Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2026/0746

 

 

 

 

 

 

 

 

 

 

“К” ХХК-ийн

 нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Долгорсүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл

Илтгэсэн шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.С

Нэхэмжлэгч: “К” ХХК

Хариуцагч: Сангийн яам, Батлан хамгаалах яам, Тендерийн үнэлгээний хороо

Гуравдагч этгээд: “Б” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: “Үнэлгээний хорооны 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн тэмдэглэл /зөвлөмж/-ийг хүчингүй болгох, Батлан хамгаалах яамны 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 1в/1278 дугаар “К” ХХК-ийн тендерээс татгалзсан мэдэгдлийг хүчингүй болгох, Сангийн яамны 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 03/3762 тоот “Гомдол хянасан тухай” шийдвэрийн “К” ХХК-д холбогдох хэсэг болон дахин үнэлгээг хийхийг даалгасан хэсгийг хүчингүй болгуулах, Үнэлгээний хорооны 2026 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн тэмдэглэл /зөвлөмж/-ийг хүчингүй болгуулах, Батлан хамгаалах яамны 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 1в/1641 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах, манай компанийг хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогч болохыг тогтоож, гэрээ байгуулахыг хариуцагч Батлан хамгаалах яаманд даалгах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 713 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц, хариуцагч Батлан хамгаалах яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, Б.Л, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.Д нар биечлэн, хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 128/2026/0474/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “К” ХХК-иас Сангийн яам, Батлан хамгаалах яам, Тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдуулан “Үнэлгээний хорооны 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн тэмдэглэл /зөвлөмж/, 2026 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн “Б” ХХК-ийг сонгон шалгаруулсан тэмдэглэл /зөвлөмж/, Батлан хамгаалах яамны 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 1в/1278 дугаар “К” ХХК-ийн тендерээс татгалзсан мэдэгдэл, 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн “Б” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон 1в/1277 дугаар мэдэгдэл, 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 1в/1639, 1в/1641 дугаар мэдэгдэл, Сангийн яамны 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 03/3762 тоот “Гомдол хянасан тухай” шийдвэрийн “К” ХХК-д холбогдох хэсэг болон дахин үнэлгээг хийхийг даалгасан хэсгийг тус тус хүчингүй болгож, манай компанийг хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогч болохыг тогтоож, гэрээ байгуулахыг хариуцагч Батлан хамгаалах яаманд даалгах”-аар маргасан байна.      

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 713 дугаар шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: “Тодруулах зүйлүүдээ тайлбарлахад 1 дүгээрт шүүх нэхэмжлэлийн шаардлагыг нь хэрэгсэхгүй болгосон хэсэг дээр дараах нөхцөл байдлуудыг түрүүн тодорхойлсноор заасан буюу 1 удаагийн бараа, ажил, үйлчилгээний 80 хувийг нь гүйцэтгэсэн байх ёстой гэж үзээд “Э” ХХК-тай байгуулсан санхүүгийн гэрээ нь байгаа. Гэтэл тодорхойлолт гэдэг зүйлээр буюу гэрээний дүгнэсэн тодорхойлолтоороо ажлаа гүйцэтгэсэн нь тодорхойгүй байх учраас нэг удаагийн гүйцэтгэл нь байхгүй болчхож байгаа тул нөгөө бусад ижил төстэй ажлууд нь хүрэхгүй байна гэдэг гол агуулгыг тавьсан. Гэхдээ энэ дээр тавихдаа зөвхөн байгуулагдсан гэрээ, түүний мөнгөн хэлбэрээр үйлдээд өгсөн санхүүгийн актууд буюу “Э” ХХК-тай хийсэн ажлыг гүйцэтгээд, төлбөрөө авчихсан байгаа санхүүгийн бодит баримтуудыг огт үнэлээгүй. Зөвхөн тодорхойлолт гэсэн зүйл рүү оруулж ирэнгүүтээ тодорхойлолт чинь нягтлан бодогч аваачаад л хийчихсэн байна шүү дээ гэдэг агуулга тавьж байгаа юм. Тэгэхээр ижил төстэй ажил үүрэг гүйцэтгэсэн гэдэг шаардлага дээр ижил төстэй ажил гүйцэтгэсэн талаарх гэрээ болон тодорхойлолт гэдэг зүйлийг оруулахаар тодорхойлолтыг зөвхөн гүйцэтгэх удирдлага тодорхойлох ёстой юм гэдэг шаардлагуудыг тавиад, /opendatalab.mn/ цахим сангаас харахад “Эн С” ХХК-ийнх байхгүй байна гэдгээр гүйцэтгэх удирдлага тодорхойлж өгсөн л бол хүчин төгөлдөр, бусад нь бол хамаагүй, гэрээ болон мөнгөн илэрхийлэл хамаагүй гэдэг байдлаар дүгнэж байгаа нь бодит байдалтай нийцэхгүй байгаа гэж үзэж байна. Ийм тодорхойлолт, шаардлагууд тендерийн баримт дээр байгаагүй.

2 дугаарт захиалагчийн татгалзаагүй огт үндэслэлүүд буюу тээвэр зуучийн үйл ажиллагаатай холбоотой эрх нь дуусчихсан байсан гэдэгт холбоотой асуудлыг тавьж байгаа. Гэтэл үүнтэй холбоотой ямар нэгэн захиалагчаас шийдвэр гараагүй буюу татгалзсан үйл баримтад огт илрээгүй нөхцөл байдалтай байгаа. Үүнтэй холбоотой асуудлыг шийдээгүй.

Энэ нэхэмжлэлийн шаардлага дээр хамгийн сайн үнэлэгдсэн тендер болохыг даалгах шаардлагын хувьд хүлээж авахаас татгалзсан асуудлуудыг тавихдаа яагаад гэрээ байгуулах асуудлыг шууд даалгаж шийдвэрлэж байсан юм бэ гэвэл “К” ХХК хамгийн бага үнийн санал буюу хамгийн сайн тендер өгөгдсөн. Тийм учраас Сангийн яам тухайн шийдвэрүүдийг хараад хянахдаа юу хаясан бэ гэвэл хамгийн бага үнийн санал өгсөн буюу хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулаад, шууд гэрээ байгуулахыг даалгах шийдвэр гаргах эрх зүйн боломж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар байгаа юм. Тэрийг Сангийн яамнаас яаж тайлбарлаж байна вэ гэвэл бид зөвхөн дахин хянах ийм л эрхтэй гэдэг болохоос биш даалгаж чадахгүй шүү дээ гэж байгаа боловч бусад шийдвэр гаргах буюу шийдвэрт өөрчлөлт оруулах эрхийг хууль тогтоомжоор олгогдсон байна. Тэгэхээр энэ эрхээ хэрэгжүүлээгүйгээр Сангийн яам татгалзсан ийм үйл баримтыг гаргачхаж байгаа. Тэгээд хүлээж авахаас татгалзсан хэсгүүд дээр үр дагавар үүсгэхгүй байна гээд байгаа зүйлүүд нь бол үр дагавартай байгаа юм.

Яагаад гэхээр Сангийн яам хяначхаад “Б” ХХК-ийн эрхийг дахин хяна гэж байгаа юм шиг атлаа дээд талын зохицуулалтаараа бол “К” ХХК-ийн тендерээс татгалзсан зөв байна гэж дүгнэж байгаа. Нэгэнт Сангийн яам дээд шатны байгууллага нь “К” ХХК-иас татгалзсан нь зөв байна гэж үзэж байгаа нөхцөлд дараагийн үнэлгээ явагдсан байсан ч гэсэн энэ зөв байна гэдгийг зөрчиж болохгүй шүү дээ. Тийм учраас, энэ нь үр дагавар үүсгэж байгаа учраас Сангийн яамны шийдвэр бол эрх зүйн үр дагавар үүсгэж байгаа буюу зөвлөмж, тэмдэглэлүүд хүчин төгөлдөр байдлаар буюу хүлээж авахаас татгалзах үндэслэл биш.

Харин хууль зүйн дүгнэлт өгөөд шийдвэрлэгдэх ёстой. Ингээд нэхэмжлэлийн шаардлага бүрэн хангагдах ёстой гэдэг агуулгаар гомдол гаргасан. Энэ нь тэмдэглэлд тусгагдсан байгаа. Тийм учраас энэ хүрээнд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хангаж шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Түрүүчийн хэлсэн захиалагчийн гаргасан эхний зөвлөмж үр дагавар үүсгэхгүй буюу хүчингүй болчихсон байна гэж шүүхээс үзээд байгаа ч гэсэн бид нарын хувьд тэр эхний зөвлөмж гараад, эхний зөвлөмж гарсантай холбоотой шийдвэрийг эс зөвшөөрөөд Сангийн яаманд гомдол гаргаад, Сангийн яамны шийдвэр дөнгөж албажсаны маргааш нь ямар нэгэн гомдол гаргах Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаагаа хэрэглэхгүйгээр 5 дахь өдөр хариу хүргүүлээд, 1 дэх өдөр дахиж үнэлгээ хийгээд шийдвэр гаргачхаж байгаа. Энэ хооронд гомдол гаргах процесс ажиллагаа чинь явж байсан учраас анхан шатны тэр зөвлөмж, үнэлгээг хүчингүй болгох нь өөрөө нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөж байгаа учраас үнэлгээнүүдийг хүчингүй болгоод, даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргачихсан ийм үйл баримттай байгаа. Энэ нь нэхэмжлэлийн шаардлага болон бусад зүйлүүдээр бас харагдах юм” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч “К” ХХК-иас Сангийн яам, Батлан хамгаалах яам, Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан

2.1. Үнэлгээний хорооны 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн тэмдэглэл /зөвлөмж/, 2026 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн “Б” ХХК-ийг сонгон шалгаруулсан тэмдэглэл /зөвлөмж/,

2.2. Батлан хамгаалах яамны 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 1в/1278 дугаар “К” ХХК-ийн тендерээс татгалзсан мэдэгдэл, 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн “Б” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон 1в/1277 дугаар мэдэгдэл, 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 1в/1639 дүгээр мэдэгдэл, 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 1в/1641 дүгээр мэдэгдэл,

2.3. Сангийн яамны 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 03/3762 тоот “Гомдол хянасан тухай” шийдвэрийн “К” ХХК-д холбогдох хэсэг болон дахин үнэлгээг хийхийг даалгасан хэсгийг тус тус хүчингүй болгож,

2.4. манай компанийг хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогч болохыг тогтоож, гэрээ байгуулахыг хариуцагч Батлан хамгаалах яаманд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

3. Хэргийн үйл баримтын тухайд:

3.1. Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/05 дугаар тушаалаар “Олон улсын ачаа тээвэрлэлтийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороо”-г байгуулж, “Энхийг дэмжих ажиллагаанд оролцох цэргийн багийн ачаа, тээвэр гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” тендерийг 1,167,725,000 төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр нээлттэй зарлажээ.

3.2. Уг БХЯ/20260101018 дугаартай тендерийн сонгон шалгаруулалтад дөрвөн оролцогч санал ирүүлсэн бөгөөд Үнэлгээний хорооны 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн дүгнэлтээр “Б” ХХК-ийг шалгаруулж, Батлан хамгаалах яамны 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 1в/1277 дугаар албан бичгээр “Б” ХХК-д гэрээ байгуулах эрх олгож, мөн өдрийн 1в/1278 дугаар албан бичгээр нэхэмжлэгч “К” ХХК-ийн тендерээс татгалзсаныг мэдэгдсэн байна.

3.3. “К” ХХК-иас дээрх шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг Сангийн яам хянаад 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 03/3762 дугаар албан бичгээр “К” ХХК-ийн тендерээс татгалзсан шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд “Б” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгосон.

3.4. Улмаар Үнэлгээний хороо дахин хуралдаж, 2026 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанаар тендерийг хянаад “Б” ХХК-ийг сонгон шалгаруулж, Батлан хамгаалах яамны 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 1в/1639 дүгээр албан бичгээр “Б” ХХК-д гэрээ байгуулах эрх олгож, мөн өдрийн 1в/1641 дүгээр албан бичгээр “К” ХХК-ийн тендерээс татгалзаж байгааг мэдэгдсэнээр энэхүү маргаан үүсжээ.

4. Шүүх нэхэмжлэлийн “Үнэлгээний хорооны 2026 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн “Б” ХХК-ийг сонгон шалгаруулсан тэмдэглэл /зөвлөмж/, Батлан хамгаалах яамны 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 1в/1278 дугаар “К” ХХК-ийн тендерээс татгалзсан мэдэгдэл, 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн “Б” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон 1в/1277 дугаар мэдэгдэл, 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 1в/1639 дүгээр мэдэгдлийг тус тус хүчингүй болгож, манай компанийг хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогч болохыг тогтоож, гэрээ байгуулахыг хариуцагч Батлан хамгаалах яаманд даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тухайд:

4.1. Тендерийн үнэлгээний хорооноос нэхэмжлэгч “К” ХХК-ийн ижил төстэй ажлын хувьд “Э” ХХК-тай байгуулсан гэрээнд үнэлгээ хийж үзэхэд 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн гэрээ дүгнэсэн актад захиалагч талаас нягтлан бодогч баталгаажуулж, санхүүгийн тэмдэг дарсан гэсэн шалтгаанаар тендерээс татгалзаж улмаар энэхүү магадлалын Хянавал хэсгийн 3 дахь хэсэгт дурдсан шийдвэрүүд гарсан үйл баримт тогтоогддог.

4.2. Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдсон дээрх захиргааны актууд нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй буюу хууль бус гэж үзэж хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, зөв болжээ.

4.3. Тодруулбал, Төрийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана” гээд 28.1.3-д “шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах” гэж заасан бөгөөд энэхүү маргаан хувьд Тендерийн баримт бичгийн өгөгдлийн 18.1-д “... оролцогчийн техникийн чадвар болон туршлагын шалгуур үзүүлэлт, шаардлага: Санал болгож буй үнийн дүнгийн 80 хувиас багагүй хэмжээний ижил төстэй бараа, ажил, үйлчилгээг сүүлийн жилд дор хаяж нэг удаа гүйцэтгэсэн байх ...”, ТШЗ-ын 20.1-ийн 11-д “Тухайн ажил үйлчилгээтэй төстэй ажил гүйцэтгэсэн талаар өмнөх захиалагчийн гаргасан шаардлагад нийцсэн эсэх талаар тодорхойлолт ирүүлэх” гэсэн шаардлагууд тавигдсан байна.

4.4. Гэтэл “К” ХХК нь “Э” ХХК-тай байгуулсан 994,382,959.28 төгрөгийн гэрээт ажлыг гүйцэтгэсэн талаарх тус компанийн тодорхойлолтыг өгсөн нь дээрх тендерийн баримт бичгийн шаардлагад нийцээгүй байна.

4.5. Учир нь, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-д “Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна” гэж заасан бөгөөд уг тодорхойлолтод “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирал бус нягтлан бодогч Т.Х гарын үсэг зурж баталгаажуулсан нь хуулийн этгээдийг төлөөлсөн гэж үзэхгүй. Хэрэв тухайн компанийн гүйцэтгэх удирдлагаас нягтлан бодогчдоо ийнхүү тодорхойлолт гаргаж өгөх эрхийг шилжүүлсэн бол Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3 дахь хэсэгт заасан итгэмжлэлийг мөн хавсаргах учиртай байжээ.

4.6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдолдоо “... нэхэмжлэгчийн тендерийг шаардлага хангаагүй гэж үзсэн дүгнэлт нь тендерийн баримт бичигт тусгагдаагүй шалгуур хэрэглэсэн” гэж тайлбарлан маргадаг боловч энэ нь Иргэний хууль, Компанийн тухай хуулиар зохицуулагдсан, эрх зүйн харилцаанд оролцогчдод тавигддаг нийтлэг шаардлага тул энэ талаарх гомдлыг хүлээн авах үндэсгүй.

5. Шүүх нэхэмжлэлийн “Үнэлгээний хорооны 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн тэмдэглэл /зөвлөмж/, Батлан хамгаалах яамны 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 1в/1641 дүгээр мэдэгдэл, Сангийн яамны 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 03/3762 тоот “Гомдол хянасан тухай” шийдвэрийн “К” ХХК-д холбогдох хэсэг болон дахин үнэлгээг хийхийг даалгасан хэсгийг тус тус хүчингүй болгох” шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн тухайд:

5.1. Анхан шатны шүүхээс дээрх захиргааны актуудыг “... эрх зүйн үйлчлэл нь дуусгавар болсон” гэж дүгнэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

5.2. Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Захиргааны хэргийн шүүх Үндсэн хуулийн цэц болон өөр шүүхэд харьяалуулснаас бусад нийтийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэнэ”, мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэж заасан бөгөөд Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 30 дугаар тогтоолын Тайлбарлах нь хэсгийн 4-т “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэдгийг тухайн нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдож буй маргаан нь мөн хуулийн 13 дугаар зүйлд заасан захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй байхыг ойлгоно. Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдож буй маргааны зүйл нь захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан мөн эсэхийг шүүх тодорхойлохдоо тухайн маргаан нь “нийтийн эрх зүйн маргаан мөн эсэх”-д дүгнэлт хийнэ” гэж тайлбарласан.

5.3.  Хэдийгээр маргаан бүхий Үнэлгээний хорооны 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн тэмдэглэл /зөвлөмж/-ийн дараа Үнэлгээний хороо дахин хуралдаж тэмдэглэл гаргасан, Батлан хамгаалах яамны 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 1в/1641 дүгээр мэдэгдэл нь өмнөх мэдэгдэлтэй ижил агуулгатай, өөр асуудал шийдвэрлээгүй ч энэ нь үр дагаваргүй болсон гэж шууд дүгнэх үндэслэл болохгүй.

5.4. Учир нь дээрх захиргааны актууд сонирхогч этгээд /тендерт оролцогч “К” ХХК/-ийн хувьд түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байна гэж маргаж байгаа тохиолдолд мөн үндэслэлээр захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш гэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь буруу.

5.5. Түүнчлэн, Сангийн яамны 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 03/3762 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч “К” ХХК-ийн гомдлоос гадуур “Б” ХХК-ийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрүүдийг хүчингүй болгосон буюу тендерт оролцогчдын хувьд үр дагавар үүсгэсэн нь захиргааны актын шинжийг агуулж байх тул урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гарсан шийдвэр гэж үзэхгүй.

5.6. Гэхдээ дээрх шийдвэрүүд нь Хянавал хэсгийн 4.2-т дүгнэсэнтэй адил нэхэмжлэгч “К” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, Захиргааны ерөнхий хууль болон Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нийцсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхээр байна.

5.7. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох нь хэсэгт дээр дурдсан өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 713 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “К” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, “3.” гэснийг “2.” гэж, “4.” гэснийг “3.” гэж тус тус өөрчилж, 2 дахь заалтыг хасаж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэг зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                      ШҮҮГЧ                                                                  Н.Долгорсүрэн

 

 

                       ШҮҮГЧ                                                               О.ОЮУНГЭРЭЛ

 

 

                      ШҮҮГЧ                                                                 Д.БААТАРХҮҮ