| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2020/03048/И |
| Дугаар | 101/ШШ2020/04167 |
| Огноо | 2020-12-21 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 101/ШШ2020/04167
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, ***** тоотод оршин суух, А*******ийн Ды /РД: 0000/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, ****** байрлах, Н******* Ш***** Ш****** Г***** Г**** холбогдох
Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Д,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Билэгсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
А.Д миний бие Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 сарын 23-ны өдрийн 389 дугаар шийдвэрээр Б.Б*******д 54,216,667 төгрөг төлөхөөр болсон. Уг төлбөрт миний өмчлөлийн Баянгол дүүрэг, ****** тоот хаягт байрлах 30 м.кв 1 өрөө орон сууцыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөрт тооцуулахаар болж “Х***** э*******” ХХК-иар үнэлгээ хийлгэхэд 15,086,700 төгрөгөөр үнэлэн албадан дуудлага худалдаанд оруулах гэж байгаад гомдолтой байна.
Шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 5 сарын 21-ний өдрийн 4/18627 тоот мэдэгдэлийг хүлээн авч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу 7 хоногийн дотор гомдол гаргахад буцаагдсан.
Дахин 2020 оны 6 сарын 8-ны өдөр гомдол гарган 2020 оны 6 сарын 10-ны өдөр тус шүүхийн шүүгчийн 11529 дугаар захирамжаар зөрчлөө арилган шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй гэсэн тул гомдлоо гаргасан.
Миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө 1980-аад онд ашиглалтанд орсон, ашигтай талбай 10 м.кв, одоо үед коридор, ванн, нойлын өрөөний м.кв-ийг үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд тооцож тусгадаг болсон ба уг талбайг нэмбэл 15-20 м.кв нэмэгдэж 25-30 м.кв болно.
Энэ жил дахин төлөвлөлтөөр орон сууц баригдах төлөвлөгөөтэй тухай Баянгол дүүргийн Хот төлөвлөлтийн газар ажилладаг н.Зориг хэмээх хүнээс мэдээлэл авсан.
Миний өмчлөлийн орон сууц дахин төлөвлөлтөнд орж, 15-20 м.кв нэмэгдсэн талбайтай шинэ орон сууц болох тул үнэлгээ өндөр гарна, мөн дахин төлөвлөлтөнд байх хугацаанд барилга барьж буй байгууллагаас барилга баригдаж дуусах хугацаанд нөхөн төлбөр өгөх ба одоо тухайн байршилд шинэ орон сууцны 1 м.кв-ийн үнэлгээ 1,500,000 төгрөг түүнээс дээш үнэлгээтэй нийт 37,500,000-45,000,000 төгрөг байна.
Төв зам дагуу, автобусны буудалтай ойр, хэрэв авах байраа 1 давхарт авбал үйлчилгээний газар болгох боломжтой ашигтай байршилтай юм.
Бодитоор орж үзэн хэмжээгүй байж ийм үнэлгээ гаргасанд гомдолтой. Гэрчилгээн дээрх хэмжээгээр үнэлгээ гаргасан байсан.
Иймд “Х***** э*******” ХХК нь Баянгол дүүрэг, ******** тоотын, бүртгэлийн гэрчилгээнд 10 м.кв талбайтай гэж бичигдсэн, 30 м.кв талбай бүхий 1 өрөө, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн миний өмчлөлийн орон сууцыг 15,086,700 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Н******* шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б******* шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 01 сарын 23-ны өдрийн 101/ШШ2020/00389 дугаартай захирамжаар А.Даас 54,216,667 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 215,000 төгрөгийг гаргуулж Б.Б*******д олгохоор шийдвэрлэсэн.
Дээрх шүүгчийн захирамж, гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар төлбөр төлөгч А.Дд шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн ч төлбөрийг заасан хугацаанд төлж барагдуулаагүй.
Иймд төлбөр төлөгч А.Ды өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн ***** тоотын 10 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг 2020 оны 4 сарын 22-ны өдрийн 20380203/06 дугаартай тогтоолоор битүүмжилж, төлбөрийг 2020 оны 4 сарын 30-ны дотор төлөхийг мэдэгдсэн.
Тогтоосон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тул 2020 оны 5 сарын 7-ны өдрийн 20380203/09 дугаартай тогтоолоор барьцаалан хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар талуудаас үнийн санал авахад үнэлгээн дээр тохиролцоогүй тул 2020 оны 5 сарын 11-ний өдөр 5/267 тоот тогтоолоор мэргэжлийн үнэлгээчин томилж зах зээлийн үнэлгээг “Х******-Э*******” ХХК-иар тогтоолгоход 15,086,700 төгрөгөөр үнэлсэн тухай тайланг 2020 оны 5 сарын 18-ны өдөр ирүүлсэн.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар үнэлгээний тайлан, мэдэгдлийг 2020 оны 5 сарын 21-ний өдрийн албан бичгээр талуудад мэдэгдэж, холбогдох хуульд заасан эрх, үүргийг тайлбарлан өгсөн.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заагдсаны дагуу явагдсан бөгөөд “Х******-Э*******” ХХК-ийн төлбөр төлөгч А.Ды өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг үндэслэлтэй тогтоосон гэж үзэж байгаа тул А.Ды нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
А.Д нь шүүхийн шийдвэрээр бусдад 54.216.667 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 215.000 төгрөг тус тус төлөхөөс 12.843.150 төгрөг төлсөн гэв.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Д нь Н******* Ш*** Ш**** Г*** Г***т холбогдуулан түүний өмчлөлийн Баянгол дүүрэг, ******* тоотын 10 м.кв талбай бүхий орон сууцыг үнэлсэн “Х****** Э*******” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 1 сарын 23-ны өдрийн 389 дугаар захирамжаар хариуцагч А.Даас зээлийн гэрээний үүрэгт 54.216.667 төгрөг гаргуулах тухай Б.Б*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагч А.Ды зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 430.000 төгрөгийн тал хувь 215.000 төгрөгийг улсын орлогоос, тал хувь 215.000 төгрөгийг хариуцагч А.Даас гаргуулж нэхэмжлэгч Б.Б*******д тус тус олгон,
Мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4, 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар уг захирамжийг хариуцагч А.Д сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэн,
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдан шийдвэрлэсэн байна.
Дээрх шийдвэр, 2020 оны 2 сарын 4-ний өдрийн 3130 дугаар бүхий шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэх захирамж, мөн өдрийн 210 тоот гүйцэтгэх хуудсыг үндэслэн Н******* шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 2 сарын 13-ны өдрийн 20380203 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг төлбөр төлөгчид 2020 оны 2 сарын 28, 2020 оны 3 сарын 16-ны өдрүүдэд тус гардуулан ажиллагааны тэмдэглэл үйлджээ.
/ХХ-ийн 29-34 дүгээр тал/
Шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасны дагуу гүйцэтгэх баримт бичигт заасан тогтоосон хугацаанд шийдвэрийг бүрэн гүйцэтгэхэд чиглэсэн ажиллагааг явуулах үүднээс арилжааны банк, бүртгэлийн байгууллагуудаас төлбөр төлөгчийн хөрөнгөтэй холбоотой лавлагаа хүсэхэд доорхи хариуг ирүүлсэн байна.
-А.Ды өмчлөлд Сонгинохайрхан дүүрэг, ***** тоот дахь 500 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар,
-Баянзүрх дүүрэг, ***** тоотын 40 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц,
-Баянгол дүүрэг, ***** тоотын 10 м.кв талбайтай, 1 өрөө орон сууц тус тус бүртгэгдсэн.
-“А*** с******* ҮЦХ“ ХХК-д бүртгэлтэй Эрдэнэс таван толгой 535 ширхэг хувьцаа,
-Голомт, Төрийн банк, Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Хас банкуудад харилцах болон хадгаламжийн данс эзэмшдэг гэжээ.
