалаар улсын комисс ажиллаж, манай байгууллагад ашиглуулахыг үүрэг болгосон. Дээрх ажлыг Баян-Өлгий аймгийн Цахилгаан шугам сүлжээний газар барьж байгуулаагүй, тухайн барилга байгууламжийн захиалагч болон ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар Баян-Өлгий аймгийн Цахилгаан шугам сүлжээний газрыг хариуцагчаар тодорхойлсон нь буруу. Сагсай сумын 10 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугам нь барилга угсралтын ажлын батлагдсан зураг төсвийн дагуу гүйцэтгэгч тал барьж байгуулаад захиалагч тал гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрч дэд бүтцийн сайдын 2001 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн “Ажлын комисс томилох тухай” 307 тоот тушаалаар томилогдсон комисс хүлээж авсан тул нэг хүний эрх ашгийн төлөө нийтийн эрх ашгийг зөрчиж Т.Б-ийн нэхэмжлэлийн дагуу шонгийн модыг нүүлгэх боломжгүй. Иргэн Т.Б нь тухайн шугамын барилга угсралтын ажил хийгдэж байсан үед зохих журмаар эрх бүхий байгууллагад хандаж, асуудлыг шийдвэрлүүлэх боломжтой байсан учир энэ эрхийг өөрөө эдлээгүй байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил байна” гэж заасан. Мөн 75 дугаар зүйлийн 75.2.2-т “үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 6 жил байна” гэж заасан. Нэхэмжлэгч Т.Б-ийн нэхэмжлэлийн шаардлага болгож байгаа цахилгаан дамжуулах агаарын шугамын байгууламжийн албадан нүүлгэх шонгийн мод нь үл хөдлөх эд хөрөнгө болохын хувьд нэхэмжлэгчийн хөөн хэлэлцэх хугацаа 2001 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байгууламжийг ашиглалтад өгсөн өдрөөс эхэлж тооцвол 2007 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр дуусгавар болсон тул Т.Б-ийн нэхэмжлэлийг хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгох хуулийн зохицуулалттай. Түрүүн Сагсай суманд очиж үзлэг хийхэд би хэмжээг нь харсан. Уг дүрэмд 1-6 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугамаас 2 метрийн зайд байшин барьж болдог гэж зөвшөөрсөн байдаг. Тухайн үед байшингийн амбаар нь байгаагүй. Нэхэмжлэгч Т.Б нь сүүлд байшинг томсгосон болох нь нэхэмжлэгчийн хавсаргасан зургаар тодорхой харагдаж байгаа тул шүүх шийдвэр гаргахад анхааран үзэхийг хүсэж байна.”гэжээ.
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 130/ШШ2018/00320 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т заасныг баримтлан аймгийн Сагсай сумын 5 дугаар багт байрлалтай Т.Б-ийн өмчлөлийн сууцаас 2,4 метрийн зайтай Баян-Өлгий аймгийн Цахилгаан шугам сүлжээний газрын 10кВ Цахилгаан дамжуулах агаарын шугам татсан шонгийн модыг албадан нүүлгэхээр шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд: “Баян-Өлгий аймгийн Цахилгаан шугам сүлжээний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М миний бие Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 130/ШШ2018/00320 тоот шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол аргаж байна. Үүнд:
Нэг: Нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой хамааралтай талаас нь үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэл:
1. Баян-Өлгий аймгийн Сагсай-Буянт сумдыг холбосон Цахилгаан дамжуулах агаарын шугам мөн Буянт сумын 2x100 кв хүчний чадалтай 10/0,4 кв-ын агаарын дэд өртөгний Барилга байгууламжийн угсралтын ажлын захиалагчаар ЭХУГ-ын харьяа Барилгын Зургийн товчоо, баруун бүсийн эрчим хүчний систем төрийн байгууллага, Ерөнхий гүйцэтгэгч Ховд аймаг дахь Эрчим хүчний барилга угсралтын Алтай трест тус тус ажиллаж, батлагдсан зураг төсвийн дагуу угсралтын ажлыг гүйцэтгэж, Улсын комисс ажлын гүйцэтгэлийн үр дүнг хүлээн авсан болох нь Монгол Улсын дэд бүтцийн 2001 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн “Ажлын комисс томилох тухай" 307 тоот тушаал, Улсын комиссын 2001 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 01 тоот акт зэрэг нотлох баримтаар батлагдаж байна. Дээрх нотлох баримтуудаас харахад Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар Баян-Өлгий аймгийн Цахилгаан шугам сүлжээний газар нь хариуцагч биш гэж үзэж байна.
2. Сагсай сумын 10 кв-ын Цахилгаан дамжуулах агаарын шугамын ажил нь нэг хүний эрх ашгийн төлөө нийтийн эрх ашгийг зөрчиж, Т.Б-ийн нэхэмжлэлийн дагуу “Шонгийн модыг нүүлгэх” боломжгүй. Уг Сагсай сумын 10 кв-ын Цахилгаан дамжуулах агаарын шугамын байгууламжийг батлагдсан зураг төсвийн дагуу мэргэжлийн байгууллага хийж гүйцэтгэсэн учир тухайн үед хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс дэд бүтцийн 2001 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн “Ажлын комисс томилох тухай” 307 тоот тушаал, Улсын комиссын 2001 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 01 тоот акт зэрэг нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай талаас үнэлээгүй гэж үзэж гомдол гаргаж байна.
3. Иргэн Т.Б нь эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзвэл тухайн Цахилгаан дамжуулах агаарын шугамын барилга угсралтын ажил хийгдэж байсан үед зохих журмаар эрх бүхий байгууллагад хандаж, асуудлыг шийдвэрлүүлэх боломжтой байсан учраас энэ эрхийг өөрөө эдлээгүй байна.
4. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 75.2.2-т зааснаар Т.Бийн нэхэмжлэлийн шаардлага болгож буй Цахилгаан дамжуулах агаарын шугамын байгууламжийг албадан нүүлгэх “Шонгийн мод” нь үл хөдлөх эд хөрөнгө болохын хувьд нэхэмжлэгчийн хөөн хэлэлцэх хугацааг 2001 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байгууламжийг ашиглалтад өгсөн өдрөөс эхэлж тооцвол 2007 оны 11 дүгээр сарын 01-нд дуусгавар болсон, тул уг үндэслэлээр хэрэгсэхгүй болгох хуулийн зохицуулалттай байна.
5. Нэхэмжлэгч Т.Б нь Цахилгаан дамжуулах агаарын шугамын байгууламжийн “Шонгийн мод” баригдсаны дараа байшинг томсгосон болох нь нэхэмжлэгчийн хавсаргасан зургаар тодорхой байгаа тул шүүх шийдвэр гаргахад анхааран үзэж, нотлох баримтаар үнэлээгүй байна.
Хоёр: Хуулийг буруу хэрэглэсэн буюу буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар:
1. Т.Бийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа илт хэтэрсэн байх тул шүүх “хүндэтгэн үзэх шалтгаантай” гэж үзвэл Иргэний хуулийн 82 дугаар зүйлийг 82.4-т зааснаар “хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн үндэслэлийг шалган тогтоосны эцэст “шүүгчийн Захирамж” гаргаж “хөөн хэлэлцэх хугацааг” сэргээх журамтай. Анхан шатны шүүхээс “хөөн хэлэлцэх хугацаа” сэргээх үйл ажиллагаа хийгээгүй байж, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт шүүгч өөрийн байр суурийг илэрхийлэх хэлбэрээр шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзнэ.
2. Эрчим хүчний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.3, 33 дугаар зүйлийн 33.2-т заасан аймаг, сумын Засаг даргын “бүрэн эрхэд” хамаарах асуудлыг энэ хэрэгт хамаатуулан шүүхийн шийдвэрт үндэслэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.
3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 130/ШШ2018/00320 тоот шийдвэр гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3-т заасан “шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал” хүлээн авахаас татгалзах журмыг хэрэглээгүй, өөрөөр хэлбэл харьяалал зөрчиж, маргааныг хянан шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх журам зөрчсөн гэж гомдол гаргаж байна. Тухайлбал: Эрчим хүчний тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-т тусгай зөвшөөрөл эзэмшигч болон хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг Эрчим хүчний Зохицуулах газар хянан шийдвэрлэх журмыг хуульчилсан. Үүнийг зөрчиж шүүхээс шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн шийдвэр юм. Давж заалдах гомдолд бичсэн эдгээр үндэслэлээр Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 130/ШШ2018/00320 тоот шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарт: “Баян-Өлгий аймгийн Сагсай-Буянт сумдыг холбосон Цахилгаан дамжуулах агаарын шугамыг татахад захиалагчаар Барилгын зургийн товчоо, баруун бүсийн эрчим хүчний систем төрийн байгууллага, Ерөнхий гүйцэтгэгчээр Ховд аймаг дахь эрчим хүчний барилгын Алтай трест ажиллаж батлагдсан зураг төсвийн дагуу гүйцэтгэсэн байна. Харин агаарын шугамыг татах үед шугамыг манай хашаа байшингийн дээгүүр татаж айдас түгшүүр төрүүлж байгаа юм. Монгол Улсын дэд бүтцийн 2001 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн "Ажлын комисс" томилох тухай” 307 тоот тушаалаар Улсын комисс 2001 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 01 тоот актаар агаарын шугамыг хүлээж авч, шонгийн модыг Баян-Өлгий аймгийн Цахилгааны шугам сүлжээний газрын хөрөнгө мөн гэж актад тусгасан байдаг. Зөвхөн Т.Б миний эрх ашиг сонирхол биш эхнэр хүүхдүүдийн эрх зөрчигдөж айдастай, түгшүүртэй амьдарч байна. Т.Б би эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөний улмаас тухай бур холбогдох байгууллагад өргөдөл гомдлоо гаргаж хариуг авч байсан, Харин агаарын шугам татах үед бидэнд мэдэгдээгүй манай хашаа байшингийн дээгүүр агаарын шугам татсан нь эрсдэлтэй аваар осолтой, аюултай гэдгийг 2013 онд өндөр хүчдэлийн шугамын засвар хийж байсан 3-4 хүний нэг нь тогонд цохиулж нас барсныг харж манай байшингийн хажууд ойролцоо байрласан шонгийн модонд болсон явдлаас айдас хүйдэс түгшүүртэй байдал төрж аюултай орчинд байгаагаа хожим мэдсэн.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-т заасан “хөөн хэлэлцэх хугацааны талаар маргаагүй. Харин Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т “хуульд өөрөөр загаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацааг тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ" гэж заасан байдаг.
Шонгийн модыг улсын комиссын шийдвэрээр Цахилгаан шугам сүлжээний газрын мэдэлд шилжүүлсэн. Хариуцагч үл хөдлөх хөрөнгө мөн гэж байгаа бол үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй байх ёстой. Улсын бүртгэлийн газар бүртгүүлээгүй, гэрчилгээгүй байна.
Баригдсан өмчлөлийн орон сууцны хашаа байшингийн дээгүүр агаарын шугамыг шууд тусгалаар 1.7 метр зайтай татсан байгаа. Харин тухайн үед бид эрсдэлтэй айдастай
аюултай гэдгийг мэдэхгүй байсан. Хүн амьдрахын төлөө хэн ч эрхээ эдэлж, хашаа байшингаа томсгож амьдралын эх үүсвэрийг бий болгодог. Хуульд заасан эрх үүргээ эдэлдэг. Гэхдээ би байшингаа томсгоогүй. Иргэний хэргийн анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглээгүй, хэрэглэх ёстой зүйл заалтыг хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй гэж үзэх нь зүйтэй. Т.Б би хуульд заасан журмыг зөрчөөгүй харин Монгол улсын Иргэний хууль, Иргэний хэрэг шийдвэрлэх тухай хуульд зааснаар Монгол улсын иргэн хаана, аль ч байгууллагад гомдол нэхэмжлэлээ гаргах эрхийг тус бүр зааж өгсөн.
Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2-т “эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй” гэж заасан байдаг ба анхан шатны шүүх зөв шийдвэр гаргасан гэж үзэж байгаа тул давж заалдах шатанд гаргасан гомдлыг эс зөвшөөрч анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн дугаар 130/шш2018/00320 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсэж байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлээгүй, Иргэний хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч Т.Б нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Цахилгаан шугам сүлжээний газарт холбогдуулан Сагсай сумын 5 дугаар багт байрлалтай нэхэмжлэгчийн өмчлөлийн байшингаас 2.4 метрийн зайтай Цахилгаан шугам сүлжээний газрын 10 кв цахилгаан дамжуулах агаарын шугам татсан шонгийн модыг албадан нүүлгэх тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “Буянт сум руу татсан өндөр хүчдэлийн агаарын шугам нь бидний амьдран суугаа хашаа байшингийн дээгүүр татагдаж аюултай орчинд, түгшүүртэй, айдастай амгалан тайван байдал алдагдаж, аюулгүй орчинд амьдрах эрх маань зөрчигдөж байна. Цахилгааны утас нь байшингийн дээрээс шууд тусгалаараа 70 см орж дайран өнгөрч байгаа. Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрмийн 3.15-д шугам хүн оршин суудаг газраас өнгөрөх нөхцөлд шугамын захын утаснаас хоёр тийш 2 м хамгаалалтын зурвастай байна гэснийг зөрчсөн” гэж тайлбарлажээ. Хариуцагч уг нэхэмжлэлийг эс зөвшөөрч “Хариуцагчийг буруу тодорхойлсон манай байгууллага хариуцагч биш, нэхэмжлэлийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөд 11 жил болсон тул хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн” гэж шүүхэд маргажээ.
Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд, зохигчийн тайлбар зэргийг харьцуулан дүгнэвэл дараах үйл баримтууд тогтоогдсон байна. Т.Б нь 1996 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Сагсай сумын Засаг дарын 96 дугаартай захирамжаар 700 м.кв газрыг эзэмшихээр авч уг газарт байшин барьж хашаа татаж амьдарч байгаа. Баян-Өлгий аймгийн Сагсай-Буянт сумын 10 кв цахилгаан дамжуулах агаарын шугамын захиалагч Эрчим хүчний удирдах газрын БЗТовчоо, ББЭХ-ний систем, Ховд аймаг дахь Эрчим хүчний Барилга угсралтын Алтай трест компани ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж уг байгууламжийг 2001 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Монгол улсын Дэд бүтцийн сайдын 307 дугаартай тушаалаар комисс томилж 2001 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дугаартай ажлын комиссын актаар Баян-Өлгий аймгийн Цахилгаан шугам сүлжээний газар нь хүлээж авч үндсэн хөрөнгийн бүртгэлд авахаар шийдвэрлэсэн, уг барилга байгууламжийн зураг төсөв, холбогдох бусад акт, материал нь үндсэн хөрөнгийн салшгүй хэсэг учраас тусгай жагсаалтаар хадгалалт хамгаалалтад авахыг ашиглагч байгууллага Цахилгаан шугам сүлжээний газарт үүрэг болгосноос үзэхэд хариуцагч биш гэх Цахилгаан шугам сүлжээний газрын тайлбар үндэслэлгүй байна.
Анхан шатны шүүх 10 кв цахилгаан дамжуулах агаарын шугамыг татсан шонгийн мод нэхэмжлэгчийн байшингаас 2.4 м зайтай байгаа хэдий боловч тухайн цахилгаан дамжуулах агаарын шугамын тусгалаас амбаар бариагүй байшин хүртэл 1.7 м байх нь 263 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтын 3-ийн 1-ийн б-д заасан цахилгаан дамжуулах шугам 1-20 хүртлэх кв шугамын захын утаснаас хоёр тийш 2 м байх ёстой гэдгийг мөн 10 кв цахилгаан дамжуулах агаарын шугамыг татахад хамгаалалтын зурвас тогтоох тухай хүсэлтээ Сагсай сумын Засаг даргад гаргаж хамгаалалтын зурвас тогтоож баталгаажуулаагүй нь нэхэмжлэгчийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь зөрчсөн гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар тухайн хэрэгт хамааралтай талаас үнэлэх журмыг зөрчжээ.
Зохигчдын маргаж буй 10 кв өндөр хүчдэлийн цахилгаан эрчим хүч дамжуулах агаарын шугамын утаснаас газрын гадарга хүртэл зай 7 метр 40 см, Т.Б-ийн байшигийн дээврээс агаарын шугам хүртэл 4 метр 90 см, байшингаас шонгын мод хүртэл 2.4 м, агаарын шугамны шууд тусгалаас байшин хүртэл 1.7 м, амбаарын зүүн хойд булан хүртэл 70 см болох нь уг газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Монгол Улсын мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 04-07-049/436 дугаартай дүгнэлтээр нотлогдсон байна. Уг агаарын шугамын шууд тусгалаас нэхэмжлэгчийн байшин хүртэл 1.7 м, амбаар хүртэл 70 см байгаа боловч Засгийн газрын 2001 оны 263 дугаар тогтоолын 3 дугаар хавсралт, Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрмийн 3-ийн 1-ийн б-д 1-20 хүртэл кв шугамын захын хоёр утаснаас хоёр тийш 2 м байна гэж заасан байхад агаарын шугамын шууд тусгалаас байшин хүртэлх зайг хэмжсэн нь үндэслэлгүй болжээ. 10 кв өндөр хүчдэлийн цахилгаан эрчим хүч дамжуулах агаарын шугамын утаснаас газрын гадарга хүртэл зай 7 метр 40см, Т.Б-ийн байшины дээврээс агаарын шугам хүртэл 4 метр 90 см байгаа нь Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрмийн 3-ийн 1-ийн б-д заасан шаардлагад нийцэж байх тул аюултай орчин гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2-т заасан “аюулгүй орчинд амьдрах эрх” нь зөрчигдсөн үндэслэл тогтоогдоогүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй байна.
Хариуцагч давж заалдах гомдолдоо Эрчим хүчний тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-т зааснаар урьдчилан шийдвэрлэх журмыг зөрчсөн гэх боловч нэхэмжлэгч Т.Б нь Сагсай-Буянт чиглэлийн 10 кв агаарын шугамын хэрэглэгч биш, тусгай зөвшөөрөл эзэмшигч болон хэрэглэгчийн хооронд үүссэн маргаан биш байх тул урьдчилан шийдвэрлэх журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 130/ШШ2018/00320 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.-т заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Б-ийн хариуцагч Баян-Өлгий аймгийн Цахилгаан шугам сүлжээний газарт холбогдуулан гаргасан “тус аймгийн Сагсай сумын 5 дугаар багт байрлалтай Т.Бийн өмчлөлийн сууцнаас 2.4 метрийн зайтай, тус аймгийн Шугам сүлжээний газрын 10 кв цахилгаан дамжуулах агаарын шугам татсан шонгийн модыг албадан нүүлгэх” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200.00 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200.00 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж тус аймгийн Цахилгаан шугам сүлжээний газарт буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ШҮҮГЧИД Д.МӨНХӨӨ
Д.КӨБЕШ