Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 723

 

Д.Г, П.Д, Б.С

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор А.Баясгалан,   

шүүгдэгч П.Д, түүний өмгөөлөгч Н.Нямдорж,  

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг  даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 2020/ШЦТ/320 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор А.Баясгалангийн бичсэн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 30 дугаартай эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Д.Г, П.Д, Б.С нарт холбогдох 1905049870138 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 5 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

 

Шүүгдэгч П.Д, Д.Гнар нь бүлэглэж 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 16 цагийн үед Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хойд талд авто замын зорчих хэсэг дээр иргэн Б.Сыг газар татаж унаган өшиглөж эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн нүдний дээд доод зовхи, зулайн хуйх, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх, баруун чих, баруун шууны шарх бүхий хөнгөн хохирол учруулсан,

шүүгдэгч Б.Снь 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 16 цагийн үед Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хойд талд, авто замын зорчих хэсэг дээр иргэн П.Дын толгой тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан тус тус гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас:

Шүүгдэгч П.Д, Д.Гнарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Шүүгдэгч Б.Сын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: 

Шүүгдэгч т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр зүйлчилснийг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, Одыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Гыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар, Б.Сыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Г, Б.Снарыг торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Г, Б.Снар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, П.Д, Д.Г, Б.Снар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор А.Баясгалан бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хүлээн авч 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хянан хэлэлцэж, шүүгдэгч П.Д нь бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн эсэхэд эргэлзээтэй буюу өөрөөр хэлбэл, хохирогч Б.Сын биед шүүгдэгч П.Д нь халдаж гэмтэл учруулсан гэх хангалттай нотлох баримт байхгүй байна гэж дүгнэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасныг үндэслэн шүүгдэгч П.Дыг гэм буруугүйд тооцон цагаатгаж, Д.Год холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчилж, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан хохирогч Б.Сын “...тэр үед би ганцаараа явж байсан. Тэр өдөр эхлээд микро машины жолооч миний хажуу талаас зүүн нүд орчим нэг удаа маш хүчтэй цохисон. Тэр үед би жоохон манарсан бөгөөд анх надтай зууралддаг хүн нь намайг замын хажуу тал руу татаж унагаасан. Тэгээд намайг газар унаад байхад нөгөө микро машины жолооч залуу миний баруун талаас толгойн баруун тал болон чих орчимд өшиглөөд байсан. Анх надтай зууралддаг нь миний зүүн талаас өшиглөөд байсан. ...Миний биед тухайн үедээ бол маш их гэмтэл байсан. Миний нүүр хүн харахын аргагүй болчихсон байсан. ...миний биед учирсан зүүн нүдний дээд доод зовхинд болон баруун талын зулай хуйханд үүссэн зөөлөн эдийн няцрал, шарх гэмтлийг, мөн хамрын нурууны зөөлөн эдийн няцрал гэмтлийг тухайн микро машины жолооч учруулсан байгаа. Харин баруун чихэнд үүссэн шарх гэмтлийг тухай машинд явж байсан зорчигч миний чихнээс базан зулгаах явцад үүссэн байгаа.” гэх мэдүүлэг /хх 17-18/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 241 дугаартай “...Б.Сын биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, зулайн хуйх, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх, баруун чих, баруун шууны шарх гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх 25-26/,

шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн “...Үзүүлэгч Б.Сын биед үүссэн баруун чихний шарх гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уг гэмтэл нь гараараа базах, зулгаах үед үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг /хх 27-28/ зэрэг нотлох баримтаар хохирогч Б.Сын эрүүл мэндэд учирсан тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, зулайн хуйх, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх, баруун чих, баруун шууны шарх гэмтлүүдийг шүүгдэгч П.Д, Д.Гнар нь үйлдлээрээ санаатай нэгдсэн үйлдлийнх нь улмаас хохирогчийн эрүүл мэндэд гэмтэл учирч болохыг мэдсээр байж шууд санаатай хүсэж учруулсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн хамтран оролцох, бүлэглэн гүйцэтгэх хэлбэрийг “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэж” гэж тодорхойлсон бол дээрх зүйлийн 2 дахь хэсэгт “Бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийн гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна” гэж заасан. Бүлэглэн үйлдсэн гэмт хэргийн хор уршгийг аль нэг шүүгдэгчид дагнан хариуцуулах нь “зөрж гүйцэтгэх" тухай ойлголттой холбоотой үүсэх бөгөөд гүйцэтгэгч бусад хамтран үйлдэгчтэй тохиролцсоноос өөр гэмт хэрэг үйлдсэнийг зөрж гүйцэтгэсэн гэж үздэг ба зорилгоороо нэгдсэн тохиолдолд тухайн хор уршгийг хэн учруулснаас үл хамааран үйлдлийг нэгтгэн зүйлчилж, гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй.

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч П.Дын үйлдлийн улмаас хохирогч Б.Сын эрүүл мэндэд гэмтэл учирсан эсэх нь эргэлзээтэй байна гэж дүгнэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасныг үндэслэн шүүгдэгч П.Дд холбогдох хэргийг гэм буруугүйд тооцож, цагаатгасан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх үндэслэл болж байна.

Иймд эрүүгийн 1905049870138 дугаартай хэргийг шийдвэрлэсэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 2020/ШЦТ/320 дугаар шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хуулийн зүйл, хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг үндэслэн хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч П.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Иймд хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

Шүүгдэгч П.Дын өмгөөлөгч Н.Нямдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын зүгээс “хохирогч Б.Сумъяабаатартай шүүгдэгч Д.Г, П.Д нар зууралдаад хоёр талаас нь зодсон болох нь хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байна” гэж байна. Хохирогч Б.Сумъяабаатар анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо “намайг шүүгдэгч Д.Гнэг удаа цохих шиг болсон” гэж мэдүүлдэг. Шүүгдэгч Д.Гмэдүүлэхдээ “би цохиогүй. Надтай зууралдаж байгаад унасан” гэж мэдүүлдэг. Мөн хохирогч мэдүүлэхдээ “намайг хэн, яаж цохисныг мэдэхгүй байна. Би ухаан алдчихсан байсан” гэдэг. Тэгэхээр П.Д энэ гэмтлийг хохирогч Б.Сумъяабаатарт учруулсан болох нь нотлогдохгүй байгаа учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Д.Гнь 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 16 цагийн үед Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хойд талд авто замын зорчих хэсэг дээр иргэн Б.Сыг газар татаж унаган өшиглөж, эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, зулайн хуйх, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх, баруун чих, баруун шууны шарх бүхий хөнгөн хохирол учруулсан,

шүүгдэгч Б.Снь 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 16 цагийн үед Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хойд талд авто замын зорчих хэсэг дээр иргэн П.Дын толгой тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан тус тус гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч Б.Сын “...тэр микро машинтай хоёр хүн замын хажуу талын явган хүний зам дээгүүр гараад миний машины урдуур шахаад гарахдаа миний машины урд талын дугуйг шүргээд гарсан. Тэр үед би тэр микро машины араас очин шахаж зогсоогоод микро машиныг барьж явсан хоёр хүнтэй маргасан. Тэгээд би микро машины жолоочтой маргаж байхдаа микро машины жолооч талын толийг нь нэг удаа зүүн гараараа цохисон. Тэр үед микро машины жолоочийн хажуу талд явж байсан зорчигч нь машинаасаа бууж, машинаа тойрч ирээд миний араас зуураад авсан. Тэр үед би нөгөө машинаас бууж ирсэн зорчигчтой марган зууралдаад байхад микро машины жолооч машинаасаа бууж ирээд миний зүүн нүд орчим маш хүчтэй нэг удаа гараараа цохисон. Тэр үед би нүүрээ дараад тонгойход анх надтай зууралдаад байсан хүн намайг замын хажуу тал руу татаж газар унагаад тэр хоёр хүн миний хоёр талаас өшиглөөд эхэлсэн. Тэр үед би өөрийнхөө толгойг хамгаалаад хэвтэж байгаад нэг хэсэг манарсан. Тэгээд би газар унан зодуулж байгаад жоохон ухаан ороод боссон чинь нөгөө хоёр хүн машиндаа суугаад явж байсан. Тэр үед би гар утсаараа 102 дугаарт залган дуудлага өгөөд нөгөө микро машинтай хоёр хүнийг 100 айлын барилгын дэлгүүрийн урд талын зам дээр зогсоож, дахин цагдаад дуудлага өгч тэр хоёр хүнийг баривчлуулсан.

...Тэр үед би ганцаараа явж байсан. Тэр өдөр эхлээд микро машины жолооч миний хажуу талаас зүүн нүд орчим нэг удаа маш хүчтэй цохисон. Тэр үед би жоохон манарсан бөгөөд анх надтай зууралддаг хүн нь намайг замын хажуу тал руу татаж унагаасан. Тэгээд намайг газар унаад байхад нөгөө микро машины жолооч залуу миний баруун талаас толгойн баруун тал болон чих орчим өшиглөөд байсан. ...” /хх 17-18/,

 

хохирогч П.Дын “...Тэгээд байж байтал нөгөө залуу миний хүүгийн сууж байсан талын хаалгыг татан онгойлгосон бөгөөд манай хүү суудлынхаа бүсийг зүүсэн байсан болохоор тэр залууг барьж чадаагүй. Тэр үед би гудамжны согтуу хүн л танхайраад байна гэж бодож байсан бөгөөд манай хүү над руу налаад байхад тэр залуу миний хүүг цохиод байсан. Тэр үед би хаанас юун хүн ирээд танхайраад байна гэж бодоод нилээн удаан тэвчиж суусан боловч бүр хүүг маань цохиод байсан болохоор тэсэлгүй машинаас буусан. Тэгэхдээ би эхлээд тэр хүнийг согтуу хүн л солиорч байна гэж бодсон боловч тэр залуугаас архи үнэртэхгүй байсан. Би машинаас буугаад нөгөө залууг хүүгийнхээ хаалгаар татах гэсэн боловч дийлэхгүй байсан болохоор нилээн хүч гаргаад татсан. Тэр үед харин нөгөө залуу манай хүүгээс салаад над руу дайрч намайг заамдаад авсан. Тэр үед би нөгөө залуугаас чи чинь яаж байна, хаанаас гараад ирэв гэсэн чинь тэр залуу бид хоёрын хажуугаар гарч байсан танихгүй хүн наад залуу чинь тэр машинаас бууж ирсэн хүн байна гэхээр нь би зааж өгсөн газар руу хараад, тэр залуугаас ямар учиртай юу болоод байгаа талаар асуугаад зогсож байтал тэр залуу миний толгойн баруун хэсэг рүү гараараа цохиод байсан. Тэр үед би өөрийгөө хамгаалахаар тэр залууг машинаас холдуулан замаас гарах гэсэн боловч тэр залуу дахиад намайг нилээн хүчтэй цохисон. Тэр үед би за энэ залуу хүн намайг цохиод, зодох юм бол нилээн юм болох байсан юм байна гэж бодоод биеэ хамгаалсан байгаа. Тэр үед миний баруун гар нилээн хавдсан байсан. Тухайн үед манай хүү машинаасаа бууж ирсэн боловч машин нь уруу газар зогсож байсан болохоор өнхөрөөд эхэлсэн. Тэр үед манай хүү машин руугаа гүйгээд машинаа зогсоогоод нөгөө залуу бид хоёр дээр ирэх үед нь би тэр залууг өөрийгөө хамгаалах үүднээс нэг удаа түлхсэн. Тэгээд би хүүтэйгээ машиндаа суугаад явсан. ...Миний биед учирсан тархи доргилт гэмтлийг хэрэг болдог өдөр миний толгой руу хохирогч гээд залуу цохисноос үүссэн байгаа. ...Миний хувьд гомдолтой байна. ...” /хх 21-22/,

 

гэрч Н.Ууганбаатарын “...Би одоо цагийг нь сайн санахгүй байна. Намайг Бат-Эрдэнийн хамтаар Дарь-Эхэд ажил дээрээ ажлаа хийгээд байж байтал Бат-Эрдэнийн гар утас руу Сумьяабаатар өөрийнхөө гар утас руу залгасан. Тэр үед би утсаар яриагүй болохоор юу яриад байгааг нь сонсоогүй. Тэгээд Бат-Эрдэнийг утсаар яриад дууссаны дараа асуутал Бат-Эрдэнэ надад Сумьяабаатар хоёр хүнд зодуулсан гэж байна. Тэгээд нөгөө зодсон хоёр хүнээ хөөгөөд явж байна, тэр хоёр хүн зугтаагаад явчихлаа гэсэн. Тэр үед бид нар Сумьяабаатараас одоо тэгээд яах юм, наад хоёр хүн чинь зугтаад байгаа юм уу, одоо хаана явж байгаа юм гэж асуусан чинь Сумьяабаатар би Баянбүрд орчимд явж байна. Тэр хоёр хүн зугтаад байна, боломжтой бол тэр хоёр хүнийг саатуулаад өгөөч гэхээр нь Бат-Эрдэнэ бид хоёр манай ажил дээрээс гараад 100 айл орчмоос Сумьяабаатарыг зодсон гэх хүмүүс нь микро маркийн автомашинтай байсан. Тэгээд тэр хүмүүсийг 100 айл орчим саатуулаад цагдаад дуудлага өгсөн. ... Анх уулзахад Сумьяабаатарын хувцас, нүүр зэрэг нь нил цус болчихсон, нүүр нь нилээн хавдчихсан байсан. Тэгээд Бат-Эрдэнэ бид хоёр Сумьяабаатарыг зодсон гэх хоёр хүнийг та нар арай ингэж хүн зодож болохгүй гээд хэлж байсан. Ямар ч байсан Сумьяабаатарын нэг чих нь ханзарчихсан нилээн цус гарч байсан бөгөөд нэг нүд нь тагларчихсан, хамар нь хавдсан, нүүр толгойгүй цус гарч байсан. ...” /хх 123-124/,

 

Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн “...Үзүүлэгч Б.Сын биед үүссэн баруун чихний шарх гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уг гэмтэл нь гараар базах, зулгаах үед үүсэх боломжтой гэмтэл. ...” /хх 27-28/ гэх мэдүүлгүүд,  

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн “Б.Сын биед тархи доргилт, нүдний дээд, доод зовхи, зулайн хуйх, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх, баруун чих, баруун шууны шарх гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх №241 дугаартай /хх 25-26/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн “П.Дын биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн үед үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй.” /хх 36-37/ гэх №397 дугаартай дүгнэлтүүд зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

 

Шүүгдэгч Д.Г, Б.Снарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийг бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч Д.Гын хохирогч Б.Сыг татаж унаган өшиглөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг, шүүгдэгч Б.Сын хохирогч П.Дын толгойн тус газар цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр  зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Г, Б.Снарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял тус тус шийтгэж шийдвэрлэсэн нь тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг зэрэгт тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Эрүүгийн хуулийн зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “....Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.

 

Прокурор А.Баясгалан нь “...анхан шатны шүүх шүүгдэгч П.Дын үйлдлийн улмаас хохирогч Б.Сын эрүүл мэндэд гэмтэл учирсан эсэх нь эргэлзээтэй байна гэж дүгнэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасныг үндэслэн шүүгдэгч П.Дыг гэм буруугүйд тооцож, цагаатгасан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх үндэслэл болж байна.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 2020/ШЦТ/320 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэсэн агуулга бүхий эсэргүүцэл бичжээ.  

 

Хэрэгт авагдсан мэдүүлгүүдээс, хохирогч Б.Снь Д.Гын жолоодож явсан машин дээр ирж жолооч Д.Гтой маргалдсан, улмаар машиных нь толийг хагалсан байдлыг зогсоох зорилгоор зорчигч талаас П.Д нь бууж ирж Б.Стай зууралдсан, Б.Снь энэ үед П.Дыг цохиж түүний биед “тархи доргилт” бүхий хөнгөн гэмтлийг учруулсан, ингэж П.Д, Б.Снарыг маргалдан зууралдаж байхад Д.Гмашинаасаа буун ирээд Б.Сыг цохиж, түүнийг татаж унаган өшиглөж Б.Сын биед “...тархи доргилт, нүдний дээд, доод зовхи, зулайн хуйх, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх, баруун чих, баруун шууны шарх...” бүхий хөнгөн гэмтлийг учруулсан үйл баримт тогтоогдсон байна гэж давж заалдах шатны шүүх үзээд П.Дыг тус маргааны явцад Б.Ст гэмтэл учруулсан, түүний биед хөнгөн гэмтэл учруулсан Д.Гын үйлдлийг дэмжсэн, бүлэглэн зодсон үйлдэл, үйл баримт хангалттай тогтоогдохгүй байна гэж дүгнэв. 

 

Түүнчлэн, хохирогч Б.Сумъяабаатар “...намайг газар унаад байхад жолооч залуу миний баруун талаас толгойн баруун тал болон чих орчим өшиглөөд байсан. Анх надтай зууралддаг нь миний зүүн талаас өшиглөөд байсан...” /хх 17-18/ гэж мэдүүлсэн боловч Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 241 дугаартай “Б.Сын биед тархи доргилт, нүдний дээд, доод зовхи, зулайн хуйх, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх, баруун чих, баруун шууны шарх гэмтлүүд тогтоогдлоо. ...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх 25-26/, шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн “...Б.Сын биед үүссэн баруун чихний шарх гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уг гэмтэл нь гараар базах, зулгаах үед үүсэх боломжтой гэмтэл. ...” /хх 27-28/ гэсэн мэдүүлэг зэргээр хохирогч Б.Сумъяабаатарын биеийн зүүн хэсэгт ямар нэгэн гэмтэл, шарх учраагүй болох нь тогтоогдож байна.  

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй.” гэж зааснаар хохирогч Б.Сумъяабаатарын мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй буюу өөр нотлох баримтаар нотлогдоогүй мэдүүлгийг үнэлээгүй болно.

   

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор А.Баясгалангийн бичсэн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 30 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 2020/ШЦТ/320 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор А.Баясгалангийн бичсэн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 30 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

      ШҮҮГЧ                                                             Б.АРИУНХИШИГ

                       ШҮҮГЧ                                                             Д.ОЧМАНДАХ