Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 212/МА2018/00073

 

З.К-ы нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч Д.Мөнхөө, Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 130/ШШ2018/00280 дугаар шийдвэртэй, З.К-ны нэхэмжлэлтэй, Х.Е-нд холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.      

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Ардабек, нэхэмжлэгч З.К, түүний өмгөөлөгч Я.Сьезд, хариуцагч Х.Е нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн үлдэгдэл 2530000.00 төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлд: “Баян-Өлгий аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд мэргэжилтэн Х.Е нь 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр З.К надаас 5000000 /таван сая/ төгрөгийг сарын 250000 төгрөгийн хүүтэй зээлээр авсан. Үүнээс хойш надад хүүгийн хамт Х.Е-аас 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 380000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 14-ны өдөр 100000 төгрөг,  2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 250,000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 14-ны өдөр 120,000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 230,000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 20,000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 120,000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 2.500.000 төгрөг нийт 3,720,000 төгрөгийг тус тус дансаар хүлээн авсан. Х.Е надад нийт 6,250,000 төгрөг төлөхөөс өөрийн гаргаж өгсөн баримтаар 3720000 төгрөгийг нөхөр болон өөрийн дансаар 8 удаагийн гүйлгээ хийж төлсөн. Одоо надад 2530000 төгрөг төлөх ёстой. Хариуцагчаас 2530000 төгрөг гаргуулахыг хүсэж байна.” гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: “Миний бие нэхэмжлэгч З.К-ы 5000000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч З.К-аас 5 сая төгрөг авсан бөгөөд би З.К-д “З.К-аас 5 сая төгрөг хүлээн авлаа. Сард хүү 250000 төгрөг, 5 сарын хугацаатай” гэж бичиж баримт үйлдэж өгсөн. Гэхдээ уг баримт нь зөвхөн мөнгө хүлээн авсан баримт болохоос нэхэмжлэгч бид хоёрын хоорондын хүсэл зоригийг бүрэн илэрхийлээгүй. Зөвхөн хариуцагч миний санал байсан. Уг гар бичмэлийг зээлийн гэрээ гэж үзэхэд зээлийн гэрээнд тавигдах нөхцөл шаардлагуудыг бүрэн хангаагүй, мөн зээлийн гэрээнд хүү тогтоосон тохиолдолд гэрээг заавал бичгээр хийж, нотариатаар баталгаажуулахыг шаарддаг бөгөөд үүнийг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь заалтад “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасан. Миний бичиж өгсөн гар бичмэлд нэхэмжлэгч гарын үсэг зураагүй. Иймд нэхэмжлэгч З.Кд 5 сарын хүүд төлсөн 1250000 төгрөгийг үндсэн мөнгө болох 5000000 төгрөгөөс хасаж тооцох нь зүйтэй. Нэхэмжлэгч удаа дараа шаардсан болохоор миний бие 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр миний нөхөр болох И.Бын ХААН банк дахь харилцах данснаас З.К-ы дансанд 2500000 төгрөг, мөн данснаас 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 380000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 120000 төгрөгийг тус тус шилжүүлж нийт 3000000 төгрөгийг нэхэмжлэгчийн данс руу шилжүүлсэн. Нэхэмжлэгч З.К-ы ХААН банк дахь дансанд Х.Е миний данснаас 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 100000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 20-ний өдөр 250000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 120000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 20000 төгрөг, нийт 490000 төгрөг шилжүүлсэн. Би нэхэмжлэгчид цалингаасаа илүү гарсан мөнгийг сар бүр боломжоороо үндсэн мөнгөнөөс хасагдахаар буюу 5 сая төгрөгийн эргэн төлөлт болгоод өгөхөөр тохиролцсон. Үүнийг тухайн үед нэхэмжлэгчтэй амаар тохиролцсон бөгөөд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.5 “нүүр тулан амаар гаргасан саналд тэр даруй зөвшөөрсөн хариу өгсөн” гэж заасан байдаг ба тухайн үед З.К зөвшөөрсөн байсан. Тэгэхээр нэхэмжлэгчид миний нөхөр И.Бын данснаас нийт 3000000 төгрөг, миний ХААН банкин дахь харилцах данснаас 490.000 төгрөгийг тус тус өгсөн болох нь миний болон миний нөхрийн дансны хуулгаар нотлогдож байна. Иймд З.Кы нэхэмжилсэн 5.000.000 төгрөгөөс сар бүр төлсөн 250.000 төгрөгийг 5 сарын хүүд төлсөн 1.250.000 төгрөг, эргэн төлөлтийн хуваарь төлсөн 120.000 төгрөгийг 4 сар төлсөн нийт 480.000 төгрөг, нөхөр И.Бын данснаас шилжүүлсэн 2500000 төгрөг, нийтдээ 4.230.000 төгрөгийг шилжүүлсэн болохоор үүнийг үндсэн 5.000.000 төгрөгөөс хасаж үлдсэн мөнгийг төлж өгөхөд татгалзах зүйлгүй болно.” гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 130/ШШ2018/00280 дугаар шийдвэрээр  Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Х.Е-аас үндсэн зээлсэн мөнгөнөөс үлдсэн 2530000 /хоёр сая таван зуун гучин мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч З.К-д олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: “Миний бие Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 130/ШШ2018/00280 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү давж заалдах шатны шүүхэд гомдлыг гаргаж байна.

Х.Е би нэхэмжлэгч “З.К-аас 5 сая төгрөг бэлэн хүлээн авлаа. Сард хүү 250.000 мянган төгрөг 5 сарын хугацаатай “ гэж баримт бичиж өгсөн. Уг баримт нь зөвхөн миний хүсэл зоригийг илэрхийлсэн бичиг байсан ба тухайн үед З.К-ы уг бичмэлийг хүлээн зөвшөөрсөн эсэх нь тодорхой бус байсан. Гэтэл анхан шатны шүүхээс "... нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон “Баримт” нэртэй бичмэл баримт нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 196 дугаар зүйлийн 196.1.1, 196.1.2-д заасан шаардлагыг хангасан. Өөрөөр хэлбэл хуулийн хүрээнд талуудын хооронд гэрээний гол нөхцөлийн талаар чөлөөтэй тохиролцсон, улмаар гэрээний шинжийг агуулсан байх тул тэдгээрийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсан байна гэж шүүх үзлээ” гэж дүгнэсэн нь хуулийн үндэслэлгүй болсон байна. Учир нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 196.1.2 дахь заалтууд нь зөвхөн эд хөрөнгөтэй холбоотой гэрээ байгуулах талаар хуулийн зохицуулалт болохоос биш иргэд хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд хамааралгүй заалт юм. Мөн аливаа гэрээнд гэрээний хоёр тал тохиролцож гарын үсэг зурж баталгаажуулдаг байтал нэхэмжлэгч бид хоёрын хоорондох баримт нь зээлийн гэрээний шаардлагыг бүрэн хангаагүй. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь заалтад “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана.” гэж заасан бөгөөд З.К бид хоёрын хооронд үйлдэгдсэн баримтыг зээлийн гэрээ гэж үзэх боломжгүй.

Мөн анхан шатны шүүхээс зарим нотлох баримтуудыг үнэлээгүй, нэхэмжлэгчийн талд шийдвэр гаргасан нь учир дутагдалтай болсон. Жишээлбэл: Миний хаан банк дахь харилцах  данснаас нэхэмжлэгчийн дансанд 2017.02.14 өдөр дансанд 100.000 төгрөг /Х.Е миний дансны хуулганы 5 дугаар хуудас/ 2017.02.20 өдөр дансанд 250.000 төгрөг /Х.Е миний дансны хуулганы 5 дугаар хуудас/ 2017.03.14 өдөр дансанд 120.000 төгрөг /Х.Е миний дансны хуулганы 1 дүгээр хуудас/ 2017.04.04-ний өдөр дансанд 20.000 төгрөг /Х.Е миний дансны хуулганы 9 дүгээр хуудас/ Нэхэмжлэгчийн дансанд нийт 490.000 мянган төгрөг шилжүүлсэн байна. Нөхөр И.Бын хаан банк дахь харилцах данснаас З.Кы дансанд 2017.01.11-ний өдөр 380.000 мянган төгрөг, 2017.04.14-ний өдөр 120.000 мянган төгрөг, 2017.04.24-ний өдөр 2.500.000 төгрөг нийт 3000000 төгрөгийг нэхэмжлэгчийн дансанд шилжүүлсэн. И.Б 2017.03.17-ны өдөр хаан банкнаас З.Кы данс руу 230.000 мянган төгрөгийг хийсэн. З.Кы хаан банк дахь харилцах дансанд 8 удаагийн гүйлгээгээр нийт 3.720 000 төгрөгийг шилжүүлсэн болно. Би сар бүрийн хүү 250.000 мянган төгрөгөөс гадна эргэн төлөлт болгон шилжүүлсэн 2017.01.11-ний өдөр 130.000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 100 000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 120.000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 14-ний  өдөр120.000 төгрөг нийт 470.000 мянган төгрөгийг нэхэмжлэгч З.Кы данс руу шилжүүлсэн нь миний нөхөр И.Бын болон миний Хаан банк дахь харилцах дансны хуулгаа шүүхэд гаргаж өгсөн боловч үүнийг анхан шатны шүүхээс үнэлээгүй болно.

Би баримтдаа сард хоёр удаа хүү өгнө гэж бичээгүй зөвхөн сард 250.000 мянган төгрөг өгнө гэж бичсэн байтал анхан шатны шүүх миний З.Кд эргэн төлөлт болгон төлсөн 470.000 мянган төгрөгийг хүү болгон тооцож шийдвэр гаргаж өгсөнд гомдолтой байна. З.К нь анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Х.Еаас 5 сая төгрөгийн хүүд 1.250.000 мянган төгрөг авсан бөгөөд үндсэн 5 сая төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. 5 сая төгрөгийн хүү болох 1.250.000 мянган төгрөгийн талаар огт дурдаагүй байсан.З.К нь анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Х.Еаас 5 сарын хүү 1.250.000 мянган төгрөг авсан гэж тодорхой бичиж надаас үндсэн мөнгө болох 5 сая төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан ба шүүх хуралдааны үеэр надаас 6 сая гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Би хүүд 1.250.000 төгрөг авсан гэж нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрч байгаа ч анхан шатны шүүх 470.000 мянган төгрөгийг хүү болох 1.250.000 мянган төгрөгт багтааж тооцсон. Би З.Кд сар бүр цалингаасаа илүү гарсан мөнгийг эргэн төлөлт болгон өгч байхаар бид хоёр тохиролцсон. Нэхэмжлэгчид 1.250.000 + 470.000+2.500.000 = нийт 4.220.000 мянган төгрөгийг өгсөн болно. Иймд З.Кд өгөх 5.000.000 сая төгрөгөөс 4.220.000 төгрөгийг хасаж үлдэгдэл болох 780000.00 төгрөг гаргуулахаар шийдвэр гаргаж өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүх Иргэний хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч З.К нь хариуцагч Х.Ед холбогдуулан зээлийн мөнгө 5000000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үндсэн зээл болон зээлийн хүүд 2530000.00 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгажээ. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

            Хэрэгт цугларсан хариуцагч Х.Еы үйлдсэн баримт, И.Бын /Х.Еы нөхөр/ ХААН банк дахь дансны хуулга, Х.Еы ХААН банк дахь дансны хуулга, ХААН банкны 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн орлогын мэдүүлэг, З.К-ны ХААН банк дахь дансны хуулга, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг харьцуулан дүгнэвэл дараах үйл баримтууд тогтоогдов.

 

1. Зээлдүүлэгч З.К нь зээлдэгч Х.Ед 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 5000000.00 төгрөгийг 5 сарын хугацаагаар, сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлсэн ба талууд зээлийн хүү болох 250000.00 төгрөгийг сар бүр төлөх, харин үндсэн зээлийг зээлийн гэрээ дуусгавар болох үед, эсхүл гэрээний хугацаанд хэсэгчлэн төлөхөөр харилцан тохиролцжээ. Үүнээс дүгнэвэл талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1.-т заасан зээлийн гэрээ мөн зүйлийн 282.4.-т зааснаар байгуулагдсан байна гэж үзнэ.

 

2. Зээлдэгч Х.Е нь нөхөр И.Б болон өөрийн ХААН банк дахь данснаас зээлдүүлэгчийн дансанд 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 380000.00 төгрөг, 2 дугаар сарын 14-ний өдөр 100000.00 төгрөг, 2 дугаар сарын 20-ны өдөр 250000.00 төгрөг, 3 дугаар сарын 14-ний өдөр 120000.00 төгрөг, 3 дугаар сарын 17-ны өдөр 230000.00 төгрөг, 4 дүгээр сарын 04-ний өдөр 20000.00 төгрөг, 4 дүгээр сарын 14-ний өдөр 120000.00 төгрөг, 4 дүгээр сарын 24-ний өдөр 2500000.00 төгрөг, нийт 3720000.00 төгрөг төлсөн нь тогтоогдсон байна.

 

            3. Зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд 5000000.00 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 5 сарын хугацаатай шилжүүлсэн бөгөөд зээлийн гэрээ дуусгавар болох 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар зээлдэгч нь үндсэн зээл 5000000.00 төгрөг, зээлийн хүүд 1250000.00 төгрөг, нийт 6250000.00 төгрөгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүрэгтэйгээс 3720000.00 төгрөгийг төлж, үндсэн зээл болон зээлийн хүүд 2530000.00 төгрөгийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч З.К нь хариуцагч  Х.Еаас Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1.-т зааснаар 2530000.00 төгрөгийг шаардах эрхтэй.

 

Иймд хариуцагч Х.Еаас 2530000.00 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З.Кд олгосон анхан шатны шүүхийн шийдвэр нотлох баримтад үндэслэгдсэн, хуульд нийцсэн байна.

 

            4. Хариуцагч Х.Еы “зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул зээлдүүлэгч хүү авах эрхээ алдана, шүүх нотлох баримтыг дутуу үнэлж, зээлдэгчийн төлсөн зарим үнийн дүнг оруулж тооцоогүй” гэсэн агуулгатай гомдол үндэслэлгүй. Хэргийн 17 дугаар талд авагдсан Х.Еы үйлдсэн баримтыг үндэслэн талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3.-т заасан шаардлагыг хангасан гэж үзэв. Түүнчлэн анхан шатны шүүх  зээлдэгчийн 8 удаагийн эргэн төлөлт бүрийг үнэлж, үндсэн зээл болон зээлийн хүүгээс хасаж тооцсон нь үндэслэлтэй байна. Иймээс хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

            5. Хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа шүүхийн шийдвэрээр гаргуулсан үнийн дүнгээс 780000.00 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдсэн 1750000.00 төгрөгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг тооцон төлөх учир хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа тогтоосон хэмжээнээс илүү төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар өөрт нь буцаан олгов.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь: 

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 130/ШШ2018/00280 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1.-т заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55430.00 төгрөгийн 42950.00 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, үлдсэн 12480.00 /арван хоёр мянга дөрвөн зуун ная/ төгрөгийг төрийн сангийн 0000100020000957 тоот данснаас гаргуулж, Х.Ед буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧИД                                                       Д.МӨНХӨӨ

 

                                                                                                            С.ӨМИРБЕК