| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 161/2024/0045/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/51 |
| Огноо | 2024-02-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Я.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 2024/ШЦТ/51
Б аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б,
улсын яллагч: Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д,
хохирогч З.М,
шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Динагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дахь зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт Ций Бд холбогдох эрүүгийн 000000000000 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ж овогт Ций Б, 1984 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Б аймгийн У суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг гэх, Б аймгийн Н сумын 00 дугаар багт оршин суух хаягтай, урьд нь Б аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдрийн 000 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж байсан, РД:000000000.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Б нь 2023 оны 11 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Б аймгийн Ө сумын 00 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч З.Мы гэрт согтуурсан үедээ тухайн үед үүссэн маргааны улмаас хохирогчийг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар.
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас гаргасан мэдүүлэг.
1.1. Шүүгдэгч Ц.Б мэдүүлэхдээ: “Архи уусны улмаас хэрэг хийсэн. Биеийн байдлыг маань харгалзан үзэж хуулийн хөнгөлөлт үзүүлж өгөхийг хүсье. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг шүүхээс төлж өг гэвэл төлж өгнө.” гэв.
1.2. Хохирогч З.М мэдүүлэхдээ: “Тухайн үед намайг У.Б зодсон. Үүний улмаас гэмтэл авсан. Эмчилгээний зардалд 300.000 төгрөг гарсан. Миний гар утсыг Ц.Б эвдсэн. Үүнд 200.000 төгрөг гарч байгаа” гэв.
2. Эрүүгийн 000000000000 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2.1. Иргэн З.Маас 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,
2.2. Иргэн З.Мы биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 04-05 дахь тал/,
2.3. Хохирогч 3. Мы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 09 дэх тал/,
2.4. Шинжээч Б аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч ажилтай Х.Еын 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 712 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 12-13 дахь тал/,
2.5. Шинжээч “А” ХХК-ны хохирлын үнэлгээний 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 0000000000 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 19-23 дахь тал/,
2.6. Иргэн Ц.Бын согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 29 дэх тал/,
2.7. Яллагдагч Ц.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 42 дахь тал/,
2.8. Шүүгдэгч Ц.Бын хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтууд болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
3. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ц.Бын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд
3.1. Хэргийн үйл баримтын талаар.
Шүүгдэгч Ц.Б нь 2023 оны 11 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Б аймгийн Ө сумын 00 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч З.Мы гэрт согтуурсан үедээ тухайн үед үүссэн маргааны улмаас хохирогчийг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
3.1.1. Иргэн З.Маас 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан “...Б аймгийн Ө сумын 00 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2023 оны 11 дүгээр сарын 01-ээс 02-нд шилжих шөнө бусдад зодуулсан...” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,
3.1.2. Иргэн З.Мы биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 04-05 дахь тал/,
3.1.3. Хохирогч 3.Мы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Б аймгийн Ө сумын 00 дүгээр багт байрлах гэртээ байж байхад 19 цагийн үед над руу танил хүн болох Ц.Б гэх залуу утсаар залгаж “...Ховд аймгаас таксигаар ирж байна, танайх руу очиж хоночиход явна, хоол хийгээрэй” гэж ярихаар нь би гэртээ ногоотой хуурга хийж хоол цайгаа бэлдсэн ба тэр залуу 20 цаг болж байхад манай гэрт ганцаараа ирсэн. Тэгээд бид хоёр хамт хоол ундаа идэж уугаад дууссаны дараа Ц.Б нь нэг ширхэг 0,75 литрийн хэмжээтэй архи гаргаж ирээд бид хоёр хамт ууж дуусгасан. Дараа нь Ц.Б нь намайг нэг шил архи задлаарай гэхээр нь би гэрт байсан 0,5 литрийн хэмжээтэй архи гаргаж ирээд бид хоёр дахиад ууж дуусгасан. Улмаар уусандаа архиндаа нэлээн согтсон Ц.Б нь надад агсам тавьж “чи надад хоол хийж өгөөд, намайг гэртээ хонуулахаас өөр яах юм бэ” гэж гэнэт уурлаад ширээн дээр байсан хоол хийж идсэн тавгийг аваад миний нүүр лүү шидсэн бөгөөд таваг хагарч миний зүүн талын нүдний доод хэсгээр хацар зүсэгдэж цус гарсан. Тэгэхээр нь би Ц.Бд “яаж байгаа юм бэ” гэж барьж автал намайг газар унагааж байгаад миний толгой руу болон зүүн талын хавирга руу цохиж зодоод байхаар нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэр үед Ц.Б нь миний цагаан өнгийн гар утсыг булааж аваад хөлөөрөө дэвсэж дэлгэцийг нь хагалсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 09 дэх тал/,
3.1.4. Шинжээч Б аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч ажилтай Х.Еын 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 712 дугаартай “1. З.Мы биед зүүн чамархай, духны зүүн хэсэгт шалбарсан шарх, зүүн алганд зулгаралттай гэмтлүүд тогтоогдлоо. 2.3.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 3-4 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. 6. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 12-13 дахь тал/,
3.1.5. Иргэн Ц.Бын согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 29 дэх тал/,
3.1.6. Яллагдагч Ц.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...би 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл нэг сарын хугацаанд Ховд аймагт харуул хамгаалалтын ажил хийгээд 11 дүгээр сарын 01-ний өдөр Ховд аймгаас Б аймаг руу гарсан юм. Гарахаасаа өмнө өөрийнхөө таньдаг хүн болох З.М руу залгаж “...аймаг руу очиж байна, танайд хононо шүү...” гэж хэлсэн. Тухайн өдрийн 18 цаг болж байхад Б аймгийн төв дээр ирж такси бариад Ө сумын 00 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах З.Мы гэрт ирсэн. З.М нь хоол, цай бэлдсэн байсан бөгөөд бид хоёр хамт хоол цайгаа идсэн. Тэгээд би гэрт нь очих замдаа нэг шил 0,75 литрийн хэмжээтэй архитай очсон. Уг архиа би задлаад Мд хийж өгөөд бид хоёр хамт ууж дууссан. Дараагаар нь М нэг шил юм авч өгнө гээд хамт дэлгүүр орж дахиад нэг шил 0,75 литрийн хэмжээтэй архи авч гэрт нь ирж уусан. Уг архийг ууж дууссаны дараа бид хоёр унтаж амрах гэж байхад М нь надад ямар нэгэн шалтгаангүйгээр агсам тавьж эхлэхээр нь би гэр лүүгээ явья гэж бодоод хувцсаа аваад өмстөл М нь намайг “явуулахгүй” гээд би “явна” гээд бие биедээ хүч өгөхгүй маргалдаж байх үед М хутга гаргаж ирээд над руу дайраад байхаар нь би бээлийтэй гараараа түүний нүүрэн тус газар луу нэг удаа цохиж, унагааж дээрээс нь өвдөглөж дарж байгаад гарыг нь мушгиж хутгыг булааж авсан. Тэгээд М цагдаад дуудлага өгсөн, би бас дуудлага өгсөн, дуудлагын дагуу цагдаа нар ирж бид хоёрыг аваад явсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болно.
4. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Ц.Бын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлтийг гаргасан байх ба шүүгдэгч Ц.Б “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх тайлбарыг тус тус гаргаж гэм буруугийн талаар мэтгэлцээгүй болно.
5. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэргийн үйл баримтын хүрээнд хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.
Эрх зүйн дүгнэлт.
6. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлсон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
7. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 13 дахь хэсэгт Монгол Улсын иргэн “халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.
8. Шүүгдэгч Ц.Б нь хамт архи уусан хохирогч З.Мтай үл ялих зүйлээр маргалдаж улмаар хохирогчийн дээрх хуулиар баталгаажуулсан халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж түүний эрүүл мэндэд “зүүн чамархай, духны зүүн хэсэгт шалбарсан шарх, зүүн алганд зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан иргэний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг нь зөрчсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл буюу гэмт хэрэгт хамаарах бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулж байна.
9. Шүүгдэгч Ц.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул улсын яллагчийн гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ц.Быг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
10. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч Ц.Б, хохирогч З.М нарын архидан согтуурсан байдал шууд нөлөөлсөн байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.
12. Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 505 дугаар зүйлийн 505.1. “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.”, 505.2. “Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй.”, 510 дугаар зүйлийн 510.1. “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж заасан байна.
13. Шүүгдэгч Ц.Бын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч З.Мы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдсон байх ба мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд хохирогч З.Маас “эмчилгээний зардалд 300.000 төгрөг, эвдсэн гар утасны үнэ 200.000 төгрөг, нийт 500.000 төгрөг гаргуулж өгнө үү.” гэж мэдүүлсэн байна.
14. Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн хохирогч З.Мы мэдүүлгээс үзэхэд түүний цагаан өнгийн “Самсунг гранд” загварын гар утсыг шүүгдэгч Ц.Б эвдсэн, мөн дээрх гар утсыг хохирогч нь 200.000 төгрөгөөр худалдаж авч байсан болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Боос 200.000 төгрөг гаргуулан хохирогчид олгож шийдвэрлэв.
15. Харин хохирогч З.Мы эмчилгээний зардалд 300.000 төгрөг гаргуулах тухай иргэний нэхэмжлэлийн хэсгийг нотлох баримтгүй тул хэлэлцэхгүй орхиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.
16. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Ц.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх” дүгнэлтийг,
17. Хохирогч З.Маас “эрүүгийн хариуцлагын талаар гаргах санал байхгүй” гэх тайлбарыг,
18. Шүүгдэгч Ц.Боос “Биеийн байдлыг маань харгалзан хуулийн хөнгөлөлт үзүүлж өгөх” тайлбарыг тус тус гаргасан болно.
19. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Ц.Бын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.
20. Шүүгдэгч Ц.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2. “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасныг удирдлага болгов.
21. Шүүгдэгч Ц.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
22. Шүүгдэгч Ц.Б нь хувийн байдлын хувьд 1984 онд төрсөн, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг гэх, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд нь ял шийтгүүлж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
21. Шүүгдэгч Ц.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, мөн эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэрэг нөхцөл байдал тус бүрд нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт өгч, шүүгдэгч Ц.Быг 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж шийдвэрлэв.
22. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ түүний оршин суугаа нутаг дэвсгэр болох Б аймгийн Н сумаас явахыг хориглож, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх нь зүйтэй.
23. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Ц.Бд оногдуулсан 3 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Арван наймдугаар бүлэгт заасан журмаар гүйцэтгэх, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
24. Энэ хэрэгт шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдав.
25. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Ц.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж овогт Ций Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Быг 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ түүний оршин суугаа нутаг дэвсгэр болох Б аймгийн Н сумаас явахыг хориглож, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ц.Бд оногдуулсан 3 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Арван наймдугаар бүлэгт заасан журмаар гүйцэтгэх, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Боос гар утасны үнэ 200.000 төгрөг гаргуулан хохирогч З.Мд олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч З.Мы эмчилгээний зардалд 300.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний нэхэмжлэлийн хэсгийг нотлох баримтгүй тул хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Энэ хэрэгт шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Ц.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Ц.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАЛГАТ