| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Дөлгөөн |
| Хэргийн индекс | 179/2024/0063/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/74 |
| Огноо | 2024-03-01 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Тогтох |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 2024/ШЦТ/74
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,
Улсын яллагч Б.Тогтох,
Шүүгдэгч Г.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангий 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Д-д холбогдох эрүүгийн ********* дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Д нь Хөвсгөл аймгийн ********** сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт өөрийн гэртээ 2023 оны 07 дугаар сард гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Ц.Цтай үл ялих зүйлээр маргалдан баруун гуя руу нь цохиж сорви бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, мөн Хөвсгөл аймгийн ********** сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт өөрийн гэртээ 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр эхнэр Ц.Ц-тай үл ялих зүйлээр маргалдан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, биед нь баруун, зүүн хацар, зүүн дээд зовхи, зүүн бугалга, зүүн шуу, баруун бугалга, баруун тохой, баруун бугуй, цээж, баруун хөх, хэвлий, баруун гуянд цус хуралт, баруун шуунд зулгаралт, дагз, зүүн чамархайн хуйханд шарх, зүүн сарвууны ядам хуруу, баруун 11-р хавирганд хугарал бүхий гэмтэл учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн ********* дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Г.Д нь 2023 оны 07 дугаар сард Хөвсгөл аймгийн ********** сумын 5 дугаар багийн нутагт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ц.Цг шалтгаангүйгээр уурлаж түүний баруун гуя руу нь утасны цэнэглэгчээр ороолгож биед нь сорви бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан,
мөн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн ********** сумын 5 дугаар багийн нутагт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ц.Цг үл ялих зүйлээр шалтаглан удаа дараа бие эрх чөлөөнд халдаж толгойн тус газарт цохих, цээж рүү нь нь өшиглөж унагаан дээрээс нь цээж гар луу нь дэвсэж, өшиглөх зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Ц.Ц-гийн биед нь баруун, зүүн хацар, зүүн дээд зовхи, зүүн бугалга, зүүн шуу, баруун бугалга, баруун тохой, баруун бугуй, цээж, баруун хөх, хэвлий, баруун гуянд цус хуралт, баруун шуунд зулгаралт, дагз, зүүн чамархайн хуйханд шарх, зүүн сарвууны ядам хуруу, баруун 11 дүгээр хавирганд хугарал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Дын өгсөн: “... Үл ялих маргаанаас болсон. Би 50 настай. Манай авгай 47 настай. Хоёр бандитай байж байгаад нэгийг нь алдсан. Анх маргаан болсон нь анхны бандийн осолд орсноос үүдэлтэй. Тэрнээс үүдэлтэй дандаа хэрүүл маргаан болж байдаг. Ээж нь малд авч яваад хүүгээ усанд хороосон. Тухайн цагаас хойш 10 жил үл ялих маргаан явсаар байгаад сүүлдээ зодоон дээр очиж байна..” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Ц.Цгийн өгсөн: “...Нөхөртэйгээ 2008 онд гэр болсон түүнээс хойш хамт амьдарч байгаа. Бид 2 дундаасаа 2 хүүхэд төрүүлсэн. Том хүүгээ 4 настай байхад нь 2013 онд Сэлэнгэ голын усанд алдаж байсан. Одоо манай бага хүүхэд 13 настай. Би ажил төрөл хийдэггүй гэртээ байнга байдаг, гадуур ажил төрөл хийе гэхээр манай нөхөр намайг ажил хийлгэдэггүй хардаад байдаг. .. Манай нөхөр Улаанбаатар хот руу очиж шулуун гэдэсний хагалгаанд ороод 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ********** сумандаа гэртээ ирсэн. Ирсэн өдрийнхөө маргааш өдөр нь буюу 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 12 цагийн үед манай нөхөр хашаан дотор байсан машинаа асаасан. Тэгэхэд нь машиных нь хянах дээр гэрэл ассан юм байна лээ. Тэгээд над руу уурлаж эхэлсэн гэрийн хаалгаа өшиглөж гараад дэлгэж ч орж ирээд гражны хогийг цэвэрлэ, граж дотор байгаа юмыг гаргаж хаялаа шүү гэхээр нь би гарч граж доторх эд зүйлийг нааш цааш нь болгож машин орох зай гаргаад гэртээ орж ирэхэд машинтайгаа хашаанаас гараад явсан, гэрт ширээн дээр манай нөхрийн утас цэнэглээд орхисон байсан. Тэгэхээр нь би ойрхон гарч машинаа хүнд үзүүлж байгаа юм байна гэж бодсон юм. Тэгтэл удалгүй манай нөхөр гаднаас бөөн ууртай хүн орж ирээд Мөрөн явж машинаа үзүүлэх гээд явж байхад чи утас мартууллаа сануулсангүй гэж орж ирээд тархи, толгой руу гараараа цохиод, цээж рүү өшиглөөд газар унагаагаад намайг цээжин дээр дэвсээд байсан. Тэгэх үед нь би цээжээ гараараа хамгаалсан тэгэхэд миний гаран дээр дэвсэж, миний зүүн гарны ядам хурууг гэмтээсэн. Ингэж намайг зодож байх үед Д.Нын гар утас дуугарсан тэгээд утас нь дуугарахаар нь утасныхаа дуудлагыг авч ярьж намайг зодохоо больсон. Тэгээд би босож ирээд уйлаад сууж байхад манай хүү хичээлээ тараад гэртээ ирсэн. Хүү орж ирээд юу ч яриагүй ааваасаа айгаад байдаг. /Манай нөхөр хүүхдийнхээ хажууд намайг зөндөө зодож байсан болохоор/ Манай нөхөр өнгөрсөн намраас хойш гэртээ тогтохгүй гэрээс гараад явчихдаг явахаараа доод тал нь гурав хононо дээд тал нь долоо хононо хаашаа явж байгаагаа ч хэлэхгүй болсон, мөн гэртээ орж гарсан хүн болгонд 2 эхнэртэй болох хууль батлагдсан би залуу авгайтай болсон гэж яриад байдаг болсон юм. Тэгэхээр нь би зодуулсныхаа дараа чи үнэхээр хүн амьтантай болоод салж хагацаж чадахаа больсон юм бол энэ байдлаа эвтэйхэн зохицуулаад явчихаж болдоггүй юм уу гэж хэлэхэд би чамайг хэнд ч хэрэггүй хүн болгоно, чамайг алаад булаад хаясан ч миний дурных гэж ярьдаг хүн гээд намайг хүүхдийнхээ дэргэд үргэлжлүүлээд зодсон, манай банди хараад зогсож байсан. Зодохдоо мөн намайг газар унагаагаад намайг өшиглөөд дэвсээд байсан. Би Мөрөн сум орж “Оюу Ундраа” нэртэй хувийн эмнэлгийн эмчид үзүүлсэн тэгээд зүүн гарны ядам хуруунд шохойдож гипсдсэн, мөн надад өвчин намдаах эм, тариа бичиж өгсөн ба эмчийн бичиж өгсөн эм тариануудыг би бүгдийг эмийн сангаас авч хэрэглэж, тариулсан. .... Уг дүгнэлтэд тусгагдсан байгаа миний биед учирсан бүх гэмтэл нь 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр манай нөхөр намайг зодохдоо миний биед учруулсан гэмтлүүд байгаа юм. Манай нөхөр намайг сууж эхлэхээсээ өмнө намайг зодож эхэлсэн. Би энэ хүнд 17 жил зодуулж байна. Миний эргэн тойрны ах дүү нар мэдэж байгаа. 2023 оны зун 7 дугаар сарын сүүлээр юм гэртээ байж байхдаа мөн зодсон юунаас болсон эсэхийг нь би мэдэхгүй зүв зүгээр байж байснаа намайг утасны цэнэглэгчээр минии баруун гуя руу ороолгосон тухайн үедээ хөхөрч хавдаад дараа нь эдээлж буглаад байсан Д.Н өөрөө харсан наадах чинь ямар аймар болсон юм гэж байсан. Тэгээд тэр хөлөн дээрээ 5 салаа тавьж боосон, дотроосоо үрэвсэл намдаах эм тан ууж байж эдгээсэн. Эдгэхдээ сорви тогтож эдгэсэн түүнийг шинжээч хараад дүгнэлт дээрээ тусгасан байна. Үүнээс гадна намайг зөндөө л зодсон зүйлүүд байгаа би цагдаагийн байгууллагад ерөөсөө хандаж үзээгүй, саяных буюу 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр зодуулсан асуудал дээр манай Орхон аймагт байдаг эгч Цолмон нь цагдаад мэдэгдэж анх удаагаа шалгуулж байна. Намайг байнга зодно долоо хоногт 2-оос 3 удаа гар хүрдэг. Ганц бандийгаа бодоод өнчрүүлчихгүй юмсан гэж бодоод ерөөсөө мэдэгдэж байгаагүй. Ганц хүүхдээ үгийн муухайгаар хэлдэг жишээлбэл: пизда минь, гөлөг минь чамайг алсан ч миний дурных гэдэг 2 хоолны сав гэнэ. Тэгээд мөн утасны цэнэглэгчээр хүүхдээ ороолгодог, мөн өмдний тэлээгээр ороолгодог манай хүүхдээс өөрөөс нь эвтэйхэн асуувал хэлж магадгүй, эсвэл ааваасаа айгаад хэлэхгүй ч байж магадгүй. Гомдолтой байна, манай нөхөрт хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. Манай нөхөр гэр бүлийн хүчирхийлэгч хүн би дандаа тусдаа оронд унтдаг юм. Би 2019 онооос эхлээд өвлийн улиралд байнгын гэртээ суурин байх үедээ шөнө унтаж байснаа гэнэт сэрж босож ирээд надтай бэлгийн харьцаанд орохыг шаарддаг юм. Тэгэхээр нь би ямар ч тийм нөхөртэйгээ бэлгийн харьцаанд орох хүсэл тэмүүлэлгүй болсон учир би зөвшөөрдөггүй юм тэгэнгүүт үргэлжлүүлээд намайг дарамтлаад 2 гарыг өргүүлнэ, мөн өрөөсөн хөл дээр зогсооно, мөн гар дээр суниалгана, тэр бүгдийг өөрийнх хэлснээр хийхгүй бол намайг зодно, унтуулахгүй, үүр цайлгадаг. .. Тэр үед хүүхдийн зуны амралт байсан болохоор манай хүүхэд Сумъяасүрэн байсан байж магадгүй. Уг нь Д.Н намайг ороолгосон гэдгээ өөрөө мэдэж байгаа. Тухайн үед миний ороолгуулсан хэсэг нь буглаад эдээлж байсан.. Тэгээд таван салаа тавьж боосоор байгаад эдгээж байсан. Одоо ч гэсэн судсаа дагаад өвддөг. Би гэрлэлтээ цуцлуулмаар байна. Гомдолтой байна хуулийн дагуу арга хэмжээ авахуулмаар байна. Харин нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14,15-16 тал/,
Насанд хүрээгүй гэрч Б.Мийн өгсөн: “...Тэр өдөр би хичээлээсээ тараад гэртээ ирээд сээр хуга цохивол аав надад ундааны мөнгө өгнө гэж хэлсэн тэгээд би сээрээ хуга цохичхоод ааваас ундааны мөнгө аваад дэлгүүр орж ундаагаа аваад буцаад гэртээ ирэхэд аав ээж хоёр хоорондоо хэрэлдэж маргалдсан байсан. Ээж сандал дээрээ уйлаад сууж байсан. Тэр өдөр аав ээжийг зодохыг нь бол би хараагүй. Намайг дэлгүүр явах хооронд зодсон юм шиг байна лээ. Аав ээжийг хардаад хэрүүл хийгээд хааяа, хааяа ээжийг зоддог. Ээж өөрөө өдөр болгон үглээд байдаг. Тэгэхээр нь аав уурлаад зодчихдог. Аав ээжийг гараараа цохидог, мөн утасны цэнэглэгч бас тэлээгээр ээжийг ороолгодог. Намайг аав буруу зүйл хийвэл загнадаг. Надад бараг гар хүрдэггүй. Тэр өдөр дараа нь ээжээсээ юу болсон талаар асуухад аав чинь намайг дэвсээд зодоод байсан гэж ярьж байсан. Тухайн зодоон болохоос өмнө ээжийн хавирга зүгээр байсан. Зодооны дараа л ээжийн хавирга гэмтэлтэй болсон. Манай аав Г.Д огцом ууртай. 2023 оны 07 дугаар сард намайг унтаж байхад аав ээжийг зодсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25, 28-29 тал/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 01 дүгээ рсарын 02-ны өдрийн 53 дугаартай: “...Ц.Цгийн биед баруун, зүүн хацар, зүүн дээд зовхи, зүүн бугалга, зүүн шуу, баруун бугалга, баруун тохой, баруун бугуй, цээж, баруун хөх, хэвлий, баруун гуянд цус хуралт, баруун шуунд зулгаралт, дагз, зүүн чамархайн хуйханд шарх, зүүн сарвууны ядам хуруу, баруун 11-р хавирганд хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаандаа үүсгэгджээ. Ц.Цгийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Мөн Ц.Цгийн биед баруун гуянд сорви тогтоогдсон бөгөөд энэ нь 2023 оны зун зодуулсны улмаас үүсгэгдсэн гэх ба тухайн цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой, тухайн үедээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 32-33 тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 17 тал/,
Насанд хүрээгүй гэрч Б.Мийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 22 тал/,
Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 48-50 тал/,
Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ маягт, хүүхдийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 53-61, 62-65 тал/,
Хөвсгөл аймгийн ********** сумын хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх-ийн 51-52 тал/,
Хөвсгөл “Оюу- Ундраа” эмнэлгийн дүрс оношилгооны эмчийн дүгнэлт /хх-ийн 70-71 тал/,
Шүүгдэгч Г.Дын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Прокуророос сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2013 онд манай төрсөн хүүхэд Сумъяабазар нь Сэлэнгэ мөрний голд живж нас барж байсан. Тухайн үед намайг малд явсан хойгуур миний эхнэр Ц** хүүхдийг дагуулж яваад ийм үйл явдал болж байсан. Энэ цаг үеэс хойш гэр бүлийн таарамжгүй харилцаа үүсэж Ц** бид хоёр таарамжгүй байгаа. 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Ц** бид хоёр гэртээ маргалдсан. Тухайн өдөр намайг Ц** хүүхэнтэй хардсан. Бас хагалгаанд орсон шархны боолтоо цэвэрлэх гээд цэвэрлэж чадахгүй байсан чинь Ц** шууд надад чи миний нус цэртэй хоолыг 20 жил идсэн гэж хэл амаар доромжилсон. Үүнээс болж маргалдаад би Ц**г цохиод ширээ, сандал руу түлхэж унагаасан. Ц** газар уначихаад босож ирээд над руу дайраад банзал, янхан, зайл гээд байхаар нь дахиж түлхэж газар унагаасан. Ер нь тухайн үед ийм үйл явдал л болсон. Би яг хаашаа нь цохисон гэдгээ мэдэхгүй байна. Шанаа хавьцаа л цохисон байх. 2-3 удаа цохисон байх. Биед нь учирсан хөх няц нь ширээ, сандал руу унахдаа ийм болсон байх гэж бодож байна. Өшиглөсөн байж магадгүй гэж бодож байна. Яг сайн санахгүй байна. Би согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Манай удам тэр чигээрээ архи уудаггүй хүмүүс байдаг юм. Тухайн үед бид хоёр л байсан. Манай хүүхэд тухайн үед дэлгүүр явсан байсан. 2023 оны 07 сард гуяыг нь цэнэглэгчээр ороолгоогүй. Би энэ талаар мэдэхгүй байна. 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр болсон үйл явдлыг бол би хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 39 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Улсын яллагчаас: “...Шүүгдэгч Г.Д нь Хөвсгөл аймгийн ********** сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт өөрийн гэртээ 2023 оны 7 дугаар сард гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Ц.Цтай үл ялих зүйлээр маргалдан баруун гуя руу нь цохиж сорви бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, мөн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр эхнэр Ц.Цтай үл ялих зүйлээр маргалдан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, аюулын зэргийн үнэлгээ, хохирогч Ц.Цгийн өгсөн мэдүүлэг, мөн насанд хүрээгүй гэрч Д.М-ийн өгсөн мэдүүлэг, 2024 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 53 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул гэм буруутайд тооцох саналтай байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Г.Д нь улсын яллагчийн дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Ц.Ц, насанд хүрээгүй гэрч Б.М нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 53 дугаартай гэх дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, аюулын зэргийн үнэлгээний маягт, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ маягт, хүүхдийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ, Хөвсгөл аймгийн ********** сумын хамтарсан багийн хурлын тэмдэглэл, Хөвсгөл Оюу-Ундраа эмнэлгийн дүрс оношилгооны эмчийн дүгнэлт, шүүгдэгч Г.Дын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Г.Д нь 2023 оны 07 дугаар сард Хөвсгөл аймгийн ********** сумын 5 дугаар багийн нутагт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ц.Цг шалтгаангүйгээр уурлаж түүний баруун гуя руу нь утасны цэнэглэгчээр ороолгож биед нь сорви бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
мөн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн ********** сумын 5 дугаар багийн нутагт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ц.Цг үл ялих зүйлээр шалтаглан удаа дараа бие эрх чөлөөнд халдаж толгойн тус газарт цохих, цээж рүү нь нь өшиглөж унагаан дээрээс нь цээж гар луу нь дэвсэж, өшиглөх зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Ц.Цгийн биед нь баруун, зүүн хацар, зүүн дээд зовхи, зүүн бугалга, зүүн шуу, баруун бугалга, баруун тохой, баруун бугуй, цээж, баруун хөх, хэвлий, баруун гуянд цус хуралт, баруун шуунд зулгаралт, дагз, зүүн чамархайн хуйханд шарх, зүүн сарвууны ядам хуруу, баруун 11 дүгээр хавирганд хугарал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутай нь тус тус нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, насанд хүрээгүй гэрч нарын өгсөн мэдүүлэг нь тухайн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрчилсэн шууд болон шууд бус нотлох баримтууд бөгөөд энэ нотлох баримтаар шүүгдэгч Г.Дын үйлдэл идэвхтэй, хүний амь бие, эрх чөлөөнд халдсанаар хохирол, хор уршиг учруулах боломжтой гэдгийг мэдэх ёстой, өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэснээрээ гэм буруугийн хувьд санаатай, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай нь нотлогдсон байна.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр Ц.Цгийн биед: “...2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр баруун, зүүн хацар, зүүн дээд зовхи зүүн бугалга, зүүн шуу, баруун бугалга, баруун тохой, баруун бугуй, цээж, баруун хөх, хэвлий, баруун гуянд цус хуралт, баруун шуунд зулгаралт, дагз, зүүн чамархайн хуйханд шарх, зүүн сарвууны ядам хуруу, баруун 11-р хавирганд хугарал бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл, мөн Ц.Цгийн биед 2023 оны 07 дугаар сард баруун гуянд сорви бүхий хөнгөн зэргийн гэмтэл тус тус учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг шүүгдэгч Г.Дын ороолгосон, цохиж, өшиглөж зодсон үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Г.Дын хохирогч Ц.Цгийн биед халдаж байгаа үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн, хүндэвтэр зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.
Шүүгдэгч Г.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж гэм буруутайд тооцсон хууль зүйн үндэслэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх шинж юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн тайлбар хэсэгт: “...Гэр бүлийн хамаарал бүхий харилцаа гэж гэр бүлийн гишүүд бусад шалтгаанаар хамт амьдарч байгаа ...хүмүүсийн хоорондын харилцааг ойлгоно...” гэж заажээ.
Шүүгдэгч Г.Д, хохирогч Ц.Ц нар нь “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай” болох нь тэдгээрийн тайлбар мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:
Шүүгдэгч Г.Дын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол учирсан нь болох нь Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 53 дугаартай дүгнэлтээр нотлогдсон бөгөөд хохирогч Ц.Ц нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтыг ирүүлээгүй, хохирогч Ц.Ц нь : “...Нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 16 тал/, хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Г.Дыг энэ шийтгэх тогтоолоор хохирогч Ц.Цд төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Г.Дыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн, мөн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...шүүгдэгч Г.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг заасан гэмт хэрэгт 600 цагийн нийтэд тустай ажил хийх ял оногдуулах, шүүгдэгч Г.Дд мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт 3000 нэгж буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэв.
Шүүгдэгч Г.Д өмгөөлөгчийн байр сууринаас эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: ..Тэнссэн байсан. Мөнгөн торгууль байсан. Боломжтой бол мөнгөн торгууль төлье..” гэв.
Шүүгдэгч Г.Дын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Г.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.Д нь шүүх хуралдаанд “торгууль ял оногдуулж өгнө үү” гэж мэтгэлцэж байх боловч шүүгдэгч Г.Дын хувийн байдал болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдалд шүүхээс дүгнэлт хийхэд шүүгдэгчид торгуулийн ял оногдуулах боломжгүй гэж үзлээ.
Тодруулбал: шүүгдэгч Г.Дын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн хор уршиг, өмнөх үйлдэлдээ гэмшиж байгаа байдал, түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, түүний хөрөнгө орлогын байдал, ажил эрхлэлт зэргийг харгалзан торгуулийн ял оногдуулах боломжгүй гэж шүүхээс дүгнэв.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндийн байдал/, шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлсөн байдал/ зэргийг харгалзсанаас гадна нөгөө талаас шүүгдэгч Г.Дын нь хувийн байдлын хувьд, эрхэлсэн ажилгүй, тодорхой орлогогүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан шүүгдэгч Г.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, хэргийн нөхцөл байдал, түүний хувийн байдалд тохирсон бөгөөд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт этгээдийг цээрлүүлэх, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн, цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Г.Дын нийт эдлэх ялыг 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, оршин суугаа газар зэргийг харгалзан үзэж зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар буюу Хөвсгөл аймгийн ********** сумын хилийн дээсээр тогтоож, шүүгдэгч Г.Дыг Хөвсгөл аймгийн ********** сумаас гадагш зорчих эрхийг 7 сарын хугацаагаар хязгаарлах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Г.Дд тайлбарлаж, түүний зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч Г.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О**д овогт Г.н Д.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Г.н Д.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Г.Д-ын нийт эдлэх ялыг 7 /долоо/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д-ын зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар буюу Хөвсгөл аймгийн ********** сумын хилийн дээсээр тогтоож, шүүгдэгч Г.Д-ыг Хөвсгөл аймгийн ********** сумаас гадагш зорчих эрхийг 7 /долоо/ сарын хугацаагаар хязгаарласугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Г.Д-д тайлбарлаж, түүний зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Энэ хэрэгт шүүгдэгч Г.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ц.Ц төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН