Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 283

 

Д.Цо-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Ш.Эрдэнэбилэг, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Түмэннаст, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 35 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 312 дугаар магадлалтай, 1711005960278 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч Д.Үн-, түүний өмгөөлөгч Б.Нарандолгор нарын хамтран гаргасан гомдол болон Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Байгалмаагийн гаргасан эсэргүүцэл зэргийг үндэслэн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1987 онд төрсөн, 31 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, зүтгүүрийн техникч мэргэжилтэй, ял шийтгүүлж байгаагүй Д.Цо-.

Шүүгдэгч Д.Цо- нь 2017 оны 8 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө 00 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гандирс” хотхоны хажууд Д.Үн-ыг хардалтын улмаас зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Цо-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Д.Цо-ээс 2.970.000 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Үн-ад олгуулахаар, хохирогч Д.Үн- нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасныг баримтлан шүүгдэгч Д.Цо-д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгон шүүгдэгч Д.Цо-ийг цагаатгаж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд Д.Үн-, түүний өмгөөлөгч Б.Нарандолгор нар хамтран гаргасан гомдолдоо “...Давж заалдах шатны шүүхээс Д.Цо-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хуульд заасан үндэслэл журмын дагуу үйлдэгдсэн шинжээчийн дүгнэлт нотлох баримт болох үндэслэлтэй ба хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт  болон мэдүүлгээр шүүгдэгч Д.Цо-ийн үйлдлийн улмаас Д.Үн- надад хүндэвтэр гэмтэл учирсан нь тогтоогдсон ба анхан шатны шүүх зөв дүгнэснийг давж заалдах шатны шүүх хэрхэн дүгнэж, шийдвэрийг хүчингүй болгосон нь тодорхойгүй бөгөөд давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзээгүй гэж үзэхээр байна. Иймд магадлалыг хянаж өгнө үү” гэжээ.

Мөн шүүхэд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Байгалмаа гаргасан эсэргүүцэлдээ “...Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримт болох хохирогч Д.Үн-ын удаа дараагийн мэдүүлэг болон шинжээч эмч Ө.Сарангэрэлийн мэдүүлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчний түүх, 10992 тоот шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг огт үнэлэлгүйгээр зөвхөн цагаатгагдсан этгээд Д.Цо- болон гэрч Б.Мө-, түүний найз гэрч Э.Ан- нарын мэдүүлэгт ач холбогдол өгч хэргийг илт үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон бөгөөд яллах талын нотлох баримтыг ямар нотлох баримтаар хэрхэн яаж үгүйсгэгдэж байгаа үндэслэлээ тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.2-т заасныг зөрчсөн.

Шинжээч эмч Ө.Сарангэрэлийн 10992 тоот дүгнэлтэд хохирогч Д.Үн-ын биед баруун гарын алганы 4 дүгээр яс их биеэр хугарал гэмтэл нь өшиглөх, цохих аль алинд үүсэх боломжтой боловч миний үзсэн хүний хувьд баруун гарын 4 дүгээр яс их бие нь хугараад зөрсөн байна. Энэ нь өшиглөх үед илүүтэй үүсэх боломжтой. Их биеэр зөрсөн хугарал нь мохоо зүйлийн их хүчтэй үйлчлэлийн улмаас учрах боломжтой юм” гэж мэдүүлсэн нь хохирогчийн биед учирсан гэмтэл нь бусдад өшиглүүлснээс үүссэн болохыг нотолж өгсөн. Мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Д.Цо-ийн биед шинжээч томилсон бөгөөд шинжээчийн 11406 тоот дүгнэлтээр “Д.Цо-ийн биед доод уруулын салстад язрал гэмтэл учирсан, ...уг гэмтэл мохоо зүйлээр үүснэ, гэмтлийн зэрэг тогтоогдохгүй” гэж дүгнэсэн бөгөөд Д.Цо-ийн духанд гэмтэл учраагүй болох тогтоогдож байгаа бөгөөд гэрч Э.Ан-ын мэдүүлсэн “Д.Үн- нь төмөр асаагуур барьж байгаад хоёр удаа цохисон. Цогтгэрэлийн дух нь байхгүй болсон байхаа” гэсэн мэдүүлэг эргэлзээтэй ба өөрөөр хэлбэл нэг талд мэдүүлэг өгсөн болох нь тодорхой харагдаж байна.

Нөгөөтэйгүүр магадлалд дурдсан нотлох баримтуудыг харьцуулан судалсан гэх дээрх шинжээчийн дүгнэлтээр хохирогч Д.Үн- нь төмөр асаагууртай гараар Д.Цо-ийг цохиж өөрөө өөртөө гэмтэл учруулсан гэж үзсэн бөгөөд хэрэв хохирогч гартаа асаагуур атгаж байгаад Д.Цо-ийг цохисон бол түүний доод уруулын салстад язрал төдий гэмтэл учирч, харин хохирогч Д.Үн-ын гарын алганы 4 дүгээр яс их биеэр зөрж хугарах, уг цохилтоос баруун гарны гадна талд гэмтэл үүсэх боломжгүй. Харин хохирогч Д.Үн-ын биед учирсан гэмтэл нь өшиглөх үед буюу их хүчтэй үйлчлэлийн улмаас үүссэн гэмтэл болох нь хохирогчийн удаа дараагийн мэдүүлэг, шинжээч эмч Ө.Сарангэрэл мэдүүлэг болон шинжээчийн 10992 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Хэдийгээр Д.Цо-, гэрч Б.Мө- нар нь хохирогчийн гар руу өшиглөсөн гэж мэдүүлээгүй боловч хохирогч Д.Үн-ын араас ирээд жийж өшиглөсөн, хажуу талаас өшиглөсөн тухай мэдүүлсэн, мөн тухайн нөхцөлд хохирогч Д.Үн-ын биед Д.Цо-ээс өөр хүн халдаагүй, хэрэг гарсан газарт хохирогч Д.Үн-, Д.Цо-, Б.Мө- гурваас өөр хүн байхгүй байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байхад давж заалдах шатны шүүх хэргийг илт үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Прокурор Ш.Эрдэнэбилэг хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нь хохирогчид хүч хэрэглэн эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь нотлогдож байна. Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Учир нь шүүгдэгч хохирогчийн гар руу нь өшиглөж, дараа нь харилцан зодолдсоны улмаас хохирогчид хүнд гэмтэл учирсан. Шинжээч “хохирогчид учирсан гэмтэл нь өшиглөх үед илүү үүсгэгдэх мөн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой гэж” дүгнэсэн. Хэргийн зүйлчлэл зөв байх тул магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр нь зүйтэй” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч М.Түмэннаст хэлсэн саналдаа “...Хохирогчид учирсан гэх гэмтэл нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдлээс бус харин өөрөө шүүгдэгчийг цохих үед үүссэн гэмтэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож тогтоогдсон. Энэ талаар давж заалдах шатны шүүх хэргийн жинхэнэ байдалд нийцсэн дүгнэлт хийсэн. Хохирогчийн  өөрөө өөртөө гэмтэл учруулсан нь гэрч Э.Ан- болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар хангалттай нотлогдож байна. Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй тул магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Прокуророос шүүгдэгч Д.Цо-ийг 2017 оны 08 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө 0000 цагийн үед Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, “Гандирс” хотхоны хажууд Д.Үн-ыг хардалтын улмаас зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Д.Цо-ийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй, хэргийн бодит байдалд нийцээгүй хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болжээ.

Шүүх нотлох баримтуудыг үнэлж хэргийн үйл баримтыг тогтоохдоо тухайн хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж, эргэлзээгүй байдлаар тогтоох ёстой бөгөөд уг шаардлагыг хангаагүйг анхан шатны шүүхийн шийдвэрийг залруулж зөвтгөсөн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй болно.

Тодруулбал, шүүх хэргийн бодит байдлыг нөхөн тогтоох үүднээс нотлох баримтыг үнэлэхдээ тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдалд дүгнэлт хийж, нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах замаар харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдийн мэдүүлгийг эрх зүйн ухамсар, логик эргэцүүлэлд тулгуурлан үнэлж хэргийн үйл баримтыг сэргээн тогтоодог.

Хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж, хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар Д.Цо-, Д.Үн- нар харилцан маргалдах явцад Д.Үн- нь төмөр асаагуур барьсан гараараа Д.Цо-ийн толгой, дух хэсэгт цохиж гарынхаа алганы ясыг гэмтээсэн болох нь тогтоогдсон тул уг гэмтлийг учруулсан гэж Д.Цо-ийг буруутгах үндэслэлгүй талаар давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэл бүхий болжээ.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, Д.Үн-, түүний өмгөөлөгч Б.Нарандолгор нарын хамтран гаргасан гомдол болон Нийслэлийн Чингэлтэй дүүргийн хяналтын прокурор Б.Байгалмаагийн гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 35 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 312 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хохирогч Д.Үн-, түүний өмгөөлөгч Б.Нарандолгор нарын хамтран гаргасан гомдол болон Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Байгалмаагийн гаргасан эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

                                     ДАРГАЛАГЧ                                          Б.ЦОГТ

                                     ШҮҮГЧ                                                   Б.БАТЦЭРЭН

                                                                                                    Д.ГАНЗОРИГ

                                                                                                    Ч.ХОСБАЯР

                                                                                                    Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН