Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 2024/ШЦТ/82

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг 

Улсын яллагч Д.Ганчимэг

Шүүгдэгч Х.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1972 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг Ивээлийн ******* тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл:

Дорнод аймгийн 3 дугаар хэсгийн ардын шүүхийн 1993 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4-д зааснаар 5 жилийн хорих ялаар,

Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2000 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 41 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2-д зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2001 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 210 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дугаар зүйлийн 1-д зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар,

Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2/14 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар 13 хоногийн хорих ялаар,

Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 69 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын баривчлах ялаар,

Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 21 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, Хэнтий аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 12 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 9 сарын хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 139 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, ******* овогт ******* *******. /РД: *******/

Шүүгдэгч Х.******* нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг Ивээл хорооллын ******* тоотод гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр И.******* 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 09 цагийн үед унтаж байхад нь хэтэвчнээс нь хүүхдийн тэтгэмжийн мөнгө болох 55,000 төгрөгийг зөвшөөрөлгүй авч, архи худалдан авч, үлдсэн мөнгийг өгөхгүй гэх шалтгаанаар толгойн тус газарт нь ундааны сав шидэх, зүүн хөлийн гуя руу өшиглөх зэргээр зодож, хуваарьт болон дундын эд хөрөнгө эзэмших эрхэд халдсан, мөн 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 16 цагийн үед согтуугаар мөнгө нэхэж, үг хэлээр доромжилж, хуваарьт эд хөрөнгө эзэмших эрхэд халдсан, 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 16 цагийн үед бусадтай хардаж, гуя руу нь гараараа цохих зэргээр зодож гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т заасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Х.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул нэмж ярих зүйлгүй” гэв.

Шүүгдэгч ******* овогт ******* ******* нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг Ивээл хорооллын ******* тоотод гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр И.******* 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 09 цагийн үед унтаж байхад нь хэтэвчнээс нь хүүхдийн тэтгэмжийн мөнгө болох 55,000 төгрөгийг зөвшөөрөлгүй авсан, үлдсэн мөнгийг өгөхгүй гэх шалтгаанаар толгойн тус газарт нь ундааны сав шидэх, зүүн хөлийн гуя руу өшиглөх зэргээр зодож, хуваарьт болон дундын эд хөрөнгө эзэмших эрхэд халдсан, мөн 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 16 цагийн үед согтуугаар мөнгө нэхэж, үг хэлээр доромжилж, хуваарьт эд хөрөнгө эзэмших эрхэд халдсан, 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 16 цагийн үед бусадтай хардаж, гуя руу нь гараараа цохих зэргээр зодож гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Х.*******гийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу...” гэх мэдүүлэг,

                 мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч И. “...Миний бие Х.*******тай гэр бүл болж хамтран амьдраад 24 жил, гэр бүлээ батлуулаад 17 жил болж байна. ******* нь архи согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэдэг. Уухаараа агсам согтуу тавиад хэрүүл маргаан үүсгэж, надад гар хүрдэг. 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр би гэртээ 16 цагийн үед унтах гээд хэвтэж байх үед ******* гаднаас согтуу орж ирээд “чи муу хэнтэй унтсан, чамаас хулмас үнэртээд байна, хулмастай хүнтэй унтсан байна чи” гээд миний хөлийн хоёр гуя руу гараараа цохиод унтуулахгүй байхаар нь би арга ядаад гэрээсээ гараад явсан. Ингээд оройн 22 цагийн орчимд гэртээ ирэхэд ******* гэртээ байхгүй байсан. Уг нь охин маань *******г гаднаас нь цоожлоод гарсан байсан юм. Гэтэл цонх онгорхой, тогоонд байсан хоол байхгүй байсан. Бодвол цонхоор гараад явсан бололтой байсан. ... гэртээ байж байтал удалгүй гаднаас бас л согтуу орж ирээд “чи муу хэнтэй янхандаж байгаад ирсэн” гээд бархирч чарлаад агсам тавиад байхаар нь би цагдаад дуудлага өгсөн. ...2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр бас орой унтах гэсэн согтуу миний гуя руу гараараа цохиод намайг бос бос гээд байсан. Үүнээс өмнөх нь 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр бас л гаднаас согтуу орж ирээд бид нарыг унтуулахгүй, ална хядна гээд намайг зодох гээд дайраад хөл гарыг минь цохиод охин хоолойг нь боочхоод тавихгүй байсан. Би цагдаад дуудлага өгсөн байсан учир азаар цагдаа хурдан ирж болиулаад аваад явсан. Энэ асуудлаараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж шүүхээр ороод баривчилгаа авсан юм. ... Энэ асуудлаас өмнө нь бас 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гэрт байж байхад миний цүнхэнд байсан мөнгийг ******* нь аваад гараад явчихсан байсан. Улмаар араас нь Шүр зах руу очиход захын баруун талд байдаг архи, тамхины бөөний төвийн гадаа миний цүнхнээс авсан мөнгөөрөө 1 шил архи, 1 ундаа авчихсан байж байсан. Би очоод үлдэгдэл мөнгөө авъя гэсэн чинь “өгөхгүй, лотто тоглоно” гээд мөнгийг маань өгөхгүй бид 2 маргалдаж эхэлсэн. Улмаар цохиж зодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 88-89, 90-91 тал/

         Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 тал/

         Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 98-100 тал/

         Насанд хүрээгүй гэрч О. мэдүүлэг /хх-ийн 16-17 тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.     

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч Х.******* нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших эрхэд халдсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгч Х.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна шүүгдэгч нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцохгүй, шүүгдэгчид гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй” гэж шүүхийн мэдэгдэх хуудсанд тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Х.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн 1 жилийн хугацаанд оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах эрүүгийн хариуцлагын санал нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

 Иймд шүүгдэгч Х.*******г прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгчид тэнссэн 1 жилийн хугацаанд оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Х.******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших эрхэд халдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т зааснаар шүүгдэгч Х.*******д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Х.*******д оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Х.*******д мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Х.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн ******* тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Л.БАТЖАРГАЛ