Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 151/ШШ2020/01576

 

 

 

 

 

 

 2020         12             15                                      151/ШШ2020/01576

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Цолмон даргалж, шүүгч Д.Мөнхбүрэн, Б.Түвшинжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,                                                                                                                                                    

Нэхэмжлэгч: ............. оршин суух ............ овогт Ц.Э-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ...........  байрлах “М” ХХК -д холбогдох

Гэм хорын хохиролд 2,668,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхтулга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Базардорж, хариуцагчийн өмгөөлөгч Б.Сонинбайгаль, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Э шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

“Ц овогтой Э миний бие Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул иргэн ба өөрийн өмчлөлийн мал аж ахуй эрхлэн амьдардаг. 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 14 цагийн орчимд миний эзэмшлийн 9 настай, зуузай тамгатай, хөх бор морь тогонд цохиулж үхсэн байдалтай Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг 4 дүгээр багийн нутаг дэвсгэрээс олдсон. Намайг очиход уг газар дээр бороо орчихсон, цахилгааны утас нь шалбарсан байдалтай, чад пад гэх дуу гарч цахилгааны утас масстай байсан. Би өөрөө тогонд цохиулахгүйн тулд тийшээ ойртоогүй.

Тэгэхээр нь би сумын цагдаад мэдэгдэхэд “...манайд хамааралгүй юм байна. Та эрчим рүү ярь” гэхээр нь хэрэглэгчийн санал гомдол авдаг утас 7004-7004 рүү хандсан. Түүний дараа сумын ахлах монтер болох Т.Хүрэлшагай, хэрэглэгчдэд үйлчлэх төвийн байцаагч Н.Мөнгөнбаяр нар ирж, тэр хавийн цахилгааныг салгаж, аюулгүй болгосон.

Гэтэл бодит байдал дээр “М” ХХК холбогдох зөвшөөрөл байхгүйгээр “Монфреш” ХХК-г 0.4кв U-ээр хангасны улмаас цахилгааны кабель шалбарч миний адуу үхсэн болох нь холбогдох хүмүүсийн дүгнэлтээр тогтоогдсон.

Мөн түүнчлэн 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 19 цаг 20 минутын орчимд Төв аймгийн төвийн хэрэглэгчдэд үйлчлэх төвийн ажилтан М.Марал-Эрдэнэд болсон асуудлын талаар хэлж тэмдэглүүлсэн юм.

Тухайн өдөр дуудлагаар ирсэн сумын ахлах монтер Т.Хүрэлшагай, хэрэглэгчдэд үйлчлэх төвийн байцаагч Н.Мөнгөнбаяр, иргэний нэхэмжлэгч Ц.Э миний бие байсан ба шаардлагатай гэвэл эдгээр 2 хүнийг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулж бодит байдлыг харсан хүний хувьд хэрэгт ач холбогдол бүхий мэдүүлэг авахуулах болно.

Ер нь цаашлаад энэ мэт асуудалд хариуцлагатай, болгоомжтой хандаж байхгүй бол наанадаж бусдын эд хөрөнгө, цаанадаж хүний амь нас хохирч болзошгүй байх тул хаа, хаанаа анхаарах хэрэгтэй байх гэж бодож байна.

Иймд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д зааснаар нэхэмжлэлийг шаардлагыг бүрэн хангаж, хариуцагч “М” ХХК-аас гэм хорын хохирол болох бүгд 2,668,500 төгрөгийг гаргуулж, миний хохирлыг барагдуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхтулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц.Э нь Батсүмбэр сумын уугуул иргэн ба өөрийн өмчлөлийн мал аж ахуй эрхлэн амьдардаг. 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 14 цагийн орчимд Ц.Э-ийн эзэмшлийн 9 настай, зуузай тамгатай, хөх бор морь тогонд цохиулж үхсэн байдалтай Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг 4 дүгээр багийн нутаг дэвсгэр дээрээс олдсон. Уг газар дээр очиход бороо орчихсон, цахилгаан утас нь шалбарсан байдалтай, чад пад гэх дуу гарч цахилгааны утас масстай байсан, өөрөө тогонд цохиулахгүйн тулд тийшээ ойртоогүй гэсэн. Тухайн үед сумын цагдаад мэдэгдэхэд манайд хамааралгүй юм байна,та эрчим хүч рүү ярь гэж хэлэхээр нь хэрэглэгчийн санал гомдол авдаг 7004-7004 утас руу хандсан гэдэг. Түүний дараа сумын ахлах монтёр Т.Хүрэлшагай, хэрэглэгчдэд үйлчлэх төвийн байцаагч Н.Мөнгөнбаяр нар ирж тэр хавийн цахилгааныг салгаж, аюулгүй болгосон байдаг. Гэтэл бодит байдал дээр “М” ХХК холбогдох зөвшөөрөл байхгүйгээр “Монфреш” ХХК-ийг 0,4 кВт  хүчдэлээр хангасны улмаас цахилгааны кабель шатаж адуу нь үхсэн болох нь холбогдох хүмүүсийн дүгнэлтээр тогтоогдсон юм. Мөн түүнчлэн 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 19 цаг 20 минут орчимд Төв аймгийн хэрэглэгчдэд үйлчлэх төвийн ажилтан М.Марал-Эрдэнэд болсон асуудлын талаар хэлж тэмдэглүүлсэн. Тухайн өдөр дуудлагаар ирсэн хүмүүс ч гэрчлэх болно. Хариуцлага болгоомжтой хандаагүй “М” ХХК-д гомдолтой байх тул гэм хорын хохирол 2,668,500 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Базардорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. “М” ХХК нь 2006 онд үүсгэн байгуулагдсан. Газар тариалан, гадаад худалдаа, аялал зуучлал, модон эдлэл, ойн аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Өнөөдрийн байдлаар “М” ХХК-ийн захирлаар Ч.Б гэж хүн ажилладаг. 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр тус компанийг Б.Б гэх хүнээс компанийн эрх шилжүүлэх гэрээний үндсэн дээр өөрийн өмчлөлд шилжүүлж авсан. Тухайн үед шилжүүлж авахад “М” ХХК-тай холбоотой ямар нэгэн өмчлөлийн эд зүйл шилжиж ирээгүй. Ямар нэгэн гэрээгээр үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө шилжиж ирээгүй. Тухайн үед адуу хэний буруутай үйлдлээс болж үхсэн юм бэ, үнэхээр Ц.Э-ийн адуу мөн үү, биш үү гэдэг нь тодорхойгүй байгаа. Мөн түлшний зардал нэхэмжилсэн байдаг. Ямар машинаар, хаашаа, хэзээ явсан гэдэг нь мөн тодорхойгүй байгаа учраас хэрэгт ач холбогдолгүй гэж үзэж байна” гэв. 

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Сонинбайгаль шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Багийн Засаг дарга тэрний адуу мөн, биш гэж тодорхойлох эрхтэй этгээд биш. Хэрвээ Ц.Э-ийн адуу мөн бол мал тооллогын А данс хэрэгт авагдсан байх ёстой. Мөн нэхэмжлэгч адууг 2,500,000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Юуг үндэслэж 2,500,000 төгрөгөөр үнэлээд байгаа нь тодорхойгүй. Шонгийн мод хэний өмчлөлд байдгийг мэдэхгүй. Шүүх дээр нэхэмжлэл ирэхээс өмнө танай тогонд цохиулж үхсэн гэдэг бичиг огт ирээгүй. Энэ шонгийн мод, ил гарсан утас хаана байдгийг бид мэдэхгүй. Адуу яг хаана үхсэнийг ч мэдэхгүй. “Монфреш” ХХК-ийн тогийг хэрэглээд мөнгө төлсөн асуудал харагддаг. Адуу үхсэн зургаас харахад ч “Монфреш” ХХК-ийн хажууд үхсэн харагддаг. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Э нь гэм хорын хохиролд 2,668,500 төгрөг гаргуулахаар хариуцагч “М” ХХК-д холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нарт шаардлага ба татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүрэгтэйг танилцуулж, эдлэх эрхийг тайлбарлан өгч, Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан өмгөөлөл, хууль зүйн туслалцаа авах эрхийг хангаж, зохигч талуудын мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан болно.

Хариуцагч тал шүүх хуралдаанд тухайн цахилгааны үүсгэврийг өмчлөгч нь “Ма” ХХК болохыг хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч тухайн адуу нь нэхэмжлэгчийн адуу гэдгийг нотлох баримт байхгүй, үнэлгээний компаниар үнэлгээ хийлгээүй, хохирол, шалтгаант холбоо тогтоогдохгүй байна гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж, нэхэмжлэгч тал тухайн адуу нэхэмжлэгчийнх мөн учраас шаардах эрхтэй, учраас уналга, ачлагад хэрэглэдэг адуугаа хөрөнгөө өөрөө үнэлэх эрхтэй, адуугаа тогонд цохиулж алдсан, үүнээс хохирол учирсан гэж тайлбарлан адууны үнэд 2,500,000 төгрөг, хохиролд 168,500 төгрөгийг шаардаж байна.

 Хариуцагч “М” ХХК нь 100кВа чадалтай АТП-8264 дугаартай дэд станцад холбогдсон трансформатор болон 0,4 кВ-ын салаалсан кабель, тулгууруудын өмчлөгч бөгөөд 8203052 хэрэглэгчийн кодтой эрчим хүчний хэрэглэгч болох нь:

-“М” ХХК-ийн эзэмшлийн 100кВа чадалтай АТП-8264 дугаар авч сүлжээнд залгагдсан байна. Трансформатор болон 0,4 кВ-ын салаалсан кабель тулгуурууд нь “М” ХХК-ийн өөрийнх нь өмч болно. 2020 оны 8 дугаар сарын 03-ны 17 цаг 50 минутад Зуунмод түгээх төвийн диспечерийн 70273664 утсаар Батсүмбэр сум, Үдлэг багт контейнерт адуу тогонд цохиулсан байна” гэсэн дуудлагын дагуу монтёр Т.Хүрэлшагайгаар үзлэг хийлгэсэн. Тухайн үеийн үзлэгийн зургийг хавсаргав” гэх “Улаанбатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Зуунмод түгээх төвийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 34/160 дугаартай албан тоот /хх-51/,

-АТП, тулгуур, үхсэн адууны болон шалбарч гэмтсэн цахилгааны утасны гэрэл зургууд /хх-52-57/;

-“Төв аймгийн Батсүмбэр сумын Үзлэг 4 дүгээр багийн “М” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зураг зэрэг баримтуудыг үндэслэн 2013 он 9 дүгээр сарын 03-ны өдөр тус компанийн кахирал Ц.Доржпүрэвтэй Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулан, цахилгаан эрчим хүч хэрэглэсэн тооцоог хийж байна. АТП-8264 дэд станцын 0,4 кВт-ын тоног төхөөрөмж, хэрэглэгчийг тэжээж байгаа кабел зэрэг нь хэрэглэгчийн өмч болно. Хавсралт 5 хуудастай” гэх “Улаанбатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Зуунмод хэрэглэгчдэд үйлчлэх төвийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 27/90 дугаартай албан тоот /хх-58/

 хавсарган ирүүлсэн 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөр төлөгдсөн талаарх хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан /хх-62/,

-Төв аймгийн Батсүмбэр сумын засаг даргын 2009 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 64 тоот шийдвэрийг үндэслэн “М” ХХК-д 15 га газрын 15 жилийн хугацаатайгаар жимс, жимсгэнэ, чацарганы зориулалтаар эзэмшүүлэхээр 2010 оны 10 дугаар сарын 10-ны өдөр олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээ /хх-59-61/  

-зохигч талуудын шүүх хэрлдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Харин хариуцагч “М” ХХК-ийн шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргаж буй тайлбараас үзэхэд хариуцагч хуулийн этгээд нь тухайн эзэмшлийн газар дээрээ жимс, жимсгэнэ, чацарганыг тариалах үйл ажиллагаа явуулдаггүй, зориулалтын дагуу ашигладаггүй, арчлан хамтгаалалт хийдэггүй гэж дүгнэх боломжтой боловч цахилгаан ашиглалтын төлбөр сар бүр нэхэмжлэгддэг, төлбөрийг тухай бүр төлдөг байдлыг дүгнэхэд газрыг ямар нэг байдлаар эзэмшиж, ашиглаж байна.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.9-д “малчин” гэж мал аж ахуй эрхэлж үндсэн орлогоо олдог иргэнийг” гэж тодорхойлсон бол Статистикийн тухай хуулийн 7 дугаар зүйлд Үндэсний статистикийн хороо нь “мал, тэжээвэр амьтдын тооллогыг жил тутам, малын хагас жилийн тооллогыг түүвэр судалгааны аргаар хуульд заасан хугацаанд явуулна” гэж заасан ч малын им тамга, зүсийг хэрхэн бүртгэж тоолох талаар нарийвчлан зохицуулаагүй.

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирлагын тухай хуулийн 28 дугаар зүйлд багийн Засаг даргын бүрэн эрхийг заасан бөгөөд хуулийн 28.1.2-т “мал тэжээвэр амьтад, хашаа худгийн тооллого явуулах зэрэг цаг үеийн ажлыг хугацаанд нь гүйцэтгэх зохион байгуулалтын арга хэмжээ авах” гэж хуульчилсан тул тухайн багийн иргэний мал, тэжээвэр амьтны тооллогын баримтыг үндэслэн багийн дарга тодорхойлолт гаргах эрхтэй бөгөөд хэрэгт авагдсан Засаг даргын тодорхойлолтыг хуурамчаар үйлдсэн, хууль зөрчиж гаргасан, эсхүл нотлох баримтаас хасуулах талаар талууд маргаагүй тул шүүхээс нотлох баримтаар үнэлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг 4 дүгээр багийн Засаг даргын 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн “Тус багийн Үзлэг -2-19 тоотод НБ77081612 регистртэй Цэцэгсайхан овогтой Элбэгзаяа нь ам бүл 7, байнга оршин суудаг. Зуузай тамгатай хөх бор 9 настай унааны морьтой болохыг тодорхойлов” гэх тодорхойлолт, зураг дээрх үхсэн адууны гуян дээр дарагдсан “зуузай” тамгатай тохирч байна. /хх-5, 54/

Иймд Ц.Э-г 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдөр үхсэн адууны өмчлөгч мөн гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 502 дугаар зүйлийн 502.1-д “Барилга байгууламжийн хийц, зохион байгуулалтыг дур мэдэн өөрчилсөн, эсхүл түүнд байрлуулсан буюу дамжуулан оруулсан эрчим хүч, галын болон тэсрэх аюултай, хортой бодисын улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд гэм хор учирсан бол уг гэм хорыг тухайн үйл ажиллагаа явуулж байгаа этгээд, эсхүл аюултай зүйлийг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй”, 502.2-д “Онцгой аюул учруулж болох барилга байгууламж, эд хөрөнгийг өмчлөгч буюу эзэмшигч нь гэм буруутай байсан эсэхээс үл хамааран энэ хуулийн 502.1-д заасан гэм хорыг хариуцна” гэж заасан учир нэхэмжлэгч Ц.Э нь шаардах эрхтэй, хариуцагч гэм буруутай эсэхээс үл хамааран хариуцан арилгах үүрэгтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч өөрийн хөрөнгийг өөрөө үнэлэх эрхтэй бөгөөд үхсэн морийг уналга ачлагад хэрэглэдэг, амьжиргааны гол эх үүсвэр байсан адуу учраас  2,500,000 төгрөгөөр үнэлсэн гэж тайлбарлажээ. /хх-25-26/

Шүүх хуралдааны мэтгэлцэх шатанд хариуцагч талаас адууны үнэлгээг тусгай зөвшөөрөлтэй этгээдээр үнэлүүлээгүй, 2,500,000 төгрөгөөр үнэлсэн нь үндэслэлгүй гэх боловч татгалзлын үндэслэлээ нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, хүсэлт гаргаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлээгүй.  

Малчин, мал бүхий иргэн нь малаа хариулах үүрэгтэй.  Өөрөөр хэлбэл, бусдын тариалангийн зориулалт бүхий эзэмшлийн талбайд адууг оруулахгүй байх, малаа хараа хяналтдаа байлгах үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.

Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д “Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно” гэж заасныг баримтлан адууг үнэлсэн үнэлгээг 1,000,000 төгрөгөөр бууруулан, хариуцагч “М” ХХК-аас 1,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Э-д олгох үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Нэхэмжлэгчийн шатахууны зардалд гарсан гэж шаардсан 168,500 төгрөг нь ямар хохирол болох, үхсэн морьтой ямар хамааралтай гарсан шатахууны зардал, хохирол болохыг нотлохгүй, тухайн гэм хорын хохиролтой шууд хамааралтай болох нь нотлогдон тогтоогдохгүй, нотлох үүргээ биелүүлээгүй байх тул энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байх тул улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 57,646 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 38,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэмжээгээр зохигчдод хуваарилан хариуцуулах нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 502 дугаар зүйлийн 502.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д заасныг баримтлан хариуцагч “М” ХХК-аас гэм хорын хохиролд 1,500,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Э-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,168,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 57,646 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “М” ХХК-аас 38,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Э-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэй болохыг дурдсугай.

                                

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ЦОЛМОН

                                                  ШҮҮГЧИД                        Д.МӨНХБҮРЭН

                                                                                                   Б.ТҮВШИНЖАРГАЛ