/ХХ-ийн 118-129 дүгээр тал/
Шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 3 сарын 10-ны 20380203/02 тоот тогтоолоор төлбөр төлөгчийн банкууд дахь харилцах болон хадгаламжийн дансыг битүүмжлэн, хасалт хийхээр, мөн 2020 оны 3 сарын 30-ны 4/10659, 4/10652 4/10660, 4/10650 тоот албан бичгүүдээр А.Ды өмчлөлд бүртгэлтэй дээр дурсан 3 үл хөдлөх хөрөнгийн болон түүний эзэмшилд бүртгэлтэй тээврийн хэрэгсэл, машин механизмын захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэн холбогдох газарт нь шийдвэрүүдээ хүргүүлсэн байна.
/ХХ-ийн 118-129 дүгээр тал/
2020 оны 4 сарын 22-ны өдрийн 20380203/06 тоот “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолоор төлбөр төлөгч А.Ды өмчлөлийн Баянгол дүүрэг, 5-р хороо, /одоо 20-р хороо/, ТТЭ, 42-р байрны 12 тоотын 10 м.кв талбайтай, эрхийн улсын бүртэлийн Y-2205010766 дугаарт бүртгэгдсэн, 1 өрөө орон сууцыг битүүмжлэн, тогтоосон хугацаанд төлбөр төлөөгүй тохиолдолд хөрөнгийг хураан албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахыг төлбөр төлөгчид танилцуулан тэмдэглэл үйлджээ.
/ХХ-ийн 35-36 дугаар тал/
Мөн газрын “Эд хөрөнгө хураах тухай” 2020 оны 5 сарын 7-ны өдрийн 20380203/09 тоот тогтоолоор битүүмжилсэн хөрөнгийг барьцаалан хураан, тогтоосон хугацаанд төлбөр төлөөгүй тохиолдолд албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахыг төлбөр төлөгчид мэдэгдэн тэмдэглэл үйлдсэн байна.
/ХХ-ийн 37-38 дугаар тал/
Баянгол дүүрэг, ***** тоотын 10 м.кв талбайтай, эрхийн улсын бүртэлийн Y-2205010766 дугаарт бүртгэгдсэн, 1 өрөө орон сууц төлбөр төлөгч А.Ды өмчлөлийн эд хөрөнгө болох нь бүртгэлийн байгууллагын лавлагаагаар тогтоогдсон болно.
/ХХ-ийн 118, 118 дугаар хуудасны ар тал, 125-126, 126 дугаар хуудасны ар тал/
Дээрхи ажиллагаануудын талаар төлбөр төлөгч А.Д гомдол гаргаагүй нь шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагааг хуульд нийцсэн, хүчинтэй гэж үзэх үндэслэлтэй.
Төлбөр төлөгч А.Д төлбөрт хураагдсан Баянгол дүүрэг, ******* тоотын 10 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг 40.000.000 төгрөгөөр, Сонгинохайрхан дүүрэг, ******* тоотод байршилтай, 500 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 15.000.000 төгрөгөөр үнэлэн тус тус үнийн санал 2020 оны 5 сарын 7-ны өдөр гаргасныг төлбөр авагчийн төлөөлөгч А.Мандах эс зөвшөөрч 2020 оны 5 сарын 8-ны өдөр хөрөнгийг үнэлүүлэх санал гаргажээ.
/ХХ-ийн 39, 40 дүгээр тал/
А.Ды өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, ******* тоотод байршилтай, 500 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг хөрөнгийн үнэлгээний “В******* в***” ХХК 1.665.000 төгрөгөөр үнэлсэн талаар Н******* шийдвэр гүйцэтгэх байгууллагын төлөөлөгч тайлбарласан бөгөөд А.Д уг үнэлгээнд гомдол гаргаагүй талаараа мөн тайлбарлалаа.
Шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2020 оны 5 сарын 11-ний өдрийн 5/267 тоот тогтоолоор төлбөр төлөгчийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 5-р хороо, /одоо 20-р хороо/, ТТЭ, 42-р байрны 12 тоотын 10 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцанд зах зээлийн үнэлгээ тогтоох шинжээчээр “Х***** э*******” ХХК-ийг томилжээ.
/ХХ-ийн 41-44 дүгээр тал/
“Х**** э*******” ХХК нь 2020 оны 5 сарын 18-ны өдрийн 01/46 тоот үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн тухай дүгнэлтдээ:
-Баянгол дүүрэг, ******* тоотын 10 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны зах зээлийн үнэлгээг 2020 оны 5 сарын 18-ны байдлаар үнэлж, зах зээлйн үнийг 15.086.700 төгрөг болохыг тодорхойлов гэжээ.
/ХХ-ийн 45-51 дүгээр тал/
Шийдвэр гүйцэтгэгч үнэлгээний тайланг 2020 оны 5 сарын 18-ны өдөр хүлээн авч төлбөр авагч болон төлбөр төлөгч нарт үнэлгээний талаарх 2020 оны 5 сарын 21-ний өдөр 4/18625 тоот, 4/18627 тоот мэдэгдлийг гардуулан тэмдэглэл үйлдэхэд төлбөр төлөгч А.Д уг үнэлгээг зөвшөөрөхгүй гэх тайлбар гаргажээ.
/ХХ-ийн 13, 52-53 дугаар тал/
Төлбөр төлөгч А.Д 2020 оны 5 сарын 21-ний өдөр 4/18627 тоот мэдэгдэлийг хүлээн авч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу 7 хоногийн дотор гомдол гаргасан ч буцаагдсан, дахин 2020 оны 6 сарын 08-ны өдөр нэхэмжлэл гаргахад 2020 оны 6 сарын 10-ны өдөр 11529 дугаартай захирамжаар хүлээн авахаас татгалзан зөрчлөө арилган дахин нэхэмжлэл гаргах эрхтэй гэсний дагуу нэхэмжлэл гаргасан хэмээн тайлбарлалаа.
А.Д тус шүүхэд 2020 оны 6 сарын 9-ний өдөр “Х****** э*******” ХХК-ийн үнэлгээтэй холбоотой гомдол гаргахад 2020 оны 6 сарын 10-ны өдрийн 11529 дугаар захирамжаар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруул хэмээн хүлээн авахаас татгалзсан нь шүүхийн бүртгэлийн “Иргэн 2014” нэгдсэн системд бүртгэгджээ.
Хариуцагч Н******* шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын төлөөлөгч нь төлбөр төлөгч А.Ды дээрх тайлбарыг эсэргүүцээгүй бөгөөд дээрхээс дүгнэхэд төлбөр төлөгч А.Д Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хуульд заасан хугацаанд үнэлгээтэй холбоотой гомдлоо гаргасан гэж үзэхээр байна.
Шийдвэр гүйцэтгэгч Баянгол дүүрэг, ****** тоотын 10 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу шинжээчийн тогтоосон үнийн 70 хувь 10.560.690 төгрөгөөр 2020 оны 6 сарын 12-ны өдрийн 10 цагт анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар 2020 оны 5 сарын 26-ны өдрийн 6/02 тоот тогтоолоор шийдвэрлэсэн талаарх 2020 оны 6 сарын 2-ны өдрийн 4/200098 тоот мэдэгдэх хуудсыг төлбөр төлөгчид баталгаат шуудангаар хүргүүлсэн байна.
/ХХ-ийн 54, 54 дүгээр хуудасны ар тал /
Анхны албадан дуудлага худалдаанд үнийн санал ирээгүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасны дагуу шинжээчийн тогтоосон үнийн 50 хувь 7.543.350 төгрөгөөр дуудлага худалдааны үнийг тогтоон хоёр дахь албадан дуудлага худалдааг 2020 оны 6 сарын 22-ны өдрийн 7/1 тоот тогтоолоор зарласан ч төлбөр төлөгч үнэлгээтэй холбоотой гомдлыг шүүхэд гарган 2020 оны 7 сарын 8-ны өдрийн 13390 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн тул ажиллагаа явагдаагүй ажээ.
ХХ-ийн 26-27, 55 дугаар тал /
Шинжээч “Х**** э*******” ХХК нь Баянгол дүүрэг, ******* тоотын 10 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны зах зээлийн үнэ цэнийг тогтоохдоо үнэлгээ хийж буй хөрөнгөтэй ижил төсөөтэй ашиглаж байгаа барилгын 1 квадрат метр талбайн үнэ, байрлал, барилгын хана, суурь, хучилтын хийцийн ангилал, бусад итгэлцлүүрийг үндэслэн шинжилгээ, судалгаа тооцон үзэж тоон чанар, шинжээчийн аргыг ашигласан гэсэн хэдий боловч энэ нь тодорхойгүй, энэ талаар дүгнэлтдээ тусгасангүй.
Шинжээч нь төлбөр төлөгч А.Ды өмчлөлийн Баянгол дүүрэг, ******** тоотын 10 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг үнэлэхдээ ямар үндэслэлээр Сонгинохайрхан дүүрэг дэх Залуус хороолол, мөн дүүрэг дэх 5 шар, Техникийн захын хойно байрлах орон сууцуудтай харьцуулсан үндэслэл нь тодорхойгүй байна.
Өөрөөр хэлбэл төлбөр төлөгчийн төлбөрт хураагдсан орон сууц Баянгол дүүргийн 20-р хороонд байрлах атал ямар үндэслэл, шалтгаанаар өөр дүүрэгт байрлах орон сууцтай харьцуулсан нь тодорхойгүй, дүгнэлтдээ “ойролцоо газар байрлалтай” гэсэн нь тодорхой бус байна.
Дээр дурьдсан байдлуудаас дүгнэж үзэхэд төлбөр төлөгч А.Ды төлбөрт хураагдсан хөрөнгийг үнэлсэн шинжээчийн дүгнэлт Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т “Хөрөнгийн үнэлгээ хийхэд Олон улсын үнэлгээний стандартын хорооноос баталсан олон улсын үнэлгээний стандарт, энэ хуулийн 4.5, 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, аргачлалыг удирдлага болгоно”,
8 дугаар зүйлийн 8.1-д “Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэж заасантай нийцэхгүй байна.
Мөн шинжээч “Х**** э*******” ХХК дүгнэлтдээ мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.3 “Хөрөнгийн үнэлгээ хийсэн үндэслэл, зориулалт”,
9.3.5-д “Хөрөнгийн үнэлгээний зүйлийн төрөл, түүний шинж байдлын тодорхойлолт”,
9.3.6-д “Хөрөнгийн үнэлгээний зүйлийн өмчлөл, эзэмшил, ашиглалтын талаархи мэдээлэл”,
9.3.8-д “Хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан баримт, мэдээлэл, нотолгоо, шинжилгээ, үнэлгээний тооцоолол, түүний үндэслэл”,
9.3.9-д “Хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнийг тогтооход хэрэглэсэн арга, горим, тэдгээрийн нийцтэй байдал”,
9.3.11-т “Хөрөнгийн үнэлгээг энэ хуульд заасан стандарт, аргачлалын дагуу хийсэн талаархи үнэлгээчний мэдэгдэл” зэргийг бүрэн гүйцэд тусгаагүй гэж үзэхээр байна.
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 сарын 23-ны өдрийн 389 дугаар шийдвэрийн дагуу хариуцагч А.Даас 54.216.667 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б*******д олгож шийдвэрлэсэн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгчийн өмчлөлийн, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад битүүмжлэн, барьцаалан, хураасан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаагүй байна.
Н******* шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэх ажиллагааг Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Хөрөнгийн Үнэлгээний тухай хуульд заасан журмын дагуу явуулаагүй тул А.Ды өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн “Хөрөнгө э*******” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.Ды өмчлөлийн Баянгол дүүрэг, ****** тоотын 10 м.кв талбайтай, эрхийн улсын бүртэлийн Y-2205010766 дугаарт бүртгэгдсэн, 1 өрөө орон сууцыг үнэлсэн “Х***** э*******” ХХК-ийн 2020 оны 5 сарын 18-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч А.Ды улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн тус шүүхийн шүүгчийн 2020 оны 7 сарын 8-ны өдрийн 13390 дугаартай захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Н******* иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН