Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 2017/ШЦТ/52

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн даргаар Б.Оюунчимэг

Улсын яллагч Ц.Мөнхжаргал

Шүүгдэгч Э.Д******* нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Энхтайваны Д*******д холбогдох Эрүүгийн 201622000674 тоот хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн,

Шүүгдэгч Э.Д******* нь 2016 оны 10 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 2 дугаар багийн нутаг Шивэртийн даваа гэх газраас иргэн В.Түмэнбаярын 1 тооны морийг хулгайлж 550.000 төгрөгийн хохирол учруулсан, 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 2 дугаар багийн нутаг Шивэртийн зүүн салаа гэх газраас иргэн Г.З*******ын 1 тооны морийг хулгайлж 550.000 төгрөгийн хохирол, нийт 1.100.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ :

Шүүгдэгч Э.Д******* нь 2016 оны 10 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 2 дугаар багийн нутаг Шивэртийн даваа гэх газраас иргэн В.Түмэнбаярын 1 тооны морийг хулгайлж 550.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 10 дугаар сарын 28-нй өдөр Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 2 дугаар багийн нутаг Шивэртийн зүүн салаа гэх газраас иргэн Г.З*******ын 1 тооны морийг хулгайлж 550.000 төгрөгийн хохирол, нийт 1.100.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Хохирогч Г.З*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Манай аавынх Шинэ-Идэр сумын 2 дугаар багийн нутаг Шивэртийн зүүн салааны аманд намаржиж байсан юм. 2016 оны 10 дугаар сарын 01-ний үед миний бор хээр зүсмийн морь барьж авсан малдаа явж байгаа гэж аав надад ярьж байсан юм. 2016 оны 10 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө миний бор хээр морийг аргамжаанаасаа алдсан талаар аав утсаар хэлсэн юм. Алдсан өдрөөс хойш нэг өдөржингөө бүтэн эрээд олоогүй юм. Тэгээд Мөрөн явах зам дагуу айлуудаар утсаар сурсан чинь аймаг явах замд нэг морь хөтөлчихсөн, нэг хээр морь уначихсан хүн явж байгаа талаар мэдээлэл аваад уг мэдээллийн талаар цагдаагийн байгууллагад мэдэгдсэн юм. Уг адуугаа 550.000 төгрөгөөр үнэлнэ... гэх мэдүүлэг /хх-ийн 12-р тал/, Хохирогч В.Түмэнбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө орой би үхрээ хураачихаад шар хээр морио аргамжаан дээр уяад гэртээ орж унтаад өглөө 08 цагийн үед сэрээд гэрээсээ гараад морио хартал миний хээр морь байхгүй байсан. Тэгээд би өөрийнхөө мотоциклийг асаагаад адуун сүрэг рүүгээ очсон тэгээд шар хээр адуугаа байгаа байх гэж бодсон боловч байхгүй байсан тэгэхээр нь өөр айлын адуутай нийлээд явчихсан юм боловуу гэж бодоод орхисон. Тэгээд 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр манай дүү Д******* над руу утсаар залгаад таны адуу аймгийн цагдаагийн газар байгаа гэж хэлээд утсаа тасалсан дараа нь удалгүй дахиад утас дуугарахаар нь би утсаа авсан чинь Шинэ-Идэр сумын хэсгийн төлөөлөгч байна та шар хээр морио алдсан уу гэж надаас асуусан. Тэгээд би тиймээ шар хээр морио алдсан гэж хэлсэн. Тэгээд би Д*******г миний шар хээр морийг хулгайлсан талаар мэдсэн....гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р тал/, Гэрч Г.Ганням, Х.Буянтогтох, Ц.Мөнхбат нарын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлгүүд, Адууг хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 10-р тал/ гэрэл зураг /хх-ийн 11-р тал/, Мал үнэлсэн тайлан /хх-ийн 24-р тал/, Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 27-р тал/, Шүүгдэгч Э.Д*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би 2016 оны 10 дугаар сарын 27-ны 22-23 цагийн үед Түмэнбаяр ахынд очоод гэрт нь оролгүй гэрийнх нь гадаа аргамжаан дээр байсан шар хээр морийг аваад явсан. Тэгээд нэлээд явж байгаад Шинэ-Идэр сумын төвийн хойно хоносон. Тэгээд өглөө нь хоносон газраасаа цагийн эртхэнд хөдлөөд 2016 оны 10 дугаар сарын 28-ны орой 19-20 цагийн хооронд байх цаг хараагүй болохоор сайн мэдэхгүй байна. Шивэртийн даваанд явж байсан чинь морь маань ядраад байхаар нь замд дайралдсан айлын аргамжаан дээр байсан бор хээр морийг аваад унаж явсан харин шар хээр морио хөтлөөд явсан. Тэгээд явж байгаа Бөгсийн аманд Доржсүрэн, Чимэд гэх оторт явж байгаа 2 хүнтэй тааралдаж хоноод өглөө 10-н цагийн үед сэрээд шар хээр морио сольж унаад бор хээр морио хөтлөөд явсан. Тэгээд өдөр шар хөндий гэх газар луу орж ирсэн. Шар хөндий гэх газраа орой 18 цаг хүртэл гэгээ тасартал амарч байгаад хөдлөөд явж байгаад 2016 оны 10 дугаар сарын 29- нөөс 30-нд шилжих шөнө Цагаан бургасын даваан дээр байдаг гуанзанд цагдаа нарт баригдаж Мөрөн орж ирсэн... гэх мэдүүлэг /хх[1]ийн 33-36-р тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Э.Д*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна. Шүүгдэгч Э.Д******* нь урьд ял шийтгэл эдлэж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 154 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 44-45-р тал/, Сум дундын 27 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 56 дугаартай хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах тухай захирамжийн хуулбар /хх-ийн 46-47-р тал/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48-р тал/ зэргээр тогтоогдож байна. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар шүүгдэгч Э.Д*******г ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгож, түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, хохирол төлбөрөө барагдуулсаныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Эрүүгийн 201622000674 дугаартай хэрэгт хураагдан ирсэн бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурьдлаа. Шүүгдэгч Э.Д*******д ял шийтгэл оногдуулахдаа Мөрөн сумын Жилчиг багийн Засаг даргын тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын тодорхойлолт, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгчид эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр хуульд заасан хорих ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 1. Шүүгдэгч Битүүт овогт Энхтайваны Д*******г бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар Э.Д*******г эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Э.Д*******д оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар Э.Д*******д оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хянан харгалзсугай. 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар шүүгдэгч Э.Д*******гийн засрал хүмүүжилд хяналт тавихыг Цагдаагийн газарт даалгасугай. 6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгчдэгч нь хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурьдсугай. 7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Д*******д урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчид шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай. ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