Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2026/0724

 

 

 

 

 

 

 

 

 

 

“”“О-И” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

 

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч А.Сарангэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Зоригтбаатар

Илтгэсэн шүүгч Т.Энхмаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: “”Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А;

 

Нэхэмжлэгч:“О-И” ХХК

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Ц, Ж.С нар;

 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 732 дугаартай;

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Б.Ү, хариуцагч Ц.Ц, Ж.С, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А нар;

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул

Хэргийн индекс: 128/2026/0477/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “О-И” ХХК-иас Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Ц, Ж.С нарт холбогдуулан “Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Ц, Ж.С нарын 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн НА-352500000ХХ тоот нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

 

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 732 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1.2, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг тус тус баримтлан “О-И” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Ц, Ж.С нарын, 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн НА-352500000ХХ дугаар нөхөн ногдуулалтын актыг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэжээ.

 

3. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А давж заалдах гомдолдоо:

 

Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ц.Ц, Ж.С нар 2737515 тоот регистрийн дугаартай “О-И” ХХК-ийн 2021-2023 оныг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийх тусгай удирдамжийн дагуу 3525802199 тоот томилолтоор Эрсдэлд суурилсан-бүрэн хяналтыг шалгалтыг хийж, нийт 1,356,000,000.00 төгрөгийн зөрчилд 10,848,000 төгрөгийн нөхөн татвар, 4,339,200 төгрөгийн торгууль, 4,572,612.8 төгрөгийн алданги, нийт 19,759,812.8 төгрөгийн төлбөрийг нөхөн ногдуулалтын актаар төлүүлэхээр шийдвэрлэснийг бүхэлд нь эс зөвшөөрч, Нийслэлийн татварын газрын “Маргаан таслах зөвлөл”-д гомдол гаргаж 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 12 дугаартай тогтоолд тухайн үл хөдлөх хөрөнгийг Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан албан татвар ногдох хөрөнгө гэж үзэж, данс бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнд үл хөдлөх хөрөнгийн албан татвар төлүүлэхээр тогтоосон татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актыг хууль тогтоомжид нийцэж байна гэж үзэн НА-352500000ХХ дугаар бүхий нөхөн ногдуулалтын актыг хэвээр баталсан байна.

 

Улмаар тус компани нь маргаан таслах зөвлөлийн тогтоолыг эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2026/0732 дугаартай шүүхийн шийдвэрээр “захиргааны акт илт хууль бус” болохыг тогтоож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч нарын зүгээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2026/0732 дугаартай шийдвэрийн дараах хууль зүйн үндэслэлүүдээр хуульд нийцээгүй гэж үзэн гомдол гаргаж байна.

 

3.1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь: хэсгийн 9-т “Иймд баригдаж дууссан барилгатай адилтган үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах эрх зүйн үндэслэл байхгүй атал хариуцагч захиргааны байгууллага нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн 80 хувийн гүйцэтгэлтэй баригдаж буй барилгад үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулалтын акт гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно”, 47.1.6-д “Захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж заасанд хамаарч байна; гэж үзсэн.”

 

Харин Татварын ерөнхий хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т “Татвар ногдох зүйлийг тухайн төрлийн татварын хуулиар нарийвчлан тогтооно.”, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Монгол Улсын Иргэний хуулийн 84.3-т заасны дагуу тодорхойлогдсон бүх төрлийн үл хөдлөх эд хөрөнгөд албан татвар ногдуулна”, 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа дараахь этгээд үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгч байна:” 4.1.1-д “өмчийн бүх төрөлд хамаарагдах компани, хоршоо, нөхөрлөл, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллага, тэдгээрийн төлөөлөгчийн газар;” Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйл: “Татвар ногдох зүйлийг тухайн төрлийн татварын хуулиар нарийвчлан тогтооно;”,

 

Мөн Иргэний хуулийн 84 дүгээр зүйл: “Эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгө”, 84.3-т “Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна;” гэсэн хуулийн зохицуулалт хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Учир нь Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Н ам, Н зам гудамж 19/8 тоот хаягт байрлах, 437.2 м.кв аялал жуулчлалын зориулалт бүхий 80%-ийн гүйцэтгэлтэй, Ү-2206022504 дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгөнд албан татвар ногдуулан, төлж тайлагнаагүй зөрчил илэрсэн бөгөөд энэ нь Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Монгол Улсын Иргэний хуулийн 84.3-т заасны дагуу тодорхойлогдсон бүх төрлийн үл хөдлөх эд хөрөнгөд албан татвар ногдуулна”, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах үнэлгээг уул хөрөнгийн үл хөдлөх эд хөрөнгөд бүртгэгдсэн үнийн дүнгээр, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдээгүй бол хөрөнгийн даатгалд даатгуулсан үнийн дүнгээр, хөрөнгийн даатгалд даатгуулаагүй бол данс бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр тус тус тодорхойлно”, 6 дугаар зүйлийн 6.1-д “Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан үнэлгээнээс аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн хөрөнгийн байршил, зориулалт, хэмжээ, зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн байдлыг харгалзан 0.6-1.0 хувиар тооцож ногдуулна”, Иргэний хуулийн 3.3-т “Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуулиас бусад хууль хооронд зөрчилдвөл тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ”, гэж заасныг зөрчсөн тул хуулийн дагуу нөхөн, татвар, алданги тооцсон байна.

 

Түүнчлэн тухайн үл хөдлөх хөрөнгө нь 80%-ийн гүйцэтгэлтэйгээр 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр өмчлөх эрхийн улсын бүртгэлд Ү-2206022504 дугаарт бүртгэгдсэн, гэрээний үүргийн гүйцэтгэл хангаж зээлийн төлбөрт тооцон өмчлөх эрх шилжсэн байгаагаас үзэхэд үл хөдлөх хөрөнгийн шинж чанараараа эдийн засгийн эргэлтэд орсон, үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах бүрэн үндэслэлтэй байна.

 

Улмаар тухайн аялал жуулчлалын зориулалт бүхий, Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 4-р хороо Н ам /17090/ Н зам гудамж, 19/8 тоот, 437.2 м.кв үл хөдлөх хөрөнгийг Албадан дуудлага худалдаагаар өмчлөгч өөрчлөгдөх үйлчилгээний төрлөөр бүртгэсэн мэдээлэлтэй байдаг. Эргэлтийн хөрөнгө босгохын тулд “Баригдаж дуусаагүй барилга”-ын гэрчилгээ гаргуулж, Банк бус санхүүгийн байгууллагад зээлийн барьцаа болгон, санхүүжилт авсан, улмаар үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа чөлөөлөгдөөгүйн улмаас тус тус ББСБ-д шилжсэн байх тул улсын бүртгэлийн газар тухайн үл хөдлөх хөрөнгөд өөрчлөлт оруулахыг хуулиар хориглодог. Барилга дуусах үед анхны “барьж дуусаагүй” гэх бүртгэлийн гүйцэтгэлийн хувийг 100% болгон өөрчилж, улсын комиссын актыг үндэслэн өмчлөгчдийн өмчлөх эрхийн гэрчилгээг эцсийн байдлаар баталгаажуулан олгодог байна.

 

Иймд Улсын бүртгэлийн тухай хуулийн дагуу барилгыг “дууссан” гэж үзэн Үл хөдлөх хөрөнгийн албан татварын хуулийн дагуу албан татвар ногдуулах үндэслэлтэй гэж үзэж байна.

 

3.2. Шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь: хэсгийн 11-т “Шүүх хуралдааны ирцийн тухайд хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт энэ өдрийн шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй буюу 2026 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн шүүгчийн туслахын утсаар холбогдсон тухай тэмдэглэлд дурдсанаар холбогдогч Ц.Ц нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүсэлт өгөх тухай дурдсан байх боловч хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А-ын утас холбогдох боломжгүй байсан, мөн тус өдрийн шүүхийн хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөвлөгч нараас шүүх хуралдааныг үргэлжлүүлэх тухай хүсэлт гаргасан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4-т “Хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийг тэдгээрийн эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан бол шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж зааснаар шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болохыг дурдах нь зүйтэй;” гэжээ.

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 08 дугаар сарын 12-ны өдөр товлогдсон шүүх хуралд хариуцагч нар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу 2026 оны ээлжийн амралтаа биечлэн эдэлж байгаа талаар мэдэгдэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хариуцагч нарын ажилдаа эргэн орох хүртэл хугацаанд хойшлуулж өгөхийг хүссэн хүсэлтийг, хэлтсийн даргын 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/04 дугаар “Албан хаагчдын 2026 оны ээлжийн амралтын хуваарь батлах тухай” тушаалыг хавсарган Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн [email protected] албан ёсны цахим хаягаар хүргүүлсэн байдаг.

 

Мөн 2026 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн шүүгчийн туслахын утсаар холбогдсон тухай тэмдэглэлд дурдсанаар “хариуцагч Ц.Ц ээлжийн амралттай хөдөө орон нутагт явж байгаа, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хурал хойшлуулах хүсэлт” гаргах талаар дурдсан.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч Ц.Ц нь шүүхэд хурал хойшлуулах итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулах талаар хүсэлт гаргах гэж байгаагаа мэдэгдсэн нөхцөл байдал харагдаж байна.

 

Түүнчлэн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж А-ын утас холбогдох боломжгүй байсан гэдэг нь хариуцагч үнэхээр “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр” ирээгүй гэж үзэх үндэслэл мөн үү шүүх бүрэн тогтоосон уу? зөвхөн утас холбогдох боломжгүй байсан гэдэг нь өөрөө хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралд ирээгүйг дангаараа нотлохгүй. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр нь нэхэмжлэгч ямар нотлох баримт гаргасан, хариуцагчийн өмнө гаргасан тайлбар юу байсан, захиргааны акт хуульд нийцсэн эсэх, хариуцагчийн тайлбар, татгалзлыг хэрхэн үнэлсэн, нэхэмжлэгчийн шаардлагыг хангах материаллаг эрх зүйн үндэслэл юу болох зэргийг заавал үндэслэн шийдвэрлэх ёстой гэж үзэж байна.

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа нэг талын байр суурийг хэт барьж, хариуцагч татварын улсын байцаагч нарын гаргасан захиргааны актынхаа талаар тайлбар, нотлох баримт өгөх, шүүх хуралдаанд оролцох, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах, хамгаалуулах эрхийг бодитоор хязгаарласан нь процессын зөрчил гэж үзэх бүрэн үндэслэлтэй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно;” гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна.

 

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2026/0732 дугаартай шийдвэрийг эргэн харж хариуцагч нарыг захиргааны актынхаа талаар тайлбар, нотлох баримт өгөх, шүүх хуралдаанд оролцох, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах, хамгаалуулах эрхийг хангаж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

  1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
  2. Маргаан бүхий үйл баримтын тухайд:
    1. Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Ц, Ж.С нар нь нэхэмжлэгч “О-И” ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн № НА-352500000ХХ дугаар нөхөн ногдуулалтын актаар 10,848,000 төгрөгийн нөхөн татвар, 4,339,200 төгрөгийн торгууль, 4,572,612.8 төгрөгийн алданги, нийт 19,759,812.8 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоожээ.
    2. Үүнийг эс зөвшөөрч нэхэмжлэгч хуулийн этгээдээс Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасныг тус зөвлөл хуралдаанаар хэлэлцээд 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 12 дугаар тогтоолоор дээрх нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээсэн байна.

 

3. Хууль зүйн үндэслэлийн тухайд:

3.1. Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ж.Сайнсанаа, Ц.Ц нар нь “О-И” ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд иж бүрэн татварын хяналт шалгалтаар 2021 онд 452,000,000.00 төгрөгийн, 2022 онд 452,000,000.00 төгрөгийн, 2023 онд 452,000,000.00 төгрөгийн нийт 1,356,000,000.00 төгрөгийн Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Н ам, Н зам гудамж 19/8 тоот хаягт байрлах, 437.2 м.кв аялал жуулчлалын зориулалт бүхий 80%-ийн гүйцэтгэлтэй, Ү-2206022504 дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгөд албан татвар ногдуулан, төлж тайлагнаагүй зөрчил гаргасан гэж үзэж, 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн № НА-352500000ХХ дугаар нөхөн ногдуулалтын актаар тус хуулийн этгээдэд Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 73.2, 73.2.1, 82 дугаар зүйлийн 82.1, 82.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн 10,848,000 төгрөгийн нөхөн татвар, 4,339,200 төгрөгийн торгууль, 4,572,612.8 төгрөгийн алданги, нийт 19,759,812.8 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоожээ.

3.2. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Монгол Улсын Иргэний хуулийн 84.3-т заасны дагуу тодорхойлогдсон бүх төрлийн үл хөдлөх эд хөрөнгөд албан татвар ногдуулна”, Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т “Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна”, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн 10 дугаар зүйлийн 10.10-т “Барьж дуусаагүй үл хөдлөх эд хөрөнгийг хоёр болон түүнээс олон этгээд хөрөнгө оруулан, эсхүл захиалгаар барьж байгаа бол хөрөнгө оруулагч, захиалагч нарын мэдүүлгээр уг үл хөдлөх эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхтэй өмчлөгчдийн дундын өмчлөлд, эсхүл дундаа хэсгээр өмчлөгч нарын тус тусын өмчлөлд энэ хуулийн 10.6-д заасан нотлох баримтыг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэнэ” гэж тус тус заажээ.

3.3. Нэхэмжлэгч “О-И” ХХК нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Н ам /17090/ Н зам гудамж, 19/8 тоот хаягт байршилтай, 437.2 м.кв талбайтай, аялал жуулчлалын зориулалттай 80%-ийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж, 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2206022504 дугаартай гэрчилгээг олгосон байх бөгөөд дээрх үл хөдлөх хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаагүй болох нь хэрэгт авагдсан фото зураг /хх-ийн 94-97, 111/ болон нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

3.4. Иймд нэхэмжлэгч хуулийн этгээдийн баригдаж дуусаагүй, 80%-ийн гүйцэтгэлтэй барилгыг дууссан барилгатай адилтган үзэж, хариуцагч нар нь 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн № НА-352500000ХХ дугаар нөхөн ногдуулалтын актаар үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулсан нь Татварын ерөнхий хуулийн 5 дугаар  зүйлийн 5.1-д “Татвар бий болгох, тогтоох, ногдуулах, тайлагнах, төлөх, хяналт шалгалт хийх, хураах, хөнгөлөх, чөлөөлөх үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална:”, 5.1.2-т “тодорхой байх;”, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Монгол Улсын Иргэний хуулийн 84.3-т заасны дагуу тодорхойлогдсон бүх төрлийн үл хөдлөх эд хөрөнгөд албан татвар ногдуулна.” гэж заасантай нийцээгүй байна.

3.5. Анхан шатны шүүхийн “...үл хөдлөх эд хөрөнгөнд гэрчилгээ олгогдсон нь тухайн төрлийн татварыг шууд тогтоох болон эдийн засгийн эргэлтэнд орж байгааг илтгэхгүй...” гэсэн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар хариуцагч нарын “... гэрээний үүргийн гүйцэтгэл хангаж зээлийн төлбөрт тооцон өмчлөх эрх шилжсэн байгаагаас үзэхэд үл хөдлөх эд хөрөнгө хөрөнгийн чанараараа эдийн засгийн эргэлтэнд орсон, үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах бүрэн үндэслэлтэй байна” гэсэн давж заалдах гомдол үндэслэлгүй.

3.6. Хэдийгээр нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа “Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Ц, Ж.С нарын 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн НА-352500000ХХ тоот нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах”-аар тодорхойлсон байх боловч анхан шатны шүүхээс “...хариуцагч захиргааны байгууллага нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн 80 хувийн гүйцэтгэлтэй баригдаж буй барилгад үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулан нөхөн ногдуулалтын акт гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно, 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж заасанд хамаарч байна.” гэж дүгнэн, маргаан бүхий актыг “...илт хууль бус болохыг тогтоож” шийдвэрлэснийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.” гэж заасныг зөрчсөн гэж үзэхгүй юм.

