Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 133/ШШ2020/00879

 

 

 

 

 

2020 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 133/ШШ2020/00879

Говь-Алтай аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Алтай сумын ерөнхий боловсролын суруулийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Говь-Алтай аймаг, Алтай сумын Баян-Овоо багт оршин суух, Б овогт Б.А,

хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26-р хороо, Их монгол 904-р байр, 68 тоотод оршин суух, Х овогт А.Ж нарт холбогдох,

2014 оны санхүүгийн тайлангийн аудитаар тавигдсан 6.246.600 төгрөгийн үлдэгдэл 2.586.200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Ц.Наранцацралт, хариуцагч Б.А, хариуцагч А.Ж /онлайнаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Алтай сумын ерөнхий боловсролын сурууль нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2008-2020 онд сургуулийн захирлаар Б.А ажиллаж байгаад 2020 оны 01 дүгээр сард өндөр насны тэтгэвэрт гарсан. 2019 оны санхүүгийн тайланд аудит хийх явцад 2014 оны санхүүгийн тайлангийн аудитаар 2586200 төгрөгийн төлбөрийг бүрэн барагдуулах үүрэг чиглэл өгсөн. Тухайн үед 6246600 тегрөгийн төлбөрийн акт тавигдсан үүнээс 3660400 төгрөгийн төлбөрийн актыг барагдуулж, 2586200 төгрөгийн төлбөрийн акт төлөгдөөгүй. Шаардлага: 2014 онд санхүүгийн тайлангийн аудитаар тавигдсан 6246600 төгрөгийн акт төлбөр бүрэн төлөгдөөгүй. Нэхэмжлэгч талаас 2014 онд аудитын актын үлдэгдэл байгаа гэдгийг Аудитын албаар ороход энэ зүйлээ барагдуул гэсэн шаардлага тавьдаг. Сүүлийн үед энэ асуудлыг шийдэхгүй бол хариуцлага тооцох, ажилтай ярих асуудал үүсэж байгаа учраас энэ мөнгөний учрыг нь олоод зохицуулах шаардлагатай байна. Энэ зүйлийг эцэслэн шийдүүлэхээр шүүхэд хандсан гэв.

Хариуцагч Б.А нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Тухайн үед Аудитын байгууллагаас төлбөр тавигдаж байсан. Тухайн үед би захирал байсан. Би сайн ойлгоогүй, хүлээн зөвшөөрөөгүй байсан. Сая нэхэмжлэлийг үзээд нягтлан байсан хүнтэй дуудагдаад энд хамт уулзсан. Цалингийн цэсээс илүү мөнгө шилжүүлсэн гэсэн асуудал яригдсан. Бусад хүмүүстэй холбоотой зүйлүүд нь төлөгдөөд дууссан. Дууссан байх гэсэн ойлголттой байсан. 2019 оны тайлангаар 2020 оны 03 дугаар сард Аудитаар ороход тийм шаардлага гарсан байсан. Надад одоогоор мэдэх зүйл алга. Сургуулийн нягтлангаас энэ дээр яаж явсан юм бэ? чи нягтлаад үз гэхэд ерөөсөө тийм баримт байхгүй байна гэсэн хариу хэлсэн. Тэгээд нягтлан хийж байсан хүн чиг баримжаа гаргаж өгөх байх гээд энэ хүнд найдаад хариу явуулах бичиг баримтыг явуулсан байгаа. Надад одоогоор санах зүйл алга. Гэхдээ шүүхийн шийдвэрийг хүндэтгэж байна. Үнэн шударгаар шийдэгдэх байх гэж ойлгож байгаа гэв.

Хариуцагч А.Ж шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2017 оны 10 дугаар сард ар гэрийн шалтгаанаар ажлаа хүлээлгэж өгсөн. 2016 он хүртэл тавигдсан актууд бүгд төлөгдсөн. 2014 онд үдийн цай дээр 4.000.000 гаруй төгрөгийн акт тавигдаж байсан. Түүнийг бид нар хүлээн зөвшөөрөөгүй. Цалингийн зөрүү дээр хүмүүсээс суутгах юмыг нь суутгаад явуулсан. Цалингийн цэс дээр тодорхой акт тавигдаагүй. Аудит манайхыг цалингийн цэс дээр асуудалтай байсан гэж байгаа. Тухайн үед актуудыг нь төлөөд явсан. 2-3 жилийн дараа өр байгаа гэж хэлээд шүүхэд хандсан байсан гэв. Манайх цалингийн цэсэн дээр асуудал байгаагүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Алтай сумын ерөнхий боловсролын сургууль нь хариуцагч Б.А, А.Ж нараас 2014 оны санхүүгийн тайлангийн аудитаар тавигдсан 6.246.600 төгрөгийн үлдэгдэл 2.586.200 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Хариуцагч Б.А нь шүүх хуралдаанд “...Сургуулийн нягтлангаас энэ дээр яаж явсан юм бэ? чи нягтлаад үз гэхэд ерөөсөө тийм баримт байхгүй байна гэсэн хариу хэлсэн. Тэгээд нягтлан хийж байсан хүн чиг баримжаа гаргаж өгөх байх гээд энэ хүнд найдаад хариу явуулах бичиг баримтыг явуулсан байгаа” гэж, хариуцагч А.Ж нь “...Аудит манайхыг цалингийн цэс дээр асуудалтай байсан гэж байгаа. Тухайн үед актуудыг нь төлөөд явсан. 2-3 жилийн дараа өр байгаа гэж хэлээд шүүхэд хандсан байсан гэв. Манайх цалингийн цэсэн дээр асуудал байгаагүй... гэж мэтгэлцэж байна.

Говь-Алтай аймгийн Алтай сумын дунд сургуулийн төсвийн 2014 оны санхүүгийн тайлбанд аудит хийх явцад зургаан зөрчлийг илрүүлж, 6.246.600 төгрөгийн тогтоож, төлбөрийн актын биелэлтийг 2015 оны 05 дугаар сарын 20-ны дотор аймгийн Аудитын газарт ирүүлэхийг Алтай сумын дунд сургуулийн захирал Б.А, нягтлан бодогч А.Ж нарт үүрэг болгосон, хариуцагч Б.А, А.Ж нар нь аудитын шийдвэрийг эс зөвшөөрч дээд шатны байгууллагад гомдол гаргаагүй, аудитаар тогтоосон 6.246.600 төгрөгөөс 3.660.400 төгрөгийн төлбөрийг барагдуулж, 2.586.200 төгрөгийн төлбөр төлөгдөөгүй байгаа нь болон нэхэмжлэл хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хэргийн зохигч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор Үндэсний Аудитын газрын харъяа Говь-Алтай аймгийн Аудитын газрын 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 01/171 дугаартай актыг нотлох баримтаар ирүүлжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэж заасан байх бөгөөд дээрх акт нь хуульд заасан шаардлагыг хангаагүй хуулбар хувь байна.

Өөрөөр хэлбэл иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т ...шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх..., 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн өмгөөлөгч буюу төлөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэгч байгууллага болох Говь-Алтай аймгийн Алтай сумын Ерөнхий боловсролын сургууль нь хуульд заасан дээрх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Түүнчлэн маргааны зүйл болох Үндэсний Аудитын газрын харъяа Говь-Алтай аймгийн Аудитын газрын 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 01/171 дугаартай актыг төлбөр төлөгч хүлээн зөвшөөрсөн эсхүл эс зөвшөөрч дээд шатны байгууллагад гомдол гаргаагүй, гомдол гаргах хугацаа өнгөрсөн бол Төрийн аудитын тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 23 дугаар зүйлд зааснаар албан шаардлага, төлбөрийн актын биелэлтийг хангуулахаар буюу актыг баталгаажуулахаар шүүхэд хүсэлт гаргах боломжтой болохыг дурдах нь зүйтэй байна. 

Иймд Говь-Алтай аймгийн Алтай сумын Ерөнхий боловсролын сургуулийн нэхэмжлэлтэй, Б.А, А.Ж нарт холбогдох, 2014 оны санхүүгийн тайлангийн аудитаар тавигдсан 6.246.600 төгрөгийн үлдэгдэл 2.586.200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ зохигчдын шаардлага ба татгалзлын үндэслэлүүд нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар хэрхэн нотлогдож байгаа байдал буюу талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5-д заасан зохигч гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй болон мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлж байгаа байдалд хууль зүйн үнэлэлт өгөх замаар хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Төрийн Аудитын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар Говь-Алтай аймгийн Алтай сумын Ерөнхий боловсролын сургуулийн нэхэмжлэлтэй, Б.А, А.Ж нарт холбогдох, 2014 оны санхүүгийн тайлангийн аудитаар тавигдсан 6.246.600 төгрөгийн үлдэгдэл 2.586.200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

                        

                        

 

                           ДАРГАЛАГЧ                             Н.ОЮУНБИЛЭГ