Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 2020/ДШМ/14

 

Л.А, С.Г нарт

 холбогдох эрүүгийн хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунтунгалаг даргалж, шүүгч О.Баатарсүх, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийв.

 

Шүүх хуралдаанд:

прокурор С.Сугар,

            нарийн бичгийн дарга С.Ариунжаргал нар оролцов.

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 128 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн хяналтын прокурор С.Сугарын эсэргүүцлээр тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Л.А, С.Г нарт холбогдох эрүүгийн 1830003360046 дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.   

 

Монгол Улсын иргэн, 19... онд Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн ... дүгээр хороонд оршин суух, 20... онд Хэнтий аймгийн сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж байсан, Л.А /......../,

 

Монгол Улсын иргэн, 19.. онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл ..., эхнэр, .... хүүхдийн хамт Баруун-Урт сумын 9 дүгээр баг, Хайлаастын ...... тоотод оршин суух, “М” зоогийн газарт туслах тогооч ажилтай, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй,  С.Г /............/.

 

Шүүгдэгч А.Ч, Л.А, С.Гнар бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 1 дүгээр багийн нутаг “Х” гэх газарт байсан хохирогч Б.М-гийн эд зүйл хадгалсан чингэлэгийн цоожийг эвдлэн хууль бусаар нэвтэрч, дунд гарын “Д” хийцийн мөнгөн эмээлийг хулгайлж, 5200000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугар нь шүүгдэгч Л.А, С.Г нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлж, А.Ч-т холбогдох хэргийг тусгаарлажээ.

 

Тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 128 дугаар шүүгчийн захирамжаар: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.А, С.Г нарт холбогдох 1830003360046 дугаартай эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр тус аймгийн Прокурорын газарт буцааж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.А, С.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Хяналтын прокурор С.Сугар эсэргүүцэл болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбар, дүгнэлтдээ: Шинжээчийн дүгнэлтийг Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасны дагуу гаргуулсан. Уг эмээл нь гөлөм, дөрөө байхгүй, хохирогч эмээлийн зургийг нь үзүүлж, Д болон Батноров хийц холилдож орсон талаар мэдүүлсэн, гөлөм болон дөрөөгүй эмээлийг 5200000 төгрөгөөр үнэлсэн талаар дүгнэлттэйгээ уялдуулан шинжээч мэдүүлэг өгсөн. Энэ бүгдээс үзэхэд эмээлийн үнэлгээ бодитой хийгдсэн. Тухайн эмээлийн мөнгөн эдлэлийг нь аваад модыг шатааж, устгасан учир биет байдлаар шинжлүүлэх боломжгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлд заасны дагуу мөрдөгч нь мөрдөн шалгах ажиллагаа хийж дууссаны дараа 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хавтаст хэргийн материалтай өмгөөлөгчийн хамт танилцаж, гарын үсэг зурсан. Хэргийг прокурорт шилжүүлэн ирүүлсний дараа ямар нэгэн гомдол, хүсэлт гаргаагүй. Иймд яллагдагч, хохирогч нарыг шинжээч томилсон тогтоол болон дүгнэлттэй танилцсан гэж үзэх үндэслэлтэй, оролцогчийн эрхийг хязгаарласан гэж үзэх үндэслэлгүй. Яллагдагч Л.А-ыг 2000 онд Хэнтий аймгийн шүүхээр ял шийтгүүлсэн байх ба 2015 оны эрүүгийн хуулиар ял шийтгүүлэхэд хамааралгүй учир шийтгэх тогтоолын хуулбарыг аваагүй болно. Хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэж, шүүгдэгч нарын өмгөөлөгчийн нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах саналыг хүлээж аваагүй хэргийг шүүхэд шилжүүлсэн атал гэм буруугийн шүүх хуралдаанаас хэргийг буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна. Иймд 128 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч Л.А, С.Г нарт холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээв.

 

          Тодруулбал, хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хохирогч Б.М-гийн “2018.10.27-ны өдрийн 16 цагийн үед очиход манай хаваржаан дээр байсан гурван чингэлэгний дунд талын ногоон чингэлэгнээс Д, Батноров хийц холилдсон дунд гарын мөнгөн эмээл алга болсон байсан. Гөлөмгүй, 12 хэрэглэлтэй эмээлийн мод хулгайд алдсан.” гэх / хх 20-23, 133-134/,

гэрч Б.Ц-ийн “Манай хулгайд алдсан эмээл нь Д хийцийн 12 ширхэг хэрэглэлтэй, эмээлийн мод нь улбар шар, олонцог нь улаан, падушиг нь улаан өнгөтэй, эмжээр нь ногоон өнгийн лидрин байсан.” гэх /25-27/,

гэрч А.Ч-ийн “М-гийн чингэлэгнээс дунд гарын мөнгөн эмээлийг Г, А нарын хамт хулгайлсан нь үнэн. Би мөнгөн эмээлийн чимэглэлийг Улаанбаатарт Урт цагааны зах дээр 800000 төгрөгөөр зарсан. А, Г нар мөнгө аваагүй.” гэх /38-39, 43/,  

яллагдагч Л.А-ын “Айлын чулуун хороо харагдахаар нь хөнгөн цагаан, хуучин мотоциклийн хог байвал авъя гэж очсон. Ч эхэлж буугаад араас нь би бууж, Г машиндаа үлдсэн. Ч чингэлэгнээс боодолтой зүйл аваад ирсэн нь эмээл байсан. Дөрвөн даруулга нь Д хийцтэй, бусад сүвэгч баавар нь Батноров хийцтэй, мөнгөн хяртай байсан шиг санагдаж байна. 12 хэрэглэлтэй, дунд гарын мөнгөн эмээлийн мод байсан. Дөрөө, гөлөм нь байгаагүй.” гэх /хх 66-67/,

яллагдагч С.Г-ийн “2018 оны 10 дугаар сарын сүүлээр Л.А, А.Ч нарын хамт миний портер машинаар зээр гөрөөлөхөөр явсан юм. Харанхуйд ойр орчимд зээр байж магадгүй гэж бүдэг замаар гэрэлтүүлээд явж байтал айлын хаваржаа таарсан. Ч хаваржаан дээрх чингэлгийг ухаж, эмээл аваад ирсэн. Манай гэрт ирсэн хойноо Ч эмээлийн мөнгөн чимэглэлийг модноос нь салгаж, модыг эвдэж, зууханд шатаасан. Маргааш өглөө нь Ч миний мотоциклийг унаад эмээлийн мөнгөн чимэглэлүүдийг аваад Улаанбаатар явчихсан. Тэр эмээл 10 цагаан хэрэглэлтэй, дөрөө, гөлөмгүй, дунд гарын мөнгөн эмээлийн мод байсан.” гэх /73-74/ мэдүүлгүүд,

хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, шинжээч томилсон мөрдөгчийн тогтоол, шинжээчийн дүгнэлт /хх 11-16, 44-56/ зэргээс үзэхэд шүүгдэгч нарын хулгайлсан гэх эмээл нь иж бүрэн тоноглолтой байсан эсэх, хяртай байсан бол ямар эдээр хийсэн, мөнгөн чимэглэлийн тоо тодорхойгүй, шинжээч Д, Батноров хийц холилдсон байхад Батноров хийцийн иж бүрэн эмээлийн үнээр үнэлсэн, хэргийн оролцогч нарт шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 20/03/29 тоот дүгнэлтийг танилцуулаагүй ба эдгээр ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна.

 

Түүнээс гадна 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр энэ хэргийн материалыг хэргийн оролцогч нарт танилцуулсан баримтыг “шинжээчийн дүгнэлтийг танилцуулсан баримт” гэж үзэх боломжгүй юм. Үүнээс үзэхэд мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.2, 27.7 дугаар зүйлд заасан шинжээчийн дүгнэлт, тайлбар, мэдүүлэгтэй танилцах, эс зөвшөөрсөн тохиолдолд тайлбар өгөх, шинжээчид асуулт тавих, нэмэлт болон дахин шинжилгээ хийлгэхээр хүсэлт гаргах зэрэг оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзнэ.

 

            Нөгөө талаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг бүрэн шалгаж тогтоогоогүй байна.

 

          Энэ хэргээс шүүгдэгч А.Ч-т холбогдох эрүүгийн хэргийг тусгаарласан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болохгүй бол зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлаж болно.” гэж заасан шаардлагыг хангасан гэж үзэхэд учир дутагдалтай, шүүхээс шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, тус бүрийнх нь нөхөн төлөх хохирлын хэмжээг тогтоох, гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулах зэрэгт хүндрэл учрахаар байна. /хх 95/

 

          Шүүгдэгч Л.А-ын 2000 онд Хэнтий аймгийн сум дундын шүүхээр 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн шийтгэх тогтоолыг энэ хэрэгт хавсаргах нь түүний хувийн байдлыг тогтооход ач холбогдолтой болно.

         

          Анхан шатны шүүх урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас бус шүүх хуралдаанаас хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн хэдий ч энэ зөрчил нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдохгүй байна.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, энэ зүйлийн 2 дахь хэсгийн удирдлага болгон ТОГТООХ нь:

 

Нэг. Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 128 дугаартай захирамжийг хэвээр үлдээсүгэй.

 

Хоёр. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Л.А, С.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Гурав. Давж заалдах шатны шүүх эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч Улсын дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         С.ОЮУНТУНГАЛАГ

 

                            ШҮҮГЧИД                                     О.БААТАРСҮХ   

 

                                                                                                Д.БАЙГАЛМАА