3.7. Учир нь Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 30 дугаар тогтоолын 8-д “...Нэхэмжлэгч захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үр дүнд уг акт илт хууль бус болох нь тогтоогдвол шүүх уг актыг илт хууль бусад тооцон шийдвэрлэх нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн”-д хамаарахгүй” гэж тайлбарласан байна.

 

4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “…Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа нэг талын байр суурийг хэт барьж, хариуцагч татварын улсын байцаагч нарын гаргасан захиргааны актынхаа талаар тайлбар, нотлох баримт өгөх, шүүх хуралдаанд оролцох, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах, хамгаалуулах эрхийг бодитоор хязгаарласан нь процессын зөрчил гэж үзэх бүрэн үндэслэлтэй” гэх гомдлын тухайд:

4.1. “О-И” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ц.Ц, Ж.С нарт холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг анх 2026 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн урьдчилсан хэлэлцүүлгээр 08 дугаар сарын 12-ны өдрийн 11 цагт товлон зарлаж, шүүх хуралдааны товыг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ариунзулд утсаар мэдэгдсэний дагуу /хх-ийн 89 дэх талд/ хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...хариуцагч Ц.Ц, Ж.С нарын 2026 оны ээлжийн амралтыг Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу биечлэн эдэлж дуусах хүртэлх хугацаанд хойшлуулж өгнө үү” гэх хүсэлтийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн даргын 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн “Албан хаагчдын 2026 оны ээлжийн амралтын хуваарь батлах тухай” Б/04 дугаар тушаалыг хавсралтын хамт ирүүлсэн байх бөгөөд хариуцагч Ж.С нь 2026.07.16-2026.08.18-ны өдөр хүртэл ээлжийн амралттай байсан болох нь тогтоогдож байна.

4.2. Шүүх тус өдөр товлогдсон шүүх хуралдааныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хойшлуулан 2026 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 10 цагт товлож, шүүх хуралдааны товыг хариуцагч Ц.Ц болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А нарт мэдэгдсэн /хх-ийн 109 дэх талд/ байх боловч хүндэтгэн үзэх шалтгаантай талаарх нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

4.3. Нөгөөтээгүүр, хариуцагч Ц.Ц, Ж.С нар нь 2026 оны 05 дугаар сарын 19-ний өдөр тус захиргааны хэрэгт хариуцагч нарыг төлөөлж хуулийн мэргэжилтэн Ж.А-д Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.5-д зааснаас бусад эрхийг эдлэх талаар итгэмжлэл олгосон байх бөгөөд энэ тохиолдолд мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.7-д “Итгэмжлэлээр төлөөлүүлж байгаа хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцохгүй байж болно.” гэж заасны дагуу хариуцагч Ц.Ц, Ж.С нар шүүх хуралдаанд оролцохгүй ч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А шүүх хуралдаанд хариуцагч нарыг төлөөлөн оролцох бүрэн боломжтой байжээ.

4.4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4-т “Хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч хэргийг тэдгээрийн эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан бол шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэж болно.” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн хүсэлтийг харгалзан, хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг байлцуулахгүйгээр хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэснийг мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй.

4.5. Түүнчлэн уг захиргааны хэргийг 2026 оны 05 дугаар сарын 06-ны өдөр үүсгэж, хариуцагчаас хариу тайлбарыг, нотлох баримтын хамт 05 дугаар сарын 20-ны өдөр ирүүлсэн байх бөгөөд тус захиргааны хэргийг хянан шийдвэрлэх хүртэл 3 сарын хугацаанд хариуцагчаас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3, 32.8-т тус тус зааснаар хариу тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх бүрэн боломжтой байсан бөгөөд уг эрхийг шүүх хязгаарлаагүй, мөн хариуцагч нь өөрт байгаа баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй юм.

4.6. Иймд анхан шатны шүүх хэргийн оролцогчдоос ирүүлсэн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн маргаан бүхий үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2026/0732 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                                 А.САРАНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                                                  Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                             Т.ЭНХМАА