Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 101/ШШ2021/00113

 

 

 

 

 

 

 

 

 

    2021         01         11                                         101/ШШ2021/00113

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС        

         

    Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 14-р хороо, 14-р хороолол, Аман хуур хотхон, 33г байр, 00 тоотод оршин суух, Ц.Хын /РД: 0000/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 8-р хороо, 4-р байр X апартмент В блок, 00 тоот хаягт оршин суух, Д.Гд /РД: 0000/ холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 9.800.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Х,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.Хандсүрэн,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Өсөхжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Ц.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ц.Х миний бие Д.Гтай харилцан тохиролцож түүнд 2020 оны 3 сарын 23-ны өдөр 25.000.000 төгрөг, 2020 оны 4 сарын 13-ны өдөр 25.000.000 төгрөг, нийт 50.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлсэн.

Уг 50.000.000 төгрөгийг түүний Хаан банк дахь хххххххх тоот данс руу нь өөрийнхөө мөн банк дахь данснаас шилжүүлсэн. Мөн охин М.Шүрэнцэцэгийн Хаан банк дахь хххххххххх тоот данснаас 2020 оны 4 сарын 13-ны өдөр 4.500.000 төгрөгийг түүний дээрх данс руу шилжүүлсэн.

Д.Гтай амаар тохиролцон түүнд мөнгөө шилжүүлсэн ба учир нь бид өмнө нь мөнгө өгч, авалцаж байсан.

Тохирсон хугацаа болмогц Д.Г үндсэн зээл 50.000.000 төгрөг, зээлийн хүү 2.500.000 төгрөг, нийт 52.500.000 төгрөг өгөхөөс 33.150.000 төгрөг өгсөн.

Хариуцагч Д.Г үлдсэн 19.350.000 төгрөгийг 2020 оны 5 сарын 30-ны өдөр төлж дуусгана гэж амлалт бичиж өгсөн боловч амласан хугацаандаа бүрэн гүйцэд төлөөгүй, 9.550.000 төгрөг төлсөн, үлдэх 9.800.000 төгрөгийг өнөөг хүртэл хугацаанд төлөөгүй байна.

Үлдэгдэл төлбөр 9.800.000 төгрөгөө түүнээс нэхэхэд утсаа авахгүй, уулзахаас зайлсхийж, гэрт нь очиход байхгүй байх зэргээр арга саам хийж байна. Д.Ггийн оршин суух хаягийг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага олж тогтоосон.

Иймд Д.Ггаас үлдэгдэл 9.800.000 төгрөгийг минь гаргуулж өгнө үү гэв.

 

            Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад                                                                                      

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Ц.Х нь хариуцагч Д.Гд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9.800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

             

Нэхэмжлэгч Ц.Х нь хариуцагч Д.Гд 2020 оны 3 сарын 23-ны өдөр 25.000.000 төгрөг, 2020 оны 4 сарын 13-ны өдөр 25.000.000 төгрөг, нийт 50.000.000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлдүүлэн, Д.Г түүнд нийт 52.500.000 төгрөг төлөхөөс 33.150.000 төгрөгийг төлсөн, үлдэх 19.350.000 төгрөгийг 2020 оны 5 сарын 30-ны дотор төлж дуусгана хэмээн баримт үйлдсэн талаар нэхэмжлэгч Ц.Х тайлбарлан нэхэмжлэл гаргажээ.

/ХХ-ийн 8-9 дүгээр тал/

 

    Хариуцагч Д.Г нь нэхэмжлэгч Ц.Хаас 50.000.000 төгрөг зээлсэн талаараа баримт үйлдэн гарын үсгээ зуран баталгаажуулан, уг мөнгөний үлдэгдэл болох 19.350.000 төгрөгийг 2020 оны 5 сарын 9-30-ны өдрийн хооронд сарын 5 хувийн хүүтэй төлөхөөр хүлээн зөвшөөрч тайлбараа гаргасан байна.

   Хариуцагч Д.Г 2020 оны 5 сарын 30-ны өдрийн дотор төлж дуусгахаар хүлээн зөвшөөрсөн 19.350.000 төгрөгөөс 9.550.000 төгрөгийг төлсөн нь зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч Ц.Хын тайлбараар тогтоогдсон ба тэрээр уг хугацаанд дээрх 19.350.000 төгрөгт хүү тооцоогүй гэж тайлбарласан болно.

   /ХХ-ийн 10 дугаар тал/

 

Зээлийн гэрээний үндсэн шинж нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр тодорхойлогдох бөгөөд хариуцагч Д.Г 50.000.000 төгрөгийг хүлээн авсан нь зохигчийн тайлбар болон түүний мөнгө төлөхөө хүлээн зөвшөөрч үйлдсэн баримтаар тогтоогдож байх тул талуудын хооронд зээлийн харилцаа үүссэн гэж үзлээ.

 

Талууд зээлийн гэрээний харилцаанд орж байгаа бол Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцох ба зээлийн гэрээний үүрэг зээлдэгчид шилжсэн эсэх нь гэрээний хэлбэрээс бус, харин гэрээний зүйл зээлдэгчийн өмчлөлд шилжсэн эсэхээс хамаардаг.

 

            Хариуцагч Д.Г нь дээр дурсан өнгөрсөн хугацаанд зээлсэн 50.000.000 төгрөг, түүний сарын хүү 2.500.000 төгрөг, нийт 52.500.000 төгрөгөөс 42.700.000 төгрөгийг нь /33.150.000+9.550.000/ төлсөн, одоо үлдэх 9.800.000 төгрөгөө гаргуулна гэж нэхэмжлэгч Ц.Х маргасныг зээлдэгч буюу хариуцагч Д.Г эсэргүүцээгүй, мөн үүнтэй холбоотой ямар нэг тайлбар бичгээр гаргаагүй байна.

 

Зээлдэгч буюу хариуцагч Д.Г нь зээлдүүлэгч Ц.Хтай 2020 оны 3 сарын 23, 4 сарын 13-ны өдрүүдэд тус тус тохирч хүлээн авсан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 50.000.000 төгрөг, зээлийн хүү 2.500.000 төгрөг, нийт 52.500.000 төгрөг төлөхөөс 42.700.000 төгрөгийг нь зээлдүүлэгчид буцаан өгсөн бөгөөд үлдэх хэсэг 9.800.000 төгрөгийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй тул зээлдүүлэгч Ц.Х түүнээс зээлээ буцаан шаардсан нь үндэслэлтэй.

 

           Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан хариуцагч Д.Ггаас 9.800.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Хд олгох нь зүйтэй.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүрэгтэй.

Хариуцагч Д.Гд нэхэмжлэлийн хувийг 2020 оны 10 сарын 23-ны өдөр гардуулсан боловч тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг ирүүлэх үүргээ биелүүлээгүй, хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцон хэргийг шийдвэрлэсэн болно.

/ХХ-ийн тал/

 

Хариуцагч Д.Гд шүүх хуралдааны товыг хуралдаан болохоос 5 хоногийн өмнө мэдэгдсэн бөгөөд тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй ба нэхэмжлэгч нь түүний эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д заасныг үндэслэн хариуцагч Д.Ггийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдлаа.

 

Зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч Ц.Х нь зээлдэгч Д.Гг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргасан ба тус шүүхийн 2020 оны 8 сарын 27-ны өдрийн 2961 дугаар шийдвэрээр Д Гг эрэн сурвалжлан түүний оршин суух хаягийг олж тогтоохыг цагдаагийн байгууллагад даалгасны дагуу Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 3-р хэлтэс түүнийг “... Баянзүрх дүүрэг, 8-р хороо, 4-р байр Х-апартмент В блок, 13 тоот хаяг оршин сууж байгаа”-г тогтоон үүнийгээ тус шүүхэд мэдэгджээ.

/ХХ-ийн 4-6 дугаар тал/

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон     

            ТОГТООХ нь:

                                                                                             

            1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан хариуцагч Д.Ггаас 9.800.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Хд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Хын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 171.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Ггаас 171.750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Хд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Н.САРАНГҮН