| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2020/04837/И |
| Дугаар | 101/ШШ2021/00029 |
| Огноо | 2020-12-28 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 101/ШШ2021/00029
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, ******** тоотод оршин суух, Ү Лгийн /РД: 0000/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, *********, “У*******” О*******-т /РД: 0000/ холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ү.Л,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.М*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Билэгсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ү.Л шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ү.Л миний бие “У*******” О*******-т үйл ажиллагаа, төлөвлөлтийн хэлтсийн санхүүгийн шинжээч, эдийн засагчийн албан тушаалд хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар 2020 оны 5 сарын 13-ны өдөр тус байгууллагатай 113 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулсан.
Ажил олгогч “У*******” О******* ажилтан надтай хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж, гэрээний хугацааг 2020 оны 5 сарын 13-ны өдрөөс 2020 оны 8 сарын 13-ны өдөр хүртэл байхаар тохиролцсон. Энэ гурван сарын хугацааг туршилтын хугацаа гэж бид харилцан тохиролцсон.
Мөн гэрээний 3.2-д талууд гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээг цуцлах талаар хэн нэгэндээ санал тавиагүй бол энэхүү гэрээний хугацааг нэг жилийн хугацаагаар сунгасанд тооцохоор тусгаж гэрээний агуулгыг тодорхойлсон.
Хөдөлмөрийн гэрээ байгуулсантай холбогдуулан “У*******” О*******-ын даргын 2020 оны 5 сарын 14-ний өдрийн Б/144 дугаартай тушаалаар миний бие тус газарт үйл ажиллагаа, төлөвлөлтийн хэлтсийн санхүүгийн шинжээч, эдийн засагчийн албан тушаалд томилогдож ажиллаж эхэлсэн.
Миний бие хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн хуульд заасан ажилтаны үүргээ бүрэн дүүрэн биелүүлж ямар нэгэн сахилгын зөрчил гаргахгүйгээр үр бүтээлтэй ажилласан.
Гэтэл тус газрын даргын 2020 оны 9 сарын 2-ны өдрийн Б/296 дугаартай тушаалаар намайг эрхэлж байсан үүрэгт ажлаас маань чөлөөлж, хөдөлмөрийн гэрээ цуцалсан шийдвэр гаргасан байна.
Би тушаал гаргасан өдөр үүрэгт ажлаа хэвийн гүйцэтгэж байсан ба ийм тушаал гаргасныг 2020 оны 9 сарын 4-ний өдөр мэдэж улмаар 2020 оны 9 сарын 5-ны өдрөөс ажилдаа яваагүй болно.
Ажлаас чөлөөлсөн дээрх тушаалыг 2020 оны 9 сарын 17-ны өдөр ажлаа хүлээлцэж тойрох хуудсаа зуруулсаны дараа тус газрын хүний нөөцийн мэргэжилтэн Т.Т*******аас хүлээн авсан.
Ажлаас чөлөөлсөн тушаалд үйл ажиллагаа, төлөвлөлтийн хэлтсийн санхүүгийн шинжээч, эдийн засагчаар туршилтын хугацаанд ажиллаж байсан Ү.Л намайг 2020 оны 9 сарын 2-ны өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлж хөдөлмөрийн гэрээг цуцалсугай гэсэн байдаг ба ямар үндэслэлээр ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалж буй нь ойлгомжгүй, тодорхой бус байна.
Уг тушаал Монгол улсын хууль, Хөдөлмөрийн тухай хууль мөн 2020 оны 5 сарын 13-ны өдрийн ажил олгогч болон ажилтан нарын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний нөхцөлд нийцээгүй, хууль, эрх зүйн үндэслэлгүй тушаал.
Хөдөлмөрийн гэрээнд зааснаар туршилтын хугацаа 2020 оны 8 сарын 13-ны өдөр дуусах ёстой байсан ч хөдөлмөрийн гэрээний харилцааг дуусгавар болгож гэрээг цуцлах талаархи саналаа ажил олгогч, ажилтан хэн аль нь бие биедээ тавиагүй. Иймд хөдөлмөрийн гэрээний 3.2-т зааснаар хөдөлмөрийн гэрээний хугацаа 1 жилийн хугацаагаар сунгагдсан.
Ажил олгогч “У*******” О*******-ын даргын 2020 оны 9 сарын 2-ны өдрийн Б/296 дугаартай тушаалаар эрхэлж байсан үүрэгт ажлаас маань чөлөөлж хөдөлмөрийн гэрээг цуцалж шийдвэрлэсэн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус байгууллага хөдөлмөрийн маргаан таслах комиссгүй тул гомдлоо шүүхэд гаргасан.
Би тус газрын үйл ажиллагаа, төлөвлөлтийн хэлтсийн санхүүгийн шинжээч, эдийн засагчийн албан тушаалд ажиллаж байх хугацаандаа сарын 900.000 төгрөгийн цалин авч байсан.
Иймд Л.Л намайг өмнө эрхэлж байсан “У*******” О*******-ын үйл ажиллагаа, төлөвлөлтийн хэлтсийн санхүүгийн шинжээч, эдийн засагчийн албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл хугацаагаар хариуцагчаас гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагч “У*******” О*******-т даалгаж өгнө үү гэв.
Хариуцагч “У*******” О*******-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.М******* шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Тус газрын даргын 2020 оны 5 сарын 14-ний өдрийн Б/144 тоот тушаалаар Ү.Лг үйл ажиллагаа, төлөвлөлтийн хэлтэст эдийн засагч мэргэжлээр туршилтын 3 сарын хугацаатай ажилд авсан боловч тус газрын бүтэц, орон тоог Нийслэлийн засаг даргын 2020 оны 6 сарын 26-ны өдрийн А/885 тоот захирамжаар өөрчлөлт оруулан баталсан.
Уг захирамжийн дагуу эдийн засагч мэргэжилтэн нь үйл ажиллагаа, төлөвлөлтийн хэлтсийн харьяанаас санхүүгийн хэлтэст шилжсэн.
Туршилтын хугацаанд ажиллаж байгаа Ү.Лг санхүүгийн албаны эдийн засагч болгохын тулд санхүүгийн албаны даргын зүгээс гал тогооны ажилчдын хоолны эдийн засгийн тооцооллыг хийх үүрэг даалгавар өгсөн боловч шаардлага хангах төвшинд хийж чадаагүй.
Иймд эдийн засагчаар бус няраваар үргэлжлүүлэн ажиллуулах саналыг байгууллагын зүгээс тавьсан боловч өөрөө зөвшөөрөлгүй, 2020 оны 9 сарын 3-ны өдрөөс хойш ажилдаа ирээгүй тул ажлаас чөлөөлөх тушаал гарсан болно.
Иймээс Ү.Лгийн ажилдаа эргүүлэн томилуулах, ажиллаагүй байх хугацааны цалин хөлсийг гаргах болон нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлт, нөхөн бичилтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй ба нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ү.Л нь “У*******” О*******-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл хугацаагаар гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
“У*******” О*******-ын дарга Б.Б*******ийн 2020 оны 9 сарын 2-ны өдрийн Б/296 тоот “У.Лг ажлаас чөлөөлөх тухай“ тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, 38 дугаар зүйлийн 38.1.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, “У*******” О*******-ын дүрмийн 2.10 дахь заалтыг үндэслэн Ү.Лг Үйл ажиллагаа, төлөвлөлтийн хэлтсийн Санхүүгийн шинжээч, эдийн засагчийн ажлаас 2020 оны 9 сарын 2-ны өдрөөс чөлөөлж хөдөлмөрийг гэрээг нь цуцлажээ.
/ХХ-ийн 8, 9-11, 79 дүгээр тал/
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заажээ.
Ү.Л нь түүнийг ажлаас чөлөөлсөн талаар 2020 оны 9 сарын 4-ний өдөр мэдсэн гэх ба 2020 оны 09 сарын 17-ны өдөр ажил хүлээлцсний дараа тушаалыг гардан авч, 2020 оны 10 сарын 1-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд тэрээр ажил олгогчийн санаачилгаар ажлаас халагдсан гэх гомдлыг шүүхэд гаргахдаа хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй байна.
/ХХ-ийн 2, 8 дугаар тал/
Хөдөлмөрийн тухай хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1-т “Ажилтныг ажилд авахдаа мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага, туршлага тухайн ажлыг гүйцэтгэхэд тохирох эсэхийг шалгах зорилгоор туршилтын хугацаа тогтоож болно”,
38 дугаар зүйлийн 38.1-т “Хөдөлмөрийн гэрээг дараах үндэслэлээр цуцална”, 38.1.2-т “ажил олгогч санаачилсан”,
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлд захирлын эд хөрөнгийн эрх, үүргийн талаар заасан ба мөн хуулийн 20.1.4-т “ үйлдвэрийн газрын захиргааны бүтцийг тогтоож, албан тушаалтныг томилох, чөлөөлөх, эрх бүхий байгууллагаас тогтоосон цалингийн бүдүүвч сангийн хэмжээнд багтаан цалинг тогтоох”,
“У*******” О*******-ын дүрмийн 2.10-т “Газрын дарга нь эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргана” гэж тус тус заажээ.
/ХХ-ийн 8, 79, 82 дугаар тал/
“У*******” О******* нь Ү.Лтэй 2020 5 сарын 13-ны өдөр 3 сарын туршилтын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан түүнийг тус газрын үйл ажиллагаа, төлөвлөлтийн хэлтсийн санхүүгийн шинжээч, эдийн засагчийн албан тушаалд ажиллуулахаар шийдвэрлэн мөн газрын даргын 2020 оны 5 сарын 14-ний өдрийн Б/144 тоот тушаалаар 2020 оны 5 сарын 13-ны өдрөөс 2020 оны 8 сарын 13-ны өдрийг хүртэл уг албан тушаалд ажиллуулахаар шийдвэрлэсэн байна.
/ХХ-ийн 4-7, 9, 13-15, 80 дугаар тал/
Ажил олгогч “У*******” О*******-ын ажилтан Ү.Лтэй байгуулсан 2020 оны 5 сарын 13-ны өдрийн 113 дугаар бүхий хөдөлмөрийн гэрээний 2.6-д “туршилтын хугацаа 3 сар байна”,
3.1-т “Гэрээний хугацаа 2020 оны сарын 13-ны өрөөс эхлэн 2020 оны 8 сарын 13-ны өдөр хүртэл байна. Гэрээний хугацаа сар байна”,
3.2-т “Талууд гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээг цуцлах талаар хэн нэгэндээ санал тавиагүй бол энэхүү гэрээний хугацааг нэг жилийн хугацаагаар сунгасанд тооцно” гэж тус тус заажээ.
Хариуцагч “У*******” О******* нь нэхэмжлэгч Ү.Лг ажлаас чөлөөлөх болсон үндэслэлээ туршилтын хугацаанд даалгасан ажил, үүргийг биелүүлж чадаагүй учраас уг албан тушаалд тэнцэхгүй үндэслэлээр чөлөөлсөн гэж тайлбарлалаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зохигчид хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй, мөн хуулийн 25 дугаар зүйлд нэхэмжлэлийн шаардлага болон татгалзлыг нотлох, түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргийг зохигчид хүлээх ёстой байхаар тус тус зохицуулсан ба үүний дагуу тухайн баримтуудыг шүүхэд ирүүлэх, хэрэв тухайн ажиллагааг шүүхээр гүйцэтгүүлэх шаардлагатай бол хүсэлт гаргах эрхтэй
Ажилтныг ажлаас халсан 2020 оны 9 сарын 2-ны өдрийн Б/296 тоот тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтныг ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч байх нь Хөдөлмөрийн тухай хуулинд нийцэх шаардлагатай.
Хариуцагч нь “У*******” О******* нь нэхэмжлэгч Ү.Лг туршилтын хугацаанд даалгасан ажил, үүргийг биелүүлж чадаагүй учраас уг албан тушаалд тэнцэхгүй үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн гэх боловч энэ нь баримтаар тогтоогдохгүй байна.
Ажилтан мэргэжил, ур чадварын хувьд тэнцэхгүй болсон гэж үзэж буй тохиолдолд ажилтаны энэ байдлын талаар салбарын эсхүл тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын дүгнэлт, шийдвэр гарсан байхыг ойлгодог.
Хариуцагч байгууллагын санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч нар 2020 оны 8 сарын 3-ны өдөр Ү.Лд өгөх үүрэг, даалгаврын биелэлт хангалтгүй гэж дүгнэсэн гэх боловч ямар үүрэг, даалгавар хэзээ хэрхэн өгч, үүний биелэлтийг хэрхэн шалгасан болох нь тодорхойгүй тул ажилтан мэргэжил, ур чадварын хувьд эрхэлсэн ажилдаа тэнцэхгүй болсон гэж үзэх боломжгүй.
/ХХ-ийн 113 дугаар тал/
Нэхэмжлэгч Ү.Лгийн ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.2-т “Талууд гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээг цуцлах талаар хэн нэгэндээ санал тавиагүй бол энэхүү гэрээний хугацааг нэг жилийн хугацаагаар сунгасанд тооцно” гэж заасан бөгөөд гэрээнд заасны дагуу Ү.Лгийн туршилтаар ажиллах хугацаа 2020 оны 8 сарын 13-ны өдөр дуусгавар болоход хэн аль нь гэрээ цуцлах талаар санал тавиагүй байна.
Иймд талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацааг нэг жилээр сунгагдсан гэж үзэх үндэслэлтэй ба хөдөлмөрийн гэрээ нэг жилээр сунгагдан уг хугацаандаа ажиллах явцад нь ажилтан Ү.Лг ажил олгогчийн санаачилгаар ажил, үүрэг биелүүлээгүй гэх үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн нь үндэслэлгүй.
/ХХ-ийн 94-113 дугаар тал/
Иймд нэхэмжлэгч Ү.Лг “У*******” О*******-ын Үйл ажиллагаа, төлөвлөлтийн хэлтсийн Санхүүгийн шинжээч, эдийн засагчийн ажилд эгүүлэн тогтоон ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзэв.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэжээ.
Ү.Лтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.5-д “Ажилтны сарын үндсэн цалин 900.000 төгрөг байна” гэж заасан бөгөөд Ү.Л 2020 оны 9 сарын 2-ны өдрөөс хойш 2020 оны 12 сарын 28-ны өдөр хүртэл хугацаанд 3.436.362 төгрөгийн цалин авах байсан байна.
900.000.төгрөг/1 сарын цалин/,
900.000 төгрөг/22 хоног=40.909 төгрөг /1 хоног/
Иймд хариуцагч “У*******” О*******-аас Ү.Лгийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 3.436.362 төгрөгийг нэхэмжлэгч Ү.Лд олгох үндэслэлтэй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 46.4-т зааснаар нэхэмжлэгч Ү.Лгийн болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг “У*******” О*******-ын дарга болон нягтлан бодогчид үүрэг болгох үндэслэлтэй.
Ажил олгогчийн тушаал нь хууль зүйн үндэслэлгүй гарсан хэдий ч ажилтныг ажилд эгүүлэн тогтоох үндэслэлийг бий болгож буй хууль зүйн факт болж байгаа бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр цаашид эрх зүйн үр дагавар үүсгэхгүй учир шүүх уг тушаалыг заавал хүчингүй болгох шаардлагагүй гэж үзлээ.
Нийслэлийн засаг даргын 2020 оны 6 сарын 26-ны өдрийн А/885 тоот захирамжаар “У*******” О*******-ын бүтэц, орон тоог өөрчлөн уг захирамжийн дагуу эдийн засагч мэргэжилтэн нь Санхүүгийн хэлтсийн харьяанд шилжсэн хэмээн хариуцагч “У*******” О*******-ын төлөөлөгч нь тайлбарлалаа.
Нэхэмжлэгч Ү.Лг ажил олгогчийн санаачилгаар тус газрын Үйл ажиллагаа, төлөвлөлтийн хэлтсийн Санхүүгийн шинжээч, эдийн засагчийн ажлаас чөлөөлөхөөс өмнө тухайн газрын бүтэц, орон тоонд өөрчлөлт оруулсан байх ба Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т зааснаар ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй.
/ХХ-ийн 26-31 дүгээр тал/
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ү Лг “У*******” О*******-ын Үйл ажиллагаа, төлөвлөлтийн хэлтсийн Санхүүгийн шинжээч, эдийн засагчийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар Ү.Лгийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 3.436.362 төгрөгийг хариуцагч “У*******” О*******-аас гаргуулан нэхэмжлэгч Ү.Лд олгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 46.4-т зааснаар нэхэмжлэгч Ү.Лгийн болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагч “У*******” О*******-ын дарга болон нягтлан бодогчид үүрэг болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлйин 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар дээрхи нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх бөгөөд хариуцагч “У*******” О*******-аас 69.931 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
5. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т зааснаар ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН