| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
| Хэргийн индекс | 128/2026/0188/З |
| Дугаар | 221/МА2026/0658 |
| Огноо | 2026-09-16 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 221/МА2026/0658
Б.М, Г.Ж, Б.Г, Л.Т, П.Э нарын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Д.Оюумаа
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч С.Мөнхжаргал
Илтгэгч: Шүүгч Б.Тунгалагсайхан,
Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: Б.М, Г.Ж, Б.Г, Л.Т, П.Энар
Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага: “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн ***** дүгээр захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай,
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 579 дүгээр шийдвэр,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н нар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:М.Чулуунцэцэг
Хэргийн индекс: 128/2026/0188/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нараас Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн ***** дүгээр захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 579 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар “Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.2, 21.5.3, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.7 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.М, Г.Ж, Б.Г, Л.Т, П.Э нарын “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн ***** дүгээр захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга:
3.1. “Шүүх маргаан бүхий акт болох Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн ***** дүгээр захирамжийг гаргах эрх зүйн үндэслэл байгаагүйг өөрөө тогтоосон. Тухайлбал анхан шатны шүүхийн шийдвэрийн 26, 27 дахь хэсэгт Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалт иргэний гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газарт хамаарахгүй бөгөөд энэ үндэслэлээр газар эзэмших эрхийг дуусгавар болгосон нь буруу гэж дүгнэсэн байна. Өөрөөр хэлбэл маргаан бүхий захирамжийг гаргах хууль зүйн үндэслэл байгаагүй болохыг шүүх өөрөө тогтоосон байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байхгүй бол уг акт илт хууль бус байна. Иймд шүүх өөрөө актын үндэслэл байхгүй болохыг тогтоосон атлаа нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль хэрэглээний зөрчилтэй байна.
3.2. Шүүх маргааныг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрч шийдвэрлэсэн. Тухайлбал энэ хэрэгт маргаан үүсгэсэн захиргааны акт нь 2022 оны ***** дүгээр захирамж байсан. Гэтэл шүүх 2014 оны газар олголт, тухайн үеийн хорооны тодорхойлолт, тухайн үеийн оршин сууж байсан эсэх, газар зохион байгуулалтын төлөвлөгөө зэрэг асуудлыг шинээр шалгаж, нэхэмжлэлийн шаардлагад огт хамааралгүй асуудлаар дүгнэлт хийжээ. Хариуцагч захирамжийг гаргахдаа 2014 оны газар олголтыг хүчингүй болгоогүй, зөвхөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг үндэслэн газар эзэмших эрхийг дуусгавар болгосон байдаг. Иймд шүүх маргаан бүхий актын хууль ёсны байдлыг шалгахын оронд 2014 оны актыг шинээр хэлэлцэж, нэхэмжлэгч нараас удаа дараа тодорхойлсон 2022 оны ***** дүгээр захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасан “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.” гэх заалтыг зөрчиж, Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 30 дугаар тогтоолын тайлбарлах нь хэсгийн 9-д “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасан “хэргийн оролцогчдын маргаагүй асуудал” гэдэгт нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл болон тэдгээрт холбогдох талуудын татгалзал, тайлбараар талуудын маргаж буй үйл баримтад хамаарахгүй асуудлууд, үйл баримтыг тогтоох, түүнчлэн, маргаан бүхий захиргааны шийдвэр хуульд нийцсэн эсэх, нэхэмжлэгч нарын эрхийг зөрчсөн эсэхийг тогтоохтой хамааралгүй бусад нөхцөл байдлыг ойлгоно.” гэх тайлбараас өөрөөр шийдвэрлэсэн.
3.3. Шүүх хуульд байхгүй шалгуур хэрэглэсэн. Тухайлбал шүүх нэхэмжлэгч нарыг тухайн газарт бодитоор амьдарч байгаагүй, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд бүртгэлгүй байсан гэсэн нөхцөлөөр газар эзэмших эрх анхнаасаа хууль бус үүссэн гэж дүгнэжээ. Гэтэл Газрын тухай хуульд тухайн хороонд заавал бүртгэлтэй байх, тухайн газарт заавал оршин суудаг байх, тухайн дүүргийн оршин суугч байх гэдэг шаардлага хангасан байж газар эзэмших эрх үүсэхээр хуульчлаагүй бөгөөд Монгол улсын иргэн нийслэлийн аль ч дүүрэгт оршин сууж, нийслэлийн өөр дүүрэгт газар эзэмших эрх авах боломжтой. Иймд шүүх Газрын тухай хуульд байхгүй шалгуурыг хэрэглэн газар эзэмших эрхийг хууль бус гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
3.4. Захиргааны байгууллагын шийдвэрээр үүссэн эрхийг үгүйсгэсэн. Тухайлбал нэхэмжлэгч нар Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжаар газар авч, газар эзэмших гэрчилгээтэй байсан, 2020 онд дахин 15 жилээр сунгасан байна. Хэрэв газар олголт үнэхээр анхнаасаа хууль бус байсан бол 2020 онд газар эзэмших эрхийг сунгах захиргааны акт гаргах боломжгүй байсан. Төрийн байгууллагын энэ шийдвэрүүдийн дагуу нэхэмжлэгч нар газрын гэрчилгээний болон газрын төлбөрийг олон жил төлж, эзэмших эрхтэй байх хугацаанд нь газар дээр нь дахин төлөвлөлт хэрэгжүүлсэн үйл баримтуудыг үгүйсгэснээр Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан захиргааны үйл ажиллагаанд мөрдөх хууль ёсны итгэлийг хамгаалах тусгай зарчим зөрчигдөж байна.
3.5. Дахин төлөвлөлтийн төслийн нөхцөл байдлыг шүүх буруу үнэлсэн. Тухайлбал шүүх нотлох баримтад үндэслэн тухайн байршил нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүс байсан бөгөөд төсөл хэрэгжүүлэгч сонгогдсон болохыг тогтоосон. Нэхэмжлэгч нарт төр болон төсөл хэрэгжүүлэгчийн үйл ажиллагаанд итгэн төслийн хэрэгжилтийг тэвчээртэй хүлээж байсан. Ийм нөхцөлд газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэх үндэслэлгүй.
3.6. Маргаан бүхий захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй тул илт хууль бус байна. Тухайлбал маргаан бүхий акт гарсан үед нэхэмжлэгчдийн газар эзэмших эрх хүчин төгөлдөр байсан бөгөөд тухайн газар нь нийслэлийн Засаг даргын 2015 оны А/602 дугаар захирамжаар баталсан гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдсан байв. Нэхэмжлэгчид төслийн хэрэгжүүлэгчтэй хоёр талт гэрээ байгуулж, өөрсдийн газрыг төслийн хүрээнд хувь нийлүүлэх хүсэл зоригоо илэрхийлэн баталгаажуулсан болох нь хэрэгт авагдсан хоёр талт гэрээнүүд, мөн төслийн хэрэгжүүлэгч "Ж" ХХК-иас баталсан архитектур төлөвлөлтийн даалгаварт хавсаргасан “Одоогийн байдлын газар чөлөөлөлт” зураг зэргээр нотлогдож байна. Түүнчлэн нэхэмжлэгчид дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд гурван талт гэрээ байгуулах эрхтэй этгээдүүд мөн болохыг нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Орон сууцны бодлогын газрын 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 3/1387 тоот албан бичгээр баталгаажуулсан байна. Мөн төсөл хэрэгжүүлэгчийн 2025 онд боловсруулсан үйл ажиллагааны тайлангаар тухайн төсөл бүрэн зогсоогүй, хэрэгжилт үргэлжилж байгаа нь тогтоогдож байна. Дээрх үйл баримтаар нэхэмжлэгчид газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй гэж үзэх үндэслэлгүй бөгөөд газрын ашиглалт нь тухайн бүс нутагт хэрэгжиж байсан гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөлтэй шууд холбоотой байсан нь тогтоогдсон. Гэтэл хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хоёр жил дараалан зориулалтын дагуу ашиглаагүй” гэх үндэслэл тогтоогдоогүй байхад газрын эрхийн гэрчилгээг хүчингүй болгож Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан эрхийг дуусгавар болгох бүрэлдэхүүний шинж бодитоор тогтоогдоогүй нөхцөлд маргаан бүхий захиргааны актыг гаргаснаас үзвэл Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үйл баримт болоогүй, үүсээгүй, бодит байдалд маргаан бүхий байршилд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжиж байгааг хариуцагч мэдээгүй гэж үзэх боломжгүй тул маргаан бүхий захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэсэн үндэслэлд шууд хамаарахаар байна.
Иймд давж заалдах шатны шүүхээс Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 128/ШШ2026/0579 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, ***** дүгээр захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэж өгөхийг хүсье.” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд холбогдох баримтыг дутуу цуглуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргаж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.
2. Хэргийн үйл баримтын тухайд
2.1. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Газар эзэмших эрх олгох, баталгаажуулах тухай” А/546 дугаар захирамжаар “Олон жил тогтвор суурьшилтай амьдарч буй хашааны газартаа болон шинээр газар эзэмших эрхийн гэрчилгээ авахыг хүсэж хүсэлтээ ирүүлсэн иргэдэд газар эзэмших эрх олгохоор шийдвэрлэж, хавсралтаар иргэн П.Э-т Сармисны хонхор 4-61 тоотод иргэний ахуйн зориулалтаар 410 м.кв газар, Л.Т-д Сармисны хонхор 4-66 тоотод иргэний ахуйн зориулалтаар 409 м.кв газар, Б.Г-д Төмөр замын 10-12 тоотод иргэний ахуйн зориулалтаар 413 м.кв газар, Г.Ж-д Төмөр замын 10-23 тоотод иргэний ахуйн зориулалтаар 405 м.кв газар, Б.М-д Төмөр замын 10-32 тоотод иргэний ахуйн зориулалтаар 436 м.кв газрыг тус тус 5 жилийн хугацаагаар эзэмшүүлжээ.
2.2. Баянзүрх дүүргийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/325 дугаар захирамжаар Б.Г, П.Э, Л.Т нарын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилийн хугацаагаар сунгаж, харин нэхэмжлэгч Б.М, Г.Ж нарын тухайд газар эзэмших эрхийн хугацаа сунгагдаагүй байна.
2.3. Маргаан бүхий 2022 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн ***** дүгээр захирамжаар “Газар эзэмших эрх олгогдсон газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлээр нэхэмжлэгч Б.М, Г.Ж, Б.Г, Л.Т, П.Э нарын нийт 45 иргэний газар эзэмших эрхийг хүчингүй болгожээ.
3. Хууль эрх зүйн зохицуулалтын тухайд
3.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй ...”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 34 дүгээр зүйлийн 34.1-т “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж тус тус заасан.
3.2. Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 30 дугаар тогтоолын Тайлбарлах нь хэсгийн 8-д “Нэхэмжлэгч нь захиргааны актыг “хүчингүй болгох” нэхэмжлэл гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор “захиргааны акт илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэл гаргасан бөгөөд маргаан бүхий акт хууль бус, түүнчлэн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж зөрчсөн нь тогтоогдвол нэхэмжлэгчийн “зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо сэргээх” үндсэн зорилгыг хангах үүднээс шүүх уг актыг “хүчингүй болгох” боломжтой, энэ нь “шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргасан” агуулгад хамаарахгүй” гэж заасан.
3.3. Нэхэмжлэгч нар нь маргаан бүхий актыг илт хууль бус болохыг тогтоолгох үндэслэлээ Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “Захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж тайлбарлах бөгөөд захиргааны акт илт хууль бусад тооцогдохын тулд тухайн шийдвэр нь эрх зүйн ямар нэг зохицуулалтад огт тулгуурлаагүй байх, эсхүл хэрэглэсэн хуулийн заалт нь тухайн маргаантай харилцаанд эрх зүйн агуулгын хувьд илэрхий хамааралгүй, бодит нөхцөл байдалд илт зөрүүтэй байдлаар хэрэглэгдсэн байх, эсхүл эрх зүйн хэм хэмжээний агуулга, зорилгыг ноцтой гажуудуулсан шинжтэй байх зэрэг нөхцөлүүд бодитой тогтоогдсон байхыг шаарддаг.
4. Захиргааны акт илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын хувьд эрх ашиг нь хөндөгдсөн этгээд хэдийд ч захиргааны байгууллага, улмаар шүүхэд хандаж болдог бол хүчингүй болгуулах шаардлагын хувьд гомдол, нэхэмжлэл гаргах хугацааг захиргааны актыг мэдэгдсэнээс хойш тооцдогоороо ялгаатай юм.
5. Энэхүү маргааны хувьд хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга нь маргаан бүхий 2022 оны ***** дүгээр захирамж гаргахаасаа өмнө Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын цахим хуудсанд байршуулсан гэх боловч энэ нь мэдэгдэх үүргээ бүрэн хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй. Энэ байдал нь маргаан бүхий актыг хүчингүй болгуулахаар маргахад хязгаарлалт болохгүй.
6. Маргаан бүхий энэ тохиолдолд нэхэмжлэгч нар захиргааны актыг хүчингүй болгох нэхэмжлэл гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор захиргааны акт илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан эсэх нь суурь асуудал болно. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч нар дээрх хөөн хэлэлцэх хугацааны дотор нэхэмжлэл гаргасан эсэхийг бодитой шалган тогтоогоогүй, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой нотлох баримтыг цуглуулж чадаагүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж дүгнэхээр байна.
7. Нэхэмжлэгч нар болон нэхэмжлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны ***** дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгосноос хойш холбогдох захиргааны байгууллагуудад өргөдөл, гомдол гаргаж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаас харагдаж байна.
Үүнд:
7.1. Нийслэлийн Засаг даргад өмгөөлөгч М.Х-аар төлөөлүүлэн 2023 онд хандсан боловч, 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 06/1631 дүгээр албан бичгээр “... гомдол гаргах хугацаа дууссан байх тул таны хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй...” гэжээ.
7.2. 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн Орон сууцны бодлогын газарт 11-11 төвөөр дамжуулан гомдол гаргасан, уг гомдлын дагуу нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Орон сууцны бодлогын газраас 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Ж ХХК-д иргэдтэй уулзаж асуудлыг шийдвэрлэн хариу ирүүлнэ үү гэх 3/913 дугаар албан бичгийг хүргүүлсэн байна.
7.3. 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н Нийслэлийн Орон сууцны бодлогын газарт хүсэлт гаргажээ. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалтын албанаас уг хүсэлтэд 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 01-03/5426 дугаар албан бичгээр “Баянзүрх дүүргийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн ***** дүгээр захирамжийн хавсралтад иргэн таны нэр байхгүй байсан тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна.” гэх хариуг хүргүүлсэн.
7.4. 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд гомдол гаргасан, уг гомдолд нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Орон сууцны бодлогын газраас 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 3/1387 дугаар албан бичгээр “...төслийн байршил дахь газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч иргэн гурван талт гэрээ байгуулах эрхтэй” гэж хариу өгчээ.
7.5. 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан. Уг гомдолд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 6851 тоот албан бичгээр илт хууль бус захиргааны акт гэж үзэх боломжгүй гэх хариуг хүргүүлсэн байна.
8. Анхан шатны шүүхээс дээрх үйл баримтуудтай холбоотой өргөдөл, гомдол, хүсэлт түүний хариу, шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүнийг хэзээ хэрхэн / шүүгчийн захирамжууд / шийдвэрлэсэн талаарх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цуглуулаагүй байх бөгөөд дээрх нотлох баримтууд нь нэхэмжлэгч нар шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн эсэхийг тогтооход ач холбогдолтойгоос гадна хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй болох нь баримтаар тогтоогдсон тохиолдолд Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 30 дугаар тогтоолын холбогдох хэсгийг шүүх хэрэглэх боломжтой эсэхийг дүгнэхэд ач холбогдолтой юм.
9. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нар нь захиргааны актыг хүчингүй болгох нэхэмжлэл гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор захиргааны акт илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан эсэхийг тодруулсны эцэст хэргийг нэг мөр шийдвэрлэх боломжтой байсан гэж дүгнэхээр байна.
10. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг бүрэн гүйцэт тогтоолгүйгээр хэргийг шийдвэрлэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргасан энэ тохиолдолд давж заалдах шатны шүүх уг ажиллагааг нөхөн гүйцэтгэж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул дээр дурдсан үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.2, 121 дугаар зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 579 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН