Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 151/ШШ2020/01373

 

 

 

 

 2020          10             13                                           151/ШШ2020/01373                                     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түвшинжаргал даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Ч.Э нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А.Х холбогдох,

Зээлийн төлбөр 20 475 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  Нэхэмжлэгч Ч.Э, хариуцагч А.Х, хариуцагчийн өмгөөлөгч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Оюунчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Зээлдүүлэгч Ч.Э миний бие зээлдэгч А.Хтай 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 15 000 000 төгрөгийг 4 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Зээл авсан өдрөөс хойш нийт 4 сарын хугацаанд хоёр сарын хүү болох 3 000 000 төгрөгийг өгч, үндсэн төлбөр 15 000 000 төгрөг болон үлдэх хоёр сарын хүү 3 000 000 төгрөгийг төлөөгүй. 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр А.Х-тай байгуулсан зээлийн гэрээний хугацаа дуусч дахин нэг сарын хугацаагаар сунгаж 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор зээлийг төлөхөөр тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлсөнгүй.

Иймд үндсэн зээлийн төлбөр 15 000 000 төгрөг, зээлийн хүү 4 500 000 төгрөг, 10 хоногийн алданги 975 000 төгрөг, нийт 20 475 000 төгрөгийг А.Х-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ч.Эшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“А.Х нь Хаан банкны зээлээ дараад 3 хоногийн дараа мөнгийг чинь буцаагаад өгье, боломж байвал өгөөч, боломж байхгүй бол хүнээс асуугаад өгөөч гэхээр нь би 5 000 000 төгрөг өгчхөөд 2, 3 хоногийн дараа дахиад гуйгаад ирэхээр нь хүнээс мөнгө зээлээд, нийт 15 000 000 төгрөг А.Х-д өгсөн. Би өөрөө зээл авч байгаад буцаагаад А.Х-д зээлж өгсөн мөнгөө хүүтэй нь төлсөн. Тэгээд А.Х-ай уулзаад чиний тэтгэмжийн мөнгө ороод ирэхээр банк татаад авчихвал яах юм бэ, би чамайг шүүхэд өглөө шүү, шүүхийн шийдвэр гаргуулъя, өөр арга байхгүй байна гэхэд А.Х өөрөө тэгье гэсэн. Шүүхэд өгөхийн тулд авсан, өгсөн зүйл байх ёстой, би чамд итгэж л өгсөн гээд манай эхнэр, А.Х хоёр сууж байгаад сарын 15 хувийн хүүтэй манай эхнэртэй гэрээ байгуулахаар нь би өмнөх авсан мөнгөө өгч чадахгүй байгаа юм чинь яаж 15 хувийн хүүтэй өгөх юм гээд эхнэртэйгээ муудалцаж байгаад 10 хувийн хүүтэй болгож гэрээ хийсэн. А.Х 15 хувийн хүү гэхэд нь хүлээн зөвшөөрсөн. Өмнө нь уулзахад гэрээ хийх боломж байгаагүй. Би А.Х-д итгэж байсан.

Хариуцагч нь өөрөө өдрийн 1 хувийн хүүтэй буюу нийт 30 хувийн хүүтэй зээлье гэж ирсэн. Би 15 хувийн хүүтэй мөнгө зээлдүүлсэн. Чамайг шүүхэд өглөө гэхдээ би дахиад 5 хувийг нь хасаад 10 хувийн хүүтэй болгосон. Хариуцагч би бантаад 10 хувийн хүүтэй болгосон гэж ярилаа. Яг өөрийнх нь бичиж өгсөн зүйл надад байгаа. Өөрөө 15 хувийн хүүгээр бүх зүйлээ бичээд, үүнийг шүүхэд өг гэж хэлж байсан. Хүүндээ 3 000 000 төгрөг авсан, өөрөө ч тухайн үедээ хүлээн зөвшөөрч байсан. 07 дугаар сард би А.Х-тай очиж уулзахад нэг сар сунгаад өгөөч, би нэг сарын дотор ямар нэгэн байдлаар олоод өгье, хэрвээ би 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэл мөнгөө өгч чадахгүй байвал алданги тооцоорой гэж өөрөө хүлээн зөвшөөрч байсан. Би мөнгөө ч нэхэхгүй, өөрийг нь хүлээгээд л байсан. Иймд нэхэмжлэлийн мөнгөн дүнг хуулийн дагуу олгож өгнө үү” гэв.

Хариуцагч А.Х шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“А.Х надаас зээл, түүний хүү, алданги 20 475 000 төгрөгийг нэхэмжилжээ. Түүний нэхэмжлэлээс 15 000 000 төгрөгийн үндсэн зээлийг төлөхийг зөвшөөрнө. Харин нэхэмжлэлийн бусад шаардлагыг зөвшөөрөхгүй. Учир нь тариалангийн зээл хаахад мөнгө дутсан тул 2020 оны 0З дугаар сарын 30-ны өдөр Ч.Э-аас 15 000 000 төгрөгийг нэг хоногийн 5 хувийн хүүтэйгээр 5 хоногийн хугацаатай зээлсэн. Дахин газар тариалангийн зээл аваад мөн хугацаанд төлөхөөр тохирсон. Гэтэл барьцаа хөрөнгө хүрээгүйгээс дахин зээл авч чадаагүй тул үндсэн зээл 15 000 000 төгрөгөөс 3 000 000 төгрөгийг 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр төлсөн зээлээ огт төлж чадаагүй байсаар 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдөр түүнтэй уулзаж 15 000 000 төгрөгийг 4 сарын хугацаагаар сарын 10 хувийн хүүтэйгээр зээлсэн мэтээр зээлийн гэрээ нөхөж үйлдсэн.

Түүнээс биш анх 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр бол дээрхи бичгийн гэрээг хийгээгүй юм. Иймд зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Уг гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү. Зээлдүүлэгч мөнгөө байнга нэхээд, шүүхэд өгнө гээд дарамтлаад байхаар 08 дугаар сарын 30-ны өдөр дээрх өндөр хүүтэй бичгийн гэрээг нөхөж хийсэн юм. Хэрэв тохиролцоно гэвэл Ч.Э нь 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг харгалзан зээлийн үлдэгдэл 12 000 000 төгрөг дээр 08 дугаар сард хийсэн хэлцлийн дагуу 2020 оны 09 дүгээр сард төлөх нэг сарын хүү болох 1 500 000 төгрөгийг нэмж нийт 13 500 000 төгрөгийг төлөх саналтай байна.

Иргэд хоорондоо ийм өндөр хүүтэйгээр мөнгө зээлдүүлсэн нь хуульд нийцээгүй гэж үзэж байна. Уг зээлийг сар бүрийн 30-ны дотор доорхи хуваариар төлөх саналтай байна. Үүнд: 6 сарын хугацаанд буюу 11 дүгээр сарын 30-ны өдөр 2 250 000 төгрөг, 12 дугаар сарын 30-ны өдөр 2 250 000 төгрөг, 01 дүгээр сарын 30-ны өдөр 2 250 000 төгрөг, 02 дугаар сарын 30-ны өдөр 2 250 000 төгрөг, 03 дугаар сарын 30-ны өдөр 2 250 000 төгрөг, 04 дүгээр сарын 30-ны өдөр 2 250 000 төгрөг тус тус төлөхийг зөвшөөрч байна” гэжээ.

Хариуцагч А.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Би 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр банканд 15 000 000 төгрөгийн зээл төлчхөөд буцаагаад мөнгө нэмж зээл аваад Ч.Э-аас авсан зээлээ өгнө гэж бодоод 5 хоногийн хугацаатай зээлсэн. Гэтэл банкнаас илүү зээл гарах боломжгүй болчхоод би мөнгөө 5 хоногтоо буцаагаад өгч чадаагүй. Би 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Ч.Э-д 2 000 000 төгрөгийг өгөөд, 04 дүгээр сарын 21-ний өдөр 1 000 000 төгрөг өгөөд 12 000 000 төгрөг үлдсэн. Сүүлд 08 дугаар сарын 30-ны өдөр Ч.Э-тай уулзаад, тэтгэмжийн мөнгө орж ирэхээр нь банк татчихвал би чамаас мөнгөө авч чадахгүй, шүүхээр шүүхийн шийдвэр гаргуулъя гэж ярилцаад бичгээр гэрээ байгуулсан.

Би одоо яг шууд төлөх боломжгүй байна. Үндсэн 15 000 000 төгрөгийн зээлээс 3 000 000 төгрөгийг төлчихсөн байсан. Одоо 12 000 000 төгрөг дээр 3 000 000 төгрөгийн хүү төлөөд, нийт 15 000 000 төгрөг төлье гэж бодсон. Шүүхэд нэхэмжлэл өгөх гэхээр бичгээр хийсэн гэрээ хийхгүй бол болохгүй юм байна гээд гэрээ хийсэн. Анх 5 хоногийн хугацаатай 5 хувийн хүүтэй амаар зээлж авсан. Тухайн үед хүүгийн талаар нарийн яриагүй. 5 хоногийн дотор өгнө гэж л тохирсон. Сүүлд нөхөж гэрээ байгуулахдаа хоногоор тооцвол даашгүй их хүү гарах юм байна гэж гээд 10 хувийн хүүтэй гэрээ байгуулсан. Үндсэн зээл 15 000 000 төгрөгөөс 3 000 000 төгрөг төлөөд 12 000 000 төгрөг үлдсэн. 08 дугаар сараас хойш хүү тооцоод 2 сарын хүү 3 000 000 төгрөг өгөөд, нийт 15 000 000 төгрөг өгнө гэж бодсон” гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“А.Х-д анх 15 000 000 төгрөг зээлсэн гэдэг. Зээлэх үедээ талууд  бичгийн гэрээ хийгээгүй байдаг. 08 дугаар сарын 30-ны өдөр нөхөж гэрээ хийсэн байдаг. Иргэний хуульд зааснаар бичгийн гэрээ анхнаасаа байгуулаагүй тохиолдолд хүү нэхэмжлэх эрх байдаггүй. Тэгэхээр 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хүү тооцох эрхгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч 7 500 000 төгрөгийн хүү нэхэмжилж байгаа юм. Иймд хүү төлөх бололцоо хариуцагчид байхгүй, эд хөрөнгийн хувьд ч байхгүй. Иймд бидний хүлээн зөвшөөрч байгаа хэмжээнд шийдвэрлэж өгнө үү. Хариуцагч нь үндсэн зээл 15 000 000 төгрөгөөс 3 000 000 төгрөгийг төлсөн. Үлдсэн 12 000 000 төгрөг дээр 2 сарын хүү 3 000 000 төгрөг нэмж, нийт 15 000 000 төгрөг төлье гэсэн байр суурьтай байна. Иймд үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Яагаад гэвэл илтэд хохиролтой гэрээ байгуулсан байна гэж үзэж байна. Ломбард гэхэд л 7 хувийн хүүтэй байдаг, банк бус санхүүгийн байгууллага 5 юм уу 4 хувийн хүүтэй байдаг. Гэтэл 10 хувийн хүү тооцно гэдэг нь илтэд хохиролтой байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-д заасныг үндэслэн үлдэх хэсгийг хорогдуулж шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтэй байна. Банк бус санхүүгийн байгууллагаас илүү өндөр хүүтэй гэрээ байгуулсан байна. Нөхөж хийсэн гэрээгээрээ тооцвол 08 дугаар сарын 30-ны өдрөөс хойш хүү тооцох хэрэгтэй. Мөн зээлийн гэрээг заавал бичгээр хийх ёстой. Нөгөө талын хүнээ хохироохгүйн тулд тохиролцох санал тавьсан юм. Ч.Э нь хүнээс мөнгө зээлээд А.Х-д өгсөн гэж ярьж байна. Хүнээс зээлж мөнгө авч өгсөн гэсэн баримт хэрэгт байдаггүй. Хүнээс хүүтэй зээл авхуулаад, Ч.Э-аар хүүгийн хамт буцаагаад төлүүлсэн гэсэн баримт ч хэрэгт байдаггүй. Иймд хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн дүнгээр шийдвэрлэж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Үндсэн зээл 15 000 000 төгрөг дээр маргаан байхгүй. Анх хэлцэл хийхдээ хүү дээр тодорхой тохиролцоо хийгээгүй байдаг. Иймд 08 дугаар сарын 30-ны өдрөөс хойш өнөөдөр хүртэлх хүүг төлнө гэж ойлгож байна. Нэхэмжлэгч нь 09 дүгээр сард шүүхэд нэхэмжлэл өгсөн болохоор алданги тооцохгүй гэж үзэж байна. Иймд алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 10 хувийн хүү гэдэг өндөр байна. Хэн хэнийх нь амьдрал, нөхцөл байдлыг хараад хүүг нь хорогдуулж өгнө үү гэж хүсэж байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2, 282.3, 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг үндэслэн шийдвэрлэж өгнө үү. Тухайн үедээ бичгээр гэрээ хийх хэлбэрийг зөрчсөн гэж үзэж байнагэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбар зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Э нь хариуцагч А.Х-д холбогдуулан зээлийн төлбөр 20 475 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд 15 000 000 төгрөг, хүүнд 4 500 000 төгрөг, алданги 975 000 төгрөг нийт 20 475 000 төгрөг гаргуулахаар маргасан бол хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг татгалзаж байгаа үндэслэлээ .... хэт өндөр хүү шаардсан, би өөрийн хүсэл зорилгоо илэрхийлээгүй ... гэж маргажээ.

Ч.Э, А.Х нарын хооронд 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр бичгээр тохирсон зээлийн гэрээнд 15 000 000 төгрөгийг 4 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй, тухайн зээлийн хүүг 2020 оны 04 дүгээр сарын 30-нд 1 500 000 төгрөг, 05 дугаар сарын 30-нд 1 500 000 төгрөг, 06 дугаар сарын 30-нд  1 500 000 төгрөг, 07 дугаар сарын 30-нд 1 500 000 төгрөг нийт зээлийн хүүнд 6 000 000 төгрөг төлөх, тухайн зээлийн гэрээг 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 1 сараар сунгасан зээлийн гэрээ,  зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд өдрийн 0.5%-иар алданги төлөхөөр харилцан тохирчээ.

Зээлдэгч Ч.Э нь Төрийн банкны 311300321915 дугаартай өөрийн данснаас 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 15 000 000 төгрөгийг шилжүүлж тус мөнгийг А.Х хүлээж авсан үйлдэлд зохигчидын хэн аль нь маргахгүй байна. 

Гэрээний хугацаанд зээлдэгч А.Х нь 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 2 000 000 төгрөг, 04 дүгээр сарын 21-ний өдөр 1 000 000 төгрөгийг төлсөн үйл баримт нь талуудын тайлбар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Ч.Э нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... анх 15 000 000 төгрөгийг надаас авахдаа А.Х нь өдрийн 1%-ийн хүүтэй мөнгө зээлээч 5 хоногийн дотор эргүүлээд төлнө... гэж авсан “....гэвч А.Х хэлсэн амандаа хүрэлгүй өнөөдрийг хүрч байна...” тэгээд 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдөр бид ярилцаад 1%-ийн хүүгээр бодохоор сарын 30%-н хүү болоод байгаа учир миний зүгээс хүүгээ буруулая гэхэд А.Х өөрөө сарын 15%-ийн хүүтэй болгоё гэсэнд би “...тэр арай дэндэх байх сарын 10%-н хүү болгоод буруулж хийе гээд харилцан тохиролцож хийсэн гэрээ...” гэж тайлбарлаж байна. 

Харин хариуцагч А.Х нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...15 000 000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед бид энэхүү мөнгийг өдрийн 5%-ийн хүүтэй нь хамт 5 хоногийн дотор өгөхөөр тохиролцсон боловч миний зээл бүтээгүйн улмаас мөнгийг төлөх боломжгүй болсон...” “...Гэхдээ тус зээлийн гэрээг 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр байгуулаагүй сүүлд нөхөж 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан. Иймд үндсэн зээлээс 3 000 000 төгрөгийг хасч хүүнд 3 000 000 төгрөг нийт 15 000 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна ....” гэж тус тус тайлбарлаж байна.

Талуудын хооронд багуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрлийн тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байх бөгөөд зээлдүүлэгч, зээлдэгч нарын хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн байна.

Хэдийгээр хариуцагч нь тухайн зээлийн гэрээг нөхөж хийсэн гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно” гэж заасны дагуу зээлийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд хэрэв зээлдэгч ******* нь 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөр огноолсон зээлийн гэрээ, 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөр огноолсон зээлийн гэрээг сунгасан гэрээнүүдийг өөрийн сайн дурын үндсэн дээр байгуулсан, тухайн зээлийн гэрээнүүдэд дурьдсан 10%-ийн хүүг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байх тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар хэлцэл хүчин төгөлдөр гэж үзнэ.   

Дээрхи тохиолдолд гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасантай харшлахгүй байна.

Мөн шүүх хуралдааны явцад хариуцагчийн өмгөөлөгчөөс Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно гэж заасны дагуу зээлийн хүүг багасгаж өгөхийг хүссэн байна.

Зээлийн хүүгийн хэмжээг багасгах үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх үзсэн болно.

Учир нь хүү төлөх нь зээлдэгчийн хариу үүрэг боловч уг төлбөрийн хэмжээг бууруулахад гэрээний нэг тал нөгөө талдаа эдийн засгийн хувьд илтэд хохиролтой, сөрөг байдлаар хандсан нөхцөл тогтоогдсон байхыг шаардана.

Түүнчлэн зээлийн хүүг багасгах талаар зээлдэгч хүсэлт гаргасан байх, зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон байх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “зохигч түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй” мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т “зохигчдын шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна” гэж заасан нь зээлдэгчийн хууль ёсны шаардлага байсан.

Зээлийн гэрээнд зээлийн хүүг сарын 10%-иар тохиролцсон нь харьцангуй өндөр хувиар хүүг тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй боловч зээлдэгч нь зээлийг 5 сарын хугацаатай авсан, шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд буюу 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй, зээлдэгч гэрээнд заасан сар бүрийн хүү төлөх үүргээ зөрчсөнөөс хүү хуримтлагдсан, зээлийн хүүг гэрээний хугацаагаар тооцсон тул хүүгийн хэмжээг хариуцагчид илт хохиролтой тогтоогдсон гэж үзэх үндэслэл болохгүй юм.  

Иймд талуудын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт “үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор шударгаар гүйцэтгэнэ”, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт “үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж тус тус заасны дагуу хариуцагч нь зээлийн төлбөрийг буцаан төлж дууссан байх үүргээ биелүүлээгүй тул мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар  зээлийн гэрээний үүргийн харилцаа тул үндсэн зээл болох 15 000 000 төгрөгийг хариуцагч *******аас гаргуулах нь зүйтэй байна.

Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болох ба хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийнэ гэсэн хуулийн шаардлагаар тухайн зээлийн хүүг 2020 оны 04 дүгээр сарын 30-нд 1 500 000 төгрөг, 05 дугаар сарын 30-нд 1 500 000 төгрөг, 06 дугаар сарын 30-нд  1 500 000 төгрөг, 07 дугаар сарын 30-нд 1 500 000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 30-нд 1 500 000 төгрөг нийт зээлийн хүүнд 7 500 000 төгрөг төлөхөөс 3 000 000 төгрөгийг зээлийн хүүнд төлснийг хасч үлдэх хүүнд 4 500 000 төгрөгийг хариуцагч *******аас гаргуулж, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5%-иас хэтрэхгүй хэмжээгээр хугацаа хэтрүүлсэн хоног тутамд алданги тооцохоор заасан тул үндсэн зээл 15 000 000 төгрөг, хүүнд 4 500 000 төгрөг, эдгээрийн нийлбэр болох 19 500 000 төгрөгнөөс 10 хоногийн алданги тооцож 975 000 төгрөг нийт 20 475 000 төгрөгийг хариуцагч А.Х-аас гаргуулж нэхэмжлэгч Ч.Э-д олгох нь зүйтэй гэж дүгнэв.      

Улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Ч.Э-ы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 260 325 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 260 325 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Э-д олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч А.Х-с 20 475 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Э-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч Ч.Э-ы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 260 325 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Х-аас 260 325 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Э-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор  Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.ТҮВШИНЖАРГАЛ