| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 161/2024/0054/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/53 |
| Огноо | 2024-03-04 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.А |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 2024/ШЦТ/53
Б аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Т даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б,
улсын яллагч: Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А,
хохирогч К.Д
шүүгдэгч А.Ж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Аээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Жт холбогдох эрүүгийн 000000000000 дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Т овогт Айн Ж, 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр Б аймгийн С суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, Б аймгийн Ө сумын Е сургуульд багш ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, тус аймгийн Ө сумын 00 дүгээр багт оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД:0000000000.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Ж нь 2024 оны 000 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө согтуурсан үедээ Б аймгийн Ө сумын 3, 00 дүгээр багийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл дотор болон өөрийнхөө гэрт тус тус гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр К.Дтай “согтуу машин барьж болохгүй гэж хэллээ, ...машин барих гэж булаацалдлаа, ...бусадтай хардах” зэрэг шалтгаанаар маргалдах явцдаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
Нэг: Гэм буруугийн талаар.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан мэдүүлэг, дүгнэлт.
1. Шүүгдэгч А.Ж мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, дахиж ийм үйлдэл гаргахгүй” гэв.
2. Хохирогч К.Д мэдүүлэхдээ: “А.Жээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэв.
3. Улсын яллагч Д.Аээс гаргасан дүгнэлтэд: “Шүүгдэгч А.Жийн үйлдсэн гэмт хэрэг нь тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй” гэв.
4. Шүүгдэгч А.Ж нь 2024 оны 000 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө согтуурсан үедээ Б аймгийн Ө сумын 3, 00 дүгээр багийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл дотор болон өөрийнхөө гэрт тус тус гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр К.Дтай “согтуу машин барьж болохгүй гэж хэллээ, ...машин барих гэж булаацалдлаа, ...бусадтай хардах” зэрэг шалтгаанаар маргалдах явцдаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч А.Жийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна иргэн А.Жийн согтуурлыг шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 03 дахь тал/, яллагдагч А.Ж, хохирогч К.Д нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 10 дахь тал/, хохирогч К.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 22-24 дэх тал/, шинжээч Б аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч ажилтай Х.Ерболын 2024 оны 000 дүгээр сарын 24-ний өдрийн 96 дугаартай “иргэн К.Дгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох”-ыг тогтоосон тэмдэглэл /хавтаст хэргийн 31-32 дахь тал/, шинжээч Х.Еын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 37 дахь тал/, зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
5. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
6. Шүүгдэгч А.Ж, хохирогч К.Д нар нь 1996 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр гэрлэлтээ батлуулж гэр бүлийн харилцаа үүсгэн амьдарч байгаа гэрлэгчид байх ба Б аймгийн Ө сумын 000 дүгээр багт оршин суудаг байна.
7. Гэр бүлийн тухай хуульд зааснаар гэрлэлтээ бүртгүүлсэн эхнэр, нөхрийг гэрлэгчид гэж тодорхойлсон байх бөгөөд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч нарыг гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд ойлгохоор, гэр бүлийн хүчирхийлэл гэж “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор тус тус хуульчилсан байна.
8. Шүүгдэгч А.Ж нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр К.Дг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, түүний эрүүл мэндэд “зүүн хацар орчим цус хуралт, доод уруулын гадна талд шалбарсан шарх, доод уруулын дотор талын няцрал, зүүн шуу, шилбэнд цус хуралт гэмтлүүд бүхий” хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан иргэний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг нь зөрчсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.00 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл буюу гэмт хэрэгт хамаарах бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдэх гэмт хэргийн шинжийг агуулж байна.
9. Шүүгдэгч А.Ж нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
10. Шүүгдэгч А.Ж нь мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч К.Дд хохирлыг барагдуулж өгсөн талаар мэдүүлсэн байх тул шүүгдэгч А.Ж нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар.
11. Прокурорын санал болгож, шүүгдэгч А.Жийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Жийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
12. Иймд шүүгдэгч А.Жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт буруутайд тооцож, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Жийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
13. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ж нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
14. Шүүгдэгч А.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй болно.
15. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч А.Жт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.00 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.00 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Агийн Жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Жийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Жт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ж нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт шүүгдэгч А.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч А.Жт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд гардаж авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАЛГАТ