Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 2020/ДШМ/13

 

М.С-д холбогдох 

эрүүгийн хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунтунгалаг даргалж, шүүгч О.Баатарсүх, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийв.

 

Шүүх хуралдаанд:

прокурор С.Сугар,

                        шүүгдэгч М.С,

нарийн бичгийн дарга С.Ариунжаргал нар оролцов.                

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 78 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч М.С-ын давж заалдах гомдлоор тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М.С-д холбогдох эрүүгийн 1930005060015 дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19... онд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, бага эмч мэргэжилтэй, ам бүл ..., Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын .... дугаар багт оршин суух хаягтай, Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 24-ний 138 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, түүнээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д заасан ” оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх“ үүрэг хүлээлгэж, 7.3 дугаар зүйлийн 3.3-д заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэснийг Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 82 дугаартай шүүгчийн захирамжаар хүчингүй болгож, нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг биечлэн эдэлж байгаа,  М.С / ......../

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч  М.С нь 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хохирогч Д.А-гийн Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багийн “Т”-ийн 107 тоот дахь гэрт нь нэвтэрч, 32 инчийн зурагт, дунд гарын мөнгөн аяга хулгайлж 350000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 11 дүгээр сарын 20-ноос 12 дугаар сарын 03-ны хооронд хохирогч А.О-гийн Баруун-Урт сумын 5 дугаар багийн “Д”-ийн .... тоотод оршин суух гэрийн тооноор хууль бусаар нэвтрэн орж, монгол гутал нэг хос, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэгийг хулгайлан авч, бусдад 150000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 12 дугаар сарын 02-ноос 03-ны өдрийн хооронд хохирогч А.Цын Баруун-Урт сумын 5 дугаар багийн “Д”-ийн ...... тоот дахь гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, шинэ дунд гарын мөнгөн аяга 2 ширхэгийг, 8 метрийн урттай суран бугуйл 1 ширхэгийг хулгайлж, 600000 төгрөгний хохирол учруулсан,

2019 оны 12 дугаар сарын 01-нээс 03-ны хооронд хохирогч Ч.Б-ын Баруун-Урт сумын 9 дүгээр багийн Хайлаастын ......... тоот дахь гэрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтрэн орж, 39 инчийн “М” маркийн өнгөт зурагт 1 ширхэг, 21 инчийн “Дэлл” маркийн компьютерын дэлгэц 1 ширхэгийг хулгайлан авч, бусдад 480000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугар нь шүүгдэгч М.Сын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 78 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч М.С-ыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч М.С-ыг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.С-д энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялд Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 82 дугаартай захирамжаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 10 сар 10 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жил 4 сар 10 хоногийн хугацаагаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, цагдан хоригдсон нийт 49 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.С д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан М.С-ын өмсөж явсан хар өнгийн гутлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч М.С-д буцаан олгож, шинжээч нь хохирлын үнэлгээ, дүгнэлт гаргахад зарцуулсан үйлчилгээний хөлсийг нотлох баримтыг бүрдүүлэн иргэний журмаар холбогдох этгээдээс нэхэмжлэх эрхтэйг дурдаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт ирээгүй,  шүүгдэгч М.С бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Д.А, А.О, Ч.Б, А.Ц нарт учирсан нөхөн төлөгдсөн, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч М.С давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2019 оны 05 сард гэмт хэрэг үйлдсэн учир Архангай аймгийн шүүхээс 1 жилээр тэнссэн. Тэнсэгдсэн хугацаандаа архи уусан учир эрүүлжүүлэх байранд саатуулагдаж байсан. 2019 оны 12 дугаар сард Сүхбаатар аймгийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар 1 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэж, 2020.01.31-ний өдрөөс Хэнтий аймгийн харъяа ШШГГ-ын хорих 419 дүгээр хорих ангид ял эдэлж байгаад орон байрны хулгайн гэмт  хэрэгт шалгагдаж, Сүхбаатар аймагт хүргэгдэж ирсэн. Би гэм буруугаа маш сайн ойлгож байгаа. Хохирогч нарын гомдлыг ар гэрийнхэнтэйгээ холбогдоод барагдуулсан. Би эхнэрээсээ салаад архи ууж, зан суртахууны хувьд их өөрчлөгдсөн. Би хоригдож байх хугацаандаа засрал хүмүүжил сайтай болоод гарна гэж бодож байна. Шоронд байгаа хүмүүсийн 1 хоног бүр үнэ цэнэтэй болохоор миний ялыг жаахан ч гэсэн багасгаж, надад оногдуулсан 2 жил 6 сарын ялыг 2 жил болгож өгнө үү гэв.

 

Прокурор дүгнэлтдээ: Шүүгдэгч С урьд нь Архангай аймагт гэмт хэрэг үйлдэхэд түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, засрал хүмүүжлээ олно гэж итгэж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэсэн. Гэтэл тэнсэж хянан харгалзах хугацаанд 4 удаагийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтуудаар тогтоогдсон. Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохирсон ялыг оногдуулсан тул давж заалдах гомдол үндэслэлгүй, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхийг хүсэж байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

          Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч М.С-д холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Шүүгдэгч М.С нь 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хохирогч Д.А-гийн Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар баг,  “Т”-ийн 107 тоотоос эд зүйл хулгайлж, 350000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 11 дүгээр сарын 20-ноос 12 дугаар сарын 03-ны хооронд хохирогч А.О-гийн Баруун-Урт сумын 5 дугаар багийн “Д”-ийн 707 тоот дахь гэрээс эд зүйл хулгайлж, 150000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 12 дугаар сарын 02-ноос 03-ны өдрийн хооронд хохирогч А.Ц-ын Баруун-Урт сумын 5 дугаар багийн “Д”-ийн 12-09 тоот дахь гэрээс эд зүйл хулгайлж, 600000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 12 дугаар сарын 01-нээс 03-ны хооронд хохирогч Ч.Б-ын Баруун-Урт сумын 9 дүгээр багийн Хайлаастын 19-15 тоот дахь гэрээс эд зүйл хулгайлж, 480000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан хохирогч Д.А, А.О, А.Ц, Ч.Б, яллагдагч М.С нарын мэдүүлэг, хэргийн газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шинжээчийн дүгнэлт, хохирлын үнэлгээ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцжээ.

 

Шүүгдэгч М.Сын дээрх үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж, анхан шатны шүүх түүнийг энэ зүйлд заасан “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй бөгөөд эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.  

 

          Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон журам, шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 138 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч М.С-ыг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэхийн зэрэгцээ оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэсэн байна. /хх 116-121/

 

Гэтэл шүүгдэгч М.С нь тэнссэн хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулан эрүүлжүүлэх байранд саатуулагдсан зөрчлийг удаа дараа гаргасны улмаас Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 82 дугаартай захирамжаар түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, 1 жилийн хорих ял оногдуулжээ. /хх 112-115/

 

Шүүхээс М.С-ыг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдэхэд нь түүнд зан үйлээ засах, засрал хүмүүжил олох боломж олгож, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан байхад тэрээр энэ хугацаанд удаа дараа зөрчил гаргаж, улмаар 4 удаагийн үйлдлээр бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч, эд зүйлсийг нь хулгайлан авах гэмт хэрэг үйлдсэн байна.

 

Түүнээс гадна анхан шатны шүүхээс М.С-д эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор хорих  ял оногдуулсан нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх тул шүүгдэгчийн “ял хөнгөрүүлэх”-ийг хүссэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

          Нэг. Шүүгдэгч М.С-ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 78 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

 

Хоёр. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.С-ын шийтгэх тогтоол гарснаас хойших цагдан хоригдсон 50 /тавь/ хоногийг хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

Гурав. Давж заалдах шатны шүүх эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч Улсын дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          С.ОЮУНТУНГАЛАГ   

 

                            ШҮҮГЧИД                                     О.БААТАРСҮХ

 

                                                                                                Д.БАЙГАЛМАА