| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2024/0031/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/052 |
| Огноо | 2024-02-27 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Б.Байгаль |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 2024/ШЦТ/052
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Б.Байгаль,
Нарийн бичгийн дарга: Н.Бүжинлхам,
Хохирогч: *******,
Шүүгдэгч: ******* нарыг тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Байгалиас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2314002370002 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******ийн ******* / РД: /,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Тоёота приус маркийн 11-75 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1. “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт гарцаар гарч байсан явган зорчигч *******ийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас түүний эрүүл мэндэд зүүн зулайн ясны 3 см, дагзны төвгөр орчмын 1 см шугаман хугарал, дагзны хуйхны цус хуралт, тархи доргилт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн өгзөг, бүсэлхийн цус хуралт, баруун дээд үүдэн 1 дүгээр шүдний сулрал гэмтэл бүхий хүнд гэмтэл учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өглөө 08 цаг өнгөрч байхад Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Гэгээн-шавь 6 дугаар багт байх гэрээсээ гараад цэцэрлэгийн хүүхэд хүргэж өгөх гээд Номгон 1 дүгээр багт байх “Соого сейко” сургуулийн урдуур гарах гээд явган хүний гарц дээр ирж байх үед өөдөөс нар гялбаад явж байсан чинь машины баруун гар талын урд хамар хэсгээрээ хүн шүргэчих шиг болохоор нь тоормос гишгэсэн чинь нөгөө хүн дайруулаад унасан. Тэгээд бууж ирээд харсан чинь нэг эмэгтэй хүн машины урд хэвтэж байхаар нь босгоод шууд эмнэлэг дээр авч ирээд цагдаад дуудлага өгсөн. Би хүлээн зөвшөөрч байна. Гаргасан алдаандаа гэмшиж байна...гэх мэдүүлэг / хх-ийн 106-107 /,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул Мэдүүлэг өгөхгүй гэв.
3. Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Тухайн өдрийн өглөө 08 цаг 30 минутад гэрээсээ гараад “Соого сейко” сургуулийн гарцаар гарах гээд машин харсан чинь нэг саарал өнгийн машин ирж явсан юм. Тэгээд гарцны хэсэгт хурд сааруулагч байхаар нь тэр машиныг хурдаа сааруулаад би гарч амжих байх гэж бодоод гарч явсан чинь яг зам гараад дуусах гэж явсан чинь саарал өнгийн машин намайг мөргөсөн. Тэгээд намайг тухайн машинд байсан хүмүүс машиндаа суулгаад эмнэлэг дээр авч ирсэн. Би ямар ч байсан амжаад гарчихаар харагдаж байсан. Гайгүй явсан байх. Би ганцаараа явж байсан. Намайг дайрсан машинд 2 хүн явж байсан. Намайг замын хэсгээр гарч байхад явган хүний гарц тэмдэг тэмдэглэгээ байсан. Би гарцаар гарч явсан. Миний үүдэн хэсгийн шүд хөндүүрлээд толгой өвдөөд бас нуруу өвдөж байгаа. Нэхэмжлэх зүйл байвал биеийн байдлаа харж байж болно... гэх мэдүүлэг / хх-ийн 15-16 /,
.....Би шинжээчийн дүгнэлтүүдтэй танилцсан санал нийлж байна. Надад бэлнээр 2,000,000 төгрөг өгсөн. Эмчилгээнд 1,000,000 төгрөг гаргаж өгсөн. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 19 /,
4. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ: 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Соого Сейко сургуулийн урдах гарцаар гарч байхад уруудаж явсан машин ирээд мөргөсөн. Хохиролд 3,000,000 төгрөгийг авсан бөгөөд одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй гэв.
5. Иргэний нэхэмжлэгч ын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн:
... Би *******ийн Эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт чөлөөлтөд хамрагдсан 1,624,000 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна. Энэ төлбөр төлөгдчихвөл надад өөр ямар нэгэн санал, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй. Одоогоор энэ төлбөр төлөгдөөгүй байгаа....гэх мэдүүлэг / хх-ийн 94-95 /,
6. Гэрч *******ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн өглөө 08 цаг 30 минутын үед нөхөр *******ын хамт Баянхонгор сумын 6 дугаар багт байх гэрээсээ гараад Баянхонгор сумын 10 дугаар багт байх Цэцэрлэгт хүүхэд хүргэх гээд явж байсан. Тэгсэн чинь урдаас жаахан нар тусаад үзэгдэх орчин хязгаарлаад явж байсан чинь машин тоормос гишгэхээр нь харсан чинь саарал хувцастай хүн ертөнцийн зүгээр зүүн талаасаа баруун тал руу гарч явсан хүн машинд шүргүүлээд унасан. Тэгэхээр нь би буугаад ирсэн чинь нэг эмэгтэй хүн уйлаад машины баруун урд хэвтэж байсан. Тэгэхээр нь нөхөр бид 2 машиндаа сугадаж суулгаад эмнэлэг дээр ирсэн. Тэгсэн чинь дайруулсан хүн цагдаа дууд гэхээр нь би цагдаа дуудсан. Тээврийн хэрэгслийг манай нөхөр болох ******* жолоодож явсан. Тэгээд би байсан манай 3 настай зээ хүү Очирсүх хамт явсан. Би тэр үедээ анзаараагүй явсан. Тэгээд хүн дайруулаад бууж ирээд харсан чинь явган зорчигчийн гарц болон тэмдэг байсан. Тухайн гарцан дээр дайруулсан байсан. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн зүйл байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 /,
7. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:....Тухайн осол болсон газар нь сургууль орчмын бүсийн явган хүний гарц байсан ба суурингийн доторх үзэгдэх орчин чөлөөтэй зорчих хэсэг гэрэлтүүлэгтэй эсрэг хөдөлгөөнтэй эгнээний тоо 2 явган хүний замтай хашлагатай байсан. Анх явган зорчигч авто машинд мөргүүлсэн гэх цэгийг жолоочоор заалгаж А үсгээр тэмдэглэж явган зорчигч мөргүүлээд газар унасан гэх цэгийг Б үсгээр тэмдэглэсэн. Үл хөдлөх цэгийг Нэгдсэн эмнэлгийн эрүүл мэндийн төвийн 106 дугаартай хэсгээс А цэгээс тэгш шулуун татаж аваад В үсгээр тэмдэглэсэн. А цэгээс жолоочийн хойд талын дугуйнаас замын хашлага хүртэл 75 см жолоочийн эсрэг талын урд дугуйнаас зорчих хэсгийн зах хүртэл 6,30м зорчигч талын зүүн хойд дугуйнаас зорчих хэсгийн зах хүртэл 5.20 м А цэгээс Б цэг хүртэл 16.5 см зорчих хэсгийн өргөн 8м явган хүний өргөн З м тус тус үзлэгээр тогтоогдсон. Тухайн зам нь явган зорчигчийн гарч байсан хэсгээр зохицуулдаггүй явган хүний гарцтай байсан тул явган зорчигч давуу эрхтэй хөдөлгөөнд оролцоно...гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 /,
8. Авто инженер мэргэжилтэй, Монгол Улсын зөвлөх инженер *******ын 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 202332 дугаартай:...11-75 БНХ улсын дугаартай приүс 30 автомашины жолооч *******ийн ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1.Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж гарцаар зам хөндлөн явсан явган зорчигчийг мөргөсөн гэж үзэж байна. Явган зорчигч Готовын Ганчимэг нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Тухайн зам тээврийн осол гарахад замын нөхцөл нөлөөлсөн байна. Явган хүний замын тэмдэглэл арилж харагдахгүй болсон жолооч нарны гэрэлд гялбасан үед замын тэмдэг харагдахгүй боловч замын тэмдэглэлийг харах боломжтой байсан учраас замын нөхцөл нөлөөлсөн...гэх дүгнэлт /хх-ийн 45-46 /,
9. “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянхонгор аймгийн автотээврийн төвийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 11 дугаартай: 1. Суудлын зориулалттай приус-30 маркийн автомашин нь урд салхины шин нь бага зэргийн цууралттай байгаа боловч цаашид ашиглах боломжтой.
2. Тоёота приус-30 маркийн 11-75 БНХ улсын дугаартай автомашиныг ЕWJ92200 Дани улсад үйлдвэрлэсэн тоормос тэнхлэг шалгагч суурин багажан дээр шалгаж үзэхэд урд тэнхлэгийн хажуу гулсалтыг хэмжиж үзэхэд +0,6 мм буюу тэнхлэг тохиргоо нь хэвийн алдагдалгүй байв. /заасан хэмжээ 5мм/ Уг автомашин нь 195.80.Р15 гэсэн размерын дугуйнуудтай дугуй нь газарт тулах хээний хэсгээрээ 5- 7 ммын байв, хээний гүн нь газарт тулах хэсгээрээ 2 мм замын хөдөлгөөний дүрэмд заасан 1.6 мм -с их буюу элэгдэл нь бага байна.
Урд тэнхлэг дахь ажлын тоормосны хүч нь зүүн талдаа 2,9 кН баруун талдаа 3.1 кН зөрүү нь 6 хувь заасан хэмжээ 20 хувиас бага, хойд тэнхлэг дэх тоормосны хүч нь зүүн талдаа 1,9 кН баруун талдаа 2,2 кН зөрүү нь 7 хувь заасан хэмжээнээс 30 хувиас бага, дугуйнуудад үйлчилж буй хүчний хэмжээ их, идэвхижил сайтай, тормосны стенд дээр бүрэн зогсож байв. Зогсоолын тоормосны идэвхижил нь стандартад заасан 23 хувиас их буюу тоормосны стенд дээр бүрэн зогсож байв Тус төвд ашиглаж байгаа БНСУ-д үйлдвэрлэсэн МQD-ЗС загварын багажаар хүчийг шалгахад зүүн талын гэрлийн хүч нь 89500 кандель буюу стандартад заасян 10000 канделиас их буюу гэрлийн тусгал сайтай байна. Баруун талын гэрлийн хүчийг шалгахад 87000 кандель стандартад заасан 10000 канделиас их буюу гэрлийн тусгал хэвийн байв. Жолооны хурдны сул явалт нь стандартад заасан 10 градусаас хэтрээгүй сул явалт багатай байв. / Уг автомашины тоормосны систем, хэвийн ажиллагаатай байна.
З.Энэхүү автомашин нь 2023 оны 07 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод Баянзүрх дүүрэгт үзлэгт орж тэнцсэн байна.
/Тоёота приус-30 / маркийн 11-75 БНХ улсын дугаартай суудлын зориулалттай автомашиныг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр техникийн ерөнхий байдлыг нүдээр үзэж шалгасны дараа техникийн хяналтын үзлэгийн гуурин тоног төхөөрөмжөөр урд тэнхлэгийн хажуу гулсалтын хэмжээ мөн урд, хойд тоормос, зогсоолын тоормосны хэмжээ, их гэрлийн тусгалын хэмжээг шалгасан.
Уг автомашины техникийн хяналтын үзлэгийн суурин тоног төхөөрөмжөөр техникийн байдлыг шалгасныг нотолсон “хэмжилтийн хуудас”, автомашины ерөнхий байдлыг харуулсан гэрэл зургийг тус тус хавсаргав....гэх дүгнэлт /хх-ийн 55-61/,
10. Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлстийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 493 дугаартай:
1. *******ийн биед зүүн зулайн ясны 3 см, дагзны төвгөр орчмын 1 см шугаман хугарал, дагзны хуйхны цус хуралт, тархи доргилт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн өгзөг, бүсэлхийн цус хуралт, баруун дээд үүдэн 1-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
2. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн бүрэн эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3 1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн ХҮНД зэрэгт хамаарна...гэх дүгнэлт / хх-ийн 36-37 / болон хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-7 /, зэрэг нотлох баримт шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Тоёота приус маркийн 11-75 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1. “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт гарцаар гарч байсан явган зорчигч *******ийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас түүний эрүүл мэндэд зүүн зулайн ясны 3 см, дагзны төвгөр орчмын 1 см шугаман хугарал, дагзны хуйхны цус хуралт, тархи доргилт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн өгзөг, бүсэлхийн цус хуралт, баруун дээд үүдэн 1 дүгээр шүдний сулрал гэмтэл бүхий хүнд гэмтэл учруулсан гэх үйл баримт болсон байна.
Уг үйл баримт болсон нь хохирогч *******, гэрч *******, ******* нарын мэдүүлэг, шинжээчийн 493 дүгнэлт, Авто инженер мэргэжилтэй, Монгол Улсын зөвлөх инженер *******ын 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 202332 дугаартай дүгнэлт, “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянхонгор аймгийн автотээврийн төвийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 11 дугаартай дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр нотлогдсон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримтаас эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа явган хүний гарцаар гарч байсан иргэнийг мөргөж эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч *******ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул түүнд эрүүгийн хариуцлага тус тус хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* нь гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгч *******ыг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Харин хохирогч ******* нь энэ гэмт хэргийн улмаас эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж Эрүүл мэндийн даатгалын сангаас 1.624.000 төгрөг гарсан талаар иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн, энэ талаарх нотлох баримтыг ирүүлсэн тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэснийг үндэслэн шүүгдэгч *******аас 1.624.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.
Шүүх шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...ний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-нийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар д зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
Шүүгдэгч *******т үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн хугацаатай адил хугацаагаар үүрэг хүлээлгэж уг үүргийг хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.
Шүүгдэгч *******т 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хүлээлгэж шийдвэрлээ.
Учир нь Улсын Их хурлаас 2023 оны 12 дугаар сарын 07-ний өдөр Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд өөрчлөлт оруулсан бөгөөд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д “энэ гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээс дээш таван жил хүртэл хугацаагаар хасаж, нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах эсхүл нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж өөрчлөлт оруулж уг хуулийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан байна.
Шүүгдэгч С.Цэнгүжавын холбогдсон гэмт хэргийн үйл баримт нь 2023 оны 11 дүгээр сард буюу 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө үйлдэгдсэн тул Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буюу 2015 оны Эрүүгийн хуулийн заалтыг баримталж эрүүгийн хариуцлагыг хүлээлгэж шийдвэрлэлээ.
Хэрэгт шүүгдэгч *******ын “B, C1, C1E, C, CE” ангиллын 43010 дугаартай жолоочийн үнэмлэх хураагдаж ирсэн бөгөөд түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан тул уг эрх хасах ялыг хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, жолоочийн үнэмлэхийг Цагдаагийн Ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд хүргүүлэхээр Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч *******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг түүнд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс буюу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг 2015 оны Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3-т заасныг журамлан шүүгдэгч ******* овогт *******ийн *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хорих ял оногдуулахгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг / 01 / жилийн хугацаагаар хасаж нэг / 01 / жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч *******т зан зүйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж уг үүргийг хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6-т зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.
6. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг / 01 / жилийн хугацаагаар хассан ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан үеэс эхлэн тоолж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хэрэгт шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 43010 дугаартай жолоочийн үнэмлэхийг Цагдаагийн Ерөнхий газрын бүртгэл хяналтын төвд хүргүүлэхийг Баянхонгор аймаг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******аас 1.624.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