| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2020/03299/И |
| Дугаар | 101/ШШ2021/00256 |
| Огноо | 2021-01-25 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 101/ШШ2021/00256
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, шүүгчид Б.Мандалбаяр, Б.Цолмонгэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 51-00 тоот хаягт оршин суух, С******* овогт /РД: 0000/
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 72 АОС 60 дугаар байр, ДЦ ХХК/РД: 0000/ нарын нэхэмжлэлтэй,
Хохирол 194.414.832 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ү.С, “ДЦ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор П.М*******,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Цагдаагийн ерөнхий газрын хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.О*******,
Иргэдийн төлөөлөгч С.Э*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Өсөхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ү.С болон “ДЦ” ХХК-ийн захирал Ү.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ү.С 2015 оны 09 сараас 11 сарын 09-ний хооронд өөрийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 16-р хороо, 72 дугаар хотхонд байрлах газар дээр иргэн Б.Ж******* 178.000.000 төгрөгийн барилгын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, 3 давхар барилга бариулах ажлыг гүйцэтгүүлсэн боловч мөнгийг буцаан төлөлгүй, 148.495.545 төгрөгийн хохирол учруулсан буюу уг барилгын ажлын дахин өөр этгээдээр бариулан ашиглалтад оруулж, Б.Жгийн хөрөнгө оруулалт хийсэн мөнгийг төлөлгүй залилсан гэх гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн.
Ингээд Ү.Сг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 сарын 30-ны өдрийн ******* дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 сарын 17-ны өдрийн ******* дүгээр магадлалаар Эрүүгийн хуулийн /2015 он/ 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар бусдыг хуурч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 3 жил хорих ял шийтгэж, давж заалдах, хяналтын шатны шүүхэд хэргийг хэлэлцэх хүртэл түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан.
“ДЦ” ХХК-ийн захирал иргэн Ү.С нь 2019 оны 07 сарын 30-ны өдрөөс 2019 оны 12 сарын 13-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон.
Монгол Улсын Дээд шүүхийн 2019 оны 12 сарын 13-ны өдрийн дугаар тогтоолоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчүй болгож, гэмт хэргийн шинжгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар Ү.Сд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн.
Ү.С нь хоригдохоос өмнө “ДЦ” ХХК-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан бөгөөд цагдаагийн байгууллагад 2015 оноос шалгагдаж сэтгэл, санаа болон эд хөрөнгө, хуулийн этгээдийн үйл ажиллагаа тасалдах зэргээр олон зүйлээр хохирч дараах эдийн болон эдийн бус хохирлыг нэхэмжилж байна.
Үүнд:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан хууль зүйн туслалцаа авч нэр бүхий өмгөөлөгчид төлсөн мөнгийг гаргуулах ба өмгөөлөгч Р.Отэй 2019 оны 07 сарын 21-ний өдөр өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан төлбөрт нь 5.000.000 төгрөг, өмгөөлөгч Т.Уд 6.000.000 төгрөг, өмгөөлөгч Ч.Э 10.000.000 төгрөг тус тус төлсөн ба өмгөөллийн хөлсөнд төлсөн нийт 21.000.000 төгрөгийг гаргуулах.
2. “ДЦ” ХХК-ийн үйл ажиллагаанд ашиглах, өргөтгөлийн барилгад хөрөнгө оруулах зэргээр “К капитал” ББСБ-тай 2018 оны 06 сарын 25-ны өдөр НС-103 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 30.000.000 төгрөгийн гэрээ байгуулж, барьцаанд нь өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 14-р хороо, 14-р хороолол, 51 байр, 59 тоотод байрлах 42.8 м.кв байрыг барьцаалсан байсан.
Зээлдүүлэгч талтай харилцан тохиролцож зээлийн гэрээний хуваарьт өөрчлөлт оруулж 2019 оны 07 сард зээлээ төлөхөөр тохиролцсон боловч Ү.С цагдан хоригдож зээлийг төлөх боломжгүй нөхцөл үүсч барьцаанд байсан байрыг 2020 оны 02 сарын 05-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулан иргэн Б.У******* 10.000.000 төгрөгөөр худалдан борлуулж зээлийн төлбөрийг төлж дуусгасан.
Баянзүрх дүүргийн 14-р хороо, 14-р хороолол, 51 байр, 59 тоотод байрлах 42.8 м.кв талбай бүхий байрны зах зээлийн ханш нь хөрөнгийн үнэлгээний “С ” ХХК-ийн 2020 оны 05 сарын 08-ны өдрийн тоот үнэлгээгээр 64.638.000 төгрөг ба зөрүү 54.638.000 төгрөгийг мөн нэхэмжилж байна.
3. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн үндэсний хорооны тогтоолоор 2019 оны 01 сарын 01-ний өдрөөс 2020 оны 01 сарын 01-ний өдрийн хооронд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320.000 төгрөг байсан. Ү.С нь 2019 оны 07 сарын 30-ны өдрөөс 12 сарын 13-ны өдрийг хүртэл 136 хоног цагдан хоригдсон бөгөөд 320.000 төгрөг/136 хоног, 1 хоногийн цалин 14.883 төгрөг, 136 хоногийн цалин 2.024.186 төгрөгийг мөн нэхэмжилнэ.
4. Ү.С эрүүгийн хэрэгт үндэслэлгүй татагдаж, улмаар шүүхээр шийтгүүлснээс болж сэтгэл санааны маш хүнд хохирол амсаж, компанийнх нь нэр хүндэд сэв сууж харилцагч байгууллага, иргэдтэй хамтран ажиллахад хүндрэлтэй болсон. Мөн цагдан хоригдсоноос болж компанийнх нь бизнесийн үйл ажиллагаа тухайн хугацаанд бүрэн зогссон.
Иймд нэр төр, алдар хүнд гутаасан болон сэтгэл санааны хохиролд Ү.С 5.000.000 төгрөг, ДЦ ХХК10.000.000 төгрөг, нийт 15.000.000 төгрөгийг нэхэмжилж байгаа.
5. Ү.С нь “ДЦ” ХХК-ийн цорын ганц үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал бөгөөд өөрийн цэцэрлэгийн өргөтгөлийг барьж 240 хүүхдийн хүчин чадал бүхий байрыг барихаар Төрийн банкнаас 2019 оны 05 сард 12/19-69 тоот зээлийн гэрээ байгуулан 746.000.000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 20.4 хувийн хүүтэй зээлсэн.
Анхан шатны шүүхийн шийдвэр гарч цагдан хоригдсон ба 2019 оны 8 сарын 15-ны өдөр төлөх дүн 12.098.561 төгрөг,
2019 оны 9 сарын 15-ны өдөр төлөх дүн 20.539.827 төгрөг,
2019 оны 10 сарын 15-ны өдөр төлөх дүн 20.539.827 төгрөг,
2019 оны 11 сарын 15-ны өдөр төлөх дүн: 20.539.827 төгрөг,
2019 оны 12 сарын 15-ны өдөр төлөх дүн: 20.539.827 төгрөг, нийт 101.752. төгрөгийн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх байсан.
Зээлийг хуваарийн дагуу төлсөн бол 2019 оны 12 сарын 13-ны өдөр 713.909.960 төгрөгийн үлдэгдэлтэй байх байсан ба одоо 815.661. төгрөг бөгөөд зөрүү 101.752. төгрөгийг мөн нэхэмжилж байна.
Иймд нэхэмжлэгч Ү.Сд өмгөөлөгчийн зардалд төлсөн 21.000.000 төгрөг, цалин хөлс 2.024.186 төгрөг, нэр төр гутаасан болон сэтгэл санааны хохиролд 5.000.0000 төгрөг, нийт 28.024.186 төгрөгийг, нэхэмжлэгч “ДЦ” ХХК-д байрны зөрүү үнэ 54.638.000 төгрөг, компанийн нэр хүнд гутаасан хохиролд 10.000.000 төгрөг, зээлийн зөрүү 101.752. төгрөг, нийт 166.390. төгрөгийг Засгийн газрын тусгай сангаас тус тус гаргуулж өгнө үү гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Цагдаагийн ерөнхий газрын хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.О******* шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Засгийн газрын тусгай сангаас гэм хорын хохиролд учирсан 194.414.832 төгрөг гаргуулах тухай Ү.Сгийн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна.
Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т “Засгийн газрын тусгай сан гэж Засгийн газрын тодорхой чиг үүрэг, зорилтыг санхүүжүүлэх зориулалттай төсвийн тусгай дансыг” хэлнэ гэж заасан бөгөөд мөн хуулийн 5,6 дугаар зүйлд тусгай сангийн төрөл, мөн сангийн зарцуулалтын талаар хуульчилсан бөгөөд эрүүгийн хэрэгт шалгагдсаны улмаас учирсан гэм хорын хохирлыг тус сангаас гаргах талаар заагаагүй байна.
Иймд эрүүгийн хэрэгт шалгагдсан гэм хорын хохирлыг шүүх Засгийн газрын тусгай сангаас гаргуулахаар шийдвэрлэх тохиолдолд мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т заасантай нийцэхгүй байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан “К капитал” ББСБ-аас 2018 оны 6 сард НС-103 тоот гэрээ байгуулан зээлсэн 30.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан 64.638.000 төгрөгийн үнэлгээ бүхий орон сууцыг 10.000.000 төгрөгөөр худалдсаны зөрүү 54.638.000 төгрөг, Төрийн банкнаас 2019 оны 5 сард 12/19-69 тоот гэрээ байгуулан авсан 746.000.000 төгрөгийн зээлийн эргэн төлөлтийн 101.752. төгрөгийг нэхэмжилж буй нь үндэслэлгүй бөгөөд энэ нь эрүүгийн хэрэгт хууль бусаар шалгагдсаны улмаас учирсан хохирол нөхөн төлүүлэх үндэслэлд хамаарахааргүй байна.
Түүнчлэн өмгөөллийн хөлс төлсөн гэх үйл баримт нь хэрэгт авагдсан материалаар хангалттай нотлогдохгүй байх бөгөөд сэтгэл санааны хохирлын нэхэмжлэлийн шаардлагын тухайд өөрийн болон хуулийн этгээдийн нэрийн өмнөөс нэхэмжилж буй 15.000.000 төгрөгийг чухам юунд үндэслэн гаргаж буй нь тодорхойгүй байна.
Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т “Гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заажээ. Иймд нэхэмжлэгч Ү.С, “ДЦ” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор П.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Ү.С, “ДЦ” ХХК-ийн Засгийн газрын тусгай сангаас нийт 194.414.832 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.
Нэр бүхий өмгөөлөгч нарт өмгөөллийн хөлс гэж 21.000.000 төгрөг өгсөн гэх боловч энэ нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. “К ” ББСБ-ын зээлтэй холбоотой өөрийн өмчлөлийн орон сууцаа 10.000.000 төгрөгөөр бусдад худалдсан нь Ү.Сгийн цагдан хоригдсон байдалтай хамаагүй.
Мөн түүнчлэн сэтгэл санааны хохиролд Ү.С болон ДЦ ХХКнь нийт 15.000.000 төгрөг нэхэмжилж байх ч нотлох баримтгүй байна.
Төрийн банктай зээлийн гэрээ байгуулан 2019 оны 5 сард зээлсэн гэх 746.000.000 төгрөгийн зээлийн гэрээний харилцаа одо*******р дуусгавар болоогүй байгаа ба зээлийн гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой зээлдүүлэгчээс шүүхэд хандсан зөрчилгүй байна.
Ү.Сг эрүүгийн хэрэгт шалгах ажиллагаанууд хуульд заасны дагуу явагдсан учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ү.С болон ДЦ ХХКнь Засгийн газрын тусгай сангаас хохиролд 194.414.832 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Ү.С нь 2015 оны 9 сараас 11 сарын 9-ний хооронд Баянзүрх дүүргийн 16-р хороо, 72-р хотхонд байрлах өөрийн эзэмшлийн газар дээр Б.Ж******* 178.000.000 төгрөгийн барилгын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан 3 давхар барилга бариулах ажил гүйцэтгүүлсэн боловч мөнгийг буцаан төлөлгүй, 148.495.545 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдсон байна.
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 сарын 30-ны өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолоор Ү.Сг бусдыг хуурч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2-т зааснаар Ү.Сд 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэн, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэн,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар Ү.Сгаас 83.995.545 төгрөг гаргуулж хохирогч Б.Жд олгожээ.
Дээрхи шийдвэрт шүүгдэгч Ү.С, түүний өмгөөлөгч Р.О, Т.У нар давж заалдах гомдол гарган Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 сарын 17-ны өдрийн 94 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээн шийдвэрлэсэн байна.
Анхан шатны шүүхийн шийдвэр болон магадлалд шүүгдэгч Ү.С, түүний өмгөөлөгч Т.У, Р.О, Л.Д нар хяналтын журмаар гомдол гаргасан бөгөөд Улсын дээд шүүхийн 2019 оны 12 сарын 13-ны өдрийн дугаартай тогтоолоор шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр Ү.Сд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгажээ.
/ХХ-ийн 5-19, 73-82, 91-103 дугаар тал
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1-т “Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээд нь мөрдөгч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санааны үр дагаврыг арилгуулах болон тэтгэвэр, тэтгэмж авах, орон сууц эзэмших болон бусад эрхээ нөхөн сэргээлгэх эрхтэй”,
45.2 дугаар зүйлийн 1-т “Хүнийг хууль бусаар ял шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсон, тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн, эмнэлгийн байгууллагад байлгасан, албадан эмчлэх арга хэмжээ хэрэглэсэн, эрүүдэн шүүсний улмаас учирсан хохирлыг мөрдөгч, прокурор, шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгана”,
45.2 дугаар зүйлийн 2.2-т “Тухайн хүнийг цагаатгасан шүүхийн шийдвэр гарсан” бол хохирол нөхөн төлүүлэх эрх үүснэ”,
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-т “Хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг мөрдөгч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгана” гэж тус тус заасан байна.
Нэхэмжлэгч Ү.С нь:
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хууль зүйн туслалцаа авч өмгөөлөгч Р.От 5.000.000 төгрөг, өмгөөлөгч Т.Уд 6.000.000 төгрөг, өмгөөлөгч Ч.Э 10.000.000 төгрөг, нийт 21.000.000 төгрөг,
-2019 оны 07 сарын 30-ны өдрөөс 12 сарын 13-ны өдрийг хүртэл 136 хоног цагдан хоригдсон, уг хугацааны цалин 2.024.186 төгрөг,
-Эрүүгийн хэрэгт үндэслэлгүй татагдан шүүхээр шийтгүүлснээс үүдсэн сэтгэл санааны хохирол 5.000.000 төгрөг,
-Цэцэрлэгийн өргөтгөлийн барилгад хөрөнгө оруулахаар “К капитал” ББСБ-тай 2018 оны 6 сарын 25-ны өдөр зээл, барьцааны гэрээ байгуулан 30.000.000 төгрөг зээлэн Ү.Сгийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 14-р хороо, 14-р хороолол, 51 байр, 59 тоотын 42.8 м.кв байрыг барьцаалсан ба зээлээ төлөхөөр 2020 оны 02 сарын 05-ны өдөр Б.У******* 10.000.000 төгрөгөөр худалдсан.
Уг байр 2020 оны 05 сарын 08-ны байдлаар 64.638.000 төгрөгөөр үнэлэгдсэн бөгөөд зөрүү 54.638.000 төгрөг,
/65.638.000-10.000.000=54.638.000/
-Төрийн банкнаас 2019 оны 05 сард 746.000.000 төгрөг 60 сарын хугацаатай, жилийн 20.4 хувийн хүүтэй зээлсэн, 2019 оны 7 сарын 30-ны өдрөөс Ү.С цагдан хоригдсон ба зээлийг хуваарийн дагуу төлсөн бол 2019 оны 12 сарын 13-ны байдлаар үлдэгдэл 713.909.960 төгрөг байх байсан ба одоо 815.661. төгрөг байгаа.
Зөрүү 101.752. төгрөг,
-Цэцэрлэгийн үүсгэн байгуулагч Ү.С эрүүгийн хэрэгт үндэслэлгүй татагдаж шүүхээр шийтгүүлснээс компанийнх нь нэр хүндэд нөлөөлөн бусадтай хамтран ажиллахад хүндрэлтэй болсон тул хуулийн этгээдийн нэр төр гутаасан хохиролд 10.000.000 төгрөг,
ДЦ ХХК54.638.000+101.752.+10.000.000=166.390. төгрөг,
“ДЦ” ХХК-ийн гүйцэтгэх захирал иргэн Ү.С 21.000.000+2.024.186+5.000.000=28.024.186 төгрөг,
Бүгд 194.414.832 төгрөгийг нэхэмжилж байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т “Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэж заасан бөгөөд нотлогдоогүй бол гэм буруугүйд тооцогдох зарчмын агуулгаар эрүүгийн гэмт хэрэгт шалгах эрх бүхий байгууллагын хууль ёсны ажиллагаа явагдсан хэдий ч эцэст нь тухайн этгээд гэм буруутай болох нь тогтоогдоогүй нөхцөлд дээрх ажиллагааны эрх зүйн үр дагаврыг төр хариуцах үүрэгтэй болдог.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн /2002 он/ 388 дугаар зүйлийн 388.1-т болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2017 он/ 45.1 дүгээр зүйлийн 1-т хууль зөрчсөн ажиллагааны эрх зүйн үр дагаврын талаар заасан ба энэхүү ажиллагаанд холбогдох албан тушаалтны хууль бус үйлдэл бүхий ажиллагаа хамаарахаас гадна яллагдагч гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон, эсхүл ял шийтгүүлсэн этгээдийг цагаатгасан бол хуулийн дагуу явагдсан ажиллагаа ч хамаарна.
Учир нь нотлогдоогүй бол гэм буруугүйд тооцогдох эрх зүйн презумпци нь иргэн бүрийг эрхийн үндэслэлгүй хязгаарлалтаас хамгаалах зарчим бөгөөд төрөөс эрх олгогдсон тусгай албан тушаалтан, байгууллага эрүүгийн гэмт хэрэгт сэжиглэгдэж буй этгээдийг хуулийн дагуу шалгах, хуульд заасан эрхийн хязгаарлалтыг хэрэгжүүлэх бүрэн эрхтэй хэдий ч зохих журмын дагуу явуулсан ажиллагааны үр дүнд тухайн этгээдийн гэм буруу нотлогдоогүй тохиолдолд дээрх эрхийн хязгаарлалт хууль бусад тооцогдох бөгөөд улмаар үүнээс үүсэх үр дагаврыг хуульд хууль бус ажиллагаанд хамааруулан авч үздэг.
Нэхэмжлэгч Ү.С нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хууль зүйн туслалцаа авч өмгөөлөгч Р.От 5.000.000 төгрөг, өмгөөлөгч Т.Уд 6.000.000 төгрөг, өмгөөлөгч Ч.Э 10.000.000 төгрөг, нийт 21.000.000 төгрөг төлсөн хэмээн уг мөнгөө нэхэмжилжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд болон эрүүгийн хэргийг шүүх шийдвэрлэх явцад дээр дурдсан өмгөөлөгч Р.О, Т.У, Ч.Энхтүвшин нар Ү.Сгийн буюу үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан эрх зүйн туслалцаа үзүүлж байсан нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүд, тэдгээрийн ажиллагаануудад гаргаж байсан хүсэлтүүд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явц дахь эрх бүхий байгууллагын явуулсан ажиллагааны баримтууд болон хэрэг авагдсан бусад бичгийн баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Үйлчлүүлэгч Ү.С нь өмгөөлөгч Р.От 2019 оны 7 сарын 21-ний өдөр 5.000.000 төгрөг, 2019 оны 8 сарын 14-ний өдөр өмгөөлөгч Т.Уд 6.000.000 төгрөг, өмгөөлөгч Ч.Э 10.000.000 төгрөг тус тус хүлээлгэн өгсөн нь мөнгө хүлээлгэн өгсөн баримтуудаар тус тус тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 1.6-д заасны дагуу цагаатгагдсан этгээд болох Ү.С нь хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлсөө нэхэмжлэх эрхтэй.
Өмгөөлөгч Ч.Энхтүвшинтэй байгуулсан гэрээ хуулийн шаардлага хангаагүй гэж гуравдагч этгээдүүд маргаж байх боловч өмгөөлөгч Ч.Энхтүвшин эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ү.Сд эрх зүйн туслалцаа үзүүлж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, тэрээр мөнгийг 1691 дугаартай бэлэн мөнгөний орлогын баримт үйлдэн хүлээн авсан тул уг мөнгийг гаргуулах үндэслэлтэй гэж үзсэн болно.
/ХХ-ийн 2, 3, 5-22, 25-27, 37-44, 47-52, 55-65, 64-122, 125, 166, 171-173 дугаар тал/
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2018 оны 8 сарын 19-ний өдрийн 05 дугаар тогтоолоор “Улсын хэмжээнд мөрдөгдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэг цагт 1904 төгрөг 76 мөнгө буюу сард 320.000 төгрөг байхаар шинэчлэн тогтоосон ба Ү.С нь 2019 оны 7 сарын 30-ны өдрөөс 12 сарын 13-ны өдрийг хүртэл нийт 136 хоног цагдан хоригдсон байх тул уг хугацааны буюу 4 сар, 13 хоногийн цалин хөлсийг гаргуулах нь зүйтэй.
/ХХ-ийн 224-227, 213-238 дугаар тал/
136 хоног /30 хоног=4 сар,13 хоног
4 сар*320.000 төгрөг=1.280.000 төгрөг
320.000 төгрөг/30 хоног=10.666 төгрөг /1 өдөр/
13 хоног*10.666 төгрөг=138.658 төгрөг.
1.280.000+138.658=1.418.658 төгрөг.
Ү.С эрүүгийн хэрэгт үндэслэлгүй татагдан улмаар шүүхээр шийтгүүлснээс сэтгэл санааны маш хүнд хохирол амсаж, компанийн нэр хүндэд сэв сууж харилцагч байгууллага, иргэдтэй хамтран ажиллахад хүндрэлтэй болсон, цагдан хоригдсоноос болж компанийн үйл ажиллагаа тухайн хугацаанд бүрэн зогссон тул нэр төр, алдар хүнд гутаасан болон сэтгэл санааны хохиролд Ү.С 5.000.000 төгрөг, ДЦ ХХК10.000.000 төгрөг, нийт 15.000.000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1-т “Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ”,
230 дугаар зүйлийн 230.1-т “Эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй”,
230.2-т “Гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэх хорыг мөнгөөр нөхөн төлнө”,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.4 дүгээр зүйлийн 1-т “.Эд хөрөнгийн бус хохирол, сэтгэл санаанд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гаргана” гэж тус тус заасан ба иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар эдийн бус гэм хорыг шийдвэрлэхэд шүүх Иргэний хуулийн зохицуулалтыг баримтлана.
Эд хөрөнгийн бус хохирлын хэмжээг хэргийн нөхцөл байдлыг харгалзан Иргэний хуульд заасан журмаар тодорхойлно гэдэг нь тухайн иргэний холбогдсон эрүүгийн хэргийн ангилал, хэрэгт шалгагдсан болон хоригдсон хугацаа, прокурорын яллах дүгнэлт, шүүхийн шийтгэх тогтоолын агуулга, сонсгосон болон оногдуулсан ялын хэмжээ, хэрэгт шалгагдах болон ял эдлэх хугацаанд бие махбодид учирсан гэмтэл, олсон өвчин эмгэг, хэргийн болон тухайн иргэний талаар олон нийтэд түгсэн мэдээллийн цар хүрээ зэргийн харгалзан Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийг төсөөтэй хэрэглэн нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд мөнгөөр тодорхойлохыг хэлдэг.
Сэтгэл санаанд учирсан гэм хор болон нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гутаагдсанаас учирсан гэм хор нь эдийн бус гэх төрөлд хамаарах боловч агуулга, хэлбэрийн хувьд ялгаатайгаас гадна нэхэмжлэгч тал дээрхи хохирлыг хэрхэн яаж тооцон иргэний хохиролд 5.000.000 төгрөг, хуулийн этгээдийн хохиролд 10.000.000 төгрөг хэмээн тус тус тодорхойлсон нь тодорхойгүй, хохирол тодорхойлохтой холбоотой дээр дурдсан баримтуудыг ирүүлээгүйгээс гадна шүүхийн шийдвэрийг Монгол Улсын шүүхийн шийдвэрийн цахим сан Шүүх.мн-д байршуулсан нь тухайн хэргийн талаар болон иргэний талаар олон нийтэд мэдээлэл түгээсэн гэж үзэх үндэслэл болохгүй.
Нэхэмжлэгч ДЦ ХХКнь цэцэрлэгийн өргөтгөлийн барилгад хөрөнгө оруулахаар “К капитал” ББСБ-тай 2018 оны 6 сарын 25-ны өдөр зээл, барьцааны гэрээ байгуулан 30.000.000 төгрөг зээлэн Ү.Сгийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 14-р хороо, 14-р хороолол, 51 байр, 59 тоотын 42.8 м.кв байрыг барьцаалсан ба зээлээ төлөхөөр 2020 оны 02 сарын 05-ны өдөр Б.У******* 10.000.000 төгрөгөөр худалдсан бөгөөд уг байр 2020 оны 05 сарын 08-ны байдлаар 64.638.000 төгрөгөөр үнэлэгдсэн тул зөрүү 54.638.000 төгрөгийг,
мөн тус компани Төрийн банктай 2019 оны 05 сард зээлийн гэрээ байгуулан 746.000.000 төгрөг 60 сарын хугацаатай, жилийн 20.4 хувийн хүүтэй зээлсэн, захирал Ү.С 2019 оны 7 сарын 30-ны өдрөөс цагдан хоригдон зээлийг хуваарийн дагуу төлөх боломжгүй болсон ба хуваарийн дагуу төлсөн бол 2019 оны 12 сарын 13-ны байдлаар зээлийн үлдэгдэл 713.909.960 төгрөг байх байсан ба одоо 815.661. төгрөг байгаа тул зөрүү 101.752. төгрөг тус тус нэхэмжилж байна.
“ДЦ” ХХК-ийн захирал ажилтай иргэн Ү.С цагдан хоригдсон нь тухайн хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоох үндэслэл болохгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ шаардлагыг нотолж буй үндэслэлээ баримтаар нотлох үүрэгтэй ба дээр дурдсан байдал баримтаар тогтоогдохгүй байх тул байрны үнийн зөрүү 54.638.000 төгрөг, банкны зээлийн зөрүү 101.752. төгрөгийг тус тус гаргуулах үндэслэлгүй болно.
Иймд Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 498 дугаар зүйлийн 498.4-т зааснаар Засгийн газрын тусгай сангаас /нөөц сан/ 22.418.658 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ү.Сд олгож, нэхэмжлэгч Ү.Сгийн нэхэмжлэлийн шаардлагаас 5.605.528 төгрөгт холбогдох хэсгийг болон “ДЦ” ХХК-ийн 166.390. төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь
1. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 498 дугаар зүйлийн 498.4-т зааснаар Засгийн газрын тусгай сангаас /нөөц сан/ 22.418.658 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ү.Сд олгож, нэхэмжлэгч Ү.Сгийн нэхэмжлэлийн шаардлагаас 5.605.528 төгрөгт холбогдох хэсгийг болон “ДЦ” ХХК-ийн 166.390. төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.9-т зааснаар нэхэмжлэгч Ү.С, ДЦ ХХКнар нь улсын тэмдэгийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН
ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР
Б.ЦОЛМОНГЭРЭЛ