Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 212/МА2018/00072

 

    Ш.Ж-ы нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч Д.Мөнхөө, Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 130/ШШ2018/00237 дугаар шийдвэртэй, Ш.Ж-ын нэхэмжлэлтэй, И.М холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.      

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Ардабек, нэхэмжлэгч Ш.Ж, түүний өмгөөлөгч Я.Сьезд нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: “ суудлын автомашины үнэ 1340000.00 төгрөг гаргуулах”  тухай.

 

Нэхэмжлэлд: “Миний бие 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Х.Д-ээс SEDAN маркийн мөнгөлөг саарал өнгийн  суудлын машиныг хүү Ж.Төлеуханд өгөхөөр 1340000 төгрөгөөр худалдаж авсан. Уг машиныг манай тэнд хадмындаа байнга байдаг Баяннуур сумын 3 дугаар баг Цагаан аралд оршин суух И.М цоо шинэ Хятадад үйлдвэрлэсэн шар мотоциклоор надтай ярьж байгаад сольж авсан. Мотоциклоо надад хүлээлгэж өгсөн. Миний хүү Т-ыг “би олон ямаатай чи ямаа самналцаж өг, би өдрийн хөлс 20000 төгрөг өгнө” гээд аваад явсан. 7 хоноод хүү маань нэг төгрөг ч үгүй замын машинаар эргэж ирсэн. И.М машинаа эвдсэн гэж хэлсэн. Хэд хоногийн дараа намайг эзгүйд И.М манайд ирж “би ноолуураа тушаагаад бэлэн мөнгө 1340000 төгрөг авчраад өгнө” гэж хэлээд нөгөө мотоциклыг аваад явсан байсан. Үүнээс хойш одоо хүртэл мөнгөө өгөхгүй чирэгдүүлж байна. “Би бүрэн өгч чадахгүй. Өгвөл 300000 төгрөг өгнө” гэнэ. Иймд И.М-аас SEDAN маркийн мөнгөлөг саарал өнгийн  суудлын машины үнэ 1340000 төгрөг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: “Миний бие Ш.Ж-ы нэхэмжлэлийг эс зөвшөөрч байна. Миний бие 5 дугаар сарын дундуур хөдөө хүн хүргэж өгөхөөр такси хөлсөлж авсан. Тухайн үед унаж явсан мотоциклоо Ш.Ж-ы гэрт түр орхиод явсан. Тухайн үед машиныг хөлсөлж явахад тухайн машин нь замдаа эвдэрч үүрээр арай гэж очсон. Тэр үед машин нь манай гэрийн гадаа эвдрэн үлдсэн ба дараа нь Ш.Ж-ы гэрээс мотоциклоо аваад явсан. Би тэр машиныг худалдаж авна гээд Ш.Ж-д ямар нэгэн юм яриагүй ба таксины мөнгийг бүрэн төлсөн. Машинаа ав гээд удаа дараа хэлсэн боловч Ш.Ж нь ирж аваагүй. Одоо хүртэл хөдөө байгаа. Тийм учир энэ машин надад холбогдолгүй тул үнэн зөвөөр шийдэж өгнө үү.” гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 130/ШШ2018/00237 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-г тус тус баримтлан хариуцагч И.М-ээс SEDAN маркийн мөнгөлөг саарал өнгийн  суудлын машины үнэ 1340000.00 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Ш.Ж-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга: “Ш.Ж би Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 130\ШШ2018\00237 тоот шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх Ш.Ж-ы нэхэмжлэлтэй И.М-д холбогдох автомашин худалдах, худалдан авах тухай маргааныг хянан шийдвэрлэхэд Иргэний хуулийг буруу хэрэглэн, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Үүнд:

1. Ш.Ж би 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Х.Д гэдэг иргэнээс SEDAN маркийн мөнгөлөг саарал өнгөтэй  суудлын автомашиныг хүү Ж.Т-д авч өгөхөөр 1340000 \нэг сая гурван зуун дөчин мянган төгрөгөөр худалдаж авсан. Ингээд автомашиныг Баяннуур сумын иргэн И.М нь надтай амаар тохиролцон цоо шинэ Хятад мотоциклоор сольж авсан. М.Марат нь худалдаж авсан автомашиныг тэр өдөр унаад Алтанцөгц суманд байдаг гэр лүүгээ буцсан. Түүнээс хойш хэд хоног өнгөртөл И.М дахин манайд гэрт ирж “Би та нарт ноолуурын мөнгө худалдаж аваад автомашины үнийг өгнө. Одоо мотоциклыг буцаан авна” гэж хэлээд мотоциклоо буцаан аваад явсан байлаа. Ш.Ж би өнөөдөр хүртэл автомашиныг аваагүй байна. Иймд Ш.Ж, И.М бид хоёрын хооронд автомашин худалдах, худалдан авах хэлцэл бий болсон. Өөрөөр хэлбэл М.Марат нь автомашиныг өөрөө унаад гэртээ явсан үйлдэл нь бид хоёрын дунд худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн буюу ямар нэгэн үйлдэл хийгдсэнийг нотолж байна. Гэтэл анхан шатны шүүх Ш.Ж би өнөөдөр хүртэл автомашиныг буцаан аваагүй байхад миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа явдалд гомдолтой байна. Тухайн үед би И.М-тай амаар тохиролцож байсан. Ш.Ж би өнөөдөр автомашин ч үгүй, мотоцикл ч үгүй, И.М-аас бэлэн авсан мөнгө ч үгүй хохирч байгааг анхан шатны шүүх анхаарч үзээгүй явдалд гомдолтой байна.

2. Уг автомашиныг худалдаж авсан Х.Д нь өөрийн өмчлөлийн автомашинаа Ш.Ж надад худалдсан тухай бичгээр тодорхойлолт гаргасныг анхан шатны шүүх анхаарч үзээгүй явдалд гомдолтой байна.

3. Нэхэмжлэгч Ш.Ж би анхан шатны шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас оролцож чадаагүй. Учир нь яг шүүх хурал явагдах өдөр миний хүү маш хүндээр өвчилж аймгийн Нэгдсэн эмнэлэгт байсан.

Иймд нэхэмжлэгч Ш.Ж намайг эзгүйд нууцаар шүүх хуралдаан хийсэн явдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 130\ШШ2018\000237 тоот шийдвэрийг хүчингүйд тооцон Ш.Ж миний давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч Ш.Ж нь хариуцагч И.М-д холбогдуулан 1340000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “иргэн Х.Д-ээс  Hyundai Excel маркийн суудлын автомашиныг 1340000.00 төгрөгөөр худалдан авч, И.М-ын шинэ мотоциклоор сольсон боловч тэрээр мотоциклоо буцаагаад авч, оронд нь 1340000.00 төгрөг төлөхөөр болсон боловч машины үнийг одоог хүртэл өгөхгүй байна” гэж тайлбарлажээ. Харин хариуцагч “Ш.Ж-ы гэрт мотоциклоо түр орхиж, түүний машиныг хөлсөлж явсан ба машин нь замдаа эвдэрч, хүрэх газраа арай гэж очсон. Дараа нь би мотоциклоо аваад явсан, машиныг нь худалдаж аваагүй, хөлсний мөнгөө бүрэн төлсөн” гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

            Нэхэмжлэгч шаардлагаа нотлохоор Х.Д-ийн үйлдсэн гэх баримт, тэтгэврийн зээлийн өргөдөл, тухайн автомашины Тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн бөгөөд хэрэгт цугларсан баримтууд, зохигчийн тайлбар зэргээр нэхэмжлэгч Ш.Ж болон хариуцагч И.М нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-т зааснаар автомашин худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.-т зааснаар талууд өөрийн шаардлага ба татгалзлаа нотлох, нотлох баримтаа гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчийн үндэслэлгүй гаргасан И.М-аас 1340000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцжээ.

 

            Анхан шатны шүүх Иргэний хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргаагүй байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ. Нэхэмжлэгчийн гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар төрийн сангийн дансанд үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 130/ШШ2018/00237 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36390.00 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧИД                                                       Д.МӨНХӨӨ

 

                                                                                                            С.ӨМИРБЕК