Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 212/МА2018/00074

 

“М” ХХК-ийн  нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч Д.Мөнхөө, Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж,

тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 130/ШШ2018/00267 дугаар шийдвэртэй, тус аймгийн Өлгий суманд үйл ажиллагаа явуулдаг “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, А.Ж-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.          

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар К.Еркежан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.А -нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Тоосгоны үнэ 6400000.00 төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлд: “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын иргэн А.Ж нь 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр “М ХХК-тай “Тавалтайн амын тоосгоны үйлдвэрийг түрээсээр ажиллуулах гэрээ” байгуулан ажиллуулсан үед түрээсийн гэрээг ноцтой зөрчиж ажилтнуудыг ажиллуулсан цалин хөлсийг олгохгүй ажилчдыг халж, сольж хохироосон тул түрээсийн гэрээг 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр цуцалсан болно. А.Ж нь манай компанид ажиллаж байх хугацаанд Өлгий сумын иргэн А.Е-ээс “istana” маркийн машиныг 5500000 /таван сая таван зуун мянга/ төгрөгөөр үнэлэн авч оронд нь 36670 /гучин зургаан мянга зургаан зуун дал/ ширхэг тоосго, урьд А.Ж-гийн Өлгий сумын иргэн Д-нд өгөх ёстой мөнгө болох 900,000 /есөн зуун мянга/ төгрөгийн оронд 6000 /зургаан мянга/ ширхэг тоосгыг “М” ХХК-ийн тоосгоны үйлдвэрээс зээлээр өгсөн ба дээрх мөнгөн дүнгүүдийн нийлбэр болох 6400000 /зургаан сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг А.Ж нь 2016 оны 12 дугаар сарын сүүлээр өгөхөөр баримт өгсөн боловч одоо хүртэл өгөхгүй хохироож байгаа тул А.Ж-гаас гаргуулан өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: “Би 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Тавалтайн аман дахь “М” ХХК-ийн тосгоны үйлдвэрийн үйлдвэрийн захирал Х.Х-ын гуйснаар түрээсийн гэрээ хийж, үйлдвэрийг ажиллуулахаар болсон. Урьд нь уг тоосгоны үйлдвэрийг 2 удаа гэрээ хийж харилцан тохиролцож ажиллахдаа ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй хүлээлгэн өгч байсан. Х.Х-ын нэхэмжлэлд надаас нэхэмжилсэн 6400000 /зургаан сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг би төлөхгүй, хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь би уг тоосгоны үйлдвэрийг ажиллуулахаар 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр гэрээ хийж бид гарын үсэг зурсан. Х.Х надад гэрээний нэг хувийг дараа нь өгнө гэж авч яваад надад өгөөгүй. Би уг тоосгоны үйлдвэрийг хүлээж авахад надад зөвхөн үйлдвэрийг хүлээлгэж өгсөн ба би өөрөө ажилтнуудыг олж ажиллуулсан бөгөөд тэдний ажил цалин хөлсийг миний үйлдвэрлэсэн улаан тоосгыг Х.Х-т худалдаж түүнээс авсан мөнгөөр ажилчдын цалин хөлсийг өгч байхаар бид хоёр тохиролцов. Ажилчдын хоол хүнсийг би өөрөө хариуцаж миний эхнэр А.Ка тогоочоор ажиллаж өдөрт ажилчдын хоол хүнсийг 3 удаа өгч байсан болно. Ажилчид болох 15 хүнд 3 удаагийн хоолонд нэг өдөрт 50000 /тавин мянга/ төгрөгийн зарлага гаргаж байсан. Үйлдвэрт ажилласан 2 сарын хугацаанд буюу 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд ажилчдын хоол хүнсэнд 2500000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөг зарцуулсан. Мөн Х.Х надад гэрээ хийх үед Старекс маркийн машиныг 5500000 /таван сая таван зуун мянга/ төгрөгөөр үнэлж хагас мөнгийг Х.Х өөрөө төлж өгөхөөр тохиролцож надад өгсөн. Би тоосгоны үйлдвэрийг ажиллуулсан 2016 оны 5 дугаар сарын 25-аас 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд 300000 ширхэг улаан тоосго, 200000 ширхэг цагаан тоосго үйлдвэрлэсэн. Энэ 300000 улаан тоосгыг нэг бүрийг 35 төгрөгөөр үнэлж, 10500000 төгрөгөөр Х.Х-т худалдсан. Мөн 200000 цагаан тоосгыг үйлдвэрлэж үүнээс 50000 /тавин мянган/ цагаан тоосгыг хорогдол гэж хасаж үлдсэн 150000 тоосгоны нэг бүрийн үнийг 20 төгрөгөөр үнэлж бүгд 3000000 /гурван сая/ төгрөгөөр Х.Х-т худалдсан. Ингээд би Х.Х-т тоосго үйлдвэрлэж бэлэн болсны дараа утсаар удаа дараа залгаж үйлдвэрлэсэн тоосгыг тоолж хүлээж аваарай гэж хэлэхэд урьдчилгаа гэж 4500000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийг хоёр сарын дотор хувааж өгсөн. Ажилчдын цалин хөлсийг асуухад Х.Х надад “Одоо чамд өгөх мөнгө надад байхгүй” гэхээр нь ажилчдын цалин хөлсийг өгч чадаагүй болохоор би аргагүй эрхээр ажилчдыг авч явсан. Би ажилласан 2 сарын хугацаанд 13500000 төгрөгийн тоосго үйлдвэрлэсэн ба Х.Х надад анх 4500000 төгрөгийг бэлнээр өгч, 2500000 төгрөгийн өртэй үлдэж байгаа. Хэрэв би ажилчдын хоол, хүнсний мөнгө болох 2500000 төгрөгийг Х.Х-аас нэхэмжилбэл 5100000 төгрөгийн авлагатай. Би хоёр сар ажилласан, ажилласан хугацаанд цалин хөлс гэж нэг ч төгрөг аваагүй, мөн манай эхнэр тогоочоор ажиллахад нэг ч төгрөг аваагүй, харин би дээрх байдлаар Х.Х-аас авах авлагатай бөгөөд тэр хүнд нэг ч төгрөгийн төлөх төлбөр байхгүй. Би урьд нь Х.Х-ын тоосгоны үйлдвэрт 23000000 төгрөгийг гэрээ хийж тоосгоны зуух хийж өгч байсан. Мөн 2500000 төгрөгийн ажлыг тус тус хугацаанд нь хийж өгч байсан. Би 2016 оны 7 дугаар сарын 20-ноос хойш өөр ажил хийж Х.Х-ын өгөөгүй ажилчдын цалин хөлсийг одоо хүртэл би өөрийн хувиасаа төлж байна. Ажилчид намайг шүүхэд хүртэл өгсөн тул зарим материал шүүхэд байна. Миний хувьд Х.Х-ын тоосгоны үйлдвэрт ажилласан хугацаанд ажилчдын хөлсийг нь би төлж байсан тул мөнгө авсан уг хүмүүсийг шаардлагатай бол гэрчээр асуулгах болно.” гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 130/ШШ2018/00267 дугаар шийдвэрээр  Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч А.Ж-аас 6400000 /зургаан сая дөрвөн зуун мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: “Хариуцагч А.Ж миний бие анх “М” ХХК-тай тохиролцож 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр “Үйлдвэр түрээслэх гэрээ” байгуулахад захирал Х.Х-тай биш менежер гэх түүний хүү Х.Н-тай гэрээ хийсэн бөгөөд Х.Н нь надтай тохиролцож гэрээ хийж гарын үсэг зурахад надад гэрээний нэг хувийг “Өлгийд очиж илүү гаргаж өгөх болно” гэж хэлээд нэг хувийг өгөөгүй, түүнээс хойш удаа дараа шаардсан боловч өгөөгүй. Намайг уг гэрээнд танилцах бололцоог олгоогүй өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь Х.Х биш Х.Н гэж үзэж байна. Мөн уг гэрээнд ажилчдын хоолны мөнгийг, тогооч болох А.Ка-ыг тогоочоор ажиллуулах, хоол хүнсний эд зүйлийг бэлдэж өгөхөд мөнгө төгрөгийг Х.Н гаргаж өгөхөөр тохиролцсон боловч сүүлд байхгүй заалтуудыг нөхөж бичсэн асуудлууд гарсан байна. Гэрээнд анх би тоосго бэлдэж өгөөд надаас Х.Н улаан тоосгыг 1 ширхгийг 35 төгрөгөөр, цагаан тоосгоны нэг бүрийг 20 төгрөгөөр үнэлж авахаар гэрээ хийсэн бөгөөд би хэдэн ширхэг тоосго гаргана түүнийг Х.Н авахаар болж тохиролцож 2 сарын хугацаанд нийт 300,000 мянган улаан тоосго, 200,000 мянган ширхэг цагаан тоосго гаргасан үүний 50,000 мянгыг хорогдол болгож хассан бөгөөд уг тоосго зарагдах эсэх нь надад хамаагүй, би тохиролцсон мөнгөө авахаар тохиролцсон тоосго гаргаж өгөхөөр гэрээ хийсэн байсан.

Үйл ажиллагааг явуулахад машин хэрэгтэй байсан бөгөөд би санал тавьж, Х.Н үүнийг зөвшөөрснөөр үйлдвэрт зориулж “ISTANA” маркийн автомашиныг авсан тэрнээс биш тэр машиныг би хувьдаа аваагүй, сүүлд эдэлж ирэхээр нь Х.Н “та тал мөнгийг гарга, тал мөнгийг би гаргаж авъя” гэхээр нь үүнийг зөвшөөрсөн одоо хүртэл тэр машиныг хэрэглээгүй хашаанд байна, миний мөнгийг төлж өгсөн тохиолдолд уг автомашиныг Х.Н-д өгөхөд бэлэн байна. Би хоёр сар ажиллахад нийт 13,050,000 мянган /Арван гурван сая тавин мянга/ төгрөгийн тоосго гаргасан бөгөөд уг мөнгийг Х.Х надад дутуу өгсөн. Эхэндээ Х.Х бэлэн 4.500.000 /Дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийг бэлэн өгсөн, үлдсэн 8,550,000 төгрөгөөс машиныг 5.500,000 мянган /таван сая таван зуун мянга/ төгрөгт шахаж өгсөн, уг мөнгийг хасаж, иргэн Д-нд өгөх 900,000 мянган төгрөгийг хаслаа гэж бодоход цаана нь 2,150,000 мянган /Хоёр сая нэг зуун тавин мянган/ төгрөг үлдэж байгаа бөгөөд уг мөнгийг иргэн Х.Х надад өгөх ёстой байсан боловч өгөөгүй. Анх надтай гэрээ хийсэн Х.Н-ыг шүүх хуралд оролцуулаагүй, би Х.Х-тай гэрээ хийгээгүй, тухайн хийсэн гэрээний стандарт нөхцөл хүчин төгөлдөр бус болсон гэж үзэж байна. Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2, 202.3, 202.4, 202.5, 202.6, 202.8, 202.10, 202.11, 202.12 дугаар заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэгдсэн, шүүх уг баримтуудыг хуульд заасан журмаар үнэлсэн боловч маргааны үйл баримтад Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, мөн хуулийн хэрэглэвэл зохих заалтыг хэрэглээгүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулах замаар залруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч А.Ж-д холбогдуулан тоосгоны үнэ 6400000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “хариуцагч тус компанийн үйлдвэрийг түрээсээр авч ажиллуулах хугацаанд А.Е-ээс Старекс маркийн тээврийн хэрэгсэл худалдаж авахдаа 5500000.00 төгрөгийн үнэтэй 36670 ширхэг тоосгыг, иргэн Д-нд өгөх өглөгийн оронд 900000.00 төгрөгийн үнэтэй 6000 ширхэг тоосгыг тус тус “М” ХХК-аас авч өгсөн” гэж тайлбарлан нийт 42670 ширхэг тоосгоны үнэ /нэг бүрийг 150 төгрөгөөр үнэлж/ 6400000.00 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаарджээ. Хариуцагч А.Ж нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан бөгөөд үндэслэлээ “М” ХХК-ийн үйлдвэрийг түрээсээр ажиллуулсан ба тус компаниас гэрээний үүрэгтэй нь холбогдуулж авлагатай гэж тайлбарлажээ.

 

Хэрэгт цугларсан А.Ж-н үйлдсэн “6400000.00 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын сүүлээр төлнө” гэсэн агуулгатай баримт, 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн үйлдвэр түрээслэх гэрээ, хэргийн 61 дүгээр талд авагдсан бичмэл нотлох баримт зэргийг зохигчийн тайлбартай харьцуулан дүгнэвэл, нэхэмжлэгч “М” ХХК болон хариуцагч А.Ж нарын хооронд 42670 ширхэг тоосгыг нэг бүрийг нь 150 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан ба худалдан авагч А.Ж нь худалдаж авсан тоосгоны үнэ 6400000.00 төгрөгийг төлөхөөр үүрэг хүлээсэн боловч үүргээ биелүүлээгүй нь тогтоогджээ. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-т зааснаар худалдагч нь худалдан авагчаас хэлэлцэн тохирсон худалдсан барааны үнийг шаардах эрхтэй тул анхан шатны шүүхийн хариуцагч А.Ж-гаас 6400000.00 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ. Талууд 1 ширхэг тоосгоны үнийг 150 төгрөгөөр тохиролцсон ба энэ талаар маргаагүй, уг үйл баримт хэргийн 3, 61 дүгээр талд авагдсан баримтаар тогтоогдсон байна.

 

Дээрх нотлох баримтуудаас үзвэл, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-т заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байхад анхан шатны шүүх зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь хууль ёсны байх шаардлагыг хангаагүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-т заасан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээхээс гадна мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-т зааснаар зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болохоор заажээ. Гэтэл хэрэгт цугларсан нотлох баримтаар талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч үйлдвэр түрээслэх гэрээний үүрэгтэй холбогдуулан нэхэмжлэгч “М” ХХК-аас 2500000.00 төгрөгийн авлагатай гэх боловч энэ талаар шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргаагүй, хэргийн 27-30 дугаар талд авагдсан тодорхойлолтууд,  55, 57-58, 64, 66-71, 73 дугаар талд авагдсан бичмэл нотлох баримтууд нь тухайн маргааныг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй, хамааралгүй тул тус баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т зааснаар үнэлэх боломжгүй гэж үзэв. Түүнчлэн уг үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг шүүх хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

Хуульд зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117350.00 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь: 

                

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 130/ШШ2018/00267 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар” гэснийг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-т заасныг баримтлан” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117350.00 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧИД                                                       Д.МӨНХӨӨ

 

                                                                        С.ӨМИРБЕК