Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 212/МА2018/00071

 

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч Д.Мөнхөө, Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 130/ШШ2018/00243 дугаар шийдвэртэй,

 

Завхан аймгийн Тэлмэн сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ж.Н-нд холбогдох иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.          

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Ардабек, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б нар оролцов.   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Зээлээр худалдсан модон бүтээгдэхүүний үнийн үлдэгдэл 7100000.00 төгрөг гаргуулах.” тухай.

 

Нэхэмжлэлд: “Б ХХК нь Завхан аймгийн Идэр суманд 2009 оноос мод, модон бүтээгдэхүүн үйлдвэрлэл худалдаа эрхэлдэг бөгөөд манай компаниас 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Баян-Өлгий аймгийн иргэн Ж.Н нь ээж X.Б-тэй хамт чиргүүлтэй Норд бенз маркийн ачааны машинтай ирээд 12 x 15 харьцаатай 4 метрийн урттай цэвэр палк, 5 x 15 харьцаатай 4 метрийн урттай цэвэр банз, 2,5 x 15 харьцаатай 4 метрийн урттай цэвэр банз нийт 70 куб метр модыг 13400000 төгрөгөөр зээлээр худалдан авсан. Худалдан авах үедээ зээлээр худалдан авсан бөгөөд худалдагч талаас худалдан авагч Ж.Н-д 13400000 төгрөгийн үнэ бүхий модон бүтээгдэхүүнийг манай компанийн нягтлан бодогч Зандарьяа овогтой Б буюу надаас авч, Завхан аймгийн Идэр сумаас ачаад явахдаа төлбөрөө очоод төлөхөөр  болсон. Тэгээд 3 сарын дотор цувуулж 6300000 төгрөг өгсөн. Түүнээс хойш мөнгөө нэхэхээр өгнө гэсээр 2 жил 3 сар өнгөрч байна. 2016 оны 11 дүгээр сарын 21-нд Тэлмэн сумын иргэн Батын ланд 80 маркийн машинтай манай компанийн нягтлан бодогч 3.Б, түүний нөхөр н.Ба, жолооч н.Бат, н.О нар Баян-Өлгий аймгийн Өлгий сум орж Ж.Н-ы гэрт нь очиж мөнгөө нэхсэн боловч одоо байхгүй байна, ямар ч байсан өгнө та нар баталгаа авч болно гээд 2017 оны 6 дугаар сарын 15-ны дотор өгч барагдуулна гэж өөрийн биеэр бичиг хийж өгч гарын үсгээ зурсан бөгөөд нотариатаар баталгаажуулах гэхээр гэрт нь байсан ээж X.Баршагүл нь авсан нь үнэн, өгөх нь үнэн учраас заавал нотариат гээд яах вэ гэсэн. Гэрт нь ороход Ж.Н ээж, дүүгийн хамт гурвуулаа байсан бөгөөд машинаа сольсон том машин авсан удахгүй тээвэр хийгээд өгөөд байна гэж амлалт өгсөн. Манай компанийн зүгээс жолооч Батынд ирж очихын 500000 төгрөгийн бензин хийж өгсөн бөгөөд нягтлан бодогчийн замын ор хоногийн томилолт нь өдрийн 50000 нийт 4 өдөр явсан. Иймд Ж.Н-аас 7100000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багийн иргэн Ж.Н-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б би нэхэмжлэгч “Б” ХХК-ны 7100000.00 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасны дагуу дараах тайлбарыг гаргаж байна.

Хариуцагчаар татагдсан Ж.Н нь миний хүү бөгөөд түүний модон материал худалдаж авахад материалын үнийг би өөрийн ХААН банк дахь данснаас шилжүүлж өгдөг байсан. 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Ж.Н нь Завхан аймгийн Идэр сумаас модон материал ачсан нь үнэн бөгөөд харин тэгэхэд Х.Б миний бие очоогүй болно. Тэгээд Х.Б би З.Б нь бидэнд модон материал өгөхөөр тохирсон тул өөрийн ХААН банк дахь дансандаа 2013 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 8000000 төгрөг, мөн сарын 28-ны өдөр 2000000 төгрөгийг, мөн түүний нөхөр болох Ба-ийн ХААН банк дахь дансанд 2000000 төгрөг, бүгд 12000000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Тэр үед З.Б нь өөрийгөө “Б” ХХК-ны захирал хийдэг гэж танилцуулсан. Тэгээд мөнгөө шилжүүлсний дараахан тун удалгүй Завхан аймгийн нутаг дэвсгэрээс 2 жилийн хугацаанд гадагш модон материал гаргахыг хориглосон шийдвэр гаргаж байсан ба уг хориог 2015 оны 5 дугаар сарын 01-нд цуцалсан. 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдөр авсан модон материалын тооцооноос үлдсэн 7100000 төгрөгийг дутуу өгсөн учир нь 2013 онд шилжүүлсэн 12 сая төгрөгөөс хасаж тооцож байгаа. Харин нэхэмжлэгч З.Б нь миний өгсөн 12 сая төгрөгийг буцааж төлөөгүй байсан ба түүний оронд модон материал ч нийлүүлээгүй байсан. Тухайлбал, би түүнд мөнгө шилжүүлсний дараа Завхан аймгаас модон материал гаргахыг хориглосон захирамж гарсан байсан тул би мөнгөө шилжүүлсэн боловч буцааж авах боломж гараагүй ба харин мөнгөө буцааж төлсөн буюу тооцоог дуусгасан талаарх нотлох баримт байвал гаргаж өгөхийг би З.Б-с хүсэж байна. Иймд нэхэмжлэгч “Б” ХХК-д ямар нэгэн төлбөр тооцоогүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 130/ШШ2018/00243 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан Ж.Н-аас модон бүтээгдэхүүн худалдсан мөнгөний үлдэгдэл 7100000 төгрөгийг гаргуулж “Б” компанид олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: “Хариуцагч Ж.Н-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б би Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 130/ШШ2018/00243 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, мөн хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1-д заасныг тус тус үндэслэн давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Хариуцагч З.Б нь 2013 оны 3 дугаар сарын 26-аас 29-ний хооронд авсан 12.000.000 төгрөгийг нөхрийнхөө хагалгааны зардалд зориулж авсан. Дараа нь би өгсөн мөнгөө шаардах үеэр “...би компанийн захирал хүн байна, мөнгөний чинь оронд чамд мод өгчихье" гэж хэлсэн. 2013 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр “гадагш мод, модон материал гаргахыг хориглосон” Завхан аймгийн Засаг даргын захирамж гарсан, түүнээс болж 2013 оны 7 дугаар сарын 28-нд,  2013 оны 12 дугаар сарын 04-нд, 2014 оны 10 дугаар сарын 8-нд нийт 3 удаа хулгайгаар мод ачуулахдаа 4.900.000 төгрөгийг хасуулсан. 2015 оны 7 дугаар сарын 22-нд 13.400.000 төгрөгийн модон материал ачиж ирээд 12 сая төгрөгөөс 7.100.000 төгрөгийг авч үлдсэн. 2016 оны 11 дүгээр сарын 21-нд ирэхдээ “...7.7 сая төгрөг компанийн мөнгө. Чи надад баримт бичээд өгчих” гэхээр нь би баримт бичиж өгсөн. З.Б надад “200 м/куб банзны гэрээ хийж чамаас авсан мөнгийг тэр банзаар төлж өгнө” гэж хэлсэн. 2013-2014 онуудад З.Б хаанахын хэний зөвшөөрлөөр мод ачуулж, миний мөнгийг төлсөн талаар шүүхэд нотлох баримт гаргаж өгөөгүй байдаг. Харин З.Б надаас авсан 12.0 сая төгрөгийг надад буцааж өгсөн талаар ямар нэгэн баримт байдаггүй. Энэ талаар би анх шүүхэд нэмэлт тайлбар гаргахдаа мөн дурдаж байсан. Энэ бүх зүйлийг шүүх анхаарч үзэлгүй нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 130/ШШ2018/00243 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

 

            Хариуцагч Ж.Н нь 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Завхан аймагт үйл ажиллагаа явуулдаг “Б” ХХК-аас 13400000.00 төгрөгийн үнэтэй мод, модон бүтээгдэхүүн худалдаж авсан нь зохигчийн тайлбар, талуудын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан “Зээл төлөх гэрээ”-ээр тус тус тогтоогдсон байна. Уг гэрээ болон хариуцагч талын тайлбар, Х.Б-ийн үйлдсэн баримтаар худалдан авагч нь худалдан авсан барааны үнээс 6300000.00 төгрөгийг төлсөн, үлдсэн 7100000.00 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл төлөхөөр үүрэг хүлээсэн нь тогтоогджээ.

 

            Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-т заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй, хуульд нийцсэн байна.

 

            Шүүх хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд, нэхэмжлэгч талын хүсэлтээр авсан гэрч Б.Бат, Н.О, З.Баа нарын мэдүүлэг, зохигчийн тайлбар зэргийг хуульд зааснаар үнэлж дүгнэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ. Худалдах-худалдан авах гэрээгээр худалдан авагч нь хэлэлцэн тохиролцсон үнийг төлөх үүрэг хүлээх учраас Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-т зааснаар хариуцагч Ж.Н-аас худалдан авсан барааны үнээс үлдсэн 7100000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Б” ХХК-д олгосон нь хууль ёсны байх зарчимд нийцсэн байна. Харин шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт хариуцагч хуулийн этгээдийн оноосон нэрийг “...Б компанид...” гэж дутуу бичигдсэнийг тэмдэглэх нь зүйтэй.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд Х.Б нь  “Б” ХХК-д ажилладаг З.Б-с авлагатай гэх боловч энэ нь тухайн маргааныг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

            Хуульд зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 128000.00 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээнэ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 130/ШШ2018/00243 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 128000.00 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧИД                                                       Д.МӨНХӨӨ

 

С.ӨМИРБЕК