| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
| Хэргийн индекс | 128/2024/0394/З |
| Дугаар | 221/МА2026/0716 |
| Огноо | 2026-10-14 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 221/МА2026/0716
Ц.Оийн нэхэмжлэлтэй
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч М.Цэцэгмаа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа
Илтгэгч шүүгч Э.Зоригтбаатар
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: Ц.О
Нэхэмжлэгч: Ц.Оийн эрх залгамжлагч Б.У
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга
Гуравдагч этгээд: Д.С,
Гуравдагч этгээд: Д.Сын эрх залгамжлагч С.Т
Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2004 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 313 дугаар захирамжийн Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 12 дугаар хороо, Булгийн 20 дугаар гудамжны **** тоот хаягт байрлах 700 м.кв газрыг иргэн Дгийн Сд өмчлүүлсэн хэсгийг илт хууль бусад тооцуулах, илт хууль бус захиргааны актын алдааг залруулж, нэхэмжлэгчийн эрх залгамжлагч Б.Ут газар өмчлүүлэх шийдвэр гаргахыг нийслэлийн Засаг даргад даалгах" тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2026/0607 дугаар шийдвэр.
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн эрх залгамжлагч Б.У,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Х,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц
Гуравдагч этгээдийн эрх залгамжлагч С.Т
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 128/2024/0394/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Ц.О нь нийслэлийн Засаг даргад холбогдуулан "Нийслэлийн Засаг даргын 2004 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 313 дугаар захирамжийн Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 12 дугаар хороо, Булгийн 20 дугаар гудамжны **** тоот хаягт байрлах 700 м.кв газрыг иргэн Дгийн Сд өмчлүүлсэн хэсгийг илт хууль бусад тооцуулах"-аар маргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2026/0607 дугаар шийдвэрээр Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай /2002 оны/ хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 19 дүгээр зүйлийн 19.1.4, 21 дүгээр зүйлийн 21.1-д заасныг тус тус баримтлан бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2004 оны 07 дугаар сарын 02-ний өдрийн 313 дугаар захирамжийн Д. Сд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Ц.Оийн амьдарч байсан, дээрх хаягт орших газрыг түүний эрх залгамжлагч Ц.Уийн эзэмшил, өмчлөлд олгох асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагч Нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн.
2. Давж заалдах гомдлын агуулга:
2.1 Анхан шатны шүүх хуулийн зохицуулалтыг зөв хэрэглэж тайлбарлаагүй тухайд:
Захиргааны актын хүчин Т байдал болон иргэн эрхээ баталгаажуулах хуулийн процессын зааг ялгааг шүүх буруу тайлбарласан. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 22.1, 25.1 дэх заалтыг буруу тайлбарлан иш татаж "Гуравдагч этгээд Д.С нь Засаг даргын гаргасан шийдвэрийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ аваагүй тул түүний газар өмчлөх эрх үүсээгүй, иймд маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын захирамж нь эрх зүйн үндэслэлгүй, илт хууль бус акт юм" гэж дүгнэсэн нь хууль зүйн хувьд зарчмын ноцтой алдаа болсон байна. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-т заасны дагуу Засаг дарга захирамж гаргаснаар захиргааны байгууллагын хувьд иргэнд газар өмчлүүлэх захиргааны шийдвэр гарч, захиргааны актын хууль зүйн үйлчлэл эхэлдэг. Нийслэлийн Засаг дарга нь тухайн шийдвэрийг гаргах хуулиар олгогдсон тусгайлсан бүрэн эрх бүхий субъект юм. Тухайн захиргааны актыг үндэслэн иргэн Улсын бүртгэлийн байгууллагад хандаж, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэн гэрчилгээ авах эсэх нь иргэний хуулиар олгогдсон субьектив эрхээ эдлэх, баталгаажуулах процессын харилцаа бөгөөд улсын бүртгэлд бүртгүүлээгүй нь Засаг даргын захирамжийг анхнаасаа "Захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй" гэж үзэж, илт хууль бусад тооцох үндэслэл болохгүй.
Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан "захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” буюу илт хууль бус актын үндэслэлийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан "захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй" гэдэг нь захиргааны байгууллага тухайн асуудлаар шийдвэр гаргах хуулиар олгогдсон бүрэн эрх, чиг үүрэг анхнаасаа огт байгаагүй байхыг ойлгодог. Нийслэлийн Засаг дарга нь нийслэлийн нутаг дэвсгэрт иргэнд газар өмчлүүлэх шийдвэр гаргах хууль ёсны бүрэн эрхтэй субъект бөгөөд тухайн үед хүчин Т үйлчилж байсан хууль болон нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг үндэслэн маргаан бүхий захирамжийг гаргасан. Тус маргаан бүхий захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.1, 47.1.6, 47.1.7-д заасан илт хууль бус захиргааны актын шинж агуулагдаагүй байхад анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж, илт хууль бусад тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй байна.
3.2 Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрч шийдвэрлэсэн тухайд:
3.2.1 Газар эзэмших, өмчлөх эрхийн шат дараалсан журмыг зөрчсөн тухай:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт "Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн шийдвэр гаргаж болохгүй" гэж тодорхой хуульчилсан. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь маргаан бүхий газрыг зөвхөн "... өмчлүүлэхийг даалгах" гэж тодорхойлсон байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардаагүй асуудал болох "... эзэмшүүлэх болон өмчлүүлэх" шийдвэр гаргахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.5-д заасан процессын ноцтой зөрчил гаргаж нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн дүгнэлт хийсэн байна.
3.2.2 Газар эзэмших болон өмчлөх эрх нь эрх зүйн хувьд ялгаатай харилцаа болох тухай:
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4-т зааснаар иргэн газрыг эхлээд гэрээний үндсэн дээр эрхийн гэрчилгээгээр эзэмшиж, тухайн эзэмшил нь хууль ёсоор баталгаажсаны дараа өмчлөх эрх үүсдэг шат дараалсан хуулийн процесс үйлчилдэг. Нэхэмжлэгч Ц.О болон Б.У нарт тухайн газар дээр хууль ёсоор газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдоогүй, газар эзэмших хүсэлт гаргаж байгаагүй байхад анхан шатны шүүх хуулиар тогтоосон процессыг алгасаж, Нийслэлийн Засаг даргад "шууд эзэмшил болон өмчлөлд олгох шийдвэр гаргахыг даалгасан" нь Газрын тухай хууль, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн хууль бус дүгнэлт болсон байна. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасан даалгах нэхэмжлэл нь захиргааны байгууллагын хууль бус эс үйлдэхүй үүссэн, эсхүл иргэний гаргасан хүсэлтийг хууль бусаар шийдвэрлэхээс татгалзсан нөхцөлд хамаардаг.
Нэхэмжлэгч талаас газрыг хууль ёсоор эзэмших хүсэлт, холбогдох баримт бичгийг эрх бүхий захиргааны байгууллагад Газрын тухай хуульд заасан журмын дагуу албан ёсоор гаргаж өгөөгүй. Захиргааны байгууллагаас газрыг олгохоос үндэслэлгүйгээр татгалзсан хууль бус эс үйлдэхүй үүсээгүй байхад шүүх даалгах шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Иймд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д зааснаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2026/0607 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд холбогдох баримтыг дутуу цуглуулж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.
2. Маргааны үйл баримтын тухайд:
2.1 Нэхэмжлэгч Ц.Оээс 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2004 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 313 дугаар захирамжийн Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 12 дугаар хороо, Булгийн 20 дугаар гудамжны **** тоот хаягт байрлах 700 м.кв газрыг иргэн Дгийн Сд өмчлүүлсэн хэсгийг илт хууль бусад тооцуулах” нэхэмжлэл гаргаж 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 3795 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж эхэлсэн байна.
2.2 Анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 4347 дугаар захирамжаар иргэн Д.Сыг гуравдагч этгээдээр татсан байх бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 9/7083 тоот албан бичгээр Д.С нь 2014 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр нас барсан тухай лавлагааг ирүүлжээ.
2.3 Улмаар 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 5008 дугаар захирамжаар С.Тийг гуравдагч этгээд Д.Сын эрх залгамжлагчаар тогтоожээ.
2.4 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэгч Ц.О нас барсан учир анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 7666 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн эрх, үүрэг эрх залгамжлагчид шилжих хүртэл хугацаагаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна.
2.5 Үүний дараа 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 2145 дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж нэхэмжлэгч Ц.Оийн эрх залгамжлагчаар Б.Уийг тогтоожээ.
2.6 Нэхэмжлэгчийн эрх залгамжлагч Б.Уээс 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Нийслэлийн Засаг даргын 2004 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 313 дугаар захирамжийн Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 12 дугаар хороо, Булгийн 20 дугаар гудамжны **** тоот хаягт байрлах 700 м.кв газрыг иргэн Дгийн Сд өмчлүүлсэн хэсгийг илт хууль бусад тооцуулах, илт хууль бус захиргааны актын алдааг залруулж, нэхэмжлэгчийн эрх залгамжлагч Б.Ут газар өмчлүүлэх шийдвэр гаргахыг нийслэлийн Засаг даргад даалгах” болгон тодруулсан байна.
3. Анхан шатны шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ дараах дүгнэлтүүдийг хийсэн нь учир дутагдалтай болжээ.
3.1 Анхан шатны шүүхийн шийдвэрт “... нэхэмжлэгч нь дээрх хаягт 2001 оноос хойш оршин суусан, тухайн байршлаас огт нүүгээгүй нь тогтоогдсон, Чингэлтэй дүүрэг, 12-р хороо, Булгийн 20-**** гэх хаяг нь одоогийн Чингэлтэй дүүргийн, 21-р хороо, Булгийн 1-**** хаяг болж өөрчлөгдсөн, үүнийг няцаах баримтыг хариуцагч шүүхэд ирүүлээгүй болно. Гуравдагч этгээд Д.Сын тухайд түүний газрын хувийн хэрэгт уг газрыг эзэмшихээр гаргасан өргөдөл болон кадастрын зураг авагдаагүйн дээр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 20-**** тоот хаягт байрлах 807 м2 газрыг 2004 оны 6 сарын 30-ны өдрөөс “Иргэний газар эзэмших гэрчилгээ"-нд /нөхөн олгосон/ зааснаар 2 жилийн хугацаагаар эзэмших эрхтэй болсон гэх боловч энэ хугацаанаас хойш тус газарт огт амьдарч байгаагүй, өөрийн хууль ёсны эзэмшлээ баталгаажуулах оролдлого огт хийгээгүй ...” гэж дүгнэх хэдий ч хэрэгт авагдсан зөрүүтэй баримтуудыг хэрхэн үнэлсэн нь ойлгомжгүй байна.
4.2 Тодруулбал, анхан шатны шүүх нэхэмжлэгчийг 2001 оноос тухайн хаягт оршин суудаг байсан гэж дүгнэхдээ “Чингэлтэй дүүргийн 21 дүгээр хорооны Засаг дарга 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн "Цийн О нь тус хорооны Булгийн 19- ***** тоотод оршин суудаг, 2001 оноос тус хороонд амьдарч байгаа нь үнэн” гэх тодорхойлолт, мөн 2009 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн "Т” ХХК-ийн үйлдсэн нэгж талбарын кадастрын зурагт газар ашиглагч Ц.О, хаяг-Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 20-****, газрын хэмжээ 905,3 гэж, 413940 дугаар "Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-нд "... нөгөө талаас Чингэлтэй дүүргийн 12-р хорооны булаг 20-р байрны задгай тоотод оршин суугч Ц овогтой О” гэж, Хүн ам өрхийн бүртгэлийн дэвтэрт “өрхийн тэргүүлэгч Б овогт Цийн О, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 12 дугаар хороо, Булгийн 19-*****" гэж тус тус тэмдэглэсэн” зэрэг баримтад үндэслэсэн гэх хэдий ч эдгээр баримтууд нь нэхэмжлэгчийг 2001 оноос хойш тухайн хаягт оршин сууж байгаа гэдгийг тогтооход хангалтгүй байна.
Учир нь Чингэлтэй дүүргийн 21 дүгээр хорооны Засаг даргын 2023 оны тодорхойлолтоор нэхэмжлэгчийн 2001 оны нөхцөл байдлыг тогтоох боломжгүй хийгээд бусад нотлох баримтын тухайд 2008 онд байгуулагдсан Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ, Монголын Үндэсний статистикийн хорооны даргын 2011 оны 01/133 тоот тушаалаар батлагдсан хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр, 2011 онд байгуулагдсан 1212119-1206 тоот Айл өрхийн хог гаргасны төлбөр төлөх гэрээ нь нэхэмжлэгчийг тухайн хаягт тасралтгүй оршин суусан гэдгийг хангалттай нотлохгүй.
4.3 Нөгөөтээгүүр, хэрэгт гуравдагч этгээд Д.Сын иргэний үнэмлэхийн[1] архивын хуулбар авагдсан байх бөгөөд иргэний үнэмлэх дээр 2003 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөр Чингэлтэй дүүргийн 12-р хороо, булаг 20-**** тоот хаяг бүртгэлтэй байсан болох нь тогтоогдож байна. Мөн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын 2004 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн 2036 дугаар тодорхойлолтоор[2] уг хаягт ам бүл 1 оршин суудаг болохыг тодорхойлжээ.
4.4 Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх зарчмыг бүрэн хэрэгжүүлээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д "Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй...", 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 34 дүгээр зүйлийн 34.1-т “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ", 34.2-т "Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ" гэж заасантай нийцээгүй байна.
Иймээс дээрх нотлох баримтуудын зөрүүг арилгахын тулд анхан шатны шүүх тухайн маргаан бүхий газарт яг хэзээнээс эхлэн хэн оршин суух болсныг агаар сансрын зургаар баталгаажуулах, нэхэмжлэгчийн эх Ц.Оийн хаягийн шилжилт хөдөлгөөнийг 2001 оноос эхлэн авах, мөн тухайн оноос эхлэн хүн ам бүл өрхийн дэвтрийг авах зэргээр нотлох баримт цуглуулах ажиллагааг хийх шаардлагатай.
4.5 Мөн шүүх хуралдааны үеэр талуудын гаргасан тайлбараар нэхэмжлэгч Б.Уийн эх Ц.О болон гуравдагч этгээд С.Тийн эцэг Д.С нар нь нэг байгууллагад ажиллаж байхад байгууллагаас ажилчдадаа газар эзэмшүүлсэн гэх тул 2003 онд Эрүүл мэндийн яамнаас Газар зохион байгуулалтын албанд хандаж газар эзэмшүүлэх аливаа хүсэлт гаргаж байсан эсэхийг тодруулах байжээ.
5. Анх Нийслэлийн Засаг даргын 2004 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 313 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 12-р хороо, Булаг 20-р гудамж, **** тоот хаягт 700 м.кв газар Д.Сд эзэмшүүлсэн байна. Улмаар нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 12/36 дугаар тогтоолоор хороодын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт орж 12 дугаар хороо 21 дүгээр хороо болжээ.
Гэвч хорооны дугаар өөрчлөгдсөнөөр тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хаяг дугаар өөрчлөгдөх үндэслэл болохгүй боловч хаяг бүхэлдээ өөрчлөгдсөн байгааг анхан шатны шүүх анхаарч үзээгүй байна.
6. Мөн хариуцагч талаас “... маргаан бүхий газар нь гуравдагч этгээд Д.Сд хамааралгүй, Д.Б гэх хүний өмчлөлд байна” гэж тайлбарлаж байгаа энэ тохиолдолд анхан шатны шүүх “Чингэлтэй дүүргийн 21-р хороо, Булгийн 19 дүгээр гудамжны **** болон ***** тоот” хаягт хэн хэн оршин сууж, ямар нотлох баримтад тулгуурлан маргаан бүхий газрыг эзэмшиж, өмчилж байсан талаар шалгаж холбогдох нотлох баримтыг цуглуулах, нэхэмжлэгч болон гуравдагч этгээдээс гадна өөр бусад этгээдийн газар өмчлөх эрхийг хөндөх эсэхийг нягтлах нь зүйтэй.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3-т “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх дараахь үндэслэл илэрвэл энэ хуулийн 121.1.4-т заасан шийдвэрийг гаргана” гээд 121.3.4-т “шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн...” гэж заасны дагуу анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж маргааны нөхцөл байдлыг бүрэн гүйцэт тогтоогоогүй, нотлох үүргээ бүрэн хэрэгжүүлэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн энэ тохиолдолд давж заалдах шатны шүүх уг ажиллагааг нөхөн гүйцэтгэж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул дээр дурдсан үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 0607 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг үндэслэн хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ М.ЦЭЦЭГМАА
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР