Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2026/0745

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Аын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч О.Оюунгэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Тунгалагсайхан

Илтгэсэн шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч Д.А

Нэхэмжлэгч: Д.А

Хариуцагч: Говьсүмбэр аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ф.Б

Нэхэмжлэлийн шаардлага: “Говьсүмбэр аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2026 оны 05 Дугаар сарын 21-ний өдрийн Б/12 дугаар тушаалыг хүчингүй болгож, Захиргаа удирдлагын хэлтсийн даргын үүрэгт ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 6,000,000 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 011 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуруалдааны оролцогчид: Нэхэмжлэгч Д.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г, хариуцагч Ф.Б, хариуцагчийн өмгөөлөгч Э.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Д

Хэргийн индекс: 113/2026/0009/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.А нь Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ф.Бт холбогдуулан “Говьсүмбэр аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2026 оны 05 Дугаар сарын 21-ний өдрийн Б/12 дугаар тушаалыг хүчингүй болгож, Захиргаа удирдлагын хэлтсийн даргын үүрэгт ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 6,000,000 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх”-ээр маргасан байна.

2. Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 113/ШШ2026/0011 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.16, 48 дугаар зүйлийн 48.1.4, 48.3-т заасныг баримтлан Д.Аын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга: “... Байгууллагын удирдлагатай үүссэн ёс зүйн шинжтэй харилцаанаас шалтгаалан намайг ажлаас чөлөөлөх боломжийг эрэлхийлж, энэ нөхцөл байдлыг ашигласан гэж үзэж байна. Та бүхний үзэж байгаа хэрэгт авагдсан материалаас ч үүнийг анзаарч болно. Тухайлбал, 2025 оны 11 дүгээр сард намайг ажил тасалсан гэж үзсэн. Миний хувьд чөлөө авах боломжтой байсан өдрүүдийг тус тусад нь тасалж тооцоод, хооронд нь нэгтгэн нийт 9 хоногийн ажил таслалт гэж үзсэн нь намайг анхааралд өртүүлж, улмаар ажлаас чөлөөлөх нөхцөл бүрдүүлэх зорилготой байсан гэж хардаж байна. Ийм байдлаар асуудлыг зориудаар нэгтгэн тооцсонд гомдолтой байгаа гэв.

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Говьсүмбэр аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч н.Болорцэцэгийн гаргасан маргаан бүхий тушаалыг хуульд нийцээгүй гэж үзэж байна. Тодруулбал, хариуцагч нь сахилгын шийтгэл оногдуулахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24-27 дугаар зүйлд заасан бодит нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах, оролцогчийг сонсох ажиллагааг тус тус зөрчсөн. Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36/32 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 3.3-т сахилгын шийтгэл оногдуулахдаа тодорхой нөхцөл байдлыг харгалзан үзэхээр заасан. Тухайлбал, журмын 3.3.1-д зөрчил гаргасан нөхцөл байдал, түүний үр дагаврыг харгалзахаар зохицуулсан. Иймд маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан бодит нөхцөл байдалд тохирсон, зорилгодоо нийцсэн, үндэслэл бүхий байх, шударга ёсны зарчмыг баримтлах шаардлагатай байсан. Гэтэл хариуцагч нь сонсох ажиллагааг зохих ёсоор хэрэгжүүлээгүй, зөрчлийн нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй, Төрийн албаны тухай хууль болон холбогдох журамд заасан шаардлагыг харгалзан үзэлгүйгээр шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Нэхэмжлэгчийг төрийн албанаас чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.16-д заасан төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг буюу Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасан ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах үүргээ зөрчсөн гэж үзсэн байдаг. Гэвч Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг, 39 дүгээр зүйлд төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйлийг тус тус ялгамжтай зохицуулсан. Харин мөн хуулийн 46 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас түр чөлөөлөх болон чөлөөлөх үндэслэлийг хуульчилсан бөгөөд тухайн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1-46.1.5-д заасан үндэслэлүүдийн аль нэг нь бүрдсэн байх шаардлагатай. Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлын цагийг үр бүтээлтэй ашиглаагүй гэж үзсэн атлаа төрийн албанаас чөлөөлөх зохицуулалтыг хэрэглэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь төрийн албан хаагчийн сахилгын зөрчилтэй холбоотой харилцааг Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлээр зохицуулдаг. Хариуцагч нэхэмжлэгч Д.Аыг сахилгын зөрчил гаргасан гэж үзсэн бол уг хуулийн 48.1-д заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг оногдуулах боломжтой байсан. Гэтэл сахилгын зөрчил гаргасан гэх үндэслэлээр төрийн албан хаагчийг чөлөөлөх тухай 46.2 дахь зохицуулалтыг хэрэглэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан захиргааны үйл ажиллагаанд баримтлах хуульд үндэслэх зарчимд нийцэхгүй байна.

Маргаан бүхий тохиолдолд хариуцагч 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Б/12 дугаартай тушаалыг үндэслэл болгосон боловч уг тушаалын эрх зүйн үндэслэл нь шийдвэрлэсэн агуулгатайгаа нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзсэн атлаа төрийн албанаас чөлөөлөх зохицуулалтыг хэрэглэсэн нь хууль зүйн зөрчилтэй. Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.8-д сахилгын шийтгэл оногдуулсан нь тухайн албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх, төрийн албанд дахин авахаас татгалзах үндэслэл болох боловч эрүүгийн болон бусад хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан. Харин тус хуулийн 48 дугаар зүйлийн 48.10-т заасны дагуу сахилгын шийтгэл оногдуулах, түүнд гомдол гаргах журмыг төрийн албаны төв байгууллага болон Засгийн газар хамтран баталсан. Уг журмын 6.1-д албан хаагч сахилгын зөрчлийг удаа дараа гаргасан, өмнө нь сахилгын шийтгэл хүлээсэн, эсхүл зөрчлийн шинж байдлаас шалтгаалан тухайн албан хаагчийг төрийн албанд цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэх үндэслэлтэй тохиолдолд төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулахаар заасан. Гэтэл миний үйлчлүүлэгч өмнө нь ямар нэгэн сахилгын шийтгэл болон зөрчлийн арга хэмжээ авч байгаагүй. Ийм нөхцөлд сахилгын шийтгэлийн хамгийн хүнд хэлбэрийг шууд оногдуулсан нь үндэслэлгүй. Иймд Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэж байна.

Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгтэй холбоотойгоор хоёр асуудлыг нэмж тайлбарлая. Нэгдүгээрт, шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсэгт нэхэмжлэгч Д.Аыг 2025 оны 12 дугаар сард 15 хоногийн ээлжийн амралт авсан, 2026 оны 02 дугаар сард ажлын 3 өдөр чөлөөтэй байсан, 03 дугаар сард 3 өдөр, 04 дүгээр сард 4 өдөр, 05 дугаар сард 2 өдөр өвчтэй байсан гэж дурдсан. Гэтэл миний үйлчлүүлэгч 2025 онд тухайн жилдээ 12 хоногийн ээлжийн амралтаа авсан байдаг. Харин шүүхээс түүнийг зөвхөн 2025 оны 12 дугаар сард 15 хоногийн ээлжийн амралт авсан мэтээр тайлбарласан нь бодит нөхцөл байдалтай нийцэхгүй байна. Түүнчлэн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 14-ний өдрийг хүртэлх хугацаанд ажил тасалсан гэж үзсэн асуудал бий. Тухайн байгууллагын үйл ажиллагааны онцлог нь хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр ажилладаг тул зуны улиралд ээлжийн амралт авах боломж хязгаарлагдмал байдаг. Ийм учраас удирдлагатайгаа тохиролцож, ээлжийн амралтаа өөр хугацаанд эдэлсэн нөхцөл байдал байсан. Гэтэл эдгээр өдрийг ажил тасалсан гэж тооцсон байна. Энэ асуудлаар нэхэмжлэгч маргаагүй бөгөөд хариуцагч ч мөн тухайн өдрүүдийн талаар маргаагүй, харин хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэдий ч тушаалд тусгасан гэх агуулгаар тайлбарласан. Гэтэл анхан шатны шүүх уг асуудлыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн нь үндэслэлгүй” гэв.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Д.Аоос “Говьсүмбэр аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Б/12 дугаар тушаалыг хүчингүй болгож, Захиргаа удирдлагын хэлтсийн даргын үүрэгт ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 6,000,000 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ф.Бт холбогдуулан гаргажээ.

2.1. Маргаан бүхий Говьсүмбэр аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн “Д.Аыг ажлаас чөлөөлөх тухай” Б/12 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.16, 48 дугаар зүйлийн 48.1.4, тус газрын даргын 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн А/12 дугаар тушаалаар батлагдсан “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 8 дугаар хэсгийн 8.1.1, 8.1.2, 9 дүгээр хэсгийн 9.4, 9.6.1, 14 дүгээр хэсгийн 14.7.3, 14.7.4 дэх заалтыг тус тус баримтлан Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Д.Аыг “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2025 оны 11 дүгээр сарын 11, 12, 13, 14, 2026 оны 04 дүгээр сарын 16, 17, 24-нд, 05 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд нийт 9 хоног ажил тасалсан” гэсэн үндэслэлээр төрийн албанаас чөлөөлжээ.

2.2. Дээрх тушаалыг эс зөвшөөрч гаргасан Д.Аын гомдолд Төрийн албаны зөвлөлийн 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 04/1634 дугаартай албан бичгээр “... Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 8.2-т заасны дагуу ... шүүхэд хандан шийдвэрлүүлнэ үү” гэсэн хариу өгснөөр Д.Аоос захиргааны хэргийн шүүхэд хандсан байна.

3. Анхан шатны шүүх “... нэхэмжлэгч өөрийн баримтлах ёстой дотоод хэм хэмжээг үл хайхран, өөрөө мэдсээр байж зохих чөлөө зөвшөөрөл авалгүй ажлаа тасалдаг, энэхүү үйлдэл нь албан тушаалын тодорхойлолтод заасан ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй гэх үр дагаврыг үүсгэж, бусад албан хаагчид сөрөг нөлөө үзүүлэн уг зөрчлийг удаа дараа гаргасан болох нь тогтоогдсон байна... ” гэж дүгнэж, Д.Аын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

3.1. Тодруулбал, нэхэмжлэгч Д.А нь 2025 оны 11 дүгээр сарын 11, 12, 13, 14, 2026 оны 04 дүгээр сарын 16, 17, 24-нд, 05 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд ажил тасалсан, удирдлагаас албан ёсоор чөлөө, зөвшөөрөл аваагүй болох нь хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар тус тус тогтоогдсон байна.

3.2. Нэхэмжлэгчээс “... ажлын шалтгаанаар амралтын өдөр ажилласан тул 2026 оны 04 дүгээр сарын 16, 17-ны өдрүүдээр амрах ёстой байсан ... 2026 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүүхдээ аваад хот руу явсан, 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр охины төрсөн өдөр байсан ... 2026 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр эмчийн магадлагаатай байсан ... 2026 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр ажлаас хална гэхээр нь үдээс хойш гараад явсан, улмаар 20-ны өдөр очоогүй” гэх байдлаар ажил тасалсан өдрүүдийн шалтгааныг тайлбарладаг боловч энэ нь хүндэтгэн үзэх шалтгаан биш байна.

3.3. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д төрийн албан хаагчийн нийтлэг үүргийг нэрлэн заасан бөгөөд 37.1.16-д “Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах” үүргийг зөрчсөн нь тогтоогдвол мөн хуулийн 48 дугаар зүйлд зааснаар сахилгын шийтгэл ногдуулахаар, мөн тус газрын “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 9.6-д “Албан хаагчдын дараах тохиолдлуудыг ажил тасалсанд хамааруулна” гээд 9.6.1-д “Албан хаагч харьяа нэгжийн даргад, нэгжийн дарга нь газрын даргад мэдэгдэлгүй ажлын байрыг 3 цагаас дээш хугацаагаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр орхигдуулсан нөхцөлд тухайн өдрийн ажлыг тасалсанд хамруулна”, 9.6.3-т “албан ёсоор зөвшөөрөл аваагүй, урьдчилан мэдэгдээгүй аймгийн нутгаас гарч явахдаа мэдээлэл өгөх”, 9.6.4-т “ажлын цагаар, ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн, согтуу байсан тохиолдолд ажил тасалсанд тооцно”, чөлөө авах хүсэлтийг заавал бичгээр гаргахаар тус тус нарийвчлан заасан байх бөгөөд маргаан бүхий тохиолдолд нэхэмжлэгч Д.А нь Төрийн албаны тухай хууль болон хөдөлмөрийн дотоод журамд заасныг зөрчиж ажил тасалсан  болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

3.4. Төрийн албаны зөвлөлийн дарга, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2019 оны хамтарсан тушаалаар батлагдсан “Төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 3.3-д “Сахилгын шийтгэл ногдуулахдаа дараах нөхцөл байдлыг харгалзаж үзнэ” гээд 3.3.1-д “зөрчил гаргасан нөхцөл байдал, үр дагавар”, 3.3.2-т “гэм буруугийн санаатай болон болгоомжгүй хэлбэр”, 3.3.3-д “албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан ажил үүрэг болон түүний үйлдэл, эс үйлдэхүйн хоорондын хамаарал”, 3.3.4-т “бусад албан хаагч болон нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөлөл”, 3.3.5-д “өмнө нь зөрчил гаргаж байсан эсэх”, 3.3.6-д “гаргасан зөрчилдөө дүгнэлт хийж, ухамсарласан байдал”, 3.3.7-д “зөрчлийн улмаас учирсан хор уршгийг арилгах арга хэмжээ авсан эсэх” гэж заасан.

3.5. Хэрэгт авагдсан Говьсүмбэр аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хийсэн “Сонсох ажиллагаа”-ны тэмдэглэлээс үзвэл, нэхэмжлэгч Д.А нь энэ төрлийн зөрчлийг удаа дараа гаргадаг, ажил тасалсан үйлдлээ ухамсарладаггүй, дахин зөрчил гаргахгүй байх талаар арга хэмжээ аваагүй, түүнийг цаашид төрийн албанд ажиллуулах нь тухайн байгууллагын бусад албан хаагчидад сөрөг нөлөөтэй гэж үзэж ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан хариуцагчийн шийдвэр нь зөрчлийн шинж байдалд тохирсон байна.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь давж заалдах гомдолдоо “... Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлд заасан сахилгын шийтгэл ногдуулах зохицуулалтаар төрийн албанаас чөлөөлсөн нь хуульд үндэслэх зарчимд нийцээгүй, сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн...” гэжээ.

4.1. Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө” гээд 46.2.5-д “хуульд заасан бусад үндэслэл”, мөн хуулийн 48 дугаар 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна”, 48.1.4-т “төрийн албанаас халах” гэж тус тус заасан.

4.2. Дээрх хоёр хуулийн заалт нь өөр өөр зохицуулалт агуулж байгаа хэдий ч эцэстээ хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож байгаа бөгөөд албан хаагчийн цаг ашиглалт, ажлын гүйцэтгэл, зөрчлийн талаар Говьсүмбэр аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2025 оны А/12 дугаар тушаалаар батлагдсан “Хөдөлмөрийн дотоод журам”-д нарийвчлан зохицуулсан байх тул эрх зүйн үндэслэлгүй гэж үзэхээргүй юм.

4.3. Маргаан бүхий Говьсүмбэр аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн “Д.Аыг ажлаас чөлөөлөх тухай” Б/12 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Аыг төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан, хариуцагчаас мөн халах сахилгын шийтгэл ногдуулсан гэж тайлбарласан бөгөөд тушаалд чөлөөлөхөөр бичигдсэн алдаатай боловч энэ нь нэхэмжлэгчийн удаа дараа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан зөрчлийг үгүйсгэх, цаашлаад уг тушаалыг энэ үндэслэлээр хууль бус гэж үзэж хүчингүй болгох боломжгүй.

4.4. Нэхэмжлэгч Д.Аыг нийт 9 хоног хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэж тайлбарлан маргах боловч шүүх хуралдаанд хариуцагчийн зүгээс өмнөх он буюу 2025 онд ажил тасалсан хоногийг тооцохгүйгээр 2026 оны 04 дүгээр сарын 16, 17-ны өдөр, 05 дугаар сарын 19, 20-ны өдрүүдийг тооцож нийт 4 хоног ажил тасалсан гэж үзсэн байх ба хэрэгт авагдсан баримтууд болон сонсох ажиллагааны тэмдэглэл, нэхэмжлэгч Д.Аын тайлбараар тухайн өдрүүдэд ажилдаа ирээгүй болох нь нотлогдож байна. Тиймээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх гомдол үндэслэлгүй.

5. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь үнэлж, хэргийн үйл баримт, бодит нөхцөл байдлыг зөв тодорхойлсон, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 113/ШШ2026/0011 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

    

 

ШҮҮГЧ                                                                       О.ОЮУНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                                      Д.БААТАРХҮҮ