Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 12

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нарантуяа,

улсын яллагч Т.Дэлгэрсайхан,

хохирогч Б.Дашням,

шүүгдэгч Б.Дашдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол баталж шүүхэд ирүүлсэн Б.Дашдоржид холбогдох 201718010027 дугаар эрүүгийн хэргийг 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 0000 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Төв аймгийн Цээл суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Хойд сэртэн” ХХК-нд хамгаалагч ажилтай, ам бүл 8, аав, ээж, ах, 2 дүү, эхнэр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр баг, 12 дугаар байрны 30 тоотод оршин суух, урьд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 69 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 300 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, регистерийн НЩ- дугаартай, Урианхад овогт Болдбаатарын Дашдорж.

Холбогдсон гэмт хэргийн талаар /яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Дашдорж нь 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сум 1 дүгээр баг, 13 дугаар байрны 02 дугаар орцонд өөрийн төрсөн ах Б.Дашнямыг зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Хохирогч Б.Дашнямын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-9/,
  2. Иргэн Б.Бат-Эрдэнийг асууж авсан тайлбар тэмдэглэл /хх-10/,
  3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлт №276 /хх-15/,
  4. Шүүгдэгч Б.Дашдоржийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-22-23, 25-26/,
  5. Шүүгдэгч Б.Дашдоржийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар болон хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-27, 29-31, 35-36/,
  6. Хохирогч Б.Дашнямын Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Цагдаагийн тасагт гаргасан өргөдөл  /хх-34/,
  7. Хохирогч Б.Дашнямын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,
  8. Шүүгдэгч Б.Дашдоржийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг болно.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

Шүүгдэгч Б.Дашдорж нь 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Сайхан сум 1 дүгээр баг, 13 дугаар байрны 2 дугаар орцонд өөрийн төрсөн ах Б.Дашнямтай хувийн таарамжгүй харьцаанаас буюу хүнд өгөх ёстой мөнгийг өгнө, өгөхгүй гэсэн асуудлаас болж маргалдан, улмаар нүүрэн тус газар болон толгойны дагз хэсэг рүү нь гараараа 2-3 удаа, гэдэс рүү нь хөлөөрөө нэг удаа тус тус цохисоны улмаас тархи доргилт, духны зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн,

хохирогч Б.Дашнямын мөрдөн байцаалтад өгсөн: “... 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 18 цагийн орчим байх дүү Дашдорж руу залгаж хаана байна гэж асуухад 41 дүгээр байранд айлд байна гэж хэлсэн. Би дүүгээсээ ганц пиво уух уу? Гэж асуусан. Тэгэхэд манай дүү тэгье 1 шил 0,75 л-н архи мөн 2  пивотой аваад ир, би мөнгийг нь өгнөө гэж хэлсэн. Тэгээд би найздаа өгөх гээд ээжээсээ авсан байсан 100.000 төгрөгнөөс 2 л-н том орос пиво 2 ширхэг, 0,75 л-н “Тайга” гэсэн нэртэй архи 1-г авч очсон. Тэгээд эдгээр архи пивийг манай дүү Дашдорж, дүүгийн найз Бат-Эрдэнэ бид 3 хувааж уусан. Тэгээд архи пивоо уучихаад гарч явж байгаад соёлын ордны урд хэсэгт хүмүүстэй маргалдсан. Тэгтэл эргүүлийн цагдаа ирж биднийг цагдаа дээр авчирсан. Тэгээд бид нарыг гудамжинд зөрчил гаргасан гэж хүн тус бүрийг 5.000 төгрөгөөр торгоод харьж амар гээд явуулсан. Тэгээд Дашдорж, Бат-Эрдэнэ бид 3 явж байгаад 11-р байрны тэнд би дүүгээсээ мөнгөө авъя гэж хэлсэн. Тэгэхэд манай дүү надад та мөнгөөр яах гээд байгаан, мөнгийг чинь өгөх хүнд нь аваачиж өгнө, ээж хүнд нь мөнгийг нь өгөөрэй гэсэн гэж хэлсэн гэсэн. Тэгээд би дүүтэйгээ мөнгө авах гэснээс болж маргалдсан. Тэгээд маргалдаж байтал манай дүү миний зүүн шанаа руу гараараа 1 удаа цохьсон. Тэгээд би зөрүүлээд цохих гэхэд Бат-Эрдэнэ дундуур орж ирээд салгасан. Тэгээд би 13-р байрны 2-р орц руу явсан. Араас Дашдорж, Бат-Эрдэнэ 2 ирсэн. Тэгээд намайг 13-р байрны 2-р орцонд айлын хаалга тогшиж байхад Дашдорж араас ирсэн. Тэгээд дахин дүү бид хоёр маргалдсан. Манай дүү намайг миний толгой руу ихэвчлэн цохиод байсан. Бас намайг цохиж газар унагасан. Тэгээд миний гэдэс рүү өшиглөөд байх шиг байсан. Тэгээд Бат-Эрдэнэ бид хоёрыг та хоёр боль гээд салгасан. Тэгээд Бат-Эрдэнэ Дашдоржийг бариад тайвшруулж байхад нь би гарч явсан. Тэгээд би 13-р байрны өмнөх сандал сууж байгаад ухаан алдсан. Тэрнээс хойш би юу болсоныг санахгүй байна....” гэсэн мэдүүлэг /хх-9/,

шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 276 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “1. Б.Дашнямын биед тархи доргилт, духны зулгаралт тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. 4. Б.Дашнямд учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ” /хх-15/,

шүүгдэгч Б.Дашдоржийн мөрдөн байцаалтанд өгсөн “...Би 2017 оны 02 дугаар сраын 23-ны өдөр найз Бат-Эрдэнэтэй хамт хамаатны ахынд 41-р байранд очсон байсан. Тэдний хажуугийн сул өрөөнд нь найзтайгаа хамт байсан. Тэгтэл 18 цагийн үед байх манай ах Дашням над руу ярьсан. Хаана байна гэхээр нь байгаа газраа хэлсэн. Тэгэхэд манай ах надаас пиво уух уу? Гэхээр нь тэгье гэсэн. Би тэгээд та юм авах гэж байгаа бол 0,75 л-н Тайга гэдэг архи авчихаарай мөнгийг нь дараа нь болно биз дээ гэж хэлсэн. Тэгээд манай ах ирэхдээ 2 л-н оросын том пиво 2 ширхэг, 1 шил 0,75 л-н Тайга архи авчирсан. Ахын авчирсан архи пивийг ах, Бат-Эрдэнэ бид гурав уусан. Тэгээд гадагшаа гарсан. Гарч явж байгаад соёлын ордны өмнө манай ах хэсэг хүнтэй маргалдаад эргүүлийн цагдаатай таарсан. Тэгээд биднийг бүгдийг нь цагдаа дээр авчирсан. Тэгээд ахыг эрүүлжүүлнэ гээд аваад явсан. Харин ахтай маргалдсан 2 хүн мөн Бат-Эрдэнэ бид нарыг олон нийтийн газар биеэ зөв авч яваагүй гээд хүн тус бүрийг 5.000 төгрөгөөр торгосон. Тэгээд би гарч ахыгаа эрүүлжүүлэх орж эрүүлжүүлэгдэхээс нь өмнө ахыгаа гуйж авсан. Тэр үед ахын эд зүйлийг ширээн дээр тавьсан байсан. Тэгээд ахад байсан мөнгийг цагдаа нар надад өгсөн. Ах чинь аягүй бол архи уучихна гээд өгсөн. Тэгээд ахыг бас 5.000 төгрөгөөр торгоод биднийг харьж амар гээд явуулсан. Тэгээд манай ах, Бат-Эрдэнэ бид нар алхаад 11-р байрны тэнд явж байтал ах надаас чи надад наад мөнгөө өгчих гэсэн. Би та яах гээд байгаа юм, өрөө өгье ээж хүнд өрөө өгөөрэй гэсэн гэж хэлсэн. Тэгэхэд манай ах, би Анхаатай /ахын найз мөнгө авах хүн/ угаасаа ярьсан юм байгаа надад мөнгөө өг гэсэн. Тэгээд бид 2 маргалдсан. Тэгээд би маргалдаж байгаад ахыгаа орилоод байхаар нь зүүн шанаа руу нь 1 цохьсон. Тэгээд манай найз Бат-Эрдэнэ бид хоёрыг больцгоо гээд салгасан. Тэгээд ах түрүүлээд 13-р байр руу Анхаа ахынх руу явсан. Бат-Эрдэнэ бид хоёр ард нь явсан. Тэгээд 13-р байрны 2-р орцонд 3 давхарт голын хаалгыг тогшиход Анхаа ахынх хаалгаа онгойлгоогүй. Тэгээд ах намайг жийсэн. Тэгэхээр нь би ахыгаа толгой тус газар нь цохьсон. Нилээн хэдэн удаа 2-3 удаа толгой болон дагз руу цохьсон. Ах нүүрээ дараад доошоо болохоор нь толгой руу нь цохьсон. Бас газар унахаар нь гэдэс рүү нь 1 удаа өшиглөсөн. Тэгэхэд манай найз Бат-Эрдэнэ боль боль гээд биднийг салгасан. Тэгэхэд ах түрүүлээд орцноос гараад гүйсэн. Ахын араас Бат-Эрдэнэ гарсан. Тэгээд Бат-Эрдэнэ эргэж орж ирээд ах чинь сандал дээр ухаан алдаад уначихлаа гэсэн. Тэгээд би орцноос гараад ах дээр очиход сандал дээр дээшээ хараад уначихсан байсан. Ухаангүй байсан. Би сэрээх гэж ахыгаа алгадахад сэрэхгүй байсан. Тэгээд ахыг эмнэлэг рүү авч явсан ...” гэсэн мэдүүлэг /хх-22-23, 25-26/,

хохирогч Б.Дашнямын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 18 цагаас 19 цагийн хооронд би дүү рүүгээ залгасан. Хаана байна гэхэд найзтайгаа манай нэг танил ахынд байна гэсэн. Би хоёулаа өнөөдөр ганц хоёр пиво уух уу гэхэд тэгъе та хүрээд ир гэсэн. Намайг очиход манай дүү найзтайгаа хамт байсан.  Дүүгийн найзынд бид 3  байж байгаад  караоке орохоор явж байгаад Соёлын ордны урд талд хэдэн хүнтэй маргалдсан. Эргүүлийн цагдаа ирээд цагдаагийн газар руу авчираад захиргааны арга хэмжээ аваад  мөнгөөр торгосон. Цагдаагийн газраас гараад дүүд найзад өгөх мөнгө байсан. Тэр мөнгийг би найздаа өгъе гэхэд манай дүү яах гэж байгаа юм гэсэн. Ээж манай найзад өгөөрэй гэж хэлсэн. Би найзтайгаа ярьсан юм байгаа. Би найздаа өгъе гэж хэлсэн.  Тэр мөнгийг дүүгээ үрчихвий гэж дотроо хардаж байсан. Тэр үүднээсээ би дүүгээсээ мөнгийг нэхсэн.  Манай дүү хамт аваачиж өгъе гэсэн. Бид хоёр хамт явж байгаад 11 дүгээр байрны буланд маргалдсан. Манай дүү түрүүлж цохисон. Манай дүүгийн найз нь бид хоёрыг салгаад та хоёр ах дүү хоёр байж яагаад зодолдоод байгаа юм гэсэн. Бид хоёр нилээн маргалдаж байгаад манай найзын гэр рүү явсан. Манай найзынх 13 дугаар байрны 2 дугаар орцонд байдаг. Бид 3 очоод хаалгыг нь тогшиход онгойлгож өгөөгүй. Бид хоёр дахин маргалдаад зодолдсон. Орцноос гарахад сууж байхад миний толгой эргээд, толгой өвдөж байсан тэгээд ухаан алдсан. Тэрнээс хойш юу болсоныг би санахгүй байгаа. Гомдол саналгүй гэсэн мэдүүлэг,

шүүгдэгч Б.Дашдоржийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: 2017 оны 02 дугаар сарын 23-ний өдөр ах бид хоёр манай найзын хамт пиво уусан. Тэднийхээс гараад бид нар гуравуулаа явж байсан.  Бид 3 гараад  караоке орох бодолтой явж байгаад замдаа Соёлын ордны урд хэсэг хүмүүстэй тааралдаад маргалдсан. Маргалдаж байхад эргүүлийн цагдаа нар очоод бид нарыг бүгдийг нь цагдаагийн тасагт аваачсан. Бид нарт захиргааны арга хэмжээ аваад торгоод явуулсан. Ах харьж байх замдаа  надаас мөнгөө авъя гэсэн. Та яах гэж байгаа юм, ээж хүнд өгөөрэй гэж өгсөн мөнгө хоёулаа хүнд нь цуг аваачаад өгчихъе гэж хэлсэн. Бид хоёр учраа олсон байгаа зүгээр надад өгчих гэсэн. Тэр мөнгийг ахын найзад өгөх байсан. Бид хоёр цуг очоод 13 дугаар байрны 2 дугаар орц руу явж байх замдаа 11 дүгээр байрны тэнд дахиж маргалдсан. Би ахыгаа түрүүлээд зүүн хацар руу нь цохисон. Ах намайг зөрүүлээд цохих гэхэд манай найз голоор нь ороод бид хоёрыг салгасан. Тэр айл 13 дугаар байрны 2 дугаар орцонд байдаг. Бид нар очоод хаалгыг нь тогшиход ерөөсөө онгойлгоогүй. Тэгээд ах бид хоёр дахиж маргалдаад барьцалдаж аваад би ахын хөл рүү нь цохисон. Газар унасан байхад нь би цээж рүү нь нилээн хэд өшиглөсөн. Би архи дарс уусан байсан согтуу  байсан болохоор цохисон юм шиг байна лээ.  Ах орцноос гараад явахад манай найз араас нь гараад ахыг дуудаад ирье гээд гарсан. Буцаж орж ирээд ах чинь ухаан алдаад унасан байна  гэсэн. Би найзтайгаа араас нь гарсан чинь сандал дээр ах ухаан алдаад унасан байсан. Би алгадаж сэрээх гээд  оролдоод сэрэхгүй байхаар нь найзтайгаа эмнэлэг рүү авч явж эмчид үзүүлсэн. Эмчээс ахын бие яаж байна гэж асуухад удахгүй ухаан орно цочролд орсон байна гэж байсан. Эргүүлийн цагдаа нар ирээд маргааш нь намайг цагдаа дээр дуудсан гэсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.

Иймд шүүгдэгч Б.Дашдоржийг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч Б.Дашням нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол нэхэмжлээгүй бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн хүсэлтийг гаргаж байх тул шүүгдэгчээс гаргуулан шийдвэрлэх гэм хорын хохирол байхгүй, гэм хорыг арилгасан байна гэж үзэв.

Шүүгдэгч нь урьд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 69 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 300 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан ба Б.Дашдоржийн үйлдсэн Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2-д заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-т заасан хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3 дахь хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн болон нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш таван жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй бол ялгүйд тооцох тул түүнийг ялтай байхдаа гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх үзэв.

            Шүүгдэгч Б.Дашдоржид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар согтуурсан буюу мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн, 56.1.12-д зааснаар ялтай байхдаа гэмт хэрэг дахин үйлдсэн зэрэг байдлуудыг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.3-д зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, 55.1.9 дэх хэсэгт зааснаар үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг байдлуудыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Эрүүгийн 201718010027 дугаар хэрэгт хураагдсан иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгүй, шүүгдэгч Б.Дашдорж нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлийн 298.1.4 дэх зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                

                            ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Урианхад овогт Болдбаатарын Дашдоржийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар шүүгдэгч Б.Дашдоржийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Торгох ялаас ноцтой зайлсхийвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар хорих ялаар сольж болохыг шүүгдэгч Б.Дашдоржид анхааруулсугай.

4. Шүүгдэгч Б.Дашдорж нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах  байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй бөгөөд хохирогч Б.Дашням нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл уг тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Дашдоржид урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Б.МӨНХБАЯР